Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
Хэргийн индекс | 184/2023/01942/И |
Дугаар | 210/МА2024/01370 |
Огноо | 2024-07-03 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2024/01370
2024 оны 07 сарын 03 өдөр Дуга 210/МА2024/01370
Х.Б ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 17-ны өдрийн 184/ШШ2024/02749 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Х.Б ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.У д холбогдох,
Гэм хорын хохиролд 1,562,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Х.Б миний эзэмшлийн 00 УАВ улсын дугаартай ТТТТ маркийн автомашиныг аав З.Х Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Товчооны зам нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо 00 УНГ улсын дугаартай П маркийн автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргасан.
1.2. Замын цагдаагийн газарт дуудлага өгч, хүлээж байх үед 00 УБК улсын дугаартай С маркийн автомашин зогсож байсан 00 УАВ улсын дугаартай ТТТТ маркийн автомашиныг зүүн хойноос мөргөж зам тээврийн осол гаргасан.
1.3. 2023 оны 02 сарын 20-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа-аар Г.У ийг Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.14 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас дээрх зам тээврийн осол гарсан болохыг тогтоосон.
1.4. Х.Б миний эзэмшлийн 00 УАВ улсын дугаартай ТТТТ маркийн автомашинд үнэлгээ хийлгэхэд 1,562,000 төгрөгийн хохирол учирсан байна гэсэн үнэлгээ гарсан. Хариуцагч Г.У ийг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэх шүүхийн шийдвэр гараагүй.
1.5. Хариуцагчийн буруутай үйлдлээс болж бусдад хохирол учирсан бөгөөд уг үйл баримтыг шийтгэлийн хуудас үгүйсгэж чадахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. 2023 оны 01 сарын 16-ны өглөө 9 цаг өнгөрөөд Моносын гэрэлтэй уулзвараар нэвтэрч, хоёрдугаар эгнээнд явж байхад нэгдүгээр эгнээнд П маркийн автомашин огцом зогсох үед ТТТТ маркийн автомашин түүнийг мөргөөд хоёрдугаар эгнээ рүү огцом дарж орж ирэхэд би ТТТТ маркийн автомашины араас гулгаад мөргөчихсөн.
2.2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/75 тоот захирамжаар надад ногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Зам тээврийн осол гарахад миний буруу байгаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан хариуцагч Г.У эс гэм хорын хохиролд 1,562,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Б ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,942 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/75 дугаартай захирамжаар Г.У д оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгохдоо ... 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр холбогдогч Г.У ийг зам тээврийн осол гаргасан гэж үзэн ...100,000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас оногдуулсан атлаа 2023 оны 02 сарын 20-ны өдөр мөрдөгчийн магадлагаа гаргасан нь үндэслэлгүй ... гэж дүгнэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон.
4.2. Харин хариуцагч Г.У нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т Жолооч урдаа яваа тээврийн хэрэгслийг хурдаа хасах буюу зогсооход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурданаас хамааруулан сонгож явна гэж заасныг зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашины зүүн хойд талаас мөргөж зам тээврийн осол гаргасан болохыг тогтоосон мөрдөгчийн магадлагаа гарсан.
4.3. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид шийтгэлийн хуудас гарсанаас хойш магадлагаа гаргасан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн болохоос мөрдөгчийн магадлагаа үндэслэлгүй, Г.У ийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй талаар огт дүгнээгүй. Гэтэл анхан шатны шүүх ... нотлох баримтыг хууль зөрчин цуглуулсан ... гэх дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл зөрчлийн хэргийн нотлох баримтыг хууль зөрчиж, цуглуулсан эсэх талаар Эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг бөгөөд Иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм.
4.4. Түүнчлэн анхан шатны шүүх ... Г.У 2 дугаар эгнээгээр, харин нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашиныг жолоодож явсан З.Х нь 1 дүгээр эгнээнд Ц.Оргил-Өөдийн жолоодож явсан автомашиныг мөргөх үедээ зүүн тийшээ эргэх үйлдэл хийснээс уг осол гарсан ... гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
4.5. Учир нь хариуцагч Г.У нь замын хөдөлгөөний дүрмийг баримталж яваагүйгээс нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашины зүүн хойд талаас нь мөргөж осол гаргасан атал анхан шатны шүүх хариуцагчийг гэм буруугүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 17-ны өдрийн 184/ШШ2024/02749 дугаар шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Г.У д холбогдуулан гэм хорын хохиролд 1,562,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Товчооны замд 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 8:55 цагийн орчимд 00 УАВ улсын дугаартай ТТТТ маркийн автомашиныг жолоодож явахдаа Ц.Оргил-Өөдийн жолоодож явсан 00 УБГ улсын дугаартай, П маркийн автомашиныг мөргөж зогсох үед араас нь 00 УБК улсын дугаартай, С маркийн автомашиныг жолоодож явсан Г.У мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
Хас үнэлгээ ХХК-ийн нэхэмжлэгч Х.Б ы эзэмшлийн 00 УАВ улсын дугаартай ТТТТ маркийн автомашинд учирсан хохирлыг 1,460,000 төгрөг гэж тогтоожээ.
4. Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Товчооны замд гарсан зам тээврийн осолд 00 УБК улсын дугаартай, С маркийн автомашиныг жолоодож явсан хариуцагч Г.У ийн гэм буруу үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
4.1. Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 0007066 дугаартай шийтгэлийн хуудсаар хариуцагч Г.У ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/75 тоот захирамжаар шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх-104-105/
Нэхэмжлэгч нь Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 0007066 дугаартай шийтгэлийн хуудас хүчинтэй гэж маргах боловч уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
4.2. Зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эдийн болон эдийн бус хохирол шалтгаант холбоотой байхыг шаардах ба хариуцагч Г.У д ногдуулсан торгох шийтгэлийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар хүчингүй болгоноор хариуцагч Г.У ийг гэм буруугүй болохыг тогтоосон үйл баримт юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Х.Б ы эзэмшлийн 00 УАВ улсын дугаартай ТТТТ маркийн автомашинд учирсан 1,460,000 төгрөгийн хохирол нь хариуцагч Г.Ууганбаярын гэм буруутэй үйлдэл, эс үйлдэхүйгээс болоогүй болох нь тогтоогдсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт нийцжээ.
5. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай зохигчийн гаргасан хүсэлтийг үндэслэн иргэдийн төлөөлөгч оролцуулаагүй маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 17-ны өдрийн 184/ШШ2024/02749 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
С.ЭНХБАЯР