Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01369

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 03 өдөр Дуга 210/МА2024/01369

 

 

Б.Х ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/02575 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Х ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: НШ т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итггэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/264 дугаар шийдвэрээр Б.Х аас 180,428,359 төгрөг гаргуулж ХА ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Төлбөр төлөгч Б.Х үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөгч Г.Э гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаартай, ХХХХХХХХХХ тоотод байрлах 104,5 м.кв талбайтай хувийн сууц, төлбөр төлөгчийн эзэмшлийн ХХХХХХХХХХ тоотод байрлах 148 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрын хамт хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан.

1.3. Хариуцагч НШ дээрх үл хөдлөх хөрөнгийг шинжээчээр 147,017,500 төгрөгөөр хямдхан үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг мэдсэнээс хойш шүүхэд гомдол гаргаж байна.

1.4. Дээрх хувийн сууцын өмчлөгч болох ээж Г.Э нь 2020 оны 08 сарын 04-ний өдөр нас барсан тул НШ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Өв нээлгэхээр хандахад тухайн хөрөнгө барьцаанд байгаа тул эрх шилжүүлэх боломжгүй, мөн ах нь гадаадад амьдардаг байсан зэрэг шалтгааны улмаас үл хөдлөх хөрөнгийн өвлөгч тогтоогдоогүй байсан.

1.5. Гэтэл хариуцагч НШ 2024 оны 01 сараас эхлэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч Б.Х д мэдэгдэлгүй эд хөрөнгийг дахин хурааж, шинжээч томилж 147,017,500 төгрөгөөр хямдхан үнэлсэн ба үнэлгээний мэдэгдлийг гардуулж өгөөгүй. Тухайн зуслангийн байшинд оршин суух Б.Х гэх ахаасаа мэдэгдлийг гардаж авсан.

1.6. Мөн хариуцагч байгууллага шинжээч томилохдоо Б.Х ын эзэмшлийн 148 м.кв зуслангийн зориулалттай газрыг ердийн эзэмшлийн газар нутагтай ижилтгэн үзэж, тухайн газрын зориулалтыг буруу тодорхойлсноор хөрөнгө хямдаар үнэлэгдсэн.

1.7. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь 15 айлын зуслангийн зориулалттай таунхаус ба уг таунхаусыг жирийн хувийн сууц хэмээн тодорхойлж хямдаар үнэлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлүүлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/00264 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Х аас 180,428,359.48 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХА ББСБ ХХК-д олгож, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд СХХХХХХХХХ тоот үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

2.2. Төлбөр төлөгчид төлбөр төлөх тухай мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тухайн үүргийг гүйцэтгэх барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, Б.Х , Г.Э , Г.Б нараас үнийн саналыг авсан. Б.Х хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үнийн санал өгөөгүй.

2.3. Төлбөр авагчийн хүсэлтээр үүргийн гүйцэтгэл хангуулах хөрөнгө дээр хөндлөнгийн шинжээч томилсон ба хөндлөнгийн шинжээч хөрөнгийг 147,017,500 төгрөгөөр үнэлсэн.

2.4. Үнэлгээний мэдэгдлийг 2024 оны 02 сарын 08-ны өдөр гардуулахаар барьцаа хөрөнгө байгаа хаягаар биечлэн очиход Б.Х байсан тул үнэлгээний мэдэгдлийг аав Г.Б болон Б.Х нарт дамжуулан өгөхийг даалгаж мэдэгдлийг гардуулж өгсөн. Тухайн өдөр Б.Х утсаа аваагүй, мэдэгдлийг хүлээн авахаас зайлсхийсэн гэж үзэн хаягаар нь мэдэгдэл хүргүүлж, тэмдэглэл үйлдсэн.

2.5. Барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 6 дугаар хороонд байх орон сууцыг 2020 онд битүүмжилж хурааж дуудлага худалдаагаар борлуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 3899 дугаар Монголын нотариатчдийн танхимаас өв хүлээн авсан эсэх талаар лавлагааг тодруулахад 188 дугаар албан бичгээр өв хүлээн авах, авсан, хүлээн авахаас татгалзсан хүсэлт танхимд ирээгүй гэх мэдэгдэл ирсэн.

2.6. Мөн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргатай уулзаж тодруулсан тэмдэглэлд Г.Э гийн өвийг хүлээн авах, хүлээн авахаас татгалзсан тухай мэдээлэл байхгүй тул тэмдэглэл хэрэгт авагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч НШ т холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэгч Б.Х ын нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилох тухай тогтоол, үнэлгээчний 147,017,500 төгрөгөөр үнэлгээгээ төлбөр төлөгч, нэхэмжлэгч Б.Х д мэдэгдээгүй. Шийдвэр гүйцэтгэгч өмчлөгч үл хөдлөх эд хөрөнгүүдэд шинжээчээр үнэлүүлэх хууль зүйн үндэслэл болох Шинжээч томилох тухай 2024 оны 02 сарын 02-ны өдрийн 2/51 дугаар тогтоолыг төлбөр төлөгч болон өмчлөгч, өв хүлээн авагч нарт мэдэгдээгүй, өмчлөгч, талийгаач Г.Э гийн өвлөгч нараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг тайлбарлаж үнийн санал аваагүй, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан баримт байдаггүй.

4.2. Хөрөнгийн үнэлгээний М ХХК 2024 оны 02 сарын 06-ны өдөр үнэлсэн бөгөөд үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу 3 хоногийн дотор үнэлгээг төлбөр төлөгчид мэдэгдэх хуультай атал мэдэгдэж, гардуулаагүй.

Харин нэхэмжлэгч зуслангийн байшинд оршин суух Б.Х ахаасаа нэхэмжлэгч 2024 оны 02 сарын 14-ний өдөр Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 сарын 07-ны өдрийн 4-181/3532 дугаар үнэлгээний мэдэгдэлийг гардан авсан байдаг. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар мэдэгдээгүй, үүргээ гүйцэтгээгүй байхад шүүх хугацаандаа гардан гэж үнэлсэнд гомдолтой байна.

4.3. Анхан шатны шүүх үндэслэх хэсгийн 7-р зүйлдээ ... Үнэлгээний мэдэгдлээр тогтоогдсон тул уг үнэлгээний талаар гомдол гаргах хугацаа 2024 оны 02 сарын 15-ны өдөр дуусгавар болсон байна гэж дүгнэжээ. /Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-р зүйл, шийдвэрийн 5-р хуудас 1 дахь догол мөр/

Гэтэл нэхэмжлэгч Б.Х 2024 оны 02 сарын 14-ний өдөр ахаасаа гардан авсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өмчлөгч, төлбөр төлөгч мэдсэнээс хойш хуулийн хугацаанд шүүхэд үнэлгээнд гомдол гаргасан. /xx-13-р хуудас/

4.4. Зуслангийн зориулалттай 15 айлын таун хаус хувийн сууц байсаар байхад Хөрөнгийн үнэлгээний М ХХК-ийн үнэлгээчин Б.Э жирийн хувийн сууцаар хөрөнгийг тодорхойлж, үнэлгээний хэрэглэсэн үнэ цэнэ суурь зах зээлийн үнэ цэнэ унаж үнэлсэн байна. Үнэлгээчин харьцуулсан үл хөдлөх хөрөнгүүд нь Unegui.mn сайтаас зуслангийн зориулалтгүй, хээрийн байшинтай жишиг үнийг харьцуулан зах зээлийн үнийг тогтоосон байгаа нь хөрөнгө үнэгүйдэх шалтгаан болсон байхад анхан шатны шүүх ... өртөгийн хандлагын арга болон биет элэгдлийн хувийг тодорхойлж орлого хандлагын арга, хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлжээ....гэж үнэлсэн байна. /Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-р зүйл, шийдвэрийн 4-р хуудас 5 дахь догол мөр/

4.5. Гэтэл шинжээч Б.Э ын үнэлгээний тайланд тавигдах шаардлага харьцуулан үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгүүд нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.3-т зориулалт, хэрэгцээг харгалзан... ангилна гэж заасан хөрөнгийг үнэлсэн гэж шинжээч харгалзан үнэлээгүй, Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т хууль дээдлэх, Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д хууль тогтоомж, стандартад нийцсэн байх зарчмуудыг мөрдөөгүй байна./хх-83-127/

4.6. Тухайлбал үнэлгээчин үл хөдлөх эд хөрөнгүүдийг үндэслэлгүй үнэлгээг буруулснаар Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д Үнэ цэнэ гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд үнэлгээний зүйл дэх хувь оролцоонд тохирох эдийн засгийн үр ашгийн тооцооллын боломжит мөнгөн илэрхийллийг гэж заасныг зөрчиж, багаар үнэлсэн байхад шүүх үүнийг үнэлээгүйд гомдолтой байна.

4.7. Түүнчлэн өмчлөгч Г.Э гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаартай хувийн сууцыг өвлөгч нар тухайн өв буюу төлбөр авагч Хан алтайн нуруу ББСБ ХХК-д 180,428,359 төгрөгийг төлбөрийг үүргийг хэн төлөх эсэхийг тодорхой болгохоор өв нээлгэхээр Сүхбаатар дүүргийн нотариатчид хандахад дээрх хөрөнгийг НШ аас захиран зарцуулах эрхийг хязгаарласан тул өвлөх эрхийг шилжүүлэх боломжгүй болсон.

4.8. Хариуцагч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөнд захиран зарцуулах эрхийг хязгаарласан хоригоо нээж, өвлөгч нар өвөө хүлээн авах эрхээр хангаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн явуулсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу өмчлөгч талийгаач Г.Э гийн хөрөнгийг үнэлгээ өгөх ажиллагаа болон хөрөнгийн үнэлсэн шинжээчийн үнэлгээ хуулийн дагуу гарч нэхэмжлэгч шүүхэд хандаж гомдол гаргахгүй байсан. Иймд хариуцагч НШ т холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хянаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/02575 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Х ын гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч НШ т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаартай ХХХХХХХХ тоотод байрлах 104.5 м.кв талбайтай хувийн сууц, Б.Х ын эзэмшлийн нэгж талбарын 00 дугаартай ХХХХХХХХХХХ тоотод хаягт байрлах 148 м.кв талбайтай газрыг үнэлсэн М ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/00264 дугаар захирамжаар Б.Х аас 180,428,359 төгрөг гаргуулж ХА ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Э гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаартай ХХХХХХХХ тоотод байрлах 104.5 м.кв талбайтай хувийн сууц, Б.Х ын эзэмшлийн нэгж талбарын 00 дугаартай ХХХХХХХХХХХ тоотод хаягт байрлах 148 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-31-33/

 

4. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Б.Х ыг сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч ХА ББСБ ХХК-ийн хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 302 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, НШ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, уг ажиллагааны явцад Д.Э гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаартай ХХХХХХХХ тоотод байрлах 104.5 м.кв талбайтай хувийн сууц, Б.Х ын эзэмшлийн нэгж талбарын 00 дугаартай ХХХХХХХХХХХ тоотод хаягт байрлах 148 м.кв талбайтай газрыг 2020 оны 06 сарын

11-ний өдөр битүүлжилсэн, 2020 оны 08 сарын 25-ны өдөр хураан авсан ажиллагааны талаар талууд маргаагүй. / хх-39-40, 47-48/

 

5. Албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор талуудыг харилцан тохиролцох ажиллагаа явуулахад тэдгээр нь тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. /хх-59, 71-72, 83/

 

5.1. М ХХК-ийн үнэлгээчин Б.Э нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагч байгууллагаас үнэлгээчинд 2024 оны 02 сарын 02-ны өдөр эрх үүрэг, хариуцлагыг танилцуулж, хууль тайлбарлан өгчээ.

 

5.2. Шинжээч М ХХК нь 2024 оны 02 сарын 06-ны өдөр Ү-00 дугаартай ХХХХХХХХ тоотод байрлах 104.5 м.кв талбайтай хувийн сууц, нэгж талбарын 00 дугаартай ХХХХХХХХХХХ тоотод хаягт байрлах 148 м.кв талбайтай газрыг хөрөнгийн байдал, өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг үндэслэн зах зээлийн үнийг нийт 147,017,500 төгрөг гэж үнэлсэн байна. /хх-ийн 85-126/

 

5. Хариуцагч байгууллагаас Шинжээчийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчийн ах Б.Х т 2024 оны 02 сарын 08-ны өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тэмдэглэл үйлдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Үнэлгээг мэдэгдээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд 2024 оны 02 сарын 20-ны өдөр гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв.

 

5. Нэхэмжлэгчийн ...талийгаач Г.Э гийн өв хүлээн авагч нар өв нээлгэх эрхийг хязгаарласан гэсэн гомдлыг хангахгүй.

НШ аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг гүйцэтгэсэн нь хууль зөрчөөгүй.

Мөн, уг гомдол нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй тул давж заалдах шатны шүүхээс дэлгэрүүлэн дүгнэхгүй.

 

6. Түүнчлэн, нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйтцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд гомдол гаргасан тул ... Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 4 дүгээр зүйлийн 4.1.5, 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсгийг баримтан үнэлгээ тогтоогоогүй гэх гомдлыг хангахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/02575 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

С.ЭНХБАЯР