Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

                              Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал нарт

                                     холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

           Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

 

                                  Прокурор              Ц.Дэнсмаа

                                 Өмгөөлөгч            П.Адъяасүрэн

                                                                Б.Дашдорж,

                                Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

                                 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, шүүгч Б.Сарантуяа, Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолд ялтан Д.Доржсүрэн, Д.Мөнхзул, Д.Тэгшжаргал, тэд нарын өмгөөлөгч П.Адъяасүрэн, Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал нарт холбогдох эрүүгийн 201415010081 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Монгол Улсын иргэн, 1961 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гидротехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 1-29 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Паа лам овогт Дэмчигдоржийн Доржсүрэн, /Регистрийн дугаар ЙМ61030611/,

Монгол Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрийн 18 дугаар хороо, 61-27 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Улаанбаатар хотын горнизоны Цэргийн тусгай шүүхийн 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 121 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар шийтгэгдсэн байсан, Боржигон овогт Дэмчигдоржийн Тэгшжаргал, /Регистрийн дугаар ТЕ70052273/,

Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 33а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дэмчигдоржийн Мөнхзул, /Регистрийн дугаар ЙЭ75101915/

Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул, Д.Доржсүрэн нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, Ланд крузер-80 маркийн 77-28 УНО /гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан дугаар 17-77/ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэзуу” музейн гурван зуугийн зүүн зууд хууль бусаар нэвтрэн орж,

- Дуйнхор бурхан-Хосгүй үнэт 65-536 /бурхан суурийн хамт алт шармал, суурь жавил хөөмөл, урт нь 32.6 см, өргөн 20.7 см, нийт өндөр 59.8см/,

- Жүгдэрнамжил бурхан-Хосгүй үнэт 65-1295 /гууль цутгамал, алт шармал, урт 14.2 см, өргөн 8.2 см, өндөр 17.3 см/,

- Майдар бурхан 65-1295 /зэс хөөмөл, алт шармал, урт 20.8 см, өргөн 16.1 см, өндөр 40 см/

- Майдар бурхан 65-1292 /зэс хөөмөл, алт шармал, урт 15.6 см, өргөн 10.4 см, өндөр 34 см/

- Майдар бурхан 65-1293 /зэс хөөмөл, алт шармал, эрт 19.5 см, өргөн 15.6 см, өндөр 38.4 см/ хосгүй үнэт зүйл

- Майдар бурхан 65-1294 /зэс хөөмөл, алт шармал, эрт 19.2 см, өргөн 15.2 см, өндөр 38.5 см/

- Манзушир бурхан 65-1303 / гууль цутгамал, алт шармал, урт 12.6 см, өргөн 7.8 см, өндөр 15.6 см/ зэрэг бурхадыг хулгайлж 77.500.000 төгрөгийн шууд хохирол, бурхадын сэргээн засварлахад шаардагдах 17.825.505 төгрөг, эвдэрсэн эд зүйлийн үнэлгээ 752.000 төгрөгийн шууд бус хохирол, нийт 96.077.505 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд тэдний үйлдлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

   Анхан шатны шүүх, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул нарыг бүлэглэж, машин механизм хэрэглэж, онц их хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар Д.Доржсүрэн, Д.Мөнхзул тус бүрээс 2.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, тус бүр 12 жилийн хорих ялаар, Д.Тэгшжаргалаас 2.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Д.Доржсүрэн, Д.Мөнхзул нарт оногдуулсан 12 жил, Д.Тэгшжаргалд оногдуулсан 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Д.Доржсүрэнгийн цагдан хоригдсон 759 хоног, Д.Тэгшжаргалын цагдан хоригдсон 928 хоног, Д.Мөнхзулын цагдан хоригдсон 264 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Доржсүрэн, Д.Мөнхзул, Д.Тэгшжаргал нараас тус тус 5.941.835 төгрөг, нийт 17.825.505 төгрөгийг гаргуулж, Өвөрхангай аймгийн Хархорин хот дахь Эрдэнэ зуу музейд олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Д.Доржсүрэнгийн эзэмшлийн “Ланд крузер-80” маркийн 77-28 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож, АЯ№0118705 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг машины хамт Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлэхийг шүүгчийн туслах Д.Цэвэлмаад даалгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Д.Мөнхзулын эзэмшлийн 30-33 ӨВР улсын дугаартай “Ланд крузер-80” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоол, Д.Тэгшжаргалын эзэмшлийн 23-44 УНА улсын дугаартай “Киа бонго”, ногоон өнгийн “Ниссан террано” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоол, Д.Доржсүрэнгийн эзэмшлийн №0007472 дугаарын гэрчилгээтэй өвлийн хашаа, байшин зэргийг битүүжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан иштэй тасдагч, төмөр лоом, 1 ширхэг гинжтэй цоож, 2 ширхэг цоож, 1 ширхэг гинж, цүүний тасарсан төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг уг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, Е0194953 дугаартай гадаад паспортыг  Д.Мөнхзулд, ЕО740306 дугаартай гадаад паспортыг Д.Доржсүрэнд тус тус буцаан олгох, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул нарт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 41а/23, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 41а/600 тоот албан бичгээр хилийн хориг тавьсныг хүчингүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-т зааснаар Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул нараас тус тус шинжээчийн зардал 1.333.333 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг гаргуулж, “ЛЭНДС” ХХК-д олгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал нарт эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ, Д.Мөнхзулд авсан эд хөрөнгө барьцаалах болон батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж,

Д.Мөнхзулын эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ 10.000.000 төгрөг, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал нарын эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ тус бүр 5.000.000 төгрөгийг тус тус буцаан олгож, шүүгдэгч нарын хорих ял эдлэх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолох,

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

      

Ялтан Д.Тэгшжаргал гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Энэ хэрэгт миний төрсөн ах Д.Доржсүрэн, төрсөн дүү Д.Мөнхзул нар ямар ч хамаагүй.

Мэргэжлийн шинжээч нь дүгнэлтэндээ 3 бурханы эвлүүлэг, гутлын хадаас болон модоор холбосон, гинсээр орлуулсан, хөл нь урт богино хийц бүдүүлэг, хосгүй үнэт биш, үнэт чанар нь алдагдсан гэх мэтчилэн шинжилсэн дүгнэлтээ гаргажээ.

2016 оны 11 дүгээр сарын  07-ны өдрийн мэргэжлийн зөвлөлийн үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Тус мэргэжлийн зөвлөлийн хурлын протоколыг уншихад намайг өндөр ялаар яллуулах сонирхолоор тус үнэлгээг гаргасан нь тодорхой байна. Хуучин үнэлгээ 77.5 сая төгрөг байхад тус Сум дундын шүүх 2015 оны 03 дугаар сарын 16-ны шүүх хурал, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хурлуудаар буруутгаж мөрдөн байцаалтанд буцааж байсан.

“Лэндс” ХХК-д ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Төлбөр тооцоо барагдуулсан баримтын эх хувийг манай эхнэр ах Д.Доржсүрэнд өгсөн бөгөөд ах Д.Доржсүрэн нь байцаагч Отгонбаярт өгсөн гэж байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн гэмшиж, хийсэн хэргээ хүлээгээд, авсан зүйлээ буцааж өгөөд, 3 жил цагдан хорих байранд өөрийгөө зүхэн  шаналж, үнэхээр их харамсаж байна. Миний гэм буруугаас болж учирсан хохирлыг төлж барагдуулна. Миний хэргийн үнэлгээг сайтар шалгаж, надад оногдуулсан ялыг хөнгөлж өнгө үү... гэжээ.

Ялтан Д.Мөнхзул гаргасан давж заалдах гомдолдоо:

Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Би энэ хэрэгт 2 удаа мэдүүлэг өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр мэдүүлэхдээ эхний мэдүүлгийг 2014 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 04 цаг 45 минутад Улаанбаатар хотын эрүүгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч хошууч Дарханбаярт өгсөн. Мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй байцаагчийн асуултанд хариулсан. Та энэ хэрэгт хамаатай юу гэхэд нь би энэ хэрэгт ямар ч хамаагүй гэсэн. Тэгвэл 2 ах чинь хэргээ хүлээсэн гэхэд нь өө тэгвэл би мэдэхгүй Доржсүрэн, Тэгшжаргал ах хоёр л явсан  байх магадлалтай юм байгаа биз, би мэдэхгүй гэсэн. Үүний дараа хорих 461 дүгээр хорих анги буюу ганц худагт хоригдож байхад ах Тэгшжаргалтай хамт өмгөөлөгчтэй уулзах, байцаалтанд гарах зэргээр байнга хамт гарч хүлээлгийн танхимд байхад ах надаас “…байцаалт авахад ахын дүү ахтайгаа энэ хэргийг үйлдсэн. Ингэж, ингэж хулгайлсан гээд хэлчих, ах нь батлан даалтанд гараад асуудлыг шийдэж өгнө гэж гуйсны дагуу би худал…” мэдүүлэг өгсөн. Энэ худал мэдүүлгийг 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өгсөн гэдгийг саяын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ярьсан. Гэрч М.Батаа 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хурлаас өмнөх мэдүүлэгтээ энэ хэрэг үйлдсэн гэх хүмүүсийг таних уу гэж асуухад танихгүй гэж удаа дараагийн мэдүүлэгтээ өгсөн байдаг. Гэвч 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хурал дээр Батаа нь гэрчээр орохдоо бид гурвыг гэнэт таньж намайг зааж энэ нөхөр жолоочийн эсрэг талд сууж явсан, усан цэргийн цамцтай хар куртиктэй явсан хүн мөн байна. Би нэг харсан хүнээ анддаггүй таньдаг хүн. Доржсүрэн ахыг зааж энэ нөхөр машин  барьж явсан. Тэгшжаргал ахыг зааж энэ хойд талд нь сууж явсан хүмүүс мөн байна гээд намайг заан энэ нөхөр 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймагт намайг мэдүүлэг өгөхөөр очиход цагдаагийн коридорт сууж байсан нөхөр яг мөн байна гэж хэлэхэд нь өмгөөлөгч Одхүү М.Батаагаас “…та нэг харсан хүнээ андахгүй таньдаг хүн гэхэд? Батаа тийм би цагдаа зохицуулагч 7 жил хийж байгаа хүн гэсэн. Өмгөөлөгч та яагаад худлаа яриад байгаа юм бэ? 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Мөнхзул Өвөрхангайд биш Улаанбаатарт ганц худагт хоригдож байсан гэхэд, уучлаарай би энэ хүнийг андуурчихсан байна гэж Батаа хэлсэн…” тухайн үед шүүх хурлын танхимд проктероор Лүн сумын цагдаагийн постоор гарч явсан Ланд 80 маркын машиныг гарган зогсоож, томруулан татаж харуулж байсан. Би Батаагаас асуусан нөгөө усан цэргийн цамцтай Мөнхзул хаана байна гэхэд Батаа дуугүй зогсож байгаад шүүх хурлаас гарсан. Үүний дараа хэрэг  мөрдөн байцаалтанд буцаж, М.Батаагаас зургаар таниулах ажиллагаа хийлгэхэд би энэ хүмүүсийг андуурсан байна гэсэн. Батаа бид 3-ыг зураг дээр танин заасан байдаг. Гэвч 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хурлаар шийтгэсэн тогтоолоор дээрх гэрч Батаагийн мэдүүлгийг  иш татан шийтгэсэн байтлаа. 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шийтгэх байдал нь урьдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар гэрчийн гэрчлэх чанараа алдлаа гэж ярьж дүгнэж байсан А.Өсөхгэрэл, М.Батаа нарын өгсөн хэнийг ч тэр гэж заасан хүнгүйгээр энэ хэрэгт холбоотой болгон, ялган шийтгэсэн. Гэвч би хэрэгт холбогдолгүй хамаагүй гэдгээ Хархорин сумын ахлах прокурор Ц.Идэрмөнхөд ажиллаж байх хугацаанд нь өөрийн зүгээс өмгөөлөгчөөр удаа дараалан шалгуулах гэсэн боловч нэг ч удаа хүсэлтийг минь хангаж өгөөгүй нь дээр ямар ч нотлох баримтгүйгээр хүн гүжирдэн шийтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна... гэжээ. 

Ялтан Д.Доржсүрэн гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг Д.Доржсүрэн миний бие эсэргүүцэж гомдол гаргаж байна.

Би энэ хэрэгт оролцоогүй гэдгээ мөрдөн байцаалтын эхнээс үнэн мэдүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээ өнгөрсөн шүүх хурлууд дээр нотолсоор ирсэн. Энэ гомдолд би анхан шатны шүүхээс намайг гэм буруутайд тооцсон гэрчийн мэдүүлэг, нотлох баримтад тайлбар хийх нь илүүц гэж үзэн гэрч М.Батаа, Д.Энхтөгс, Д.Мөнхзул, Г.Энхтуяа нарын мэдүүлгүүдэд дараах тайлбарыг хийж байна.

М.Батаагийн 2014 онд өгсөн мэдүүлгүүд, 2015 оны 10 дугаар сарын 08-нд анхан шатны шүүх хурал дээр өгсөн мэдүүлэг, мөн оны 11 дүгээр сард зурган дээрээс таньж олсон тухай мэдүүлэгт анхаарал хандуулахад л хүнийг яаж гүтгэж хэрэгт холбогдуулж болдгийг харж болно.

2014 оны 05 дугаар сарын 24-нд М.Батаа Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Мөнхбатын өрөөнд болон коридорт надтай таарч хоёр биенээ сайн таних байтал 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр Өвөрхангайд миний харсан хүн энэ мөн байна гээд миний дүү Д.Мөнхзулыг заасан нь үнэнд үл нийцэх үйлдэл болсон. М.Батаагийн 2014 онд өгсөн мэдүүлгүүд нь 2015 онд өгсөн мэдүүлгүүдээ шууд үгүйсгэж худал мэдүүлсэн нь харагдана. Д.Энхтөгсийн мэдүүлэг, М.Батаагийн мэдүүлэг хоёр нь 2014 оны 05 дугаар сарын 19-нд 6 цаг 22 минутад Лүнгийн постоор гарсан гэх нэг машины тухай ярьж байгаа байтлаа зарим шинж байдлын талаар дээрх 2 хүний мэдүүлгүүд зөрөөд байгаа нь ойлгомжгүй. Г.Энхтуяагийн мэдүүлэг миний өгсөн мэдүүлэгтэй таарах бөгөөд 2-уул биш 3-уул Улаанбаатар явсныг тодорхой мэдүүлчихсэн байдаг. Энэ нь миний мэдүүлгийг үнэн болохыг нотлоно. Д.Мөнхзулын мэдүүлэг: Энэ мэдүүлгийнхээ талаар Д.Мөнхзул мөрдөн байцаалт болон өнгөрсөн шүүх хурлууд дээр тодорхой тайлбарласан байдаг. Д.Мөнхзул мэдүүлгийнхээ талаар мөрдөн байцаагч Мөнхбатын асуултанд би тодорхой хариулчихсан миний өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн болохыг дахин хэлээд дээрх нэр бүхий хүмүүсийн мэдүүлгүүдэд давж заалдах шатны шүүх анхаарч миний гэм буруугүйг тогтоож өгөхийг хүсч байна. Миний бие хаана байсан, хаагуур явсан, орсноо нэр хаягтай нь хэлж байсан бөгөөд нэг, хоёр орсон газрын камерыг шалгаад өгөөч гэсэн хүсэлтээ мөрдөн байцаагч Мөнхбат, Отгонбаяр нарт олон удаа тавьсан боловч нэг ч газрын камер шалгаж өгөөгүйд гомдолтой байна ...гэжээ.  

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар 10 тоот шийтгэх тогтоолыг Д.Доржсүрэн миний бие эсэргүүцэж гомдол гаргаж байна. Миний өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгч Д.Доржсүрэн энэ хэрэгт оролцоогүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн анхан шатны шүүх хурлын шүүмжлэлийн шатанд хэлсэн хүсэлтийг анхан шатны шүүхээс Д.Энхтөгс, А.Өсөхгэрэл, М.Батаа, Ө.Эрдэнэбаатар нарын мэдүүлгүүд, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн учир дээр гэрч нарын мэдүүлгээс ишлэн авч баримттай харуулахад хүрлээ. Гэрч М.Батаагийн  ...2014 оны 05 дугаар сарын 20-нд өгсөн мэдүүлгээс: Асуулт: Авто машинд хэдэн хүн явсан бэ? Хариулт жолоочийн хажуугийн хүн нилээд махлаг биетэй хар ноосон гэхээр цамцтай байсан машин маш хурдтай явсан тул бусдыг нь харж чадаагүй. Асуулт: Жолоочийн үрүүлийн бүрээс ямар өнгөтэй харагдаж байсан бэ? Мөн хянах нь ямар байсан бэ? Хариулт: Харж амжаагүй сүүлийн үеийн шинэвтэр гэхээргүй машин байсан. Хурд сааруулагч дээр хурдаа хасалгүй өнгөрсөн. / 6-р хх-ийн 206-213х/, гэрч М.Батаагийн ...2014 оны 05 дугаар сарын 24-нд өгсөн мэдүүлгээс: Асуулт: Та жолооны ард сууж явсан хүнийг одоо харвал таних уу? гэхэд Хариулт: Танихгүй. Хажууд нь сууж явсан бүдүүн хар хүүхэн байсан. / 2-р хх-ийн 1-12х/,

 Гэрч М.Батаагийн ...2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хурлын тэмдэглэлээс... намайг зам шатнаас буугаад дохиход наад талд нь сууж байгаа нь /Мөнхзулыг заав/ залуу хар савхин куртиктэй усан цэргийн цамцтай явж байсан. Голд нь сууж байгаа залуу /Д.Доржсүрэнг заав/ жолоон дээр явж байсан. Тэр ард сууж явсан залуу Д.Тэгшжаргалыг заав/ байна гэв. Гурвуулаа явж байсан гэв. /6-р хх-ийн 148-181х/

Гэрч М.Батаагийн ...2015 оны 12 дугаар сарын 28-нд М.Батаагаар яллагдагч нарыг таньж олуулах ажиллагаа хийжээ.Таньж олуулах ажиллагааг 16 цаг 20 минутанд эхлэн 17 цаг 20 минутанд дууссан.

Д.Доржсүрэнд 5-р, Д.Мөнхзулд 2-р, Д.Тэгшжаргалд 4-р, Хийморьсанд 1-р, Ганзоригт 3-р, Баттогтоход 6-р, Бямбадоржид 7-р дугаарыг өгч фото зургийг ширээн дээр байршуулан М.Батаагаар таниулахад жолоон дээр явсан нь 5 дугаартай Д.Доржсүрэн, хажууд нь сууж явсан хүн нь 2 дугаартай Д.Мөнхзул мөн байна. Харин хоёр суудлын голд сууж явсан хүн нь 4 дугаартай хүн мөн байна гэв. /6-р хх-ийн 206-207х/

Гэрч М.Батаагийн мэдүүлгүүдийг уншаад би олон зүйлийг хэлж болох боловч ингэх нь илүүц гэж үзэж энд нэг зүйлийг тордуулах нь зөв гэж үзлээ. 2014 оны 05 дугаар сарын 24-нд гэрч Батаа ...Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт надтай коридорт болон Мөнхбат байцаагчийн өрөөнд таарч хоёр биенээ маш сайн таних байтал 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хурал дээр Өвөрхангай аймагт миний харсан хүн бол энэ мөн гээд дүү Д.Мөнхзулыг заасан. Гэрч М.Батаа жолоо барьж явсан хүн энэ мөн гээд намайг заасан шигээ 2014 оны 05 дугаар сарын 24-нд байцаалт өгч надтай таарч байхдаа машин барьж явсан хүн энэ хүн мөн гээд мэдүүлэх хэрэгтэй байж ... гэрч М.Батаа хууль сануулж гарын үсэг зуруулан байцаалт авдгийг умартсан байна.

Гэрч Д.Энхтөгсийн ...2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлгээс: Жолооч нь дунд зэргийн гэхээр биетэй цэнхэр фудволк буюу цамцтай гадуураа хар куртиктай байхаар хажуугийн зорчигч нь нилээд махлагдуу биетэй, дотуураа бараан өнгийн цамц буюу фудволктой дээр нь бичиг эсвэл зурагтай байхаар харагдаж байсан. Арын суудалд хүн сууж явж байгаа юм шиг харагдаж байсан. /1-р хх-ийн 250х/

2014 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 6 цаг 22 минутанд Лүнгийн постоор гарсан гэх 1 машины камерийн бичлэгийг шалгасан гэдэг боловч хамт гарч ажиллаж байсан гэрч М.Батаагийн өгсөн мэдүүлэгтэй зөрчилдөнө.

Гэрч А.Өсөхгэрэлийн ...2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлгээс:

Асуулт: Тэр машин болон машин дотор байсан хүмүүсийг одоо харвал таних уу?

Хариулт: Би машин дээр очоогүй болохоор машин болон хүмүүсийг танихгүй.

Асуулт: Таны харсан автомашин урд талдаа улсын дугаартай байсан уу? нэмэлт гэрэл хаалт, хамгаалалт зэрэг тоноглол байсан уу?

Хариулт: Тэр машины урд талын хэсгийг хараагүй болохоор мэдэхгүй байна. Би машины ар хэсгээр нь зөрж өнгөрсөн.

Асуулт: Тэр машины ард шат байсан уу?

Хариулт: Шат байсан үгүйг анзаараагүй. Ардаа запас дугайтай байсан санагдаж байна.

Асуулт: Таньд одоо автомашины гэрэл зураг бичлэг зэргийг үзүүлбэл тэнд байсан автомашин мөн эсэхийг таньж олж чадах уу?

Хариулт: Ёстой мэдэхгүй. Миний харснаар Ланд 80 маркийн машин байсан аль машиныг гэж таних юм бэ? Таньж олж чадахгүй байх. /2-р хх-ийн 6-8х/

Гэрч А.Өсөхгэрэлийн ...2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр авто машин таньж олуулах үйл ажиллагаа.

Д.Доржсүрэнгийн автомашиныг А үсгээр тэмдэглэж бусад машины хамт А.Өсөхгэрэлд үзүүлэхэд А үсэгтэй тэмдэглэгдсэн автомашин мөн байна би уг машиныг хойд талын төмөр никель шат, хойд нөөцийн дугуй зэрэг содон шинж тэмдгээр нь таньж байна. /6-р хх-ийн 214-219х/

Энэ мэт мэдүүлгүүд нь уг хэрэгт миний холбогдолгүйг үгүйсгэж байгаа гэж анхан шатны шүүх үзсэн учир миний бие давах шатны шүүхэд гомдол гаргаж байна ...гэжээ.

Ялтан Д.Доржсүрэнгийн өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Д.Доржсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 12 жилийн хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Уг шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлд заасан хэм хэмжээний дагуу үнэлээгүй, зөвхөн улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлтийг ёсчилсон байна гэж үзэж байна. Энэ  хэргийн гэрч болж буй Д.Энхтөгс, А.Өсөхгэрэл, Ө.Эрдэнэбаатар, М.Батаа нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд нь яллагдагч Д.Доржсүрэнг энэ хулгайн гэмт хэрэгт оролцсон гэдгийг шууд нотлоогүй. Мөрдөн байцаалтын зарим  ажиллагаанууд хуулийн дагуу хийгдээгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.3-т заасан заалтыг хангаагүй нотлох баримтаар шүүгдэгч Д.Доржсүрэнд ял оногдууллаа гэж үзэж гомдол гаргаж байна.

Иймд Д.Доржсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Ялтан Д.Мөнхзул, Д.Тэгшжаргал нарын өмгөөлөгч Б.Дашдорж гаргасан давж заалдах гомдолдоо:

   2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор ...бүлэглэж, машин механизм хэрэглэж, онц их хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Тэгшжаргалд 13  жилийн хорих ялаар, Д.Мөнхзулд 12 жилийн хорих ял оногдуулсан.

   Өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж заасныг хангаагүй, хэргийг хит нэг талыг барьж таамаглалд үндэслэн шийдвэрлэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Үүнд:

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын талаар

   Эрүүгийн 201415010081 тоот хавтаст хэргийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх нь: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч Өсөхгэрэл , Батаа, Энхтөгс нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа, камерийн бичлэг, шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтүүд, мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч нарын гэм бурууг тогтоосон байна. гэтэл доорх нотлох баримтуудад анхаарал хандуулаагүй.

Хэргийн газрын үзлэгийн талаар: 1-р хх-ийн 13-14-р тал “...үзлэгээр сүмийн гадна зүүн хойд талаас орж авсан дэгээ хэлбэртэй шаргал өнгийн металл 1 ш, навч хэлбэр бүхий шар ногоон улаан алагласан чимэглэл 2 ш, навчин хэлбэрийн шар метал зүйл 1 ш, бундан /чандмана хэлбэрийн/ шаргал өнгийн метал 1 ш, 3 үзүүр бүхий навч бүхий ногоон өнгийн зүйл 1 ш байв. Хэрмэн хашааны гадна талаас шаргал өнгөөр будсан модны хэлтэрхийнүүд 9 ш, мөн ногоон шар ... дүрс бүхий навчин чимэглэл 1 ш, бурханы хадган чимэглэл бүхий мушгирсан шар өнгийн металл 1 ш, бурханы мөрний гэх шар өнгийн зүйл 1 ш, хэлхээтэй 43 ш цагаан өнгийн бөөрөнхий зүүлт зэрэг зүйлийг хурааж авлаа. Сүм дотор сүмийн шалан дээр ундуу сундуй хаягдсан 18 см өндөр бүхий 2/16 кодтой шар өнгийн ногоон дарь эх бурхан 1 ш, 30 см өндөртэй шар өнгийн Лувсанжалбаа бурхан, уг бурханы суурь болох 65/1298 кодтой модон ёроолтой шармал өнгийн бад хээтэй метал 1ш, 65/1294 кодтой ...хэмжээ бүхий шармал өнгийн суурь 1ш, 65/1293 кодтой 4,4*19*15 см хэмжээ бүхий бурханы суурь 1ш, цэцгэн хэлбэртэй шаргал өнгийн зүйл 1ш, амьтны дүрс /ханьгард/ шаргал өнгийн зүйл 1 ш, 65/1303 кодтой цагаан өнгиин хавтгай зүйл 1ш, навч цэцгэн хэлбэртэй шар өнгийн чимэглэл 2ш, бурханы хадган чимэглэл гэх цэнхэр өнгийн зүйл 1ш, бурханы чимэглэл гэх шаргал өнгийн 15.4 см урттай чимэглэл-1ш, 65/1696 кодтой хүрэн шар өнгийн даавуун зүйл наасан модон зүйл 1ш, цэцгэн навчин хэлбэртэй шар өнгийн метал 1ш, бурханы ээмэг 2ш, бурханы цэцгэн чимэглэл 1ш, 65/1292 кодтой Майдар бурхан 1ш, мөн 65/1292 кодтой Майдар бурханы хөл суурь 1ш, Майдар бурханы сэнтий 1ш, бурханы сүншиг гэх бүдүүн нарийн шар өнгийн зүйл 2ш, зэрэг зүйлийг хураан авлаа. Үзлэгийн явц үр дүнг Никон маркийн аппаратаар 64 кадр зураг авч бэхжүүлэн хөндлөнгийн гэрч оролцогч нарт уншиж танилцуулахад санал байхгүй гэв. Мөн уг ажиллагаанд прокурор оролцоогүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлийн 127.3 “Онц хүнд гэмт хэргийн газрын үзлэгт прокурор заавал оролцоно” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн хэргийн газраас бурханы эд зүйл хураан авсан гэж тэмдэглэлд тусгасан хирнээ хураан авсан тогтоол үйлдээгүй.

Гэрч Өсөхгэрэл, Батаа, Энхтөгс нарын мэдүүлгийн талаар: 2-р хх-н 6-р тал 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрч Өсөхгэрэлийг байцаасан тэмдэглэл: “...Би тэр машин дээр очоогүй болохоор яг ямар хувцастай ямар хуу хүн байсан талаар анзаарч хараагүй ямар ч байсан урд суудал дээр нь суусан хоёр залуу нь дээгүүрээ цагаан өнгийн хувцастай байх шиг байсан ... Тэр хүмүүс өөдөөс харахгүй байсан...” , 2-р xx-7-p тал 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дахин байцаасан тэмдэглэл: ... Би тэр машинд байсан хүмүүсийн зүсийг хараагүй ... Асуулт: Та тэр машин болон машин дотор байсан хүмүүсийг одоо харвал таних уу. Хариулт: Би машин дээр очоогүй болохоор машин болон хүмүүсийг хараад танихгүй. Асуулт: Таны харсан авто машин урд талдаа улсын дугаартай байсан уу, нэмэлт гэрэл хаалт, хамгаалалт зэрэг тоноглол байсан уу . Хариулт: Би машины урд талын хэсгийг нь хараагүй болохоор мэдэхгүй байна. Би машины ар хэсгийг харж өнгөрсөн. Асуулт: Таньд одоо автомашины гэрэл зураг, бичлэг зэргийг үзүүлбэл тэнд байсан автомашиныг мөн эсэхийг таньж олж чадах уу? Хариулт: Ёстой мэдэхгүй. Миний харснаар Ланд-80 маркийн машин байсан. Аль машин гэж танихав дээ. Таньж олж чадахгүй байхаа.

2-р хх-ийн 11-р тал 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрч Батаагийн мэдүүлгийн заримаас: Асуулт: Автомашинд дотор хичнээн зорчигч явсан бэ? Хариулт: Жолоочийн хажуугийн хүн нилээн махлаг биетэй, хар ноосон гэхээр цамцтай байсан машин маш хурдтай явж байсан тул бусдыг нь харж чадаагүй. Асуулт: Жолооны үрүүлний бүрээс ямар өнгөтэй харагдаж байсан бэ.Мөн хянах нь байсан? Хариулт: Харж амжаагүй, сүүлийн үеийн шинэвтэр машин гэхээргүй байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан зүйл бүгд үнэн гэснээр байцаалтыг дуусгав. 2-р хх-н 12-р талд 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр  гэрч Батааг байцаасан тэмдэглэлд: ... Хойд хоёр цонх хар теньтэй толь нь хар өнгийн, жолоочийн хажуу талд бүдүүн хүн байсан хар ногоон цамцтай урд хэсэгтээ цагаан өнгийн бичигтэй байсан. Жолооч нь саарал өнгийн куртик өмссөн саравчтай малгайтай байсан санагдаж байна. Өнгийг нь сайн харж чадаагүй. Асуулт: Та жолооны ард сууж явсан хүнийг одоо харвал таних уу? Хариулт: Танихгүй хажууд сууж явсан хүн нь бүдүүн хар хүн байсан.

Дээрх 3 гэрчийн мэдүүлэг таньж олуулах ажиллагаа нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, хэдийгээр зөрчлийг арилгасан хэдий ч дахин таниулах ажиллагаа хийлгэх нь ач холбогдлоо алдсан байсан. Гэрч нар нь хэрэг болох үед хараагүй мөртлөө таньж олуулах ажиллагаагаар таньж олоод байгаа явдал нь өөрөө хууль зөрчиж хүнийг гэмт хэрэгт гүтгэсэн, худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан үйлдлийг хийсэн байдаг.

Камерийн бичлэг: 2014 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 06 цаг 22 минутын үед “Лүн” сумын замын цагдаагийн постын камерийн бичлэг байх ба уг бичлэг ногоон өнгийн машин явж өнгөрөх ба тухайн машин ялтан Д.Доржсүрэнгийн “Ланд” машинтай адилтгасан шинжээчийн дүгнэлт хийлгээгүй, улсын дугаар харагдахгүй, машин дотор хэдэн хүн яваа нь мэдэгдэхгүй чанарын шаардлага хангахгүй баримт болох нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлогдсон. Гэтэл гэрч Энхтөгс тухайн машинд сууж яваа хүмүүсийг нэг бүрийн шинжээр нь нэрлэн мэдүүлэг өгч байгаа нь тухайн камераас харагдах боломжгүй байхад худал мэдүүлсэн болохыг нь нотолж байна.

 

Шинжээчийн дүгнэлт:  

 2-р хх-ийн 248-р тал 2014 оны 06 сарын 09-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт Гарын мөр хэргийн газрын мөрүүдтэй тохирохгүй байна. 6-р хх-ийн 234-245-р тал “ЛЭНДС” хөрөнгийн үнэлгээний төвийн тогтоол

 

2. Алдагдсан бурхад, учирсан хохирлын талаар

Нэгдүгээрт: Монгол улсын Боловсрол, соёл , шинжлэх ухаан, спортын яам нь 2016 оны 5/3127 тоот дугаартай “Түүх, соёлын дурсгалт зүйлийн үнэлгээний тухай” албан бичигт “ ...Зөвлөлийн хурлаас дээрх нэр бүхий 7 бурханы үнэлгээг Сангийн сайдын 2013 оны “Журам батлах тухай” 140 дүгээр тушаалаар баталсан “Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”-ын дагуу үнэлсэн мөнгөн дүнгээр буюу 77.500.000 /далан долоон сая таван зуун мянган/ тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно” гэжээ. Уг албан тоот бичигтэй өмгөөлөгчийн зүгээс танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна

Уг дүгнэлт Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүх шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн.

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Түүх соёлын зэрэглэл үнэлгээ тогтоох зөвлөлийн хурлаар уг дээрх шийдвэрийг гаргасан боловч энэ нь тухайн бурхадыг үнэлэхдээ Сангийн сайдын 2013 оны 06 сарын 17-ны өдрийн 140 дугаартай “Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журмыг” баримтлан шийдвэр гаргасан боловч дээрх шийдвэр нь бодит биш болох зөвхөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын музейгээс 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргаж өгсөн “Музейн үзмэр эд өлгийн зүйлд шинэчилсэн үнэлгээ хийсэн жагсаалт”ыг хоорондоо ярилцаад гаргасан болох нь гишүүн Болд, Сүхбаатар нарын хурал дээр ярьсан тэмдэглэлээс шууд харагдаж байна. Уг хурлаар “ЛЭНДС”-ийн гаргасан үнэлгээ Хархорин музейн гаргасан үнэлгээ хоёр дээр санал хураасан болоод дүр эсгэсэн, хулгай хийсэн нөхдүүдийг чангаар шийтгүүлэх гэсэн санаа агуулсан байсан болох нь нотлогдож байна. Шүүгдэгч нарын гэм бурууг Монгол улсын үндсэн, эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хуулиар зөвхөн шүүх оногдуулахаар заасан байхад уг үнэлгээ гаргасан гишүүд шүүхийн шийдвэрт эрс нөлөөж байгаа нь тодорхой байна. Эрүүгийн байцаан шийгэх хуулийн 6-р зүйлийн 6.1 “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангахад оршино” гэж хуульчлан заасан энэ зарчмын заалт бүрэн хангагдаагүй.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 “Шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой хийх”, 14.1.2 “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугцаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах”, 14.1.3 “Хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэн хүнлэг харьцах” гэсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж гаргасан. Мөн 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн гаргасан Хорхорин музейн “Музейн үзмэр эд өлгийн зүйлд шинчилсэн үнэлгээ хийсэн жагсаал”-т тулгуурлан гаргасан нь мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 “Шинжилгээ хийгэх эрх бүхий этгээдээс бусад этгээдийн хүсэлт, шийдвэрээр шинжилгээ хийх” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрсөн байна.

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан хохирлын хэмжээг хуулийн хүрээнд тогтоохоор заасан байна.

Дээрх мэргэжлийн зөвлөлийн үнэлгээ нь хэт хийсвэр бодит байдалд тулгуурлаагүй. Түүх, соёлын  дурсгал, үзмэр, эд өлгиин зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам” -д заасан заалт нэг бүрийг хангаж үнэлгээ гаргаагүй зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хатуу ял шийтгэл оногдуулах гэсэн хувийн байр сууринаас хандсан болох нь харагдаж байна. Ийм дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж болох уу.

A. Дүйхэр цутгамал /65-536/ хосгүй үнэт гэх Сангийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14 тоот тушаалын 2-р хавсралтын Дөрөв шашин шүтлэг 4.1.9-рт Монгол хийцийн бурхан шүтээний зүйлс 5.000.000 /таван сая/ төгрөгөөр үнэлэхээр байхад хэт хийсвэр үнээр үнэлэж 30.000.000 болгосон.

Б. Майдар хөөмөл /65-1292/ Сангийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14 тоот тушаалын 2-р хавсралтын Дөрөв Шашин шүтлэг 4.1.12-1 “Цутгамал хөөмөл бурхан, шүтээний зүйлийн хэсэг” үнэ 200.000 төгрөгөөр үнэлэхээр байтал үнэт метал 20, нарийн ур хийц 20 хувь гэж 6.500.000 төгрөгөөр үнэлсэн.

B. Жүгдэрнамжил цутгамал /65-869/ хосгүй үнэт Сангийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14 тоот тушаалын 2-р хавсралтын Дөрөв Шашин шүтлэг 4.1.9-рт Монгол хийцийн бурхан шүтээний зүйлс 5.000.000 /таван сая/ төгрөг.

Г. Майдар хөөмөл /65-1295// Сангийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14 тоот тушаалын 2-р хавсралтын Дөрөв Шашин шүтлэг 4.1.12 “Цутгамал хөөмөл бурхан, шүтээний зүйлийн хэсэг” үнэ 200.000 төгрөгөөр үнэлэхээр байхад Монгол хийцийн бурхан шүтээний зүйл 5.000.000 төгрөг, хосгүй үнэтийн 50 хувь үнэт метал орсон 30 хувь нарийн ур хийц 20 хувь хийсэн арга ажиллагаа 20 хувь нийт 11.000.000 төгрөгөөр үнэлсэн.

Д. Майдар Хөөмөл /65-1293// Сангийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14 тоот тушаалын 2-р хавсралтын Дөрөв Шашин шүтлэг 4.1.12 “Цутгамал хөөмөл бурхан, шүтээний зүйлийн хэсэг” үнэ 200.000 төгрөгөөр үнэлэхээр байхад Монгол хийцийн бурхан шүтээний зүйл 5.000.000 төгрөг, метал орсон 30 хувь нарийн ур хийц 20 хувь нийт 7.250.000 төгрөг.

Е. Майдар Хөөмөл /65-1294/ Сангийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14 тоот тушаалын 2-р хавсралтын Дөрөв Шашин шүтлэг 4.1.12 “Цутгамал хөөмөл бурхан, шүтээний зүйлийн хэсэг” үнэ 200.000 төгрөгөөр үнэлэхээр байхад Монгол хийцийн бурхан шүтээний зүйл 5.000.000 төгрөг, үнэт метал орсон 20 хувь нарийн ур хийц 20 хувь нийт 7.000.000 төгрөгөөр үнэлсэн.

Ё.Манзушир цутгамал /65-1303/ Майдар  Хөөмөл /65-1293/ Сангийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14 тоот тушаалын 2-р хавсралтын Дөрөв Шашин шүтэг 4.1.12 “Цутгамал хөөмөл бурхан, шүтээний зүйлийн хэсэг үнэ 200.000 төгрөгөөр үнэлэхээр байхад Монгол хийцийн бурхан шүтээний зүйл 5.000.000 төгрөг, үнэт металын 20 хувь нийт 5.750.000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь бодит үнэлгээг гаргаагүй хийсвэр дүн гаргасан гэж үзэж байна.

Сангийн сайдын 140 дугаартай 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Түүх соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”-ын ХОЁР-ийн 2.13 Тухайн үзмэр эд өлгийн иж бүрдлийн зүйлсийг харгалзан шинэчилсэн дансны үнийг бууруулахаар заасан байна. 2.14 дахь хэсэгт тухайн үзмэр эд өлгийн зүйлийн эвдрэл гэмтлийн байдлыг харгалзан бууруулан тооцохоор заасан байхад энэ заалтад заасан зүйлсийг бурхан нэг бүр дээр хэрэглээгүй нь харагдаж байна.

Бурхан нэг бүрээрээ гэмтэлтэй байсан болох нь тухайн үеийн Хархорин сумын музейн тооллогын баримтуудаас тодорхой нотлогддог. Дээрх нөхцөл байдлаас хамаарч дахин шинжилгээ хийх шаардлагатай  гэж үзэж байна. Сангийн сайдын 140 дугаартай 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Түүх соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”-ын дагуу дахин мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэж бурхан нэг бүрийн дансны үнийг нарийвчлан гаргаж эвдрэл гэмтэл зэргийн тооллогын материалиудаас харж бурхан нэг бүрийн үнийг үнэн зөв бодитойгоор тогтоох шаардлагатай байсан байхад анхан шатны шүүх буруу дүгнэж хэргийг шийдвэрлэсэн.

Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах хохирлын үнэлгээг хуулийн хурээнд дахин гаргуулах хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах саналтай оролцсон боловч шүүх хүлээн аваагүй. Монгол улсын эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл нь хохирлын үнийн дүнгээс хамааран зүйлчлэлийн хүндрүүлэх асуудал яригддаг бөгөөд энэ хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хуулийн хүрээнд заавал тогтоох ёстой юм. Гэтэл энэ тал дээр анхан шатны шүүх анхаарч үзээгүй мөн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд “ЛЭНДС” үнэлгээний төвийн үнэлгээчин Ганхуяг, Түүх соёлын зэрэглэл үнэлгээ тогтоох зөвлөлийн гишүүн Болд нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь өмгөөлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөдөн байцаалтанд буцааж өгнө үү ...гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Дэнсмаа гаргасан дүгнэлтдээ:

Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул нарт холбогдох хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Хулгайлагдсан бурхадын үнэлгээг зохих байгууллагаар үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан.

 Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь  Сум дундын  шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна ...гэв.

ХЯНАВАЛ:

Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул, Д.Доржсүрэн нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, “Ланд крузер-80” маркийн 77-28 УНО /гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан дугаар 17-77/ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэзуу” музейн Гурван зуугийн зүүн зууд хууль бусаар нэвтрэн орж,

1. Дуйнхор бурхан-Хосгүй үнэт 65-536 /бурхан суурийн хамт алт шармал, суурь жавил хөөмөл, урт нь 32.6 см, өргөн 20.7 см, нийт өндөр 59.8 см/,

2. Жүгдэрнамжил бурхан-Хосгүй үнэт 65-1295 /гууль цутгамал, алт шармал, урт 14.2 см, өргөн 8.2 см, өндөр 17.3 см/,

З. Майдар бурхан 65-1295 /зэс хөөмөл, алт шармал, урт 20.8 см, өргөн 16.1 см өндөр 40 см/,

4. Майдар бурхан 65-1292 /зэс хөөмөл, алт шармал, урт 15.6 см, өргөн 10.4 см өндөр 34 см/,

5. Майдар бурхан 65-1293 /зэс хөөмөл, алт шармал, урт 19.5 см, өргөн 15.6 см. өндөр 38.4 см/

6. Майдар бурхан 65-1294 /зэс хөөмөл, алт шармал, урт 19.2 см, өргөн 15.2 см өндөр 38.5 см/,

7. Манзушир бурхан 65-1303 /гууль цутгамал, алт шармал, урт 12.6 см, өргөн 7.8 см өндөр 15.6 см/ зэрэг бурхадыг хулгайлж 77.500.000 төгрөгийн шууд хохирол, бурхадыг сэргээн засварлахад шаардагдах 17.825.505 төгрөг, эвдэрсэн эд зүйлийн үнэлгээ 752.000 төгрөгийн шууд бус хохирол, нийт 96.077.505 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Содномсүрэнгийн “...2014 оны 05 дугаар сарын 19-ний шөнө 03 цаг 44 минутанд музейн захирал Н.Төмөрбаатар 91995191 дугаарын утсаар залгаж Гурванзуугийн зүүн хийдийн хаалга онгорхой байна гэж харуул хэлсэн би очиж байна гэж хэлсэн. Удаагүй музейн захирал Н.Төмөрбаатар утсаар Гурванзуугийн зүүн хийдээс 65-536 дугаартай гууль цутгамал алт шармал Дүйнхор хосгүй үнэт, 65-1292 дугаартай зэс хөөмөл алт шармал Майдар бурхан, 65-869 дугаартай гууль цутгамал алт шармал Жүгдэрнамжил хосгүй үнэт, 65-1295 дугаартай зэс хөөмөл алт шармал майдар хосгүй үнэт, 65-1293 дугаартай зэс хөөмөл алт шармал Майдар бурхан, 65-1294 дугаартай зэс хөөмөл алт шармал Майдар бурхан, 64-1303 гууль цутгамал алт шармал Манзушир бурхадууд алга болсон гэж надад хэлсэн...” гэсэн /1-р хх-ийн 237-240х/,

“...Хархорин сумын Эрдэнэзуу музейн Гурванзуугаас алдагдсан 7 ширхэг бурхан мөн хэргийн газар унаж гэмтсэн 3 ширхэг бурхадуудыг ССАЖЯ-н Соёлын өвийн төвөөр сэргээн засварлах шаардлагатай байсан тул Соёлын өвийн төвөөр сэргээн засварлах үед гарах зардлыг гаргуулсан. 1. 65-536 1/58 дугаартай Дүйнхор бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 1.072.500 төгрөг, ажлын хөлс 2.900.278 төгрөг, 2. 65-869 2/48 дугаартай Жүгдэрнамжил бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 667.500 төгрөг, ажлын хөлс 2.416.000 төгрөг, 3. 65-1295 3/3 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 490.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 4. 65-1292 3/4 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 535.000 төгрөг, ажлын хөлс 2.416.000 төгрөг, 5. 65-1293 3/5 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 375.000 төгрөг, ажлын хөлс 1.450.739 төгрөг, 6. 65-1294 3/6 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 460.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 7. 65-1303 3/61 дугаартай Манзушир бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 245.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 8. 65-1696 2/16 дугаартай Ногоон Дарь эх бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 175.000 төгрөг, ажлын хөлс 966.759 төгрөг, 9. 65-1298 6/15 дугаартай Луваанжалбуу бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 215.000 төгрөг, ажлын хөлс 483.375 төгрөг, 10. 65-1291 3/4 дугаартай Майдар бурхан сэргээн засварлахад хэрэглэгдэх материалын үнэ 555.000 төгрөг, ажлын хөлс 1.933.519 төгрөг мөн 4 ширхэг шилэн хорго 672.000 төгрөг, 4 ширхэг цоож 80.000 төгрөг, нийт 21.010.145 төгрөгийн хохирол учирсан байна. Уг мөнгийг хэрэг үйлдсэн хүмүүсээс нэхэмжилнэ, гомдолтой байна...” гэсэн /4-р хх-ийн 102х/,

гэрч Д.Энхтөгсийн “...Би 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 20 минутанд Төв аймгийн Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Ариунболд хяналтын камерыг шүүж, ногоон өнгийн Ланд-80 авто машины номер дугаарыг тодруулж, хэдэн цагийн үед постоор өнгөрснийг тодруулаадах гэж үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу камерт шүүж үзэхэд цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Батаа тухайн машины явж өнгөрсөн цагийг сайн мэдэхгүй байна. Тэгээд шөнийн 00 цаг 40 минутанд камерт байгаа машиныг олж харсан, камерт манай зохицуулагч шүгэлдэж, дохиур модоор дохиж зогсоох гэхэд уг машин нилээн хурдтай зогсолгүй явж өнгөрч харагдаж байсныг нягталж шүүхэд уг тээврийн хэрэгсэл нь постоор баруунаас зүүн чиглэлд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 06 цаг 22 минутанд дайрч өнгөрсөн ногоон өнгийн тоёото ланд крузер-80 маркийн, дээрээ ачаагүй, лүктэй, урдаа никель хамгаалалттай, хамгаалалтан дундаа бөөрөнхий шар гэрэлтэй, хайлшин цагаан обунуудтай, урд 2 цонх теньгүй, бусад цонх теньтэй, хойноо шаттай, бүрээсгүй запас дугуйтай, урд номер нь урт хэлбэрийн сер нь мэдэгдэхгүй, 17-77 гэсэн дугаартай, арын номергүй харагдаж байсан. Жолооч нь дунд зэргийн гэхээр биетэй, цэнхэр футболк буюу цамцтай, гадуураа хар куртиктэй байхаар, хажуугийн зорчигч нь нилээн махлагдуу биетэй, дотуураа бараан өнгийн цамц буюу футволктой дээр нь цагаан бичиг эсвэл зурагтай байхаар харагдаж байсан. Арын суудалд хүн явж байгаа юм шиг харагдаж байсан ...” гэсэн /1-р хх-ийн 250х/,

 

гэрч Ж.Бат-Очирын “...өнөөдөр өглөө эрт 04 цаг 20 минутын орчимд урдаасаа буюу засмалаараа бол Хархорин сумаас хойшоо чиглэлтэй явж байсан бараан өнгийн жип маркийн машин явж өнгөрөхийг харсан юм. Урдаасаа өгсөж байгаа нь дуулдаад би сэрээд гэрээсээ гарсан юм. Дуу нь их тод дуутай, цагаан цэнхэр өнгийн тод гэрэлтэй машин их хурдтай яваад өнгөрсөн. Манай музейн урд руу бага зэрэг өгсүүр байдаг. Тэр өгсүүр хавьд явахад л дуу нь дуулдсан байх. Машин ирж байгаа юм болов уу гээд гэрээсээ гартал тэр машин замаар хойшоо өгсөөд яваад өгсөн юм. Манай гэр замаас 200 орчим метр зайтай, тэгээд дөнгөж үүр цайж байсан болохоор тэр машины өнгө, улсын дугаар зэргийг сайн харж чадаагүй. Их хурдтай явбал Хархориноос манай энд иртэл 20-иод минут явах байх. Би дотроо бодохдоо яасан эрт явж байгаа хүмүүс вэ дээ гэж бодоод өнгөрсөн юм. Манай энэ хавиар машин явах нь явж л байдаг. Өнөө өглөө энүүгээр өнгөрсөн машин арай эрт явж өнгөрсөн болохоор би сайн санаж байгаа юм. Тэгэхдээ яг ямар марк загварын ямар машин явсныг тодорхой хэлж чадахгүй байна. Тод цагаан цэнхэр гэрэлтэй, бараандуу, жип машин л байсан...” гэсэн /2-р хх-ийн 4-5х/,

гэрч А.Өсөхгэрэлийн “...Манайх Архангай аймгийн Өгий нуур сумын Өгий нуурын хойд захад оршин суудаг юм. 2014 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим манай гэрээс хойш нэлээн зайтай хар ногоон өнгийн Ланд-80 маркийн авто машин зогсож байгаа харагдсан. Уг машины ойролцоо манай найз Цэрэндоржийн адуу байхаар нь би адууг нь гол руу оруулах гээд яваад очиход уг хар ногоон өнгийн Ланд-80 маркийн авто машины хажууд аргалаар гал түлчихсэн машин дотор гурван залуу унтаж байсан. Тэгээд би адуугаа гол руу оруулчихаад гэртээ ирээд харахад уг машин тэндээ зогсоод л байгаа харагдсан. Намайг гэртээ ирэхэд 19 цаг болж байсан. Тэр Ланд-80 машин 16 цагаас харанхуй болтол тэнд зогсож байгаад явсан. Би очиж уулзаагүй, хажуугаар нь мотоциклтой гараад явсан. Ямар нэгэн номер дугааргүй хар ногоон өнгийн шинэвтэр Ланд-80 маркийн авто машин байсан. Уг машины урд суудал дээр нэлээд том биетэй хоёр залуу тонгойгоод суучихсан арын суудал дээр нэг залуу нь доошоо хараад хэвтчихсэн байгаа харагдсан. Би тэр машин дээр очоогүй болохоор яг ямар хувцастай ямархуу хүн байсан талаар анзаарч хараагүй ямар ч байсан урд суудал дээр суусан хоёр залуу нь дээгүүрээ цагаан өнгийн хувцастай байх шиг байсан. Би тэр машины араар нь тойроод хажуугаас нь адуугаа аваад явсан. Тэр хүмүүс өөдөөс харахгүй доошоо хараад хэвтээд байсан...” гэсэн /2-р хх-ийн 6х/,

 

гэрч Ө.Эрдэнэбаатарын “...Тэр өдөр амралтын өдөр байсан. Би жуулчны бааз дээр өнжсөн. Манай жуулчны бааз Өгий нуурын эрэг дээр байдаг. Тэр өдрийн 14 цаг өнгөрч байх үед манай баазын харалдаа Өгий нуур сумаас хот явдаг төв шороон замын хойд талын шороон замын хажууд бараандуу өнгийн жип маркийн машин зогсож байгаа харагдсан. Би тэр машиныг бааз дээрээсээ л харсан. Манай баазаас хойшоо километр орчим зайд тэр машин баруун урагшаа харсан байрлалтай зогсож байсан. Тэр машинтай хүмүүс тэр газраа ирж зогсоод хөдлөөгүй. Яг зогссон газраа байж байгаад л явсан. Багцаагаар 19-20 цагийн орчимд л явсан байх. Би ойртож очиж хараагүй болохоор яг ямар маркийн машин байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай энд байдаг Өсөхөө гэж залуу машин дээр нь очиж харсан гэсэн. Улсын дугааргүй, Ланд-80 маркийн машин байсан, машин дотор нь гурван хүн байсан. Машин дотроо тонгойж унтчихсан байсан гэж Өсөхөө ярьж байсан. Би бодохдоо туувраа хүлээж байгаа хүмүүс юм болов уу гэж бодсон. Аялаж байгаа хүмүүс бол лав биш байсан. Машин тэрэгнээсээ буугаагүй, нуураар ирж очоогүй болохоор аялагч хүмүүс бол биш байсан байх...” гэсэн /2-р хх-ийн 9-10х/,

 

гэрч М.Батаагийн “...Хар ногоон өнгийн Ланд крузер маркийн урдаа цагаан өнгийн никель хамгаалалт манангийн 2 шар гэрэлтэй хүрээ нь мөн никель, хойд талдаа жолоочийн эсрэг талд гэсэн никель цагаан өнгийн шаттай, дээд талдаа онгойдог лүктэй, улсын дугаар нь урд талдаа 17-77 серийг нь харж амжаагүй хойд талдаа улсын дугааргүй, хойд номер боогдох хэсэг нь шатны доод талдаа запас дугуйтай энэ нь гадна талдаа бүрээсгүй никель обудтай байсан, үрүүлийн бүрээсийг камераар харахад саарал өнгөтэй суудал бор өнгийн, 4 дугуйны обуд нь никель нүүрэн талын шил теньгүй. Урд хоёр хаалганы цонх теньгүй. Хойд хоёр цонх хар теньтэй, машины хойд хаалга мөн хар теньтэй, толь нь хар өнгийн, жолоочийн хажуу талд бүдүүн хүн байсан хар ноосон цамцтай урд хэсэгтээ цагаан өнгийн бичигтэй байсан. Жолооч нь саарал өнгийн куртик өмссөн, саравчтай малгайтай байсан санагдаж байна өнгийг нь сайн харж чадаагүй. Хоёр талын хурд сааруулагч нь дээр хурд хасаагүй нэлээн хурдтай явсан зам голлож явсан. Запас дугуйны доод талд данкраддаг никель сууртай байсан. Би тэр үед баруунаас зүүн тийш явж байсан ачааны машиныг шалгаад бичиг баримтыг нь пост дотор байсан цагдаад өгчихөөд эргээд хартал юу юугүй хурдтай орж ирсэн тэгэхээр нь постны шатан дээрээс буугаад шүгэлдээд дохьсон чинь тэр чигээрээ явсан...” гэсэн /2-р хх-ийн 12х/,

 

гэрч Г.Энхтуяагийн “...Манай нөхөр Мөнхзул 2014 оны 05 дугаар сарын 16-ны өнгөрсөн баасан гаригт ах Д.Доржсүрэнгийн хамт Улаанбаатар хот руу 77-28 УНО дугаартай Ланд-80 маркийн Д.Доржсүрэн ахын машинтай явцгаасан, гэрээсээ гарахдаа хоёулаа явсан. Дараа нь хэн хамт явсныг мэдэхгүй байна. Сийлбэрийн үйлдвэрийн принтер авах ажлаар явсан, тэгээд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр Д.Мөнхзул даваа гаригт ах Д.Доржсүрэнтэй хамт хоёулаа Д.Доржсүрэн ахын машинтай ирсэн. Намайг цэцэрлэгээс хүүхдээ аваад дөнгөж гэртээ ирсэн байхад 17 цагийн орчимд л ирсэн юм...” гэсэн /2-р хх-ийн 121х/ мэдүүлгүүд,

 “...1.Дүрс бичлэг дээрх тээврийн хэрэгсэл нь “Ланд крузер-80” маркийн ногоон хар өнгөтэй, улсын дугаарыг тодорхойлох боломжгүй автомашин байна. 2.Уг хэрэгт хураагдсан байгаа “Ланд крузер-80 маркийн 77-28 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй тохирч байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь дүрс бичлэг дээрх тээврийн хэрэгсэлтэй дараах ерөнхий онцлог шинжүүдээрээ үүнд: 2 талын шилэндээ 4-н бороо усны хамгаалалттай, зүүн урд талын хамар хэсэгт жижиг тольтой, ард талын улсын дугаар үл үзэгдэх урд талдаа төмрөн хамгаалалттай 2 ширхэг шар өнгийн гэрэлтэй, 2 хаалгандаа тольтой, бүхээгний дээр 1 ширхэг салхивчтай, багаажны талд мөнгөлөг цагаан өнгийн шаттай, 1 ширхэг дугуйтай, чиргүүлийн борхоовтой зэрэг онцлог шинжүүдээрээ тохирч байна.....” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.12.01-ний өдрийн 263 тоот дүгнэлт /9-р хх-ийн 42-44х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1-р хх-ийн 11-31х/, Авто машин байсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1-р хх-ийн 32-37х/, Төв аймгийн Лүн сумын постын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 47х, 234х/, Ланд крузер-80 маркийн 77-28 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 61х/, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 71-46 тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1-р хх-ийн 64-70х/, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 71-46 тоот хашаанаас хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1-р хх-ийн 71-83х/, гэрч М.Батаагийн “Ланд крузер-80” маркийн 77-28 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон сэжигтэн нарыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон фото зураг /6-р хх-ийн 206-213х/, гэрч Г.Өсөхгэрэлээр “Ланд крузер-80” маркийн 77-28 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон фото зураг /6-р хх-ийн 214-219х/, хулгайд алдагдсан бурхадын хохирлын хэмжээг тогтоосон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Спортын яамны Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт /8-р хх-ийн 238-248х, 9-р хх-ийн 1-2х/, Эрдэнэ зуу музейн эвдэрч хагарсан эд зүйлийн Хөрөнгийн үнэлгээ /4-р хх-ийн 125х/, Бурхадыг сэргээн засварлахад шаардагдах хөрөнгийн үнэлгээ. 17.825.505 төгрөг /9-р хх-ийн 16-25х/, Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал  нарын сэтгэцийн байдалд гаргасан шинжээчийн дүгнэлтүүд /2-р хх-ийн 189х, 196х, 202х/, Соёл, Спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл /Бурхадын хийцийн талаар 2-р хх-ийн 211х-212х/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /6-р хх-ийн 133-137х/  зэрэг нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал нарт холбогдох хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан нөхцөл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс тэд нарт оногдуулсан хорих ял, дэглэм тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байх тул Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал нар болон тэдний өмгөөлөгч П.Адъяасүрэн, Б.Дашдорж нарын гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 -д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017  оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал нар болон тэдний өмгөөлөгч П.Адъяасүрэн, Б.Дашдорж нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ЭНХМАА   

                                          ШҮҮГЧИД                          Т.ДАВААСҮРЭН        

                                                                                   Д.ЭРДЭНЭБИЛЭГ