| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0033/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/34 |
| Огноо | 2019-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгч: В.Б, Ш.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт В Б, Б бондгон овогт Ш Н нарт холбогдох 1812006610025 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: , Б овогт В Б /РД:.../
Шүүгдэгч: Б бондгон овогт Ш Н /РД:.../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч В.Б, Ш.Н нар нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг ... тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, тус тусын биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт В.Бын хохирогчоор мэдүүлсэн: Хэргийн болсон процесс үнэн. Миний толгой өвдөөд Архангай аймгийн эмнэлэгт сүүлд нь хэвтсэн. Эмнэлэгт хэвтэхэд гадны нөлөөтэй учраас зардал авдаг юм байна лээ, эмнэлэгт 300.000 төгрөгөөр хэвтсэн мөнгөө л нэхэмжлэх хүсэлттэй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Нгийн хохирогчоор мэдүүлсэн: 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр санамсаргүй байдлаар найзуудтайгаа таараад уулзсан. Миний хувьд жаахан түрэгдээд түрүүлээд цохисон асуудал байгаа. Би Бын биед 3 удаа хүрсэн байдаг. Б миний тусламж хүссэн үгийг сонсоогүй, толгойн хэсэгт олон удаа цохисон. Би энэ хэрэг дээр эрүүл саруул байвал гомдолгүй гэж хэлсэн. Миний хамар хугарсан учраас Улаанбаатар хот руу орж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд эмчилгээнд 700.000 төгрөг гарах ба нийт 1.290.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ мөнгө нь бүх эмчилгээтэй холбоотой зардал байгаа юм. Бусад гарсан зардлаа нэхэмжлээгүй, зөвхөн эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжилсэн байгаа. Хэргийн үйл явц дээр маргах зүйл байхгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1812006610025 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Ш.Нгийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Саса” бааранд шинэ жил зохион байгуулахаар Д, Б, бид нар уулзсан. Тэгээд ярьж байтал Бтой багийнх нь найз утсаар яриад Б гэдэг залуу ирсэн. Б утсаар яриад Оынд мах чанасан байна гээд Бийн машинтай Оынд очсон. Тэгээд бид нар мах болох хооронд 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэр хооронд Б бид хоёр хоорондоо намайг авто угаалга ажиллуулдаг талаар ярилцаж бид маргалдсан. Маргаан хэсэг намжаад би үүдэн талын буйдан дээр хэсэг унтсан. Унтаж байтал Б толгой руу цохихоор нь сэрсэн. Тэгээд намайг чирч авч гараад зодож эхэлсэн. Толгой руу хэд хэдэн удаа цохисон учир эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байсан. Гадаа авч гараад толгой, хөл, бөөр рүү цохисон. Болъёо наадах чинь арай хэтэрлээ гээд би гуйсан. Гэтэл тийм юм байхгүй гээд өшиглөөд байсан. Тэгээд Оынх руу оруулж цусаа цэвэрлэ гэж хэлээд шалан дээр өшиглөсөн чинь О гарч зодолд гэсэн. Тэгээд гараад зодуулж байхад Д ирэх шиг болсон. Тэгээд бид хоёр болисон. Би дунд зэргийн согтолттой байсан. Бтай ямар асуудлаас болж маргалдсанаа санахгүй байна. Би нэг шил архинаас нь уулцсан. Хэдэн шил архи уусныг санахгүй байна. Би их хурдан согтоод хурдан сэргэдэг, жаахан дуг хийгээд сэргэчихдэг. Тийм болохоор Бтай яаж маргалдсанаа санахгүй байна. Би цохисоноо санахгүй байна. Маргалдахад Б намайг цохисон талаар мэдэхгүй байна. Оын үүдний коридорт Б намайг цохиж байх үеийг л эхлээд санаж байна. Үүнээс өмнө дотор юу болсон талаар санах зүйл байхгүй байна. Тухайн үед бид хоёроос өөр хүн оролцоогүй. Миний толгой, нуруу хэсэгт их л цохисон, тоог нь мэдэхгүй байна. Намайг Оын гэрт болон гадаа зодсон. Миний биед учирсан гэмтлийг Б учруулсан. Намайг зодуулж байхад хэн ч салгаагүй. Б өөрөө зодохоо болисон. Тухайн үед миний нүүр цус болсон байсан. Хамарнаас цус гарч байсан. Өөр юм мэдэгдэхгүй байсан. ...Миний зүгээс адилхан эр улс байж гээд гомдоллох зүйл байхгүй гэдгээ хэлж байсан. Эмчилгээний зардлыг төлүүлмээр байна. Өөр гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 04-07 хуу/
Хохирогч В.Бын мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хөдөөнөөс 14 цагийн үед аймаг руу орж ирээд найз Б руугаа залгахад “Саса” бааранд байна, хүрээд ир гэсэн. Тэгээд очиход дөрвүүлээ сууж байсан. Б, Н, Д гэдэг залуучууд халамцуу сууж байсан. Би Бтой уулзаж ажлаа ярилцсан. Тэгтэл манай ангийн Оынх руу Б залгаад танайд очлоо гэж хэлсэн. Тэгтэл Н нь намайг нэг шил архи аваад ир гэж байсан. Би азнаж байгаад болъё гэж хэлсэн. Тэгээд би машинаа зах дээр эхнэр, хүүхэдтэйгээ үлдээсэн. Тэд нар араас Бийн машинтай дагаж ирээд би машинд суугаад Оынд очихоор явсан. Замдаа дэлгүүрийн гадаа зогсож Б намайг нэг шил архи авчих гэхээр нь 1 шил архи аваад Оынд очсон. Оын ороод сууж байтал Д Б хоёр гараад нэг шил архи нэмж аваад орж ирсэн. Тэнд бид зургуулаа тэднийд суусан. Эхний нэг шил архи дуусах дөхөж байхад Н хөөе чи гээд над руу салаавч өгөөд чи яаж байгаа юм бэ гэж Бийг хэлэхэд тэр над руу эрхий хуруугаа гозойлгож байсан. Тэгээд хоёр дахь шил архийг задалж уусан. Архи дундаа орж байхад Б, Н, Д нар унтсан. Тэгээд мах болоод бүгдээрээ босоод махаа идэцгээж, задалсан байсан архиа ууж дуусгасан. Тэгэхэд Гүрээ нь хүн рүү утасдаад явсан. Гэрийн эзэн О нэг шил архи гаргаж ирээд тэрийг ууж байхад Б, Д нар буцаад унтсан. О бид хоёр хуучлаад сууж байхад Н нь хажуунаас намайг чи яасан олон юм ярьдаг юм бэ гэхээр нь би чамд хамаагүй гэсэн. Тэгтэл намайг хажуунаас гэнэт толгой руу цохихоор нь би зөрүүлээд цохисон. О та нар юу болж байна, больцгоо гэсэн. Тэгээд бид нар больцгоож дахин архинаас 1-2 удаа уусан. О гал тогооны өрөө рүүгээ орсон. Н араас нь рунктэй архи аваад боссон. Би архи аваад араас нь орох нь уу гэж хартал хөөе чи гээд мөрөн дээрээс барих шиг болоод эргээд харах гэтэл миний зүүн талын хөмсөг рүү, толгой руу цохисон. Тэгээд би тавиулах гэж урдаас нь 2 удаа цохисон чинь О та нар гар, та нарын зодоон хийдэг газар биш гэсэн. Бид хоёр барьцалдсан чигтээ гарч нэг нэгнийгээ цохилцож байхад Д гарч ирээд бид хоёрыг салгасан. Н гараараа миний толгой руу цохиж хөл рүү өшиглөсөн. Тухай үед миний хөмсөг язарч оёдол тавиулсан. Толгой өвдөж, баруун гарын эрхий хуруу мушгигдсанаас болж өвдөж байсан. Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 5 хоног хэвтэж эмчлүүлсэн. Бид хоёроос өөр хүн зодоонд оролцоогүй. Нгийн хамраас цус гарсан байсныг харсан. Надад гомдол, санал байхгүй. Эмчилгээний зардлыг баримтын дагуу нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/
Гэрч М.Бийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн найз болох Оын гэрт Н, Г, Б, Д нарын хамт 14 цагийн орчим очсон. Бид нар найзындаа очиж байгаа болохоор дэлгүүрээс нэг шил 0.75 граммын “Болор” нэртэй архи авч ороод хувааж уусан. Би согтоод жижиг өрөөнд ороод унтчихсан байсан. Нэг сэрсэн намайг О татаж босгож ирээд Н, Б нар чинь зодолдоод, хүүхдүүд айлгаад байна гэж хэлэхээр нь би сэрээд, босоод том өрөө рүү ортол Д гэрийг нь цэвэрлээд байж байсан. Н, Б нар гараад явсан байсан. Тэгээд Д Бын куртикийг аваад гарсан. Би өөрийн дүү болох Ганболдыг дуудаж гэртээ хүргүүлсэн. Гэртээ байж байтал цагдаагаас дуудаж Б хаана байна гэж надаас асуусан. Юу болсон юм бол гэж лавлаж асуухад Н эмнэлэгт бие нь муу, их хүнд байна гэж хэлсэн. Би тухайн үед Оын гэрийн жижиг өрөөнд нь ороод унтаж байхад О намайг сэрээгээд Н, Б хоёрыг зодолдоод байна гэж хэлсэн. Би Б, Н нарыг юунаас болж маргалдаж, зодолдсон талаар мэдэхгүй. Б, О, Д, Г, мөн Оын 2-3 настай бага насны 2 хүүхэд байсан. Өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Гэрч Н.Оын мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд манай найз Б над руу утсаар залгаж Б, Н, Д, Г, бид нар хамт явж байна, уулзах уу гэж хэлэхээр нь би гарах боломжгүй, хүүхэд харж байна гэсэн чинь тэд нар манайд 15 цагийн үед ирсэн. Тэд нар ирэхдээ архи уусан халалцуухан байцгаасан. Тэгээд манайд ирээд би мах чанаж өгөөд бид нар хоёр шил архи хувааж уугаад Г ажлаас дуудлаа гээд яваад өгсөн. Тухайн үед Б, Д бид 2 нилээд муудаад Б хойд өрөөнд ороод унтсан. Д хажууд нь буйдан дээр унтаж байсан. Би тэр үед хоёр хүүхдээ харж байсан учир хүүхдийнхээ өрөө рүү орох гээд алхтал ард түс хийх чимээ гарахаар нь эргээд хартал Б энэ Н чинь намайг толгой руу цохичихлоо шүү дээ гээд зөрүүлээд гараараа Нгийн нүүр рүү цохисон. Тэгээд тэр хоёр барьцалдаж авахаар нь Д босч ирээд бид хоёр салгасан. Тухайн үед манай хүүхдүүд уйлаад би хүүхэд дээрээ очсон. Н, Б хоёр манай гэрээс түрүүлээд барьцалдаж аваад гарсан, араас нь Д гарахаар нь би Бийг сэрээгээд Н, Б нар чинь хоорондоо зодолдоод байна, энэ хүмүүсийнхээ учрыг ол гээд гаргасан. Би бол гэрээс гараагүй. Тэгээд байж байтал хэсэг хугацааны дараа Б манайд орж ирээд куртикээ авсан. Тэр үед Бын нэг талын хөмсөг нь нилээн лав задарсан, цус гарч байсан. Н араас нь орж ирж нүүрээ угаачихаад гарсан бөгөөд тухайн үед Нгийн нүүр цус болсон байсан. Би тэд нарыг бүгдийг нь хөөгөөд явцгаа гээд явуулсан, би араас нь гараагүй. Манай шалан дээр цус болсон байсныг Д арчиж цэвэрлэсэн. Н, Б нар ямар шалтгааны улмаас зодолдсон талаар би мэдэхгүй байна, маргалдах шалтгаан байгаагүй гэж бодож байна. Анх манайд орж ирэх үедээ Б, Н хоёр юм ярьж байгаад Н нь Бын урдаас салаавч өгөөд байсан ч тухайн үедээ тэгээд өнгөрсөн. Яг юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй. Миний харснаар Нг Б манай гэрт гараараа нэг удаа нүүр рүү нь цохиод тэр хоёр барьцалдаж аваад гэрээс гарсан. Би араас нь гарч огт хараагүй бөгөөд 2 хүүхдээ хараад байж байсан. Гадаа гараад Б, Н нар зодоон хийсэн байх, би сайн мэдэхгүй байна, үүнээс хойш би тэд нартай уулзаагүй. Быг Н эхлээд толгой руу нь цохичихлоо гээд Бын толгойноос цус гарч байсан. Тэгээд Б Нг буцааж цохиод тэр хоёр барьцалдаж аваад манайхан гараад явсан. Гараад юу болсон талаар мэдэхгүй байна. Н, Б хоёр манай гэрээс барьцалдаж аваад гарсан, араас нь Д гарсан, тэгээд Б араас нь гарсан. Манайхаас гараад зодоон хийсэн талаар мэдэхгүй байна. Бүгд л гараад явцгаасан. Н нэг орж ирээд нүүрнийхээ цусыг угаасан. Б орж ирээд куртикээ авсан. Тэгээд дахин орж ирээгүй. Д бас дундуур нь нэг орж ирээд цус болсон байсан шалыг цэвэрлэсэн. Н, Б нараас өөр хүмүүс зодоон хийгээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/
Гэрч Н.Агийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг 30 цагийн орчим намайг гэртээ байж байх үед манай нөхөр Н гаднаас үүд нүдээд орж ирсэн. Тухайн үед Нгийн нүүр битүү цус болсон, толгой, хөмсөг, нүд нь хавдсан байдалтай орж ирээд шууд унасан. Тэгээд би өөрийн нөхөр Нг сэргээж юу болсон талаар асуухад би хүнд зодуулсан гэж хэлэхээр нь би хэнд зодуулсан юм гэхэд гадаа байгаа байхаа гэж хэлэхээр нь би гарахад гадаа хүн байгаагүй. Тэгээд түргэн дуудаж үзүүлээд, дараа нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд эмч нар ирээд манай нөхрийг аваад явсан эмнэлэг дээр байх үед Данзаншарав гэх мөрдөгч ирж уулзсан. Тухайн үед би Данзаншарав мөрдөгчид хамт явсан гэх Б гэх хүний нэрийг хэлсэн. Манай нөхөр эмнэлэг дээр ирээд хөмсгөндөө оёдол тавиулж эмчилгээ хийлгүүлсэн бөгөөд эмчилгээ хийлгэсний дараа би юу болсон талаар асуухад манай нөхөр Н надад хэлэхдээ намайг Оынд байх үед хөдөөний бололтой том биетэй улаан хацартай Бийн багийн найз гэх хүн зодсон гэж хэлж байсан. Би өөр зүйл мэдэхгүй. ...Манай нөхрийн ярьж байгаагаар тэр залуу учир зүггүй л би чамайг ална гээд дээр нь гарчихаад зодоод байсан гэж байсан. Нгийн биед тархи доргисон, хөмсгөнд оёдол тавиулсан, хамар хугарсан, дотор эрхтэн битүү доргилттой байна гэсэн онош Архангай аймагт гарсан. Одоо манай нөхөр Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа. Нүдний хагалгаанд орж магадгүй байна. Учир нь нүдний ухархайн яс хугарч зөрсөн гэсэн онош гарсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/
Гэрч М.Дн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 13-ны өглөө Б, Г, Н нартай уулзсан. Тэгээд байж байтал Б гэх залуу хуучнаар Саса бааранд ирсэн. Тэгээд бид 5 О гэх найз руугаа утсаар ярьж гэрт нь очихоор болоод очсон. Бид нар очихдоо 1 шил 0.75 литрийн архи авч очсон. Тэгээд тэр архиа уугаад сууж байгаад Бийн дүү гэх эмэгтэй нэг шил “Болор” нэртэй архи авчирч өгснийг ууж дуусаад О бас нэг шил архи авсан. Тухайн үед О идэшээ идсэн гээд мах чанасан байсан. Тэгээд бид нар хамт сууцгааж байгаад Б хойд өрөөнд ороод унтаад өгсөн. Би хажуу талын буйдан дээр хэсэг унтсан. О, Н, Б гурав архиа уугаад үлдсэн бөгөөд би удалгүй сэрээд байж байтал Б Нд хандаж танайх машин угаалгын газар ажиллуулдаг юм чинь нэг удаа миний машиныг үнэгүй угаагаад өгнө биз дээ гэж ярьж байсан. Тэгээд өөр бас бус зүйл ярьж байгаа бололтой байсан. Тэгтэл гэнэт Б нь зүгээр байхад толгой руу цохичихлоо шүү дээ гэж хэлээд намайг эргээд харахад Нгийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед Нгийн хамраас цус гарсан. Н босоод цусаа угааж ирээд Бын хөмсөг рүү гараараа нэг удаа цохиж хөмсгийг нь язалсан. Тэгээд тэр хоорондоо зодоон хийж дээр, доороо ороод зодолдоод эхэлсэн. Тэр үед Оын гэрийн шал нь цус болсон, Бын зүүн талын хөмсөгнөөс, Нгийн хамраас цус гараад байсан. Тухайн үед Оын үед бага насны 2 хүүхэд нь байсан бөгөөд 2 хүүхэд нь айгаад уйлаад, ээрээд байсан. Тэгээд О уурлаад гарцгаа гээд Б, Н хоёрыг хөөгөөд гаргасан. Гэрт зодолдож байх үед Б, бид хоёр Н, Б нарыг салгасан. Б, Н хоёр гараад хашаан дотор байшингийн үүдэнд дахиад харилцан хоорондоо зодоон хийгээд байсан. Би Оын гэрийн шалан дээр болсон цусыг арчиж дуусаад буцаж гараад Быг татаж Нгаас холдуулсан. Н газар уначихсан байсан. Тэгээд би Бт хандаж чи одоо боль, хүн аллаа шүү дээ гээд хэсэг тайвшруулаад Оын гэрт орж Бын куртикийг авч гарч ирээд Быг аваад явсан. Н ганцаараа түрүүлээд гэр рүүгээ гараад явчихсан. Би Быг дагуулаад зах дээр ирсэн. Б надад хэлэхдээ эхнэр дээрээ очно, манай эхнэр наадмын талбайн ойролцоо байгаа гэж хэлж байсан. Тэгээд Б яваад, би гэр рүүгээ харьсан. Б Оын гэрээс өөрийнхөө дүүг дуудаад яваад өгсөн байсан. Б, Н нар машин тэрэг угаалгана гэх мэт зүйл ярьж байгаад л маргалдаад зодоон хийсэн байх гэж бодож байна. Нг Б гэх залуу миний харснаар бол нэг удаа нүүр рүү нь гараараа цохисон бөгөөд тэр үед хамраас нь цус гарсан. Тэгээд тэр хоёр барьцалдаж аваад дээр доороо ороод Оын гэрт хэсэг гар болон хөлөөрөө бие биенийгээ харилцан нүүр, толгой орчимд нь цохиж зодож байсан. Тэгээд гэрээс гарахдаа тэр хоёр хоорондоо барьцалдаж, зууралдаад, цохилцоод л гарсан. Гадаа гараад хашаан дотор бас харилцан зодоон хийсэн. Гэхдээ хэрхэн, яаж цохилцож, зодолдсон талаар бол би хараагүй. Би Оын шалан дээрх цусыг арилгачихаад гараад ирэх үед гадаа хашаан дотор Н доошоо хараад хэвтчихсэн, хажууд нь Б өвдөглөөд суучихсан байсан. Тухайн үед бол зодолдоогүй байсан. Б, Н хоёр хоорондоо харилцан зодоон хийсэн. Б, Н хоёртой өөр хүмүүс зодолдоогүй. Н, Б нараас өөр хүмүүс зодоон хийгээгүй. Нгийн хамар толгойноос цус гарсан, нүүр нь нилэнхүйдээ цус болсон байсан, өөр ил харагдах гэмтэл би анзаарч хараагүй. Бын зүүн талын хөмсөг язарч задарсан, цус гарч байсан. Өөр ил харагдах гэмтэл би анзаарч хараагүй. Б, Н хоёр нь харилцан зодоон хийж бие биенийхээ биед гэмтэл учруулсан. Н болон Б нартай өөр хүмүүс зодоон хийж гар хүрээгүй. Урьд өмнө нь тус тусынх нь биед дээрх гэмтэл байгаагүй, зодоон хийх явцдаа дээрх гэмтлүүдийг үүсгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/
Гэрч Б.У мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17-18 цагийн хооронд манай нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 7033103 дугаарын утсанд дуудлага ирсэн байсан. Манай эмнэлгийн Мөнхжаргал гэх сувилагч надад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хорооллын 28-2800 тоотод Ш.Н гэх хүн найз нартаа зодуулсан байна гэх дуудлага ирсэн байна гэж хэлээд үүний дагуу би Тамир хорооллын 28-2800 тоотод жолоочийн хамтаар дуудлаганд очсон. Дуудлагаар очих үед Н гэх эрэгтэй согтуу өөрийн гэрийн буйдан дээрээ нүүр нь ам нь нилэнхүйдээ цус болсон байдалтай хэвтэж байсан. Тухайн үед гэрт нь түүний эхнэр, эгч болон хүүхэд нь байсан. Би юу болсон талаар асуухад Н надад хэлэхдээ Тамир хороололд өөрийн найз О гэх айлд архи ууж байгаад хөдөөний нэг танихгүй том биетэй дээлтэй хүнд зодуулчихлаа гэж хэлж байсан. Тэгээд би Нгийн биед үзлэг хийж өвчин намдаах тариа хийж, нуруу орчим өвдөлттэй байна гэхээр нь нарийн багажийн шинжилгээ хийлгэх шаардлагатай зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн онош тавиад эмнэлэг рүү авчирсан. Тухайн үед Нгийн хамар нь мурийсан, нүүр нь нилэнхүйдээ цус болсон байсан бөгөөд тухайн цусыг нь арчиж цэвэрлэж хараагүй, шууд эмнэлэг дээр авч ирээд сувилагч нар өвчтөнг хүлээлгэж өгсөн. Ш.Нгийн хамар баруун тал руугаа мурийсан байсан санагдаж байна. Би дуудлагаар очоод Нгийн биеийн байдлыг дунд гэж үнэлээд зовиурыг асуухад нуруугаар хүчтэй өвдөөд хөдөлж чадахгүй байна гэж хэлж байсан. Үүний дагуу би Нд өвчин намдаах анелгин, демидрол тариагаар хийгээд, нацилкан дээр зөөвөрлөж эмнэлэгт хүргэж ирж байсан. Н хэнд зодуулсан талаараа хэлээгүй, хамт архи ууж байсан том биетэй дээлтэй хөдөөний залууд зодуулсан гэж хэлж байсан, нэрийг нь бол хэлээгүй. Н эмнэлэг дээр ирж тусламж үйлчилгээ авч явсны дараа Н гэх хүнтэй зодолдсон гэсээр Б гэх хүн ирж зүүн талын хөмсгөндөө оёдол тавиулаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/
Яллагдагч В.Бын мэдүүлсэн: ...Би дээрх гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр болсон асуудал байгаа юм. Тухайн өдөр хэдэн найз нартайгаа архи ууж байгаад би Нтай маргалдаад улмаар зодоон хийж, би Нгийн биед хөнгөн хохирол учруулсан нь үнэн. Би уг хэргийн талаар хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа. ...Болсон асуудал нэгэнт тодорхой учраас би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нгийн биед учирсан хөнгөн гэмтлийг би учруулсан. Би тухайн үед архи уусан байсан. Би Нг гараараа нүүр, толгой орчимд нь 2-3 удаа цохиж зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 хуу/
Яллагдагч Ш.Нгийн мэдүүлсэн: ...Би дээрх гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би урьд өмнө нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөв, дэлгэрэнгүй тайлбар өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн найз нарын хамт Оын гэрт байх үедээ Бтай маргалдан улмаар харилцан зодоон хийж, 2 биенийхээ биед гэмтэл учруулсан асуудал болсон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бын биед учирсан хөнгөн гэмтлийг би учруулсан. Тэр үед бид нар архи уусан байсан. Тухайн үед би дунд зэргийн согтолттой байсан. Би Быг гараараа нүүрэн тус газар нь 2 удаа л цохиж зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Иргэн Ш.Нгийн биед гэмтэл учирчээ. 2. Ш.Нгийн биед баруун талын нүдний ухархайн дотор хананд бага зэрэг зөрүүтэй хугарал, ар хананд самалдагийн хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгний зүсэгдсэн шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний гадна доод хэсэгт цус хуралт, зулайн хэсгийн хуйханд няцралт, баруун гуя болон нуруу орчим зөөлөн эдэд няцралт гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна. Хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 5. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. 6. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 7. 2018.12.14-ний ГССҮТ-ийн КТГ-ийн бичлэгээс харахад Ш.Н нь хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн, баруун хажуу хана болон хянга хэсгээр зөрүүтэй хуучин хугарал, хамрын таславч зөрүүтэй хуучин хугаралтай. S хэлбэрийн мурийлттай байна...гэх дүгнэлт /хх-ийн 27-28 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 25 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. В.Бын биед зүүн хөмсөгт язарсан шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 40 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 70, 74 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 73, 77 хуу/
Шүүгдэгч нарын хүсэлтүүд /хх-ийн 83-84 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг Тамир хорооллын 44-4408 тоотод иргэн В.Б, Ш.Н нарын биед хөнгөн хохирол учирсан нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч В.Б, Ш.Н нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг Тамир хорооллын 44-4408 тоотод В.Б, Ш.Н нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, тус тусын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны үед шинжлэн судалсан: шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Нгийн хохирогчоор мэдүүлсэн “Би Бын биед 3 удаа хүрсэн байдаг. Б миний тусламж хүссэн үгийг сонсоогүй, толгойн хэсэгт олон удаа цохисон” гэх мэдүүлэг, Ш.Нгийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн “Б бид хоёр хоорондоо намайг авто угаалга ажиллуулдаг талаар ярилцаж бид маргалдсан. Маргаан хэсэг намжаад би үүдэн талын буйдан дээр хэсэг унтсан. Унтаж байтал Б толгой руу цохихоор нь сэрсэн. Тэгээд намайг чирч авч гараад зодож эхэлсэн. Толгой руу хэд хэдэн удаа цохисон учир эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байсан. Гадаа авч гараад толгой, хөл, бөөр рүү цохисон. Болъёо наадах чинь арай хэтэрлээ гээд би гуйсан. Гэтэл тийм юм байхгүй гээд өшиглөөд байсан. Тэгээд Оынх руу оруулж цусаа цэвэрлэ гэж хэлээд шалан дээр өшиглөсөн чинь О гарч зодолд гэсэн. Тэгээд гараад зодуулж байхад Д ирэх шиг болсон. Намайг Оын гэрт болон гадаа зодсон. Миний биед учирсан гэмтлийг Б учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 04-07/, шүүхийн хэлэлцүүлэгт В.Бын хохирогчоор мэдүүлсэн “хэргийн болсон процесс үнэн” гэх мэдүүлэг, В.Бын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн “О бид хоёр хуучлаад сууж байхад Н нь хажуунаас намайг чи яасан олон юм ярьдаг юм бэ гэхээр нь би чамд хамаагүй гэсэн. Тэгтэл намайг хажуунаас гэнэт толгой руу цохихоор нь би зөрүүлээд цохисон. О гал тогооны өрөө рүүгээ орсон. Н араас нь рунктэй архи аваад боссон. Би архи аваад араас нь орох нь уу гэж хартал хөөе чи гээд мөрөн дээрээс барих шиг болоод эргээд харах гэтэл миний зүүн талын хөмсөг рүү, толгой руу цохисон. Тэгээд би тавиулах гэж урдаас нь 2 удаа цохисон чинь О та нар гар, та нарын зодоон хийдэг газар биш гэсэн. Бид хоёр барьцалдсан чигтээ гарч нэг нэгнийгээ цохилцож байхад Д гарч ирээд бид хоёрыг салгасан. Н гараараа миний толгой руу цохиж, хөл рүү өшиглөсөн. Тухай үед миний хөмсөг язарч оёдол тавиулсан. Толгой өвдөж, баруун гарын эрхий хуруу мушгигдсанаас болж өвдөж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11/, гэрч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Нэг сэрсэн намайг О татаж босгож ирээд Н, Б нар чинь зодолдоод, хүүхдүүд айлгаад байна гэж хэлэхээр нь би сэрээд, босоод том өрөө рүү ортол Д гэрийг нь цэвэрлээд байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, гэрч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би тэр үед хоёр хүүхдээ харж байсан учир хүүхдийнхээ өрөө рүү орох гээд алхтал ард түс хийх чимээ гарахаар нь эргээд хартал Б энэ Н чинь намайг толгой руу цохичихлоо шүү дээ гээд зөрүүлээд гараараа Нгийн нүүр рүү цохисон. Тэгээд тэр хоёр барьцалдаж авахаар нь Д босч ирээд бид хоёр салгасан. Н, Б хоёр манай гэрээс түрүүлээд барьцалдаж аваад гарсан, араас нь Д гарахаар нь би Бийг сэрээгээд Н, Б нар чинь хоорондоо зодолдоод байна, энэ хүмүүсийнхээ учрыг ол гээд гаргасан. Би бол гэрээс гараагүй. Тэгээд байж байтал хэсэг хугацааны дараа Б манайд орж ирээд куртикээ авсан. Тэр үед Бын нэг талын хөмсөг нь нилээн лав задарсан, цус гарч байсан. Н араас нь орж ирж нүүрээ угаачихаад гарсан бөгөөд тухайн үед Нгийн нүүр цус болсон байсан. Миний харснаар Нг Б манай гэрт гараараа нэг удаа нүүр рүү нь цохиод тэр хоёр барьцалдаж аваад гэрээс гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/, гэрч Н.Агийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Нгийн нүүр битүү цус болсон, толгой, хөмсөг, нүд нь хавдсан байдалтай орж ирээд шууд унасан. Тэгээд би өөрийн нөхөр Нг сэргээж юу болсон талаар асуухад би хүнд зодуулсан гэж хэлэхээр нь би хэнд зодуулсан юм гэхэд гадаа байгаа байхаа гэж хэлэхээр нь би гарахад гадаа хүн байгаагүй бөгөөд эмчилгээ хийлгэсний дараа юу болсон талаар асуухад манай нөхөр Н надад хэлэхдээ намайг Оынд байх үед хөдөөний бололтой том биетэй улаан хацартай Бийн багийн найз гэх хүн зодсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/ гэрч М.Дн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Гэнэт Б нь зүгээр байхад толгой руу цохичихлоо шүү дээ гэж хэлээд намайг эргээд харахад Нгийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед Нгийн хамраас цус гарсан. Н босоод цусаа угааж ирээд Бын хөмсөг рүү гараараа нэг удаа цохиж хөмсгийг нь язалсан. Тэгээд тэр хоорондоо зодоон хийж дээр, доороо ороод зодолдоод эхэлсэн. Тэр үед Оын гэрийн шал нь цус болсон, Бын зүүн талын хөмсөгнөөс, Нгийн хамраас цус гараад байсан. Б, Н хоёр гараад хашаан дотор байшингийн үүдэнд дахиад харилцан хоорондоо зодоон хийгээд байсан. Би Оын гэрийн шалан дээр болсон цусыг арчиж дуусаад буцаж гараад Быг татаж Нгаас холдуулсан. Нг Б гэх залуу миний харснаар бол нэг удаа нүүр рүү нь гараараа цохисон бөгөөд тэр үед хамраас нь цус гарсан. Тэгээд тэр хоёр барьцалдаж аваад, дээр доороо ороод Оын гэрт хэсэг гар болон хөлөөрөө бие биенийгээ харилцан нүүр, толгой орчимд нь цохиж зодож байсан. Тэгээд гэрээс гарахдаа тэр хоёр хоорондоо барьцалдаж, зууралдаад, цохилцоод л гарсан. Гадаа гараад хашаан дотор бас харилцан зодоон хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/, гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17-18 цагийн хооронд манай нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 7033103 дугаарын утсанд дуудлага ирсэн байсан. Манай эмнэлгийн Мөнхжаргал гэх сувилагч надад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хорооллын 28-2800 тоотод Ш.Н гэх хүн найз нартаа зодуулсан байна гэх дуудлага ирсэн байна гэж хэлээд үүний дагуу би Тамир хорооллын 28-2800 тоотод жолоочийн хамтаар дуудлаганд очсон. Дуудлагаар очих үед Н гэх эрэгтэй согтуу өөрийн гэрийн буйдан дээрээ нүүр нь ам нь нилэнхүйдээ цус болсон байдалтай хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад Н надад хэлэхдээ Тамир хороололд өөрийн найз О гэх айлд архи ууж байгаад хөдөөний нэг танихгүй том биетэй дээлтэй хүнд зодуулчихлаа гэж хэлж байсан. Тухайн үед Нгийн хамар нь мурийсан, нүүр нь нилэнхүйдээ цус болсон байсан бөгөөд тухайн цусыг нь арчиж цэвэрлэж хараагүй, шууд эмнэлэг дээр авч ирээд сувилагч нар өвчтөнг хүлээлгэж өгсөн. Ш.Нгийн хамар баруун тал руугаа мурийсан байсан санагдаж байна. Н эмнэлэг дээр ирж тусламж үйлчилгээ авч явсны дараа Н гэх хүнтэй зодолдсон гэсээр Б гэх хүн ирж зүүн талын хөмсгөндөө оёдол тавиулаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/, В.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би дээрх гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэдэн найз нартайгаа архи ууж байгаад би Нтай маргалдаад улмаар зодоон хийж, би Нгийн биед хөнгөн хохирол учруулсан нь үнэн. Би Нг гараараа нүүр, толгой орчимд нь 2-3 удаа цохиж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/, Ш.Нгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би дээрх гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн найз нарын хамт Оын гэрт байх үедээ Бтай маргалдан улмаар харилцан зодоон хийж, 2 биенийхээ биед гэмтэл учруулсан асуудал болсон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бын биед учирсан хөнгөн гэмтлийг би учруулсан. Би Быг гараараа нүүрэн тус газар нь 2 удаа л цохиж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69/, Ш.Нгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/, В.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 25 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б овогт В Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б бондгон овогт Ш Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч В.Б, Ш.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Н, В.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ш.Н нь 1.290.000 төгрөг, хохирогч В.Б нь 300.000 төгрөг тус тус нэхэмжилснээс Ш.Н нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайварын дүрс оношлогоо хийлгэсний төлбөр 120.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Гамба 01 дүгээр” эмийн сангаас авсан эм, тарианы үнэ 103.820 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Монос Энхжин” эмийн сангаас авсан эм тарианы үнэ 103.820 төгрөг, нийт 334.640 төгрөгийн хохирол учирсан нь хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд авагдсан төлбөрийн баримтуудаар нотлогдсон гэж үзэж шүүгдэгч В.Баас гаргуулж хохирогч Ш.Нд олгуулах үндэслэлтэй байх ба ирээдүйд хагалгаанд ороход зарцуулагдах 955.360 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шийтгэх тогтоолоор гаргаж олгох боломжгүй гэж үзэж хэлэлцэхгүй орхиж, хагалгаанд орсны дараа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогч В.Бын нэхэмжилсэн 300.000 төгрөгийн хохирлын баримт хэрэгт авагдаагүй тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт В Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б бондгон овогт Ш Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Бт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Ш.Нд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б, Ш.Н нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Баас 334.640 /гурван зуун гучин дөрвөн мянга зургаан зуун дөч/ төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар баг Тамир хорооллын 28-2800 тоотод оршин суух Б бондгон овогт Ш Нд олгож, хохирогч Ш.Нгийн нэхэмжилсэн 955.360 /есөн зуун тавин таван мянга гурван зуун жар/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч В.Бын нэхэмжилсэн 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шүүгдэгч В.Б, Ш.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нар нь бусад учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Б, Ш.Н нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ