Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/16

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б Жт холбогдох 1912000000004 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:  А овогт Б Ж /РД:.../ 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Ж нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 29 дүгээр байрны 2-20 тоот гэртээ иргэн Э.Еийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зүүн мөр орчим нь хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912000000004 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

 

Хохирогч Э.Еийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би Жын хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг баг Цагаан сүм гэх газраас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү орж ирсэн. Бид хоёр шинэ жилээр гэртээ ширээн дээр тавих бялуу болон бас бус хүнсний зүйл авахаар ирсэн. 2018 оны 12 дугаар сарын 29-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байх 29 дүгээр байранд 19 цагийн үед Жтай ирсэн. Бид хоёр тэнд ороод 2 шил “Улаанбаатар” нэртэй 0.75 литрийн архи уусан. Тэгээд бид 2 архиа ууж байхдаа мах чанаж идсэн юм. Махаа идээд архиа ууж дуусахын үед бид хоёр маргалдсан. Ямар асуудлаас болж маргалдсан талаараа мэдэхгүй байна. Ж намайг тэнд байсан эвэр иштэй жижгэвтэр хутгаар зүүн мөр орчим нь хутгалсан. Тухайн үед цаг 01 болж байсан шиг санагдаж байна. Цус гараад тогтохгүй болохоор нь би 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнийн 03 цагийн үед эмнэлэг ороод оёдол тавиулсан. Ж намайг юунаас болж хутгалсан талаар мэдэхгүй байна. Би архи уугаад бараг тасарсан байсан. Би юу болсон талаар санахгүй байна. Ж надтай ямар ч өр авлага өс хонзон байхгүй, санамсаргүй байдлаар хутгалсан байх. Жижигхэн хутганы үзүүр л мөр рүү орсон байсан. Тухайн үед бид хоёроос өөр ямар ч хүн байгаагүй. Тэр гэрт хүн байдаггүй юм, гэрийн эзэн нь Улаанбаатар хотод ажилладаг бөгөөд Жын эгчийнх нь гэр байгаа юм. Жт нэг илүү түлхүүр нь байсан юм. Ж бол их согтсон байсан. Бид 2 шил 0.75 литрийн хэмжээтэй архийг хувааж уусан байсан юм. Намайг хутгалсан хутга тэр гэрт нь байгаа байх. Надад хохирол учраагүй, гомдол байхгүй. Миний зүүн мөр зүгээр байна. Ямар ч өвдөлт зовиур байхгүй. Жижигхэн өнгөц хутганы үзүүр орсон л асуудал байна. Би гомдолгүй. Энэ хэргийг хурдан шийдэж өгөхийг хүсч байна. Жын эхнэр нь удахгүй Улаанбаатар хот руу явж төрөх ажилтай байгаа. Ж мөн ядарсан эр хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/ 

 

Гэрч Н.Огийн мэдүүлсэн: ...Манай найз нэг залууг хутгалсан гэж хэлж байсан. Өөр зүйлийг би мэдэхгүй байна. Миний найз Б.Ж нь Архангай аймгийн Цэнхэр суманд амьдардаг. Даруу төлөв зантай сайн залуу байгаа юм. Өөрийн нэр дээр хэдэн тооны малтай, амьдралаа зохиох гэж байгаа залуу байгаа юм. Улаанбаатар хотод нэг хувийн сургууль төгсөөд багш болж байсан байж магадгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

Гэрч Г.Ч мэдүүлсэн: ...Би тухайн өдөр өөрийн ажил үүргийг гүйцэтгэж дуудлага мэдээлэл хүлээн авч байсан. 12 дугаар сарын 30-ны шөнийн 03 цагийн үед би 7033102 дугаарт хүн хутгалуулсан байдалтай ирээд оёдол тавиулаад явсан дуудлагыг өгсөн. Би хутгалуулсан байгааг нь хараагүй, хутгалуулсан шарх нь зүүн талдаа байсан. Би ажилбар хийж байхад нь хараагүй. Би биеийн байдал ямар байсныг нь хараагүй. Е нь шал согтуу ирсэн юм. Хамаатныхаа хүнд хутгалуулсан гэж хэлээд байсан бөгөөд яг нэрийг нь хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/  

 

           Яллагдагч Б.Жын мэдүүлсэн: ...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Би дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь үнэн. Тиймээс надад энэ хэргийн талаар мэдүүлэг өгөх ямар нэгэн шаардлага байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 28 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Э.Еийн биед зүүн суганы урд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 22 хуу/   

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 32 хуу/ 

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 50 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 29 дүгээр байрны 2-20 тоотод иргэн Э.Еийн эрүүл эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.Ж нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 29 дүгээр байрны 2-20 тоотод гэртээ иргэн Э.Еийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зүүн мөр орчим нь хутгалж, түүний эрүүл эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Э.Еийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Ж намайг тэнд байсан эвэр иштэй жижгэвтэр хутгаар зүүн мөр орчим хутгалсан. Цус гараад тогтохгүй болохоор нь би 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнийн 03 цагийн үед эмнэлэг ороод оёдол тавиулсан. Ж намайг санамсаргүй байдлаар хутгалсан байх, жижигхэн хутганы үзүүр л мөр рүү орсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/, гэрч Г.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би тухайн өдөр өөрийн ажил үүргийг гүйцэтгэж дуудлага мэдээлэл хүлээн авч байсан. 12 дугаар сарын 30-ны шөнийн 03 цагийн үед би 7033102 дугаарт хүн хутгалуулсан байдалтай ирээд оёдол тавиулаад явсан дуудлагыг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч Н.Огийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай найз нэг залууг хутгалсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, Б.Жын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Би дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/, хохирогч Э.Еийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 28 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

  

Иймд шүүгдэгч А овогт Б Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Б.Ж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй хутга 1 ширхгийг устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

             Шүүгдэгч Б.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6,  1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Б Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун  тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй хутга 1 ширхгийг устгасугай. 

 

7.  Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                              

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ