Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн 1938001360153 дугаартай хэргийг  2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Г-, 

Шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Х дугаар багийн Х дугаар байрны Х тоотод хамтран амьдрагч С.С-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Х дугаар багийн Х дугаар байрны Х тоотод хамтран амьдрагч С.С-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өглөөний 09 цагт хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд 13 цагт жолооны дадлагатаа очоод 15 цагт гэртээ орж ирсэн. Тэгээд гэртээ орж ирэхэд нөхөр болох Г.Г- хэрүүл нэхэж үгээр өдөөд байсан. “хоёр хүүхдээ үлдээгээд хувцсаа аваад зайл” гээд би хувцсаа аваад гэрээсээ гарсан. Орой 21 цагийн үед гэртээ ороод хувцсаа тайлж байтал үгийн зөрүүгүй намайг зодож эхэлсэн...Би Гантулгатай албан ёсны гэр бүл болоогүй. Гэрлэлтээ батлуулаагүй...Би яг яагаад тийм үйлдэл гаргадагыг нь сайн мэдэхгүй байна. Намайг хардаад байдаг юм шиг байна лээ...Намайг Гантулга зодохдоо дандаа далд газар зоддог. Хоёр гарын булчин, хоёр хөлийн булчин руу гараараа цохиж, өшиглөж зоддог...Би тухайн үед хандах гэж байхад Гантулга нь өөрийнхөө буруу үйлдэл хийсэндээ уучлалт гуйгаад “дахиж би тэгэхгүй” гэж зодсоныхоо дараа хэлдэг байсан. Тэгээд би “дахиж тэгэхгүй байх” гээд итгээд үр хүүхдээ бодоод цагдаагийн байгууллагад ханддаггүй байсан. Хүүхдээ бодоод өөрт нь итгээд зодох нь давтагдах бүрт уучилдаг байсан...Гантулгыг зодсоны дараа миний баруун болон зүүн гарын булчингууд хөхөрч юм хийхэд өвдөж зовиурлаад гэрийн ажлаа хийж чаддаггүй. Мөн миний зүүн гарын бугуйг чанга барьж мушгиж байсан. Үүнээс болж эмчид үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна гэж хэлж байсан... Би гомдолтой байна. Миний биед учруулсан хохирол болон сэтгэл санаад учруулсан хохирлыг арилгуулмаар байна. Байнгын айдас дарамттай надад маш их хэцүү байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-18-р тал/

Гэрч Э.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Гантулга нь миний тав дахь хүүхэд маань байгаа юм...Би гэр бүлийн хүмүүсийн дундуур орж юм ярьмааргүй байна. Хоорондоо ойлголцоод сайхан амьдраасай л гэж хүсэх байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/

Шүүгдэгч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би эхнэр С.С-ийгээ зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би эхнэр С.С-тэйгээ эвлэрлийн гэрээ байгуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        01 дүгээр сарын 30-ны өдрийн 68 дугаартай: С.С-ийн биед зүүн долоовор хурууны гуравдугаар шивнүур ясны цууралт, зүүн сарвууны долоовор хурууны 2,3-р үе, эүүн бугалганы гадна дээд хэсэг, баруун бугалганы гадна дээд хэсэг, баруун шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт, баруун шууны гадна доод хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. С.С-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

   Шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Х дугаар багийн Х дугаар байрны Х тоотод хамтран амьдрагч С.С-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрч нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

              Иймд шүүгдэгч Г.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.   

        Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчоос уучлал гуйж, эвлэрлийн гэрээ байгуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Г.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн 1938001360153 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Г- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн 1938001360153 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР