Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01428

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 19 өдөр Дуга 210/МА2024/01428

 

 

Т ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 31-ний өдрийн 182/ШШ2024/02465 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Б д холбогдох,

 

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 38,032,534 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Д.Б нь ХХХ аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2016 оны 08 сарын 01-ний өдөр Сахилгын шийтгэл ногдуулах тухай 00 дугаар захирамжаар Г.Ө ыг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн нягтлан бодогчийн албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

1.2. Иргэн Г.Ө нь дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу ХХХ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 221/МА2017/0043 дугаар магадлалаар ХХХ аймгийн Засаг даргын 2016 оны 00 дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.Ө ыг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн байна.

1.3. Түүнчлэн иргэн Г.Ө нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхээр дахин шүүхэд хандсаны дагуу ХХХ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 30-ны өдрийн 579 дугаар шийдвэр, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 07-ны өдрийн 22 дугаар магадлал тус тус гарч, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэжээ.

1.4. Шүүхийн шийдвэрүүдийн дагуу ХХХ аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 10 сарын 25-ны өдөр 35,280,644 төгрөг, 2020 оны 04 сарын 01-ний өдөр 2,751,890 төгрөг нийт 38,032,534 төгрөгийг Г.Ө т ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалд тооцож олгосон байна. Иймд Д.Б ы хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 38,032,534 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Аймгийн Засаг дарга аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар аймгийн төсвийн Ерөнхий нягтлан бодогчийг томилж, чөлөөлдөг бөгөөд харин аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтэс нь аймгийн төсвийн Ерөнхий нягтлан бодогчийг мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг.

2.2. 2016 оны 06 сард аймгийн Засаг даргын ажлыг хүлээж авсны дараа иргэд болон захиргааны ажилчдын зүгээс аймгийн төсвийн Ерөнхий нягтлан бодогч Г.Ө ын талаар хувьдаа бичиг хэргийн дэлгүүртэй, төсвийн байгууллагуудад өөрийн дэлгүүрийн бараагаа шахдаг, ажилдаа дуртай үедээ ирж очдог талаар гомдол мэдээлэл амаар ирсэн.

2.3. Тамгын дарга гомдол мэдээллийн дагуу шалгаад төсвийн байгууллага болгон бичиг хэргийн зардалд хөрөнгө зарцуулдаг учир хувьдаа бичиг хэргийн дэлгүүр ажиллуулдаг хүний хувьд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа, тийм гүйлгээ хийгдсэн талаар мөн олон жил ажилласан ажпын дадлага туршлага, мэргэжлийн ур чадвартаа эрдээд ажлын сахилга бат алдаж, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн асуудал гарсан, мөн томилох эрх бүхий албан тушаалтантай үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах албан үүргээ биелүүлээгүй явдал нь аймгийн төсвийн Ерөнхий нягтлан бодогч хариуцлагатай албан тушаалтны хувьд сахилгын шийтгэл ногдуулах хангалттай үндэслэл болж байгаа талаар тайлбарласан.

2.4. Үүний дагуу ХХХ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Хууль зүйн хэлтсийн холбогдох албан тушаалтан, мэргэжилтэн нар тухайн шийдвэр гаргах ажиллагааг явуулж, Г.Ө т сахилгын шийтгэл ногдуулж ажлаас нь чөлөөлсөн.

2.5. Иргэн Г.Ө ын ХХХ аймгийн Засаг даргын сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, аймгийн ЗДТГ-ын төрийн сангийн хэлтсийн төсвийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын нөхөн олговор 5,170,325 төгрөгийг ХХХ аймгийн ЗДТГ-аас гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх нь 2017 оны 01 сарын 11-ний өдөр хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2.6. Мөн Г.Ө ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор болох 24,457,636 төгрөгийг хариуцагч ХХХ аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн ХХХ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг мөн давж заалдах шүүх нь 2018 оны 07 сарын 07-ны өдрийн 22 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2.7. Гэм хорын хохирол нэхэмжлэх хөөн хэлэлцэн хугацаа болон шаардах эрх үүсэх талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан байна.

2.8. ХХХ аймгийн Засаг даргын Тамгын газраас Г.Ө ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсныг захиргааны байгууллага мэдсэнээс хойш 8 жил, иргэнийн хэргийн шүүхийн шийдвэр гарсныг мэдсэнээс хойш 6 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Т нь хуульд заасан гэм хорын хохирол нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байхад буюу гэм хорын хохирол нэхэмжлэх хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан байх тул тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүнчлэн, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар ХХХ аймгийн Дотоод аудитын хороо болон Т энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхгүй байна гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Хариуцагч Д.Б нь төрийн албанд учруулсан хохирлыг барагдуулах нь зөв гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Д.Б аас хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохиролд 29,978,400 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,302,244 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагч Д.Б аас тэмдэгтийн хураамж 307,842 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т Энэ хуулийн 498.1, 498.2. 498.4-т заасан этгээд өөрийн шууд буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан. ХХХ аймгийн дотоод аудитын хороо гэм хорын хохирлыг арилгаагүй. Гэм хорын хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу арилгасан байгууллага бол ХХХ аймгийн Засаг даргын Тамгын газар юм.

5.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 дэх талын 3 гэсэн хэсэгт шүүх Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийг үндэслэн Т ийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлж байхдаа гаргасан 2016 оны 08 сарын 01-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 00 дугаартай хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

5.3. Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ нь 2017 онд батлагдаж, 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, хэрэгжсэн. Хууль батлагдахаас өмнөх үйл баримтад хуулийг буцаан хэрэглэх боломжгүй. Харин ТАЗ нь хохирол арилгасан байгууллагын итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх боломжтой. Гэтэл хэрэгт цугларсан баримтуудад ХХХ аймгийн Засаг даргын Тамгын газраас олгосон итгэмжлэл байхгүй байгаа.

5.4. Шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэхийн өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь заалтын дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахыг хүсэж хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж, гомдол гаргах эрхээр хангахгүйгээр шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлж, хуулийн илт тодорхой заалт /ИХШХШТХ-ийн 170 дугаар зүйлийн 170.1/ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

5.5. Хэргийн материалд Г.Ө ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговор болох нийт 29,978,400 төгрөгийг ХХХ аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ үеэс ХХХ аймгийн Засаг даргын Тамгын газарт хохирлыг гэм буруутай этгээдээс буцаан шаардах эрх үүссэн. Энэ үйл баримтыг шүүх үнэлж, хариуцагчийн тайлбарт дүгнэлт хийгээгүй.

5.6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дахь талын 5 гэсэн дугаартай хэсэгт Төрийн сангаас 2018 оны 10 сарын 25-ны өдөр хохирлыг олгосон хэдий ч ХХХ аймгийн Дотоод аудитын хорооны 2023 оны 12 сарын 12-ны өдрийн 27 дугаар албан бичгээр нэхэмжлэгч нь шаардах эрх зөрчигдсөн болохыг мэдсэн гэж үзэхээр байгаа тул хугацаа дууссан гэх хариуцагчийн татгалзал тус тус үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.

5.7. Гэтэл хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолдог. ХХХ аймгийн ЗДТГ-ын хохирол арилгасан 2018 оны 10 сарын 25-ны өдрөөс буцаан шаардах эрх үүссэн гэж үзвэл 2023 оны 10 сарын 26-ны өдрөөр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа дуусгавар болсон байна.

5.8. ХХХ аймгийн Засаг даргын Тамгын газрын гэм хорын хохирол нэхэмжлэх шаардах эрх нь дуусгавар болж 2 cap өнгөрсний дараа ХХХ аймгийн Дотоод аудитын хороо 2023 оны 12 сарын 12-ны өдөр Т д албан бичиг хүргүүлсэн байдаг. Дээр дурдсанаар Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийг буцаан хэрэглэх боломжгүй учраас Т д гэм хорын хохирол шаардах эрх үүсэхгүй.

5.9. Мөн тус шүүхийн шийдвэрийн 5 дахь талын 5 гэсэн дугаартай хэсэгт Хариуцагч нь ажил олгогчийн хувьд ажилтныг ажлаас чөлөөлөх акт гаргах явцдаа хуульд заасан шаардлагыг хангаж ажиллаагүй эс үйлдэхүйдээ болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэсэн.

5.10. Гэвч дурдагдаж буй шүүхийн шийдвэрүүдэд хариуцагчийг хуульд заасан шаардлагыг хангаж ажиллаагүй эс үйлдэхүйдээ болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай гэж, мөн гэм буруугийн илтэд болгоомжгүй үйлдлээр шийдвэр гаргасан гэж буруутгаагүй. Иймээс шүүхээр нэгэнт тогтоогдон үйл баримт гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх хариуцагчийг яагаад эс үйлдэхүйдээ болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай гэж үзсэн үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй.

5.11. Хууль бус шийдвэр гаргасан тохиолдол болгоныг гэм буруугийн илтэд болгоомжгүй үйлдэл гэж буруутгах боломжгүй. Тухайлбал шүүгч цугларсан нотлох баримтыг үнэлж, хууль хэрэглэж, тухайн хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа. Гэвч давж заалдах шатны шүүхээс, эсхүл Улсын Дээд шүүхээс түүнийг шийдвэрийг хүчингүй болгох боломжтой байдаг. Энэ нөхцөлд анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус байсан ч тухайн шүүгчийг гэм буруугийн илтэд болгоомжгүй хэлбэрээр уг шийдвэрийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

5.12. 3ахиргааны хэргийн шүүхээс захиргааны байгууллага, албан тушаалтны маш олон шийдвэрүүдийг хууль бус гэж үзэж хүчингүй болгодог. Тухайн тохиолдол болгоныг гэм буруугийн илтэд болгоомжгүй хэлбэр гэж үзэх огт үндэслэлгүй юм.

5.13. Хариуцагч нь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлж Г.Ө т Санхүү төрийн сангийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэрийг гаргасан байдаг. Захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагддаг бөгөөд Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлж шийдвэр гаргахад нь аймгийн Засаг даргын Тамгын газар нь тусалж уг хуульд заасан ажиллагааг явуулдаг. Аймгийн Засаг даргын Тамгын газар бол Засаг даргын ажлын алба юм Өөрөөр хэлбэл хариуцагч аймгийн Засаг даргын Г.Ө т сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргах ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газар оролцсон байдаг.

5.14. Шүүх гэм буруугийн хариуцлагыг хүлээлгэх тохиолдолд шийдвэр гаргахад хамтран оролцсон байгууллагын албан тушаалтны ажил үүргээ гүйцэтгэсэн байдал, гэм бурууд баримтыг үндэслэн дүгнэлт хийж, хариуцагчийг гэм буруугийн хариуцлагаас чөлөөлөх, түүнд хүлээлгэх хариуцлагыг багасгах үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой. Гэм буруугийн бүх хариуцлагыг бүгдийг нь хариуцагчид хүлээлгэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчээс тайлбар гаргаагүй болно

 

ХЯНАВАЛ:

 

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Т нь хариуцагч Д.Б д холбогдуулан төрд учруулсан хохирол 38,032,534 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Д.Б нь ХХХ аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2016 оны 08 сарын 01-ний өдрийн 00 дугаар тушаалаар Г.Ө ыг ХХХ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн;

 

3.2. ХХХ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 01-ний өдрийн 36 тоот шийдвэрээр Г.Ө ыг ХХХ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговорт 5,170,326 төгрөг олгож шийдвэрлэсэн;

 

3.3. ХХХ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 30-ны өдрийн 576 дугаар шийдвэрээр Г.Ө ын нэхэмжлэлтэй ХХХ аймгийн Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 24,457,636 төгрөг гаргуулан олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 5,170,326 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.

 

3.4. Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, ХХХ аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн орлогоос Г.Ө т ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2018 оны 10 сарын 25-ны өдөр нийт 38,032,534 төгрөг олгосон байна.

 

4. Анхан шатны шүүх хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бусдад ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг төр хариуцан олгож хохирсон байх тул гэм хорын хохиролд 10,104,242 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

 

Учир нь, 2016 онд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаагүй байсан тул шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлно.

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6.1. Т нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар төрд учирсан гэм хорын хохирол шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй.

 

ХХХ аймгийн Засаг даргын Тамгын газар нь Д.Б ы хууль бус шийдвэрийн үр дагаврыг арилгасан боловч өнөөдрийг хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, мөн Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт зааснаар Т шаардах эрхтэй. Энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар Т ийн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхгүй.

 

Учир нь, шаардах эрх, нэхэмжлэл гаргах эрх нь тусдаа эрх зүйн ойлголт бөгөөд Т ийн дарга буюу зөвлөлийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

 

6.3. Хариуцагч нь ХХХ аймгийн Засаг даргын албан тушаалд ажиллаж байхдаа хууль зөрчсөн тушаал гаргасныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

Тодруулбал, хариуцагчийн гэм бурууг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар үгүйсгэсэн баримт хэрэгт цуглараагүй тул анхан шатны шүүх хэргийн баримтыг 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар үнэлж, шийдвэрлэсэн нь зөв. Энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 31-ний өдрийн 182/ШШ2024/02465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

С.ЭНХБАЯР