Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2019/0316/З |
Дугаар | 221/МА2019/0558 |
Огноо | 2019-10-30 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2019/0558
“Б э” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Х нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0597 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор “Б э” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0597 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16 дахь хэсэг, Монгол хэлний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Х-ийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0005548 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох “Б э” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч давж заалдах гомдолдоо: “...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч иргэний гаргасан гэмтэлтэй телевизор зарсан гэсэн гомдлоор манай компанид 1902000073 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэж шалгасан. Өөрөөр хэлбэл Монгол хэлний тухай хууль зөрчсөн гэсэн зөрчлийн хэрэг нээгээгүй, энэ талаар манай компанид ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй байж шууд Монгол хэлний тухай хуулиар шийтгэвэр ногдуулсан шийдвэрийг үндэслэлтэй гэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 2.1-д заасан ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх эрхийн зөрчсөн байхад шүүх анхаарсангүй.
Худалдан борлуулж буй барааны зааврыг монгол хэлтэй өгөөгүй тухайд бол “Б э” ХХК нь тухайн барааг үйлдвэрлэдэггүй зөвхөн үйлдвэрлэгчээс худалдан авч борлуулалт хийдэг тул үйлдвэрлэгчээс гаргасан зааврыг монгол хэл дээр болгох боломжгүй бөгөөд зөвхөн орчуулсан орчуулгыг өгөх боломжтой байдаг. Аюулгүйн зааврыг бид дэлгүүрийн бараа олгох хэсэгтээ нүдэнд ил харагдах байдлаар байршуулах, хэрэглэгчид амаар тайлбарлах, шаардлагатай бол орчуулгыг хэвлэж өгөх байдлаар өгч ирсэн. Гэтэл Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар үйлдвэрлэгч, гүйцэтгэгчид үүрэг болгосон зааврыг /бараан дотор ирдэг үйлдвэрлэгч хэвлэсэн/ Монгол хэлтэй болгоогүй гэсэн нь ямар ч боломжгүй /бид зөвхөн орчуулж өгөх л боломжтой/ хууль зөрчсөн шаардлага тавьж байгааг шүүх дэмжсэн нь үндэслэлгүй юм.
Монгол хэлний тухай хууль зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд үйлдвэрлэгчээс бараандаа дагалдуулж хийсэн заавар нь монгол хэл дээр байгаагүй нь манай компани монгол хэлний тухай хууль зөрчсөн хэрэг биш юм. Бид Монгол улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалтгүй монгол компани. Манай бүх үйл ажиллагаа монгол хэл дээр явагддаг бөгөөд гадаад хэлээр үйл ажиллагаа явуулах шаардлагагүй. Хэрэглэгчийн монгол хэлээр мэдээлэл авах эрхийг зөрчөөгүй нь хэрэглэгч би барааг буруу хэрэглээгүй, би цэвэрлэгч шингэн оруулахгүй мэдэж байгаа гээд Иргэний шүүхэд хандсан байгаагаар нь мэдэж болно. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0597 дугаартай шийдвэр нь бодит байдлаас хэт зөрүүтэй, хууль хэрэглээний алдаатай, гомдол гаргагчийн эрхийг зөрчсөн, асуудлыг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн тул тус шийдвэрийн тогтоох хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Б э” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0005548 дугаартай шийтгэлийн хуудсаар “Б э” ХХК-ийг “...иргэн А.Э, С.С нарт худалдсан барааны заавар болох гарын авлагыг монгол хэлээр орчуулаагүй буюу компанийн үйл ажиллагаагаа монгол хэлээр явуулаагүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Үүнийг эс зөвшөөрч, “Б э” ХХК-иас тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд гомдол гаргаж, “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зөрчлийн хэрэг үүсгээгүй үйлдэлд холбогдуулан шийтгэл оногдуулсан нь хууль бус, манай компани үйл ажиллагаагаа монгол хэлээр явуулдаг” гэж тайлбарлан маргажээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “...эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”, 6.1 дүгээр зүйлийн 1-д “Дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”, 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн”, 1.2-т “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн”, мөн зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 2.4-т “зөрчлийн хэрэг нээх” гэж тус тус заажээ.
Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь иргэн А.Э, С.С нарын “...“Б э” ХХК-иас худалдан авсан “Панасоник” брэндийн телевизор нь баталгаат хугацаандаа эвдэрсэн” гэх гомдолд үндэслэн тухайн компанид Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн хэрэг нээж, улмаар тухайн зөрчилд холбогдуулан шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгавар болгож, шийтгэл оногдуулахдаа “Б э” ХХК-ийг компанийн үйл ажиллагааг монгол хэлээр явуулаагүй буюу огт өөр үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дээрх хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэхээр байна.
Тодруулбал, хариуцагчаас “Б э” ХХК-ийг компанийн үйл ажиллагааг монгол хэлээр явуулаагүй, Монгол хэлний тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээгээгүй, уг зөрчилд холбогдуулан шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, холбогдогчоос тайлбар аваагүй атлаа энэ үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “....шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах үндэслэлийг бүрдүүлээгүй, холбогдогчийн оролцоог хангаж, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байна.
Ийнхүү хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй хэрнээ “Б э” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, 0005548 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дээр дурдсан хуулийн заалтуудад нийцээгүй байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй.
Түүнчлэн хариуцагчаас иргэн А.Э, С.С нарын гаргасан гомдолд холбогдуулан үүсгэсэн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан алдааг анхаараагүй, маргаан бүхий шийтгэлийн хуудсанд дурдаагүй үндэслэлээр Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэж “Б э” ХХК-ийг буруутгасан нь үндэслэлгүй болжээ.
Мөн Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэх бөгөөд компанийн үйл ажиллагаа гэдэг ойлголтод компанийн ашгийн төлөөх бүхий л үйл ажиллагаа болон дотоод бүртгэл, албан хэрэг хөтлөлт гэх зэргийг бүхэлд нь хамааруулан авч үзэх шаардлагатай.
Гэтэл хариуцагч улсын байцаагч нь зөвхөн “А.Э, С.С нарын худалдан авсан “Панасоник” брэндийн телевизорын дагалдах гарын авлагыг монгол хэлээр орчуулаагүй” гэх үйл баримтад үндэслэн Монгол хэлний тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.1-д заасан хуулийн этгээд үйл ажиллагаагаа монгол хэлээр хөтлөн явуулаагүй гэж дүгнэн шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, компанийн үйл ажиллагаа гэх ойлголтыг зөвхөн үүгээр хязгаарлан ойлгох боломжгүй юм.
Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0005548 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагч “Б э” ХХК-ийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0597 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, Зөрчлийн тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Б э” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0005548 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Б э” ХХК-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгож, мөн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН