Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01417

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 17 өдөр Дуга 210/МА2024/01417

 

 

Ч банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/02759 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.Х д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 133,296,282 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ган-Эрдэнэ, хариуцагч Ц.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ч банк ХХК нь иргэн Ц.Х , Э.Мөнгөнсүх нартай 2019 оны 07 сарын 16-ны өдөр 00 тоот зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй буюу жилийн 24 сарын хүүтэйгээр 60 сарын хугацаагаар зээлдүүлсэн.

1.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ц.Х тай 2019 оны 07 сарын 16-ны өдөр 00 тоот барьцааны гэрээ байгуулж, Ц.Х ын өмчлөлийн Ү-00 тоот улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар хот, ХХХХХХХ тоот 43,35 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн Г-00 тоот дугаартай ХХХХХ тоот 2500 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, улсын бүртгэлийн Г-00 тоот дугаартай ХХХХХХХХ тоот 2499 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан.

1.3. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул банкны зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлөхийг удаа дараа мэдэгдэж сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үндсэн төлбөрийн төлөлт хийхгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Ч банк ХХК үүргийн биелэлтийг шаардах үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна.

1.4. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон байх тул зээлдэгч нь зээлийг ашигласны хүү, хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Зээлдэгчид 5 жилийн хугацаатай зээл өгөөд хүү тооцох байсан боловч 3 жилийн хугацаанд хүү тооцсон. Манай банкнаас 2022 онд шүүхэд хандсан тул 2 жилийн хүү тооцогдоогүй, хүүгээс хасах болон хөнгөлөх боломжгүй.

1.5. Ц.Х нь 2019 оны 07 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж огт төлөлт хийхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 50,173,006.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,319,210.57 төгрөг, нийт 133,296,282.84 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. 2019 оны 07 сард Ч банкнаас 80,000,000 төгрөгийн зээл авсан. Ковид-19 цар тахлаас болж Хятад улс хилээ хаагаад барилгын материал зарагдахаа больж би лангуугаа хүлээлгэж өгөөд үйл ажиллагаагаа зогсоосон.

2.2. Зээл авснаас хойш 1 удаагийн төлөлт хийсэн ба түүнээс хойш санхүүгийн боломжгүй байсан тул ямар ч төлөлт хийгээгүй.

2.3. 2019 оны 08 сард БНХАУ-аас барилгын материал авахаар Хятадын компанитай гэрээ байгуулаад юань болгоод өгсөн. 09 сард ачигдана гэсэн хуваарьтай байсан боловч цар тахлаас болж Засгийн газраас тогтоол гарч хөл хорио тавьсан. Энэ бол давагдашгүй хүчин зүйлийн хүндэтгэн үзэх шалтгаан байсан. Энийг нотлох шаардлагагүй, нийтэд ил зүйл учраас зээлээ төлөхгүй байх шалтгаан болсон.

2.4. Хариуцагч үндсэн зээлээ төлөхийг зөвшөөрч байна. Монгол банк болон Засгийн газраас тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж байсан талаар баримт байхгүй байгаа учраас шүүх харгалзан үзэж үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлттэй байгаа.

2.5. Ковид 2020 оны 01 сараас эхэлж 2022 оны 06 cap хүртэл жил үргэлжилсэн тул зээлээ төлөх боломж байгаагүй. Иймд шүүх өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс тодорхой хэмжээгээр багасгаж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Х аас 2019 оны 07 сарын 16-ны өдөр 00 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 133,296,282.84 /нэг зуун гучин гурван сая хоёр зуун ерэн зургаан мянга хоёр зуун наян хоёр төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч банк ХХК-д олгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Ц.Х ын өмчлөлийн Ү-00 тоот улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар хот, ХХХХХХХ тоот 43,35 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн Г-00 тоот дугаартай ХХХХХ тоот 2500 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, улсын бүртгэлийн Г-00 тоот дугаартай ХХХХХХХХ тоот 2499 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1 2-т заасныг баримтлан нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 894,631 төгрөг /824,431 төгрөг, 70,200 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 894,631 төгрөг /824,431 төгрөг, 70,200 төгрөг/-ийг гаргуулж, нэхэмжлэгч Ч банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч миний бие нь 2019 оны 07 сарын 16-ны өдөр ХХХХХ тоот зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг сарын 2 хувь хүүтэй буюу жилийн 24 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлж авсан.

4.2. Зээлийг БНХАУ-аас барилгын материал импортлож оруулж ирж зарж борлуулах ажил хийх зориулалтаар авсан болно. Зээлийг 2019 оны 07 сарын сүүлээр аваад БНХАУ- ын 200,000 гаруй юань болгон худалдан авч БНХАУ-ын Эрээн хотод очиж барилгын материалаа захиалж 08 сарын сүүлчээр оруулж ирэхээр тохирсон.

4.3. Гэтэл 8, 9 сард хятад улсад үл мэдэх өвчин гарсан гэдэг шалтгаанаар тээвэр зогсож байгаа талаар хятадын түнш мэдэгдэж холбоо тасарсан. Миний бие 11 сард Эрээн хотод очиход Монголоос машин оруулахаа больсон зөвхөн воганоор ачаа тээвэр хийж байгаа гээд хятад улсад маш хяналттай болсон байсан. Ачааг тээвэрлэх талаар хаана ямарч шаардлага тавих боломжгүй байдалд байсан. Би аргаа барж Эрээнд 10 гаруй хоног байж эцэст нь хөөгдөж гарсан. Ингээд 12 сараас хил хаагдаж хятадын талтай холбогдох боломжгүй болсон.

4.4. Манай улс 2020 оны 01 сарын 04-ний өдрөөс эхлэн хатуу хол хорионы дэглэмд шилжиж миний бие энэхүү давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж гэрээний дагуу зээл болон хүүг төлөх ямарч боломжгүй болсон. Энэхүү надаас шалтгаалаагүй боломжгүй байдлыг харгалзан Монгол улсын Засгийн газраас банкны салбарт үзүүлсэн хөнгөлөлтийн дагуу хянаж зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлж өгнө үү гэж анхан шатны шүүхэд удаа дараа хүсэлт тайлбар өгсөн боловч энэхүү хүсэлтыг харгалзан үзэж дэлхий нийтийг хамарсан цар тахалын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж бий болсныг нөхцөл байдлыг үнэлж зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгөөгүйд гомдолтой байна.

Иймд Давж заалдах шатны шүүх нь энэхүү бодит нөхцөл байдлыг харгалзан Анхан шатны шүүхээс надад оногдуулсан нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 1,319,210.57 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Хариуцагч Ц.Х 2019 онд банкнаас зээл авсан боловч зээлийн эргэн төлөлт хийхгүй байсан тул 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ц.Х тай Иргэний хуулийг үндэслэн бичгээр гэрээ байгуулж, зээлийн гэрээний ерөнхий нөхцөлд зээлийн хэмжээ, хүү, хугацааг тогтоосон. Зээлийг хугацаанд нь төлөөгүй тул нэмэгдүүлсэн хүү тооцох талаар зээлийн гэрээнд заасан. Банк нийт 5 жилийн хугацаанд хүү тооцох ёстойгоос 3 жил хүү тооцож, 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2 жилийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа огт нэмэгдүүлээгүй. Тиймээс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 1,319,000 төгрөгийг хасах боломжгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ч банк ХХК нь хариуцагч Ц.Х д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 133,296,282.84 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

 

3.1. Нэхэмжлэгч Ч банк ХХК нь хариуцагч Ц.Х тай 2019 оны 07 сарын 16-ны өдөр 00 дугаар Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Ч банк ХХК нь 80,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон; /хх-7-10/

 

3.2. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2019 оны 07 сарын 16-ны өдөр 00 дугаар Барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр Ц.Х ын өмчлөлийн Ү-00 тоот улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар хот, ХХХХХХХ тоот 43,35 м.кв талбайтай орон сууц, улсын бүртгэлийн Г-00 тоот дугаартай ХХХХХ тоот 2,500 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, улсын бүртгэлийн Г-00 тоот дугаартай ХХХХХХХХХХ тоот 2,499 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан; /хх-11-16/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж зөв дүгнэж, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

Талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан үйл баримт, зээлдүүлэгчийн зүгээс зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн үйл баримтын тухайд маргаагүй.

 

5. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, үүргийн зөрчил гаргасан тул Ч банк ХХК-аас хариуцагч Ц.Х д зөрчлийг арилгах талаар албан мэдэгдлүүдээр мэдэгдэж байжээ. /хх-18-23/

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн болох нь хэргийн хариуцагчаас зээлийн гэрээний хугацаанаас өмнө үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

6. Анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээл 80,000,000 төгрөг, үндсэн хүү 50,173,006.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,319,210.57 төгрөг, нийт 133,296,282.84 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 242 дугаар зүйлийн 242.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн зохицуулалтад тус тус нийцжээ.

 

7. Хариуцагч нь нэмэгдүүлсэн хүү 1,319,210 төгрөгийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хангахгүй.

Учир нь талууд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл, хөнгөлөлтөд хөрөнгө оруулалтын зээл хамаарахгүй, мөн хариуцагч нь зээлийн гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/02759 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,057 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР