Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
Хэргийн индекс | 181/2022/02212/И |
Дугаар | 210/МА2024/01534 |
Огноо | 2024-07-29 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/01534
2024 оны 07 сарын 29 өдөр Дуга 210/МА2024/01534
Б.С ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/02042 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.С ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: У.Б од холбогдох,
249,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баасандорж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ж.Батбаяр/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Хариуцагч У.Б нь Банк бус санхүүгийн байгууллага байгуулах санаатай байгаа юм дүрмийн санг бүрдүүлэх мөнгө байхгүй байна, мөнгө зээлээч гэсэн тул 400,000,000 төгрөгийг зээлүүлсэн.
1.2. 2010 оны 08 сарын 11-ний өдөр хариуцагч У.Б той Төлбөр барагдуулах тухай хэлцэл хийсэн. У.Б нь хэлцэл хийх үед 283,000,000 төгрөгийн үлдэгдэл өртэй байснаас 34,000,000 төгрөгийн төлбөрт 00-00 УБЗ улсын дугаартай, ХРХРХ маркийн автомашиныг шилжүүлж өгсөн.
1.3. Иймд хариуцагч У.Б оос Төлбөр барагдуулах тухай хэлцлийн үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 249,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Б.С ыг 2006 оноос таньдаг болсон ба үүнээс хойш бид хамтран бизнес хийх зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар хоёр талаасаа хөрөнгө нийлүүлсэн. \
2.2. Энэ нэхэмжлэлд байгаа 400,000,000 төгрөгийн асуудал огт байхгүй бөгөөд харин ч би Б.С ы өрийг төлөхөд туслан ХРХРХ маркийн автомашинаа шилжүүлэн өгч байсан.
2.3. Тухайн үед ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд энэ хэлцэл дээрх гарын үсэг минийх биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Б оос нийт 249,000,000/хоёр зуун дөчин есөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.С ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,402,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Б оос улсын тэмдэгтийн хураамжид 1,402,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх нь хэргийн 3-р хуудсанд авагдсан 2010 оны 08 сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлээ болгожээ.
4.2. Хэрэгт нэхэмжлэгч Б.С болон хариуцагч У.Б нарын хооронд хийсэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийгдсэн зээлийн гэрээ байхгүй байдаг ба зөвхөн 2010 онд У.Б нь Мөрдөн байцаах газарт эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байх үеийн Б.С нь У.Б ыг батлан даалтанд гаргахыг зөвшөөрөх үүднээс хийгдсэн гар бичмэл авагдсан байдаг. Энэхүү гар бичмэлийн үндсэн гол агуулга нь 34,000,000 төгрөгийн автомашиныг иргэн Ц.Оюунгэрэлээс Б.С д шилжүүлэх тухай баримт байдаг.
Анхан шатны шүүх нь энэхүү бичигт авагдсан ... У.Б нь Б.С д 283,000,000 /хоёр зуун наян гурван сая/ төгрөг төлөх ёстойгоос ... гэсэн өгүүлбэрийг зээлийн гэрээ хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай юм.
4.3. Гэтэл зохигчдын хэн аль нь шүүхэд нотлох баримтаар өгсөн хамтран ажиллах гэрээний тухайд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй. Энэхүү хамтран ажиллах гэрээгээр У.Б болон А.И /нэхэмжлэгч Б.С ы эхнэр/ нар нь ТТ ХХК-ийг хамтран ажиллуулах тухай тохиролцсон байдаг ба энэ нь 2006 оны 02 сарын 20-ны өдөр У.Б , Б.Г , А.И нар ТТ ХХК-ийг байгуулсан гэрчилгээгээр нотлогддог.
4.4. Мөн У.Б нь А.И д 283,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэх баримт хэрэгт авагдсан байдаг бөгөөд талууд хэн алиндаа мөнгөний өгөө аваа байсан гэж харагддаг. Гэтэл анхан шатны шүүх нь энэ талаар дүгнэлт хийгээгүй. Зөвхөн төлбөр төлөх хэлцлийг л зээлийн гэрээ байх үндэстэй хэмээн дүгнээд шийдвэрээ гаргасан байдаг.
4.5. Мөн анхан шатны шүүх нь хэргийн хөөн хэлэлцэх хугацааны тухайд үндэслэлээ ... Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь ... эрх зөрчигдсөн тухай мэдсэн ... гомдлын шаардлага гаргах ....үүснэ гэж заасан. Хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөрийг удахгүй өгнө гэх тайлбар өгсөөр 2022 оны 4 cap хүргэсэн болох нь нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар, 2010 оны 08 сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах хэлцлээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь 2022 оны 04 сард сард хариуцагчтай уулзаж эрх зөрчигдсөн гэж үзэж Иргэний хуулийн 76 дугаар үйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасаныг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна... хэмээн дүгнэсэн байна. Анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
4.6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Нэхэмжлэгч хариуцагч зээлсэн 400,000,000 төгрөгийг буцаан төлөхгүй байгаа тухай цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, цагдаагийн байгууллага уг маргааныг 2007 оноос 2010 он хүртэл шалгасан болох нь Б.С ыг хохирогчоор байцаасан тэмдэглэл/хх-н 42-46/-ийн болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-н 47-61/-ийн хуулбараар тогтоогдож байна хэмээн дүгнэсэн байдаг.
4.7. Энэхүү дүгнэлтээр нэхэмжпэгч Б.С нь 400,000,000 төгрөгөө буцаан төлөхгүй байгаа хэмээн үзэж цагдаагийн байгуулагад хандсан байгаа үйл баримт нь өөрийнхөө эрхийг зөрчигдсөн хэмээн үзэж хуулийн байгууллагад хандсан үйлдэл юм. Гэтэл анхан шатны шүүх нь 2022 оны 04 сард нэхэмжлэгч нь хариуцагчтай уулзаж эрх зөрчигдсөн хэмээн үзсэн гэсэн нэхэмжлэгчийн аман тайлбарыг хэргийг шийдвэрлэх нотлох баримт хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.8. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч нь хариуцагчтай 2022 оны 4 сард уулзсан гэдгээ бичгэн нотлох баримтаар нотлоогүй байхад шүүх зохигчид уулзсан байна хэмээн шийдвэрийнхээ үндэслэл хэсэг болгож байгаа нь хэт нэг талыг барьж шийдсэн хэмээн үзэхээр байна. Иймд хариуцагч талаас нэхэмжпэгч Б.С нь эрхээ зөрчигдсөн гэдгээ 2007 онд мэдсэн байна, цагдаагийн байгуулагад хандсан байна хэмээн үзэж байгаа тул тус маргааны хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа аль аль нь дууссан байна гэж үзэж байна.
4.9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжилж байгаа мөнгө нь Б.С ы мөнгө биш ХХЗ-ны гишүүдийн мөнгө гэж тайлбарладаг. Мөн нэхэмжпэгч нь энэ тухайгаа 2009 оны 09 сарын 08-ны өдрийн УМБГ-т өгч байсан мэдүүлэгтээ ... Одоо У.Б , У.Б хоёроос 283,000,000 төгрөг нэхэмжилж байна, үүнийг нөхөн төлүүлж өгөхийг хүсэж байна. Энэ мөнгө манай хадгаламж зээлийн хоршооны хадгаламж эзэмшигчдийн мөнгө байгаа юмаа ... гэсэн байдаг.
4.10. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.С нь ХХЗ-ны гишүүдийн мөнгийг нэхэмжлэх эрхтэй этгээд гэдгийг тогтоолгүйгээр Б.С д мөнгийг гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.
4.11. Мөн нэхэмжлэгч нь 2010 онд мөрдөн байцаалтанд өгч байсан мэдүүлэгтээ уг мөнгийг У.Б ын ах У.Б авсан гэх мэдүүлэг байдаг. Б.С нь уг мөнгийг нэхэмжлэх эрхтэй этгээд гэдэг нь тодорхойгүй, мөн уг мөнгийг хариуцах эзэн нь У.Б гэдэг нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангагдах үндэслэлгүй байна гэж хариуцагч талаас үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
5.1. Хэргийн 3-р хуудсанд авагдсан 2010 оны 08 сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл-ийг хариуцагч талаас гуйвуулан тайлбарласан байна. Хариуцагч У.Б нь дээрх хэлцэл хийх болсон гол шалтгаан нь тухайн үед олон хохирогчтой байсан учир ялын нөхцөл байдал хүндрэх гээд байна ах нь чамд ХРХРХ маркийн 00-00 УБЗ улсын дугаартай автомашин 34,000,000 төгрөгөөр тооцоод Ц.Оюунгэрэл гэдэг хүнээс шилжүүлээд өгье, үлдэгдэл 249,000,000 төгрөгийг удаахгүй төлнө гэдэг үүднээс нэхэмжлэгч Б.С аас гуйсаар байгаад гомдолгүй гэсэн бичиг хийлгэж авсан байдаг.
5.2. Хариуцагч 2022 оны 08 сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа ... Тухайн үед ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Энэ хэлцэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Бидний хооронд ийм хэлцэл хийгдэж байгаагүй учир нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэсэн мөртлөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тус тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон шинжээчид гарын үсгийн харьцангүй чөлөөт загваруудыг эх хувиар нь гаргаж өгөөгүй.
5.3. Хариуцагчийн 2024 оны 07 сарын 08-ны өдөр гаргасан гомдолд ... У. Б болон А.И /нэхэмжлэгч Б.С ы эхнэр/ нар нь ТТ ХХК-ийг хамтран ажиллуулах тухай тохиролцсон байдаг ба энэ нь 2006 оны 02 сарын 20-ны өдөр У.Б , Б.Г , А.И нар ТТ ХХК-ийг байгуулсан гэрчилгээгээр нотлогддог ... гэснийг нэхэмжлэгч тал огт үгүйсгэдэгүй. Харин тухайн хадгаламж зээлийн хоршоог байгуулах зорилгоор Б.С 400,000,000 төгрөг 2006 оны 11 сарын 10-ны өдөр шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2006 оны 11 сарын 10-ны өдрийн дансны хуулга, 2010 оны 08 сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл-ээр тогтоогдож байна.
5.4. Мөн хариуцагчийн гомдолд Одоо У.Б , У.Б хоёроос 283,000,000 төгрөг нэхэмжилж байна, үүнийг нөхөн төлүүлж өгөхийг хүсэж байна. Энэ мөнгө манай хадгаламж зээлийн хоршооны хадгаламж эзэмшигчдийн мөнгө байгаа юмаа ..., Мөн нэхэмжлэгч нь 2010 онд мөрдөн байцаалтанд өгч байсан мэдүүлэгтээ уг мөнгийг У.Б ын ах У.Б авсан гэх мэдүүлэг байдаг ... гэж тайлбар мэдүүлэг өгсөн нь үнэн, маргах зүйлгүй.
5.5. Хариуцагч У.Б нь нэхэмжлэгч Б.С ыг мөнгөө нэхээд очихоор наад мөнгийг чинь би биш манай ах У.Б авсан. Би мэдэхгүй ах мэднэ гэж олон жил хууран мэхэлсэн. Эцэстээ аргаа бариад цагдаагийн байгууллагад хандахад төлбөр барагдуулах хэлцэл хийж би авсан юм гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь уг маргааныг 2007 оноос 2010 он хүртэл шалгасан болох нь Б.С ыг хохирогчоор байцаасан тэмдэглэл /хх-25-35/-ийн хуулбар, У.Б ыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-42-46/-ийн болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-47-61/-ийн хуулбараар тогтоогдож байгаа. Өөрийн хийсэн үйлдэлд гэм буруугаа хүлээхгүйгээр барахгүй хууль шүүхийн байгууллагад гаргаж өгч байгаа тайлбар нь худал.
5.6. Хариуцагчийн 2022 оны 08 сарын 10-ны өдөр гаргаж өгсөн тайлбарт энэ миний гарын үсэг биш гэсэн байдаг. Яг үүнтэй ижил нэхэмжлэгч Б.С хариуцагч У.Б той байнгын харилцаа холбоотой байсан хамгийн сүүлд 2022 оны 04 сард хариуцагчийн гэрт уулзсан. Мөнгийг нь боломжтой болохоор удаахгүй өгнө, эмчилгээ хийлгээд төлбөр мөнгөө өгж чадахгүй байгаа талаар ярьж байсан. Энэ хүртэлх хугацаанд байнгын холбоотой байсан нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 05 сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
5.7. Нэхэмжлэгч Б.С ХХХХХХХХХХХ-той байсан нь үнэн, үүнийгээ ч шүүх дээр тайлбарлаж хэлсэн. Тус хадгаламж зээлийн хоршооны бүх төлбөр хохиролыг өөрийн биеэр төлж барагдуулаад 2022 онд татан буугдсан тухайгаа анхан шатны шүүх дээр тайлбарлан хэлж байсан. Иймд давж заалдах шатны шүүхээс хүсэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны дагуу үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Б.С хариуцагч У.Б од холбогдуулан 249,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... бидний хооронд ийм хэлцэл хийгдэж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд 2010 оны 08 сарын 11-ний өдөр Төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулагдаж, уг хэлцлээр ... 283,000,000 төгрөгийг төлөхөөс 34,000,000 төгрөгт 00-00 УБЗ улсын дугаартай ХРХРХ маркийн тээврийн хэрэгслийг төлбөртэй тооцож өгсөн гэж тохиролцсон байна.
Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.
4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан зохицуулалтыг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж буруу дүгнэсэн алдаа гаргасныг залруулна.
4.1. Нэхэмжлэгч нь 2006 оны 11 сарын 10-ны өдөр хариуцагчид 400,000,000 төгрөг шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан бөгөөд 2010 оны 08 сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулагдсанаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан.
Дээрх 2010 оны 08 сарын 11-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулагдсанаас хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа мөн адил дууссан байна.
4.2. Иргэний хуулийн Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхийг тодорхойлсон зохицуулалт юм.
4.3. Нэхэмжлэгч нь 2022 оны 04 сард хариуцагчтай уулзаж эрх зөрчигдсөн гэж үзэж Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт нь Иргэний хууллийн үзэл баримтлал, агуулгад нийцэхгүй байна.
Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, 79 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанаас бусад тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа үргэлжилнэ.
Нэхэмжлэгчийн эрх 2006 оноос хойш зөрчигдсөн байхад анхан шатны шүүх 2022 оны 04 сард хариуцагчтай уулзаж эрх зөрчигдсөн гэж буруу дүгнэжээ.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар баримт гаргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт нийцнэ.
5. Дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/02042 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Б оос 249,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.С ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/02042 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Б оос 249,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.С ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,402,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
С.ЭНХБАЯР