Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01368

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 03 өдөр Дуга 210/МА2024/01368

 

 

Ч.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/01763 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Б гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ш.Ж д холбогдох,

 

Зээлийн төлбөрт 14,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Бямба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бүжинлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хариуцагч Ш.Ж нь би ногоо тарьдаг гэсний дагуу бэрийнхээ бизнесийг нь дэмжих зорилготой 2016 оны 09 сарын 14-ний өдрийн 14,500,000 төгрөгийг түүний Хаан банкны 00 тоот дансаар шилжүүлсэн.

1.2. Ш.Ж нь өгнө гэж хэлдэг боловч хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэр бүлийн гишүүн шиг санаж өнөөдрийг хүртэл тэвчээртэй хүлээсэн.

1.3. Бид Иргэний хуульд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж, гэрээний эрх зүйн харилцаанд орсон тул зээлдэгч Ш.Ж гаас зээлийн 14,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. 2016 оны 09 сарын 14-ний өдөр 2022 оныг хүртэл нэг ч удаа энэ хүн надаас 14,500,000 төгрөгийг авах талаар хандаж, ярьж байгаагүй. Энэ талаар нотлох баримт байхгүй.

2.2. Ш.Ж д энэ хүн 14,500,000 төгрөгийг шилжүүлээгүй. Тийм учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан ба Ч.Б гаас мөнгө зээлж аваагүй болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т дэх хэсэгт заасныг баримтлан 14,500,000 төгрөгийг хариуцагч Ш.Ж гаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 -д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 230,450 төгрөгийг, хариуцагч Ш.Ж гаас 230,450 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Б д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч Ч.Б нь Ж д 14,000,000 төгрөг шилжүүлсэн баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаа үүссэн гэж анхан шатны дүгнэлт өгсөн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй.

4.2. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бизнесийг нь дэмжиж өгсөн гэсэн ба буцаан авах талаар ямар нэгэн тохироо хийгээгүй энэ талаар хугацаа тогтоосон талаар нэхэмжлэлд дурьдаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь уг мөнгийг буцаан авах талаар ямар нэгэн тохиролцоо буюу хугацаа тогтоогоогүй байхад шүүх нэхэмжлэгчийн хүсэл зоригийн эсрэг ... түүний бэрийнхээ бизнесийг дэмжиж шилжүүлсэн гэх мөнгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйл буюу зээлийн харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна гэж үзэж байна.

4.3. Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байх бөгөөд шүүх зээлийн гэрээ байгуулагдсан гэсэн дүгнэлт гаргаж байгаа бол 2016 оны 09 сарын 14-ний өдөр мөнгө шилжүүлсэн гэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/01763 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Учир нь манай үйлчлүүлэгчээс зээлийн зориулалт нь ногоо худалдаа, түүнээс олсон орлогоор төлбөрийг барагдуулахаар тохиролцсон байдаг.

5.2. Гэтэл хариуцагч тал мөнгийг зүгээр өгсөн гэдэг байдлаар тайлбарладаг. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Б.Ц ыг энэ талаар мэдүүлдэг.

5.3. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт заасан үеэс шаардах эрхийг тоолох бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ч.Б хариуцагч Ш.Ж д холбогдуулан зээлийн төлбөр 14,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... 14,500,000 төгрөг зээлж аваагүй, лууван худалдан авахын тулд шилжүүлсэн мөнгө ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Ч.Б 2016 оны 09 сарын 14-ний өдөр Хаан банкны орлогын мэдүүлгээр 14,500,000 төгрөгийг Ш.Ж д Б -с гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэлт үндэслэлтэй. /хх-ийн 7 дугаар тал/

 

4.1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Б 2016 оны 09 сарын 14-ний өдөр Хаан банк ХК-аас дамжуулан 14,500,000 төгрөгийг Ш.Ж д шилжүүлсэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

4.2. Хариуцагч нь 14,500,000 төгрөгийг лууван худалдан авах зорилгоор шилжүүлсэн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй талаар анхан шатны дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

5. Анхан шатны шүүх гэрч Б.Ц ын ... луувангаа зараад ашгаа олбол буцаад өгөх байсан, ... бид хоёр ах дүү учраас газар өгнө гэж ярьж байсан гэх мэдүүлгийг тухай хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж нэхэмжлэгч нь 14,500,000 төгрөгийг шаардаж байсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт заасан шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолох зохицуулалтад нийцсэн байна.

 

6. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/01763 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР