Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 00113

 

                        

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Л.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э-ад холбогдох эрүүгийн  1938000000099 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Л.Э-, 1986 оны 01 дүгээр
сарын 12-ны өдөр ХХ аймгийн Х суманд төрсөн, 33 настай,
эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ХХ аймгийн Х сумын Х ЕБС-ын захирал ажилтай, ам бүл 1, ХХ аймгийн Х сумын Х тоотод оршин суух бүртгэлтэй, ХХ аймгийн Х сумын Х хэсэгт сургуулийн дотуур байранд түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, регистрийн - дугаартай,

Шүүгдэгч Л.Э- нь 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ХХ аймгийн Х сумын Х дугаар багт иргэн А.С-гийн толгой, нүүр,хэсэгт нь цохиж зодсоны улмаас баруун, зүүн нүдний зовхи, баруун өвдгөнд цус хуралт, дух болон баруун өвдгөнд зулгаралт, уруулын салстад язралт, 1 ширхэг шүдэнд сулралт, хамар ясанд хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Э- нь 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр согтуурсан үедээ ХХ аймгийн Х сумын Х дугаар багт иргэн А.С-гийн толгой, нүүр,хэсэгт нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхи, баруун өвдгөнд цус хуралт, дух болон баруун өвдгөнд зулгаралт, уруулын салстад язралт, 1 ширхэг шүдэнд сулралт, хамар ясанд хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч А.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  ...Өчигдөр би найз хүүхнүүдтэйгээ хамт Доргио бар-д ороод 30 минут орчим болж байхад манай найз залуу Л.Э- “хаана байна” гэхээр нь байгаа газраа хэлтэл ороод ирсэн. Орж ирээд шууд намайг үснээс зулгааж татаад гадаа гарсан. Гараад таксинд суулгаад нүүр лүү алгадаж, цохиж, гэдэс рүү хэд хэдэн удаа цохисон...Миний хамар гэмтсэн, урд хоёр шүд хөдөлгөөн орсон, нүүр хавдартай, гэдэс рүү өвдөөд байна...Найз залуу Л.Э- нь маш их хардаж, дарамталж, айдас түгшүүртэй байлгадаг. Би 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улсын 2 дугаар төв эмнэлэгийн чих хамар хоолойн тасагт хамарны хагалгаанд орно. Энэ хагалгаанд орох зардлыг найз залуу Л.Э- нь гаргаж өгөх юм бол надад өөр нэхэмжлээд байх зүйл, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 9-12-р тал/,

Гэрч Б.Алтанбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Манай ажлынхан ажил дээрээ баяр тэмдэглэсэн юм. Намайг гэртээ байхад А.С- эгч “Доргио бар-д хүрээд ир” гэж дуудсан. ...Тэгэхээр явж очоод бүгдээрээ 22:45 цаг хүртэл сууж бүжиглэсэн. Тэгтэл гаднаас А.С- эгчийн найз залуу болох Л.Э- гэгч орж ирээд А.С- эгчийг чирээд гарсан. Хойноос нь гартал такси руу чихэж суулгаад хөдлөөд явахаар нь хойно нь зогсож байсан таксиг аваад дагаад очтол Мөрөн сумын 6-22-14 тоотод очоод хашаа руу нь чирээд орсон. Машинаас буугаад хашаа руу нь ортол цус нөжтэйгээ холилдсон “амь авраарай” гээд газар хэвтэж оайсан ...Л.Э- нь гараараа толгой, нүүр лүү нь цохисон. Хөлөөрөө элэг рүү нь өшиглөөд байсан.  гэх мэдүүлэг / хх-ийн 13-14-р тал/,

Гэрч Б.Нэргүйцэцэгийн мөрдөн шалгах ажиллгааны явцад өгсөн: ...Манай ажлынхан ажил дээрээ Мартын наймны баяр тэмдэглэсэн юм. Орой  21 цагийн өнгөрч байхад Доргио бар орцгоогоод бүжиглэцгээсэн. ...Ширээн дээр суугаад байж байтал гаднаас А.С- эгчийн найз залуу болох Л.Э- гэгч орж нрээд А.С- эгчийг хувцаснаас нь чирээд гарсан. Хойноос нь Алтанбаяр бид хоёр гартал такси руу чихээд суулгасан. Такси руу суух гэтэл дотроосоо хаалгаа түгжээд онгойлгохгүй байсан Хөдлөөд явахаар нь хойноос нь такси аваад дагаад очтол Мөрөн сумын 6-22-14 тоотод очоод хашаа руу нь чирээд орсон. Тэгэхээр нь машинаас буугаад хашаа руу нь ортол цус нөжтэйгээ холилдсон “амь авраарай” гээд газар хэвтэж байсан. Тэгээд цагдаа дуудаад, нөгөө хүнээ босгоод эмнэлэг рүү авч явсан...Л.Э- нь гаднаас орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нэлээд согтуу байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 15-16-р тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын                12-ны өдрийн 133 дугаартай: А.С-гийн биед баруун зүүн нүдний зовхи, баруун өвдгөнд цус хуралт, дух болон баруун өвдгөнд зулгаралт, уруулын салстад язралт, 1 ширхэг шүдэнд сулралт, хамар ясанд хугарал бүхий гэмтэл тоггоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. А.С-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....гэх дүгнэлт / хх-ийн 20-р тал/,

Шүүгдэгч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би А.С-гийн биед шинжээчийн дүгнэлтэн дээрхи гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хохирогч А.С-гийн хохирлыг төлж барагдуулна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

              Шүүгдэгч Л.Э- нь 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр согтуурсан үедээ ХХ аймгийн Х сумын Х дугаар багт иргэн А.С-гийн толгой, нүүр,хэсэгт нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхи, баруун өвдгөнд цус хуралт, дух болон баруун өвдгөнд зулгаралт, уруулын салстад язралт, 1 ширхэг шүдэнд сулралт, хамар ясанд хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

              Шүүгдэгч Л.Э-ын гэмт үйлдэлд нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. 

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Л.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Л.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн 1938000000099 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхтбатыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.Э- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938000000099 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР