Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 00114

 

                        

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Т.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ш-т холбогдох эрүүгийн  1938000000093 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авчхянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Т.Ш-, 1990 оны 02 дугаар
сарын 28-ны өдөр ХХ аймгийн Х суманд төрсөн, 29 настай,
эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Х аймгийн ХХ сумын Х дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, регистрийн - дугаартай,

Шүүгдэгч Т.Ш- нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ХХ аймгийн Х сумын төвд  хамтран амьдрагч Б.Г-ы толгой, нүүр хэсэгт бакалан гутлаар өшиглөж дух болон дагзны зөөлөн эдэд няцралт, дух, зүүн тохойнд зулгаралт, эрүү баруун тохойнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Ш- нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Нуур сумын төвд хамтран амьдрагч Б.Г-ы толгой, нүүр хэсэгт бакалан гутлаар өшиглөж эрүүл мэндэд нь дух болон дагзны зөөлөн эдэд няцралт, дух, зүүн тохойнд зулгаралт, эрүү баруун тохойнд цус хуралт бүхий  хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 01-ний орой 19 цаг өнгөрч байхад Т.Ш- нь Дөш гэж дууддаг эрэгтэй хүнтэй хамт согтуу манай гэрт хүрч ирсэн. Т.Ш- “хамт алба хааж байсан Дөш гэж найзтайгаа таараад хамт ирлээ, найзад минь архи авч өг” гэж хэлэхээр нь би юм дуугаралгүй гараад явсан. Би гэрээсээ гараад сургуулийн дотуур байр руу явсан. Дотуур байранд очоод байж байтал Т.Ш- нь араас орж ирээд над руу уурлан миний нүүр лүү шууд гараараа цохисон. Тэгснээ үсдэж авч цохин намайг газарт унаган толгой руу өшиглөсөн. Т.Ш- нь намайг “чи миний найз Дөшийг хүндэлсэнгүй, намайг үл ойшоолоо” гээд миний толгой руу бакалан гутлаар өшиглөж дэвссэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 9-10-р тал/,

Гэрч М.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Т.Ш- нь эрхэлсэн тодорхой ажил, мал эд хөрөнгө байхгүй...саяханаас Б.Г- гэж эмэгтэйтэй нэг гэрт орж амьдарч байгаа. Зан төлөвийн хувьд бусадтай энгийн харилцаатай. Архи тамхи хэрэглэдэг...Багийн даргын хувьд мэдэх зүйлээ хэллээ. Өөр ярих зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

Гэрч Т.Золжаргалын мөрдөн шалгах ажиллгааны явцад өгсөн: ...Т.Ш- нь зан аашийн хувьд үг дуу цөөнтэй, маш ажилсаг...ээжийгээ бие муутай байхад нь ганцаараа асарч эмчилдэг байсан. Ээж Түнжинсүрэнг нас барснаас хойш хааяа нэг архи ууж хэрэглэж байгаа зүйл ажиглагддаг...Гэхдээ хүмүүсийн ойлгож ярьдаг шиг архичны хэмжээтэй архи ууж хэрэглэдэг хүн биш...2019 оны 3 дугаар сард Мөрөн суманд байж байтал Б.Г- утсаар залгаж яриад...Б.Г-тай уулзсан чинь “Т.Ш- намайг цохиж зодсон” гэж хэлсэн. Б.Г- нь нүдний шил зүүсэн, баруун уруулын доод хэсэг, эрүүн дээр нь хуруу дарам хэсэг газарт хөхөрсөн байсан. ...Б.Г- нь эмнэлэгээр явах гэж ирсэн гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/

Гэрч Д.Гэрэлжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Т.Ш-ын төрсөн эгч нь байгаа юм...Т.Ш- нь айлын бага хүүхэд...Зан аашийн хувьд эрх танхил өссөн...Ээж Түнжинсүрэнг 2016 оны 4 дүгээр сард нас барснаас хойш архи их уудаг болсон...сүүлийн үед хэтрүүлэн хэрэглэдэг болсон... Б.Г- гэж эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа...Т.Ш- нь 3 дугаар сарын 01-ний өдөр Б.Г-ы гэрт Улаан-Уул сумын төвд байдаг Дөш гэж найзтайгаа хамт очтол Б.Г- нь гэрээсээ гараад явахаар нь уурлаад араас нь сургуулийн байр луу очиж Б.Г-ыг өшиглөж зодсон гэх зүйл ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/

Гэрч О.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны                           3 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн үед ажил дээрээ байж байтал гаднаас Б.Г- гүйж орж ирээд “Т.Ш- намайг зодох гээд байна” гэж хэлтэл араас нь Т.Ш- согтуу орж ирсэн. Б.Г-ыг сандал дээр сууж байтал Т.Ш- нь гараа атгаж аваад 2-3 удаа нүүр рүү нь цохисон. Тэгтэл Б.Г- нүүрээ дартал Т.Ш- үснээс нь зулгааж татаж газарт унагаж толгой, нуруу хэсэг рүү нь бакалан гутлаар дэвсэж өшиглөсөн. Би болиулах гэтэл миний үгэнд орохгүй болиулах гээд Т.Ш-ыг таттал “ална шүү” гэж хэлээд намайг түлхэж гараа татахаар нь би айгаад байрны жижүүр Сүнжидмааг дуудсан. Намайг гарч явсан хойгуур Т.Ш- нь Б.Г-ыг хичнээн ч удаа яаж цохиж зодсоныг нь мэдэхгүй. Сүнжидмааг дагуулж орж ирэхэд Т.Ш- нь Б.Г-ыг толгой руу нь өшиглөж цохисон хэвээр байсан. Явах гэснээ болиод буцаж ирээд толгой руу нь бакалан гутлаараа өшиглөж дэвсээд байсан. Сүнжидмаа нь Т.Ш-ын хувцаснаас нь татаж зууралдаж байгаад газарт унасан. Цайн дээр Т.Ш- хамт хальтарч унах хооронд нь Б.Г-ыг би “босож зугтаач” гэж хэлж хашгирч байж зугтаалгасан...Б.Г-ы дух нь овоож хавдсан, уруул нь язарч, шалбарч цус гарсан, баруун нүд нь байхаа хавдаж хөхөрсөн байсан. Т.Ш- нь эмэгтэй хүнийг арай л харгис хэрцгий, эмэгтэй хүнээс гараагүй юм шиг зодож цохиж байсан. Өшиглөх өшиглөхдөө бүр хорлон хөлөө савалж байгаад өшиглөөд байсан...  гэх мэдүүлэг / хх-ийн 16-17-р тал/,

Гэрч Б.Сүнжидмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр буюу 5 дахь өдөр би орой 17 цагаас сургуулийн дотуур байранд жижүүрт гарах ээлжээ аваад байж байтал ... 20 цагийн үед тогооч эгч Ариунаа эгч миний өрөөрүү гүйж орж ирснээ “Т.Ш- гал тогоонд хүрч ирээд Б.Г-ыг зодоод алах нь аюул боллоо. Цагдаа дууд, хоёулаа очиж салгая надад дийлдэхгүй салгах гэсэн намайг Т.Ш- цохиж авлаа” гэхээр нь би Ариунаа эгчтэй хамт гал тогооны өрөө рүү ортол Б.Г- нь доошоо хараад хэвтчихсэн гараа толгойн дээрээ дарсан хэвтэж байсан. Тэгтэл Т.Ш- нь Б.Г-ы толгой руу нь 2-3 удаа бакалан гутлаар дэвсэж үснээс нь зулгааж куртикийг нь урж хаясан...Т.Ш- нь эмэгтэй хүн байхад толгой руу нь цохиж, өшиглөж ер нь бол алахаас наагуур зоддог хүн байна лээ. Т.Ш- нь нэлээд их согтолтын байдалтай байсан ...” гэх мэдүүлэг / хх- ийн 18-19 дүгээр тал/,

Гэрч С.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 01-ний орой Эрүүл мэндийн төвд жижүүрээр гарч байхад Б.Г- гэж эмэгтэй “Т.Ш- гэж нөхөртөө зодууллаа” гэсээр дух нь хавдсан, завьж нь язарсан цус гарсан, толгойн ар тал нь хавдсан байдалтай ирсэн. Надад хэлэхдээ “нөхөртөө бакалан гутлаар өшиглүүлж зодуулсан, арай гэж мултарч гарч ирлээ” гэсэн үг хэлж ярьсан...Тухайн үед эмнэлэгт сул ор байхгүй байсан болохоор эмнэлгийн анхны тусламж үзүүлээд гэр лүү нь явуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын                05-ны өдрийн 141 дугаартай: Б.Г-ы биед дух болон дагзны зөөлөн эдэд няцралт, дух, зүүн тохойнд зулгаралт, эрүү баруун тохойнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Б.Г-ы биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....гэх дүгнэлт/хх-ийн 23-р тал/,

Шүүгдэгч Т.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр...Ганбатын гэрт цэргийн найз Гантөмөр буюу Дөш гэх найзтайгаа цуг 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан...Б.Г- нь намайг хараад чимээгүй гараад явсан...Гал тогоо руу очтол сургуулийн тогооч Ариунаа эгчтэй хамт нэг, нэг лаазтай пиво барьсан сууж байхаар нь уур хүрээд “хүн гэрт найзтайгаа ирэхэд үл ойшоож өөрөө пиво уулаа” гэж уурлан Б.Г-ыг үсдэж татаж автал миний урдаас Б.Г- нь “миний яаж явах нь чамд ямар хамаатай юм” гэж хэлээд миний урдаас цохиж авахаар нь би Б.Г-ыг унагаж толгой руу өшиглөж, нүүр лүү нь цохисон...Маргааш өдөр нь Б.Г-ы нүд нь хөхөрсөн, эрүү хэсэгтээ хөхөрсөн, нүдний шил зүүсэн явж байхад нь таарсан. Цохиж зодсоныхоо дараа бол биед нь ямар гэмтэл учирсаныг анзаарч хараагүй...Би түүнээс уучлалт гуйж, эвлэрлийн гэрээ байгуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-32-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

              Шүүгдэгч Т.Ш- нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр согтуурсан үедээ ХХ аймгийн Х сумын төвд  хамтран амьдрагч Б.Г-ыг  “хүн гэрт найзтайгаа ирэхэд үл ойшоож өөрөө пиво уулаа” гэх шалтгаанаар толгой, нүүр хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь дух болон дагзны зөөлөн эдэд няцралт, дух, зүүн тохойнд зулгаралт, эрүү баруун тохойнд цус хуралт бүхий  хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

              Шүүгдэгч Т.Ш-ын  гэмт үйлдэлд нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж эвлэрлийн гэрээ байгуулсанг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Т.Ш-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Т.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн 1938000000093 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Ш- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938000000093 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР