Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 410

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох 29,846,850 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянавал:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн дэд захирал Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн ******* сумын хүсэлтээр №******* дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулж гэрээний дагуу сумын айл өрх, иргэдэд 881.5 тонн, төрийн буюу төсвийн байгууллагуудад 613 тонн нүүрс нийлүүлсэн.

Гэрээний дагуу айл өрх иргэдийн зүгээс авсан нүүрснийхээ үнийг бүрэн төлсөн, харин төсөвт байгууллагууд 613 тонн нүүрсний үнийн үлдэгдэл болох 19,897,900 сая төгрөгийг төлөөгүй байна.

Компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж авсан нүүрсний төлбөрийг төлж барагдуулах талаар албан ёсоор хоёр удаа бичиг явуулж, ажилтнууд удаа дараа очиж уулзсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна.

Сумын засаг дарга Д.******* нь сумын аж ахуй нэгж байгууллагуудыг төлөөлөн гарын үсэг зурсан бөгөөд Соёлын төв 9,000,000 төгрөг, Эмнэлэг 7,200,000 төгрөг, ЗДТГ нь 3,200,000 төгрөг, Цэцэрлэг 2,417,900 төгрөг, Сургууль 6,180,000 төгрөг нийт 19,897,900 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Түүнчлэн гэрэээний 3.5-д Худалдан авагч тал энэ хэсгийг 3.2-т заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөх ёстой тухайн төлбөр тус бүрээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагч талд төлнө гэж заасны дагуу, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул 9,948,950 төгрөгийн алданги төлөхөөр байгаа учраас шүүхэд хандаад байна.

Иймд Ховд аймгийн ******* суманд нийлүүлсэн нүүрсний үлдэгдэл төлбөр болох 19,897,900 төгрөг, алданги 9,948,950 төгрөг нийт 29,846,850 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн төлбөр 19,897,900 төгрөгөөс 16,997,900 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сар гэхэд төлж барагдуулна. Учир нь албан байгууллагуудын түлшний зардал 09-05 дугаар саруудад олгогддог. Нэхэмжлэлийн үндсэн төлбөр 19,897,900 төгрөгийн зөрүү 2,900,000 төгрөгөөс 2,400,000 төгрөг нь хувь хүмүүсийн авсан нүүрсний үнэ учраас манайх хариуцахгүй, үлдэгдэл 500,000 төгрөгийг манай сумын соёлын төв нь ******* ХХК-тай тооцоо нийлсний дараа шилжүүлсэн учраас хасаж тооцож байна. Бидний зүгээс гэрээний үүргээ зөрчөөгүй учраас алданги 9,948,950 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нийт 29,846,850 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга Д.******* нь үндсэн төлбөр 16,997,900 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сард төлөхөөр тайлбар ирүүлсэнтэй танилцаад алданги 9,948,950 төгрөгөөс татгалзаж байна. Зөрүү 2,900,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг Ховд аймгийн ******* сумын Соёлын төв нь нэхэмжлэл гаргаснаас хойш шилжүүлсэн талаар баримт ирүүлсэн, 2,400,000 төгрөгийн нүүрсийг байгууллага бус хувь хүн авсан байх тул түүний үнийг н.*******ээс гаргуулахаар хасч тооцохыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга Д.******* нар харилцан ярилцаж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 9,948,950 төгрөг, хувь хүний авсан нүүрсний төлбөр 2,400,000 төгрөг, нэхэмжлэл шүүхэд гаргаснаас хойш хариуцагчаас шилжүүлсэн 500,000 төгрөг нийт 12,848,950 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 16,997,900 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн байна. Уг 16,997,900 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга Д.******* нь 2016 оны 09 дүгээр сард төлөхөөр тохиролцжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга Д.******* нар хоорондоо эвлэрч, нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нэхэмжлэлийн шаардлагын алданги 9,948,950 төгрөг, хувь хүний авсан нүүрсний төлбөр 2,400,000 төгрөг, нэхэмжлэл шүүхэд гаргаснаас хойш хариуцагчаас шилжүүлсэн 500,000 төгрөг нийт 12,848,950 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 16,997,900 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга Д.******* 2016 оны 09 дүгээр сард төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга Д.иас 153,600 төгрөг, улсын төсвөөс 153,600 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МАРИНА