Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 351

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Д.У

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “... Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн иргэн Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Иргэн Д.У миний хууль ёсны дагуу эзэмшиж байсан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх нэгж талбарын 178020/0229, 18639308981040 дугаар бүхий 3000 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжаар хүчингүй болгосон болохыг мэдлээ.

Тухайн газрыг анх 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөдөл гарган мөн өөрийн эзэмшиж байсан нэгж талбарын 178016/0059 дугаартай газрыг улсад буцаан өгч улмаар өөр байршилд, хэмжээг өөрчлүүлэн, дуудлага худалдааны анхны үнэ болох 9900000 /Есөн сая есөн зуун мянган/ төгрөгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2611009722 тоот дансанд төлж, хууль ёсны дагуу эзэмшиж байсан билээ. Тухайн үед холбогдох мэргэжилтнүүд бусдын газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй болохыг баталж, кадастрын мэдээллийн санд бүртгэн, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон билээ. Мөн жил бүрийн газрын төлбөрийг төлж байсан болно.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамж гарган Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт, мөн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалт, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 854 дүгээр шийдвэрийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн хавсралтын “37” дахь заалт /иргэн Д.У-д холбогдох/-ыг хүчингүй болсонд тооцсон нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 854 дүгээр шийдвэрийг үндэслэл болгосон байх бөгөөд шүүхийн шийдвэрт миний газрын эрхийг хүчингүй болгохтой холбоотой нэг ч заалт, өгүүлбэр байхгүй байхад Нийслэлийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг үндэслэн хүчингүй болсонд тооцсон нь хууль бус юм.

Хэдий “Ө” ХХК 2006 оноос эзэмшиж байсан гэх боловч 2010 онд хүчингүй болсноос хойш 2015 оныг хүртэл нийтдээ 9 жилийн хугацаанд тухайн газрыг огт ашиглаагүй, газрын төлбөр хэрхэн яаж төлж байсан зэрэг нь эргэлзээтэй байхад шүүх шийдвэрлэсэн байдаг. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасан байдаг.

“Ө” ХХК нь 2006 оноос хойш огт гэрээ байгуулахгүй тухайн газрыг эзэмшиж, төлбөр төлөхгүй, үүрэг хүлээхгүй хууль зөрчиж байсан болох нь нотлогдсон байна. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэн заалтыг үндэслэл болгосон байна. Анх намайг өргөдөл гаргаж байхад хэн нэгэн этгээд тухайн газрыг хуульд заасны дагуу эзэмшээгүй, олгох боломжтой учраас төрийн захиргааны байгууллагаас надад эзэмшүүлсэн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжаас иргэн Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Маргаан бүхий газарт Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны А/215 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Яармагийн гүүрний зүүн талд “Ө” ХХК-д 3.5 га газрыг үйлчилгээний барилга байгууламж барих зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны А/90 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 854 дүгээр шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны А/215 дугаар захирамжийн “Ө” ХХК-д газар эзэмших эрх олгосон үйлчлэлийг сэргээсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга дээрх бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийг биелүүлэн 2017 оны “Шүүхийн шийдвэр биелүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/03 дугаар захирамжийг батлан гаргаж 2015 оны А/990 дүгээр захирамжийн хавсралтын “37” дахь заалт иргэн Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

Мөн нийслэлийн Засаг даргын 2015 оны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/990 дүгээр захирамжаар 3000 м.кв газрыг иргэн Д.У-д олгосон нь “Ө” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар эзэмших эрх бүхий газартай давхацсан гэдгээр хүчингүй болгосон.

Нийслэлийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны “Шүүхийн шийдвэр биелүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/03 дугаар захирамжийг батлан гаргаж шүүхийн шийдвэр болон Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2. /Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана/, 35.2. /Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй/, 31.3-т /Хүсэлт гаргасан нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан бөгөөд Газрын тухай хууль, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахын хүрээнд Нийслэлийн Засаг дарга 2017 оны А/03 дугаар захирамжийг батлан гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.У нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн иргэн Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/191 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 180 м.кв газрыг 5 жилийн хугацаатай амины орон сууцны зориулалтаар Д.У-д эзэмшүүлсэн байх бөгөөд Д.У нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт “...Анх уг газар нь 360 м.кв хэмжээтэй байсан ба газрын маргаанаас болж 180 м.кв газар болж өөрчлөгдсөн. Тухайн газарт үйл ажиллагаа явуулах гэтэл газрын хэмжээ багассан, эргэн тойрон барилга байшин баригдсан тул газрын хэмжээг 3000 м.кв болгож, байршлыг өөрчилж өгнө үү” гэх хүсэлтийг гаргажээ.

Энэхүү хүсэлтийн дагуу Д.У-д Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд амины орон сууцны зориулалтаар 3000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. 

Тус шүүхэд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Ө” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “... “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 854 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 

Энэхүү шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх талаар авах арга хэмжээний тухай” А/03 дугаар захирамжаар биелүүлж, иргэн Д.У-д Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд амины орон сууцны зоиулалтаар олгосон 3000 м.кв газрыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Гэтэл “Хатантуул цэцэрлэгт хүрээлэн” ТББ нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2015 оы 12 дугаар сарын 08-ны өдрийн 854 дүгээр шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг гаргасныг тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар захирамж, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/180 дугаар захирамжуудаар дээрх газрыг Хатантуул цэцэрлэгт хүрээлэн 

ТББ-д эзэмшүүлсэн байсныг Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас мэдэгдээгүйгээс тухайн маргааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Хатан туул цэцэрлэгт хүрээлэн ТББ-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулалгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хангаж, дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, уг хэргийг ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “... Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу Д.У нь газрын хэмжээ байршлыг өөрчлөн эзэмших хүсэлт гаргахад Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжаар “Ө" ХХК-д Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт Яармагийн гүүрний зүүн талд байршуулан орон сууц, үйлчилгээний барилга, байгууламжийн зориулалтаар 3.5 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газрыг Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дүгээр захирамжаар “Ө” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцож, газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон байсан тул давхцалтай байсан гэж үзэх боломжгүй юм. 

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “... Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-д  “..Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газа эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.2-т “...газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”, 40.1.3-т “..шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгууллаагүй”, 40.1.4-т “...байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй” 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “...Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар заасан байх бөгөөд иргэн Д.У-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэгэнт Н   ийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамж гарах үндэслэл болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оы 12 дугаар сарын 08-ны өдрийн 854 дүгээр шийдвэр нь хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэж байх тул нэхэмжлэгч Д.У-ийн гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн иргэн Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжийн иргэн Д.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Ц.ОДМАА