Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01300

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01300

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/01416 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: К ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 781,760,071 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт 418,898,865 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ундрам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. С ХХК нь 2021 оны 05 сарын 19-ний өдөр 21/09 тоот Худалдах, худалдан авах гэрээ-г К ХХК-тай байгуулж, гэрээний дагуу К ХХК-д төмрийн хүдрийн хуурай соронзон баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр тохиролцсон.

1.2. С ХХК гэрээнд заасан тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, угсралт суурилуулалт, тохиргоо жигдрүүлэлтийн ажил болон хүлээн авах туршилтыг 2021 оны 10 сарын 15-ны өдөр хийж гүйцэтгэж дуусган, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

1.3. Тус гэрээний 2.2-т заасан 12 сарын баталгаат хугацаа 2022 оны 12 сарын 15-ны өдрөөр дууссан бөгөөд К ХХК-аас үйлдвэрийн тоног төхөөрөмжийн талаар аливаа гомдол, саналыг гаргаагүй буюу гэрээний дагуу тоног төхөөрөмжийг хүлээн авч ашиглаж байна.

1.4. Мөн Хариуцагч К ХХК нь өөрийн үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмж болох 2 ширхэг, нийт 3,322 ам.долларын үнэ бүхий Hardox листийг нэмэлтээр худалдан авахаар санал гаргасны дагуу нэмж нийлүүлсэн. Энэ талаар талууд 2022 оны 01 сарын 3-ны өдрийн гэрээ дүгнэсэн актын 2.3 дах хэсэгт баталгаажуулсан. Ингэснээр К ХХК-ийн төлөх төлбөрийн нийт хэмжээ 1,781,461 ам доллар болсон. Хариуцагч нь 1,619,343 ам.долларыг төлсөн бөгөөд 2022 оны 01 сарын 12-ны өдрөөс хойш аливаа төлбөр төлөөгүй тул К ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 162,118 ам доллар буюу 563,157,784 төгрөгийг гаргуулна.

1.5. Зохигчдын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-ний 12.4-т Худалдан авагч нь гэрээний төлбөрийг хугацаанд нъ бүрэн төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг худалдагчид төлнө гэж заасан.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 12.4-т заасны үндэслэн хугацаа хэтрүүлсэн 792 хоногт, нэг хоногт ногдох алдангийн хэмжээ 81.06 ам доллар, нийт алдангийн хэмжээ 64,117 ам.доллар буюу 218,602,287 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. К ХХК нь С ХХК-д гэрээний үүргийн гүйцэтгэлд 2021 оны 05 сарын 20-ны өдөр гэрээний 4.5.1, 4.6.1-д заасан урьдчилгаа 1,246,465 ам.доллар буюу 3,551,939,128 төгрөг, 2021 оны 06 сарын 17-ны өдөр гэрээний 4.5.2-т заасан дундын төлбөр 353,342 ам.доллар буюу 1,006,706,692 төгрөг, 2022 оны 01 сарын 12-ны өдөр гэрээний 4.6.2-т заасан конвейерын жингийн дундын төлбөр 19,536 ам доллар буюу 55,650,835 төгрөг, нийт 1,619,343 ам.доллар буюу 4,614,296,656 төгрөгийг төлсөн.

Үүнээс гадна, нэхэмжлэгчийг ажлаа саадгүй гүйцэтгэхэд нь зориулж үйлдвэрийн барилгын суурийн ажлыг манай компани хийж гүйцэтгэсэн.

2.2. Нэхэмжлэгч 2021 оны 05 сарын 20-ны өдөр урьдчилгаа төлбөр хүлээн авсан өдрөөс эхлэн гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж, зориулалтын дагуу ашиглах боломжтой үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хуанлийн 45 хоногт багтаан 2021 оны 07 сарын 03-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан.

2.3. Нэхэмжлэгчийн хэтэрсэн хугацааг манайхаас сунгаж, 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 21/09-02 тоот Явцын гүйцэтгэл баталгаажуулах актаар худалдагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг 2021 оны 06 сарын 19-ний өдрөөс эхлэн тасалдуулж, 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 21/09-03 тоот Явцын гүйцэтгэл баталгаажуулах актаар 2021 оны 07 сарын 11-ний өдрөөс эхлэн сэргээн тоолсон. 2022 оны 01 сарын 03-ны өдөр талуудын хамтран баталгаажуулсан Гэрээ дүгнэсэн актын 2.2-т зааснаар худалдагч тал 2021 оны 10 сарын 15-ны өдрийг дуустал 82 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь нотлогдоно.

2.4. Нэхэмжлэгч гэрээнд заасан зориулалт бүхий чанарын шаардлага хангасан, доголдолгүй эд хөрөнгө нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээний гүйцэтгэл, хэрэгжилтэд алдаа дутагдал гарч байсан. Мөн К ХХК-ийн зүгээс 2021 оны 09 сарын 14-ний өдөр 107/21 тоот албан бичгээр дээрх нөхцөл байдлуудыг тодорхой дурдан гэрээний үүргийн биелэлтийг хангаж биет байдлын доголдолгүй, зориулалтын дагуу ашиглагдах боломжтой, чанарын шаардлага хангасан үйлдвэрийн төхөөрөмжийг хүлээлгэн өгөхийг шаардсан. Улмаар шаардлага хангалттай биелэгдээгүй тул шаардсан ажлууд хийгдсэн эсэх, гэрээний зүйл чанар, хүчин чадалдаа нийцэж буй эсэх асуудлыг гэрээг дүгнэхдээ дүгнээгүй тухай актад тусгасан. Үйлдвэрийн тоног төхөөрөмж нь багадаа 200 тн/цаг хүдрийн бүтээл гаргах чанарын шаардлагадаа нийцээгүй болно.

2.5. Худалдан авагч талын ДҮ ХК-ийг түшиглэн хэрэгжүүлж байсан Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх Концессын гэрээ-г Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 сарын 13-ны өдрийн Концессын гэрээ цуцлах тухай 148 дугаар тогтоолоор цуцлах шийдвэр гарсны улмаас ДҮ ХК-ийн уурхайн талбайд ашиглагдаж байсан энэхүү гэрээний зүйл болох үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2022 оны 04 сарын 14-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 123 дугаар тогтоол гарган худалдан авагч талаас хураан авсан. Энэ цаг үеэс эхлэн манай компани тоног төхөөрөмжийн угсралт, чанар байдалд хяналт тавих ямар ч боломжгүй болсон Төрийн шийдвэр, оролцооноос үүдэлтэй давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал бий болсон, худалдагч тал үүссэн нөхцөл байдлыг мэдэж байсан.

Өөрөөр хэлбэл, баталгаат хугацааны 50 гаруй хувьд худалдан авагч тоног төхөөрөмжийг ашиглаагүй, өөрөөс үл шалтгаалах хүчин зүйлээс үйлдвэрийн тоног төхөөрөмжид хяналт тавих боломжгүй болсноор тоног төхөөрөмжийг гэрээнд заасан чанар хүчин чадалд нийцүүлэх шаардлага гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

2.6. Гэрээний үлдэгдэл төлбөр төлөх хариу үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхээс татгалзах эрхтэй. Худалдагчийн нэхэмжилсэн 162,118 ам.долларын үлдэгдэл төлбөрөөс Худалдан авагч нь өөрт учирсан хохирол, гэрээний дагуу тооцсон торгууль, алдангийг суутган тооцох эрхтэй тул нэхэмжлэгчид ямар нэг өр төлбөрийн үлдэгдэлгүй болно

Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гуйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасны дагуу татгалзах эрхтэй билээ.

2.7. Хэрэв нэхэмжлэгч хугацаандаа үүргээ гүйцэтгэсэн бол бидэнд ямар нэг хохирол учрахгүй, мөнгөн төлбөрийн үүрэг тасалдахгүй байсан боловч нэхэмжлэгч өөрөө хугацаа хэтрүүлсний улмаас гэрээний аль нэг талуудаас үл шалтгаалан ам долларын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгтэй харьцах ханш өссөн. Энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас манайд учирсан хохирол болж байгаа юм.

2.8. Худалдагч талаас үүрэг гүйцэтгэж гэрээний зүйл болох тоног төхөөрөмжүүдийг импортлох цаг хугацаанд ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш нэмэгдээгүй байсан ба ийнхүү нэмэгдсэн ханшаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэгчийн өөрийн хугацаа хэтрүүлсэн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн ханшийн зөрүүг бид хариуцах үндэслэлгүй юм. Манайх гэрээний үүргийн гүйцэтгэлд гурван удаагийн төлөлтөөр нийтдээ 4,614,296,656 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. С ХХК-тай 2021 оны 05 сарын 19-ний өдөр байгуулсан 21/09 тоот Худалдах, худалдан авах гэрээ-ний 4.8-д Худалдагч нь энэхүү гэрээний 3.2-т заасан хугацаанаас хуанлийн 7 хоног хэтэрсэн бол 50,000 ам.долларын торгуулийг Худалдан авагчид төлнө. Энэ тохиолдолд үлдэгдэл төлбөрөөс суутгаж болно гэж харилцан тохиролцсон. Тус заалт нь тоног төхөөрөмж худалдаж, угсарч суурилуулах, тохиргоо жигдрүүлэлтийн ажлыг хариуцан гүйцэтгэж буй тал хугацаандаа ажпаа гүйцэтгэхэд зориулсан хариуцлагын зохицуулалт юм.

3.2. Талуудын хамтран баталгаажуулсан 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 21/09-03 Баталгаажуулалтын акт-ын 1.1-д Гэрээний үлдэгдэл 15 хоногийн хугацааг сарын 11-ний өдрөөс эхлэн сэргээн тоолохыг харилцан баталгаажуулав гэж акт үйлдсэнээр гэрээний хугацаа 2023 оны 07 сарын 25-ны өдөр дуусгавар болсон. 2022 оны 01 сарын 03-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт-ын 2.1-д тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж угсралт суурилуулалт, тохиргоо жигдрүүлэлтийн ажил болон хүлээн авах туршилтыг 2021 оны 10 сарын 15- ны өдөр хийж гүйцэтгэж дууссан болохыг баталгаажуулсан ба 2021 оны 07 сарын 26-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 сарын 15-ны өдрийг дуустал нийт 82 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь хариуцагч гэрээний 4.8-д заасан торгууль төлөх үндэслэл болно. Хариуцагч дээрх актуудаар нийт 82 хоногийн хугацаа хэтрүүлж 2021 оны 10 сарын 15-ны өдрөөр ажлаа бүрэн хүлээлгэж өгсөн.

3.3. Хариуцагч 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 21/09-03 дугаар Явцын баталгаажуулалтын акт-ыг баталгаажуулахдаа үүрэг гүйцэтгэх 15 хоногийн хугацаа үлдсэн болохыг мэдэж байсан. Энэ нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2-т заасан үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол гэж заасан нөхцөлийг хангасан болно.

3.4. Гэрээний 12.4-д Худалдагч барааг хугацаанд нь нийлүүлээгүй, мөн угсралт суурилуулалт, залгалт тохируулгын ажпыг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасан.

Гэрээний зүйл нь үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж тул худалдагч эцсийн байдлаар бүрэн гүйцэт, ашиглах боломжтойгоор хүлээлгэн өгснөөр худалдан авагч тал тоног төхөөрөмжийг ашиглаж үр шимийг нь хүртэх нөхцөл боломж бүрдэнэ. Иймээс гэрээ дүгнэх актаар баталгаажсан дүнгээс Конвейерийн жинг хасахад тооцогдох дүн болох 1,748,901 ам.доллароос 82 хоногийн хугацаа хэтрүүлсний алданги тооцоход 71,704.94 ам.долларын алданги тооцогдоно.

3.5. Мөн талууд гэрээний 3.5-д Конвейерын жинг үйлдвэрлэж, тээвэрлэн, үйлдвэрт угсрах хугацаа 90 хоног байх бөгөөд гэрээний 3.2-т заасан хугацаанаас тусад нь тоолно" гэж харилцан тохирсон ба 2021 оны 06 сарын 24-ний өдрийн Явцын гүйцэтгэл баталгаажуулах акт-аар гэрээний 3.5-д заасан Конвейерын жин нийлүүлэх хугацааг тасалдуулаагүй. Иймээс Конвейерын жин нийлүүлэх 90 хоногийн хугацаа 2022 оны 08 сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Улмаар хариуцагч Конвейерын жин нийлүүлэх 90 хоногийн хугацааг 2021 оны 10 сарын 15-ны өдрийг дуустал нийт 59 хоногоор хэтрүүлсэн болно. Конвейерын жингийн үнийн дүн 32,560 ам.доллар ба 59 хоног хугацаа хэтрүүлсний алданги 960.52 ам.доллар тооцогдоно. Иймд хугацаа хэтрүүлсний алдангийн дүн 72,665 ам.долларыг хариуцагчаас нэхэмжлэх үндэслэл болно.

3.6. Монголбанкны 2023 оны 12 сарын 25-ны өдрийн хаалтын нэг ам.доллартай харьцах төгрөгийн ханш 3,414 төгрөгөөр тооцон С ХХК-аас торгууль 50,000 ам.доллар буюу 170,748,500 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 72,665.46 ам доллар буюу 248,150,365 төгрөг, нийт 418,898,865 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга:

4.1. Гэрээний дагуу хариуцагчийн худалдан авсан тоног төхөөрөмж нь төмрийн хүдрийн хуурай соронзон баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж бөгөөд заавал угсралт, суурилуулалт, залгалт тохиргоо, жигдрүүлэгчийн ажил хийгдсэний дараа ашиглагдах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд болно. Хариуцагч нь гэрээний 5.2-т үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг ХХХХ аймгийн ХХХХ сум дахь Төмөртолгой төмрийн хүдрийн орд дахь үйлдвэрийн талбайд хүлээн авахаар, гэрээний 6.3-т үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг угсрах буюу үйлдвэрийг барьж байгуулах барилгын суурийн ажлыг угсралтын ажил эхлэхээс өмнө хийж гүйцэтгэхээр нэхэмжлэгчтэй тохирч гэрээг байгуулсан.

4.2. Хариуцагч нь гэрээний 5.2, 6.3 дахь хэсгүүдэд тус тус заасан тоног төхөөрөмжийг хүлээн авах нөхцөл бүрдүүлэх үүргээс гадна тоног, төхөөрөмжийг угсрах, үйлдвэрийн хэмжээнд жигд тасралтгүй ажиллаж эхлэхэд хэрэгтэй бетон цутгалтын ажил, цахилгаан эрчим хүч, үйлдвэрлэлийн удирдлагын контейнер хүртэлх хүчний кабель, тоног төхөөрөмжийн холболтын кабель, тавиур, лотки зэрэг цахилгаан холболтод шаардлагатай дэд бүтцийг хангах үүргийг гэрээний 8.2.5 дахь хэсгийн дагуу хүлээсэн.

4.3. Гэтэл Хариуцагч тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулахад шаардлагатай нөхцөлөөр хангах үүргээ биелүүлээгүй, тоног төхөөрөмжийг суурилуулж угсрах хавтан сууриудыг бүрэн цутгаж бэлдээгүй байсны улмаас нэхэмжлэгч үйлдвэрийн талбайн тоног төхөөрөмжийг суурилуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгчээс тухай бүр үүссэн нөхцөл байдлыг хариуцагчид мэдэгдэн үйлдвэрийг барьж байгуулах барилгын суурийн ажлыг дуусгах үүргээ биелүүлэхийг шаардан бичгээр мэдэгдэж байсан.

4.4. Хариуцагч гэрээний дагуу өөрийн хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас гэрээний хугацааг тасалдуулан тооцож, Явцын баталгаажуулалтын акт-г үйлдэж, талуудын эрх бүхий этгээдүүд баталгаажуулж байсан. Зохигчдын хооронд 2021 оны 07 сарын 09-ний өдөр байгуулсан 21/09-03 дугаартай Явцын баталгаажуулалтын акт-ын 1.2.2-т 2021 оны 07 сарын 12-ны өдрөөс тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх хугацаа-г сэргээн тоолохоор харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч гүйцэтгэх ёстой үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтыг ажлыг зогсоох шаардлагатай болсныг нэхэмжлэгчээс 2021 оны 07 сарын 16-ны өдрийн 203 тоот албан бичгээр хариуцагчид мэдэгдсэн.

4.5. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасны дагуу хариуцагч нь гэрээний 5.2, 6.3 болон 8.2.5 дахь хэсгүүдэд заасан үүргээ биелүүлээгүй, тоног төхөөрөмжийг суурилуулж угсрах хавтан сууриудыг бүрэн цутгаж бэлдээгүй байсны улмаас нэхэмжлэгч үйлдвэрийн талбайн тоног төхөөрөмжийг суурилуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Харин хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

4.6. Нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн, зохих ёсоор биелүүлэн хариуцагч тухай бүр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч баталгаажуулж байсан нь 2022 оны 01 сарын 03-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт, 2021 оны 08 сарын 30-ны өдрийн Төлбөр тооцоо баталгаажуулах акт, 2022 оны 06 сарын 27-ны өдөр Тодорхойлолт гаргах тухай, 2023 оны 01 сарын 16-ны өдөр Тодорхойлолт гаргах тухай зэрэг баримт бичгүүдээр нотлогдоно. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д заасныг баримтлан К ХХК-аас 576,382,250 /таван зуун далан зургаан сая гурван зуун наян хоёр мянга хоёр зуун тавин/ төгрөг гаргуулж, С ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 205,377,821 төгрөгийг, мөн С ХХК-аас торгууль, алдангид төгрөг гаргуулах тухай К ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 4,224,701 төгрөг /2,973,739+1,250,962/, хариуцагчаас төлсөн 2,252,444 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3,039,861 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. К ХХК нь нэхэмжлэгч С ХХК-тай 2021 оны 05 сарын 19-ний өдөр 21/09 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж цагт 250 тн суурилагдсан хүчин чадалтай төмрийн хүдрийн хуурай соронзон аргын баяжуулах үйлдвэрийг уурхайн талбайд угсарч суурилуулж, тохиргоо жигдрүүлэлт хийлгэн хүлээн авахаар тохиролцсон.

6.2. Нэхэмжлэгч өөрийн үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүнийг худалдаагүй. Харин тоног төхөөрөмж үйлдвэрлэгчээс нийлүүлж тээвэр, угсралт, суурилуулалт, тохиргоо жигдрүүлэлтийн ажлыг гүйцэтгэсэн бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан атал анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн мэтээр буруу дүгнэсэн.

6.3. Нэхэмжлэгч нь тус гэрээний 4.5.3-д Үйлдвэрыйн тоног төхөөрөмжийг гэрээнд заасан газар угсарч, суурилуулан хүлээлгэн өгсний дараа тохируулга жигдрүүлэлтийн ажлын актыг үндэслэн мэдэгбэл 10% болох 176,671 ам.долларыг нэхэмжлэхиин дагуу ажлын 3 (гурав) хоногт багтаан төлнө гэж заасан хариу үүргийн үлдэгдэл төлбөрөөс гэрээ дүгнэсэн акт болон бусад баримтаарх үлдэгдэл 162,118.11 ам.долларыг нэхэмжилсэн.

Гэвч энэхүү заалтад заасан урьдчилсан нөхцөл бүрэн хангагдаагүй, төлбөр төлөх үүрэг үүсээгүй байхад гэрээний 12.4-д зааснаар хугацаа хэтрүүлсний алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

6.4. Мөн нэхэмжлэгчийн угсарч өгсөн үйлдвэр нь манай компанийн эзэмшил, ашиглалтад байхгүй, нэг ч удаа өөрсдөө ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн, төр хурааж авсан байгааг анхан шатны шүүх харгалзан үзээгүй буюу гэрээний зүйлийн чанар байдлыг тодруулах талаар удаа дараа гаргасан хүсэлтийг огтхон ч хангаж байгаагүй, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.5. Гэрээний үлдэгдэл төлбөр төлөх урьдчилсан нөхцөл дараах байдлаар хангагдаагүй байхад хариуцагчаас алданги гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнд: Гэрээний 4.5.3-д заасан тохиргоо жигдрүүлэлтийн ажлын акт үйлдэгдээгүй.

Анхан шатны шүүх талуудын 2022 оны 01 сарын 03-ны өдөр баталгаажуулсан Гэрээ дүгнэсэн актын хавсралтад бичигдсэн тохиргоо жигдрүүлэлтийн ажлын тайлан, тог тасарсан үед хийсэн нэмэлт ажил, тог ирснээс хойш үеийн ажлын тайлан, бүтээмж тодорхойлох туршилтын тайлан нэртэй баримтуудыг тохиргоо жигдрүүлэлтийн ажлын акт үйлдсэн мэтээр хийсвэрлэн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасантай нийцэхгүй.

6.6. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй боловч 2024 оны 02 сарын 19-ний өдрийн Шүүх хуралдааныг хойшлуулах тухай 3754 дугаар шүүгчийн захирамжийн Үндэслэх нь хэсгийн 2 дахь догол мөрөнд ...тохиргоо жигдрүүлэлтиии акт гэсэн баримт нэхэмжлэгчид баихгүй талаар шүүх хуралдааны явцад тайлбарлаж байна. Иимд талуудад байхгүй баримтыг шүүх журмаар нөгөө төлөөс гаргуулах боломжгүй тул хүсэлтийг хангахгүй орхив гэж баримт байхгүй талаар дүгнэсэн боловч өөрийн тогтоосон үйл баримтаас эсрэгээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.

6.7. Талууд 2022 оны 01 сарын 03-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээс хойш гэрээний 4.5.3-д заасан журмын дагуу шинээр нэхэмжлэх ирэх ёстой ч 2022 оны 09 сарын 28-ны өдөр нэхэмжлэх ирсэн. Анхан шатны шүүх хариуцагчид гэрээний 9.1, 9.2-т заасан хүндэтгэн үзэх давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал 2022 оны 02 сарын 22-ны өдрөөс эхлэн үүссэн талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчээс 2022 оны 09 сарын 28-ны өдөр нзхэмжлэх ирүүлсэн цаг хугацаанаас хойш үлдэгдэл төлбөр төлөх хугацаа тоологдох атал энэ талаар буруу дүгнэлт хийжээ.

Иймд 2022 оны 09 сарын 28-ны өдрөөс хойш хариуцагчид хүндэтгэн үзэх давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал тохиолдсоор байгаа тул гэрээний 9.1-д зааснаар алдангиас чөлөөлөгдөх үндэслэлтэй тул 13,224,566 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй.

6.8. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн үүрэг гүйцэтгэх хугацааг дүгнэхдээ хэт нэг талын өрөөсгөл дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч үйлдвэрийн тоног төхөөрөмжийг тээвэрлэж, угсарч суурилуулж, тохиргоо жигдрүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх үндсэн хугацаа нь хуанлийн 45 хоног юм. Нэхэмжлэгч нь энзхүү хугацааг үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийн хувьд 82 хоногоор хэтрүүлсэн болох нь талуудын хооронд гэрээний явцын дунд баталгаажуулж байсан актууд болон Гэрээ дүгнэсэн акт зэрэг маргаанд хамааралтай 2 талын хамтран үйлдсэн баримтуудаар тогтоогдоно.

6.9. Мөн нэхэмжлэгчийн үүрэг гүйцэтгэх ёстой 45 хоногийн хугацаанд тохиргоо жигдрүүлэлт хийх 21 хоногийн хугацаа багтахгүй тусдаа тоологдох буюу гэрээгээр илүү хугацаа тогтоосон мэтээр гэрээний заалтуудыг харьцуулан дүгнэлгүй мушгин, нэхэмжлэгчийн хэтрүүлсэн хугацааны хувьд хэт ялгамжтай дүгнэлт хийж, үүрэг гүйцэтгэх хугацааг хэдий хэмжээгээр хэтрүүлсэн, эсхүл хэтрүүлээгүй болохыг тодорхой тогтоолгүйгээр нэхэмжлэгч хэтрүүлсэн 82 хоногийн хугацааны хувьд бүхэлдээ гэм буруугүй мэтээр дүгнэсэнд гомдолтой.

6.10. Мөн гэрээгээр нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг 7 хоног хэтрүүлсэн бол торгууль төлөхөөр заасан. Гэтэл Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлээгүй гэж хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

6.11. Хариуцагч харин ч үүрэг гүйцэтгэх 45 хоногийн хугацааг нь сунгаж өгсөн байдаг. Улмаар хугацааг тоолж эхлэх хугацааг талууд хамтран баталгаажуулсан тул хугацаа тоолоход энгийн ойлгомжтой байгаа юм. Тодруулбал, 2021 оны 05 сарын 20-ны өдрөөс хуанлийн 45 хоног тоолбол 2021 оны 07 сарын 03-ны өдөр хугацаа дуусахаар гэрээнд заасан. Нэхэмжлэгчээс хамаарахгүйгээр хугацаа сунгах шаардлага үүссэн тул талууд хамтран 2021 оны 07 сарын 26-ны өдөр хүртэл хуанлийн 22 хоногоор хугацааг сунгасан.

6.12. Гэтэл нэхэмжлэгч нь энэхүү хугацааг хэтрүүлсэн болох нь 2022 оны 01 сарын 03-ны өдрийн буюу 6 сарын дараах актаар тогтоогдож байгаа.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж К ХХК-аас 13,224,566 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, 418,898,865 төгрөгийг С ХХК-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

7.1. Хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Талууд тохиргоо жигдрүүлэх акт үйлдээгүй боловч хэргийн материалд 2022 оны 01 сарын 03-ны өдөр талууд харилцан тохиролцож, гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Мөн ерөнхий ажил, үр дүн, төлбөр тооцоог дүгнэж, ямар ажлыг хүлээн авсан гэдгээ тодорхойлсон. Нэхэмжлэгчийн зүгээс тохиргоо жигдрүүлсэн актыг хэргийн материалд нотлох баримтаар хавсаргаж өгсөн.

7.2. Мөн 2021 оны 09 сарын 14-ний өдөр хариуцагчийн гаргасан албан бичигт бид үйлдвэрийг авч, тодорхой чиглэлийн ажил хийгдэхэд гарсан алдаануудыг дурдаж, уг алдаагаа засан сайжруул гэх байдлаар хандсан. 2021 оны 09 сард тухайн үйлдвэрийг хүлээн авч, тохиргоо жигдрүүлэх ажил явагдаж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэвч 2021 оны 11 сарын 03-ны өдөр үлдэгдэл төлбөрийн нэхэмжлэлийг хариуцагч талд хүргүүлсэн.

7.3. Хариуцагчийн зүгээс 2021 оны 11 сарын 08-ны өдөр үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой байсан боловч төлбөр төлөх хугацааг удаа дараа хойшлуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.4.5-д заасан үндэслэл бүрэн хангагдсан. 2021 оны 07 сарын 09-ний өдрийг хүртэл талууд худалдах, худалдан авах гэрээний хугацааг 2 удаа тасалдуулсан. Мөн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрээний хугацааг тасалдуулж, үлдэгдэл 10 хоногийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс тоолж эхлэхээр тохиролцсон.

7.4. Тухайн үед К ХХК нь нэхэмжлэгч байгууллагыг үүргээ биелүүлэх нөхцөл боломжоор хангаж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг хийх ёстой байсан боловч тухайн ажил хийгдээгүй. Уг ажил хийгдээгүй болохыг 2021 оны 07 сарын 16-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн. Мөн хийгдээгүй сууриудыг хийж, хатааж, манай байгууллагаас бүтээгдэхүүнээ суурилуулахад гэрээгээр тохиролцсон хугацаанд амжихгүй гэдгээ илэрхийлж, хүсэлт гаргасан. Гэвч хариуцагчийн зүгээс ямар нэгэн тайлбар, санал гаргаагүй бөгөөд тухайн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

7.5. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт заасан хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1, 223.2, 223.2.3-т зааснаар хариуцагч нь үндсэн алданги болон хүүг нэхэмжлэх эрхээ алдсан гэж анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэсэн.

7.6. Худалдах, худалдан авах гэрээний 1.1-д хариуцагч захиалга өгч, тоног төхөөрөмжийн үзүүлэлтийг хэлж, уг тоног төхөөрөмжтэй төмрийн баяжуулах үйлдвэрийг авья гэж хэлсэн. Уг нөхцөлийн дагуу манай байгууллага бүх тоног төхөөрөмжийг захиалж, тухайн байгууллагад хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний бэлтгэн нийлүүлэх шинжийг агуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч К ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 781,760,701 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүрэгт 418,898,865 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. С ХХК нь К ХХК-тай 2021 оны 05 сарын 19-ний өдөр 21/09 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр С ХХК нь иж бүрдэл бүхий 250 тонн/цаг суурилагдсан хүчин чадалтай Төмрийн хүдрийн хуурай соронзон баяжуулах үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмжийг холбогдох техникийн үзүүлэлт, тоо ширхэгийн дагуу биет байдлын болон эрхийн доголдолгүйгээр нийлүүлж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, залгалт тохиргоо, жигдрүүлэлтийн ажлыг бүрэн гүйцэтгэн хүлээлгэн өгөх, К ХХК нь барааны үнийг гэрээнд заасны дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. /1хх-6-20/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, дээрх гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 576,382,250 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

4.1. Талууд 2021 оны 08 сарын 30-ны өдөр Төлбөр тооцоо баталгаажуулах акт үйлдэж, уг актаар Худалдах, худалдан авах гэрээний Хавсралт №1-ийн 1 дэх Хүснэгтийн 6-аас 23-д заасан туузан конвейерын техникийн үзүүлэлт, үнийн өөрчлөлтийг тус актын Хавсралт №1-ээр, мөн актын Хавсралтаар баталгаажуулсан туузан конвейерын үнэ нь Гэрээгээр тохиролцсон нийт дүнгээс 19,209.9 ам.доллараар багассан бөгөөд уг зөрүү үнийг Гэрээний 4.1-д заасан Гэрээний нийт төлбөрөөс хасч тооцох, улмаар худалдан авагч нь Гэрээний 4.5.3-д заасан үлдэгдэл төлбөрийг зөрүү үнээр бууруулан худалдагчид төлөхөөр талууд баталгаажуулсан байна. /1хх-21-22/

 

4.2. Түүнлэн, зохигч талууд 2022 оны 01 сарын 03-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдэж, уг актаар гэрээний 1.2-т заасны дагуу гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн тул хүлээлгэн өгсөн баримт бичгийн жагсаалт болон нэмэлт барааны үнийг нэмж тооцсон дүнгээр 181,654.11 ам.долларын үлдэгдэлтэй болохыг тодорхойлжээ. /1хх-23-27/

 

Дээрх гэрээ дүгнэсэн актын 2.1-д тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, угсралт суурилуулалт, тохиргоо жигдрүүлэлтийн ажил болон хүлээн авах туршилтыг 2021 оны 10 сарын 15-ны өдрөөр хийж гүйцэтгэж дууссан бөгөөд хүлээлгэж өгсөн тоног төхөөрөмжүүд тэдгээрийн техникийн үзүүлэлт, үнийн дүнг актын хавсралт 1-д тусгав гэж дурдсанаас үзэхэд гэрээнд заасан үйлдвэрийг нэхэмжлэгч нь хариуцагч талд хүлээлгэж өгсөн, гэрээнд зааснаар жигдрүүлэлтийн ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

4.3. Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрийг 162,118 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш 3,473.75 төгрөгөөр тооцож 563,157,784 төгрөгийг хариуцагч К ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт нийцжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

5.1. Гэрээний хугацааг 2021 оны 07 сарын 26-ны өдрөөс 2021 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл нийт 82 хоног хэтрүүлсэн үйл баримтыг нотлоогүй гэж зөв дүгнэсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Мөн, талуудын хооронд байгуулагдсан төлбөр тооцоо баталгаажуулсан акт, гэрээ дүгнэсэн актуудад гэрээний хугацаа хэтрүүлсэн талаар тусгаагүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Ирэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь хэсэгт тус тус нийцжээ. Энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.2. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас гэрээ дүгнэсэн акт үйлдсэн 2022 оны 01 сарын 03-ны өдрөөс хариуцагчийн дансны зарлагын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 243 тоот прокурорын зөвшөөрөл гарах хүртэлх 47 хоногт ногдох алдангид 13,224,566 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Хариуцагчийн байгууллага нь 2022 оны 02 сарын 22-ны өдрөөс хойшхи хугацаанд ДҮ тэй холбоотой санхүүгийн гүйлгээ хийх, төлбөр тооцоо барагдуулах боломжгүй болсон нь нийтэд илэрхий үйл баримт юм.

 

Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний төлбөр төлөх хугацаа хэтэрсэн нь хариуцагчийн гэм буруугаас шалтгаалаагүй тул алдангийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарласан нь шударга ёсонд нийцсэн байна.

 

5.3. Хариуцагч талын эзэмшил, ашиглалтад уг үйлдвэр байхгүй байгаа нь гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/01416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,476,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР