Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2022/0392/З |
Дугаар | 001/ХТ2023/0018 |
Огноо | 2023-03-20 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2023/0018
“Ш-У х” ХХК-ийн
нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Г.Банзрагч
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: А.Гантогтох
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0712 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2022/0770 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Б.М, Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-У (цахимаар) нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: ““Ш-У х” ХХК-д холбогдох хэсэг болон тус захирамжийн хавсралтын 12 дахь мөрийн 7 дахь баганын 5 жил гэснийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/962 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, “Ш-У х” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг газар ашиглах эрхийг анх олгосон хугацаа буюу 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 60 жилээр тооцсон хугацаагаар олгохыг даалгуулах” нэхэмжлэлийг гаргасан.
2.1. Тус компаниас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нийслэлийн Өмчийн харилцааны газарт /хуучнаар/ хандан газрын зориулалт дээр оффис, орон сууцны зориулалтыг нэмж оруулах хүсэлтийг гаргасан ба нийслэлийн Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын дүгнэлтээр зориулалтыг өөрчлөх асуудлыг хэлэлцэн зөвшөөрч, газар ашиглах хугацааг 52 жил гэж тэмдэглэсэн.
2.2. Уг дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 дугаар захирамжийг гаргахдаа өмнөх 2007 оны 473 дугаар захирамжийн “Ш-У х” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгож, хавсралтын 12 дахь хэсгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг 5 жил болгон багасгаж шийдвэрлэсэн, уг захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргасны дагуу захиргааны байгууллагаас 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг 50 жил болгож, газар ашиглах эрхийн 000345931 дугаартай гэрчилгээг шинэчлэн олгосон ба 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийн ***дугаартай гэрчилгээг дахин олгожээ.
2.3. “Ш-У х” ХХК-аас 2020, 2021 онд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Засаг даргад хандан гэрээ, гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасан байх бөгөөд Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаар тэмдэглэлээр газар ашиглуулах хугацааг 5 жилээр сунгахаар шийдвэрлэсэн, уг дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/962 дугаар захирамжаар “Ш-У х” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгаж, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр газар ашиглуулах гэрээ байгуулж, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар 5 жилийн хугацаанд ашиглуулахаар аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийн 0000023203 дугаартай гэрчилгээг дахин олгожээ.
2.4. Нэхэмжлэгч “Ш-У х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... бидэнд урьдчилан мэдэгдэлгүй, холбогдох тайлбарыг авалгүйгээр манай компанийн газар ашиглах эрхийн хугацааг 50 жил байсныг 5 жилийн хугацаатай болгон өөрчилсөн төдийгүй газрын талбайн хэмжээг 30,000 м.кв байсныг 29,976 м.кв болгон өөрчилсөн байсан ...” гэж тодорхойлон, улмаар “... хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлт, Газар барилгажилтын зөвлөлийн дүгнэлтийн дагуу захирамж гаргахдаа үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг богиносгосон, маргаан бүхий акт нь зөвхөн газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай асуудлаар гарсан төдийгүй үндэслэл хэсэгтээ зөвхөн эдгээртэй холбоотой хууль тогтоомжийг дурдсан, маргаан бүхий актын үндэслэл хэсэгт аливаа хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн хугацаа богиносгохтой холбоотой үндэслэл огт дурдаагүй ...” гэж маргасан.
2.5. Хариуцагчаас маргаан бүхий 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/962 дугаар захирамжийн үндэслэлдээ “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг; 2015 оны 12 дугаар зүйлийн 21-ний өдрийн А/985 дугаар захирамжийн үндэслэлдээ “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалт, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” тушаал, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр “Журам батлах тухай” тогтоолыг тус тус баримталсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нийслэлийн Засаг даргын 2015 оны А/985 болон 2021 оны А/962 дугаар захирамжууд нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6-д заасантай нийцсэн, манайд мөрдөгдөж байгаа нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу “5 жил” гэдэг боломжит хугацааг олгосон, тус шийдвэрийг зөвшөөрч нэхэмжлэгч тал газар ашиглах гэрээгээ байгуулсан бөгөөд газар ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтээ дахин гаргасны дагуу дахин 5 жилээр сунгасан, ... нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан хугацаандаа шүүхэд хандаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацааг хэтрүүлсэн ...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэг, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн /1993 он/ 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... маргаан бүхий захиргааны акт нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид холбогдох хууль журмыг баримтлалгүйгээр зөвхөн Газрын тухай хуулийг хэрэглэж газар ашиглах эрхийн хугацааг үндэслэлгүйгээр богиносгосон нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, ... хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байх тул нэхэмжлэгч компанийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж буруутгах боломжгүй ...” гэж дүгнэсэн.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 302 дугаар тогтоолд “Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн ... Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ... газар ашиглуулах хугацааг 30 жил ... байхаар тогтоосугай” гэсэн нь уг маргааны асуудалд хамааралгүй зохицуулалт байна” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “44 дүгээр зүйлийн 44.5” гэсэн хуулийн заалтыг хассан өөрчлөлтийг оруулсан.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
6.1. “Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасны дагуу шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.
6.2. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолд хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, мөн зүйлийн 21.3.2-т тус тус заасан “... Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар ...” гэдэгт аймаг, нийслэлийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан, түүнчлэн (газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөнд барьж байгуулагдахаар төлөвлөгдсөн, дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрээс Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан “барилгын техникийн нөхцөл”-ийг авч болох газар хамаарна гэж заасан.
6.3. Тиймээс нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын 3.1 дэх хэсэгт “Хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, газар дээрх үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийн ашиглалтын зориулалт, хийц, газрын гэрээний үүргийн гүйцэтгэлийг үндэслэл болгон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 40 хүртэл жил, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 хүртэл жилээр сунгах тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасныг баримталсан.
6.4. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж заасан. Тиймээс анхан шатны шүүхээс 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 60 жилээр тооцсон хугацааг олгохыг хариуцагчид даалгасан нь нийслэлийн Засаг даргад хууль зөрчиж, шийдвэр гаргахыг даалгасан нь үндэслэлгүй” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.
ХЯНАВАЛ:
8. Хяналтын шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний болон процессын зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
9. Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:” гээд 14.1.1-д дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол”, 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан.
10. Хариуцагч нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 дугаар захирамжаар “Ш-У х” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг 5 жил болгон багасгасан, уг захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нийслэлийн Өмчийн харилцааны газарт гомдол гаргасны дагуу захиргааны байгууллагаас 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр С дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай 30,000 м.кв газрыг 50 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар *** дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон боловч дахин 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр уг газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийн *** дугаартай гэрчилгээ олгосноос гадна нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/962 дугаар захирамжийг үндэслэн тус газрыг 5 жилийн хугацаанд ашиглуулахаар *** дугаартай аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийн гэрчилгээг дахин олгожээ.
11. Нэхэмжлэгч “Ш-У х” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2021 оны А/962 дугаар захирамжийг хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр захиргааны байгууллагад гомдол гаргасныг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02-06/709 дугаартай албан бичгийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд хандсан байна.
12. Нэхэмжлэгч нь тухайн үед нийслэлийн Засаг даргын 2015 оны А/985 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаагүй (гэрчилгээнд дурдсанаар хугацааг 50 жил гэж өөрчилсөн) боловч түүний эрхийг зөрчсөн нийслэлийн Засаг даргын 2021 оны А/962 дугаар захирамжийг эс зөвшөөрч хүлээн авснаас хойш хуульд заасан 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд хандсан нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй юм.
13. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн “... Нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргын 2015 оны А/985 дугаартай захирамжтай маргаж байгаа нь дээр дурдсанчлан урьдчилан шийдвэрлүүлэхээр бүхий л арга хэмжээг хэрэгжүүлж байснаас гадна хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байх тул нэхэмжлэгч компанийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж буруутгах боломжгүй, ... нийслэлийн Засаг даргын 2021 оны А/962 дугаар захирамжийг хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргаж, хариуцагч тус гомдлыг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шийдвэрлэн хариу өгсөн байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй ...” гэх дүгнэлтүүд үндэслэлтэй.
14. Хоёр. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно”, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн /1993 оны/ 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний үндсэн хугацаа эхний ээлжинд 60 жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно”, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно:” гээд 12.1.1-д газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэж тус тус заажээ.
15. Хэрэгт авагдсан Хөрөнгө оруулалтын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тогтворжуулах гэрчилгээ олгох тухай” А/193 дугаар тушаал, тогтворжуулах гэрчилгээ зэргээс үзэхэд, нэхэмжлэгч “Ш-У х” ХХК нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд түүнд нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 473 дугаар захирамжаар Улаанбаатар хотын С дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар 30,000 м.кв газрыг 60 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, улмаар 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр газар ашиглах эрхийн 0000716 дугаартай гэрчилгээ олгосон; нэхэмжлэгчээс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нийслэлийн Өмчийн харилцааны газарт /хуучин нэрээр/ “... ашиглах эрхтэй газрын зориулалтад оффис, орон сууцны зориулалтыг нэмж оруулах хүсэлт”-ийг гаргаж, нийслэлийн Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын дүгнэлтээр ... зориулалт өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэж, улмаар газар ашиглах хугацааг 52 жил гэж тэмдэглэсэн байхад нийслэлийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 дугаар захирамжийг гаргахдаа нийслэлийн Засаг даргын 2007 оны 473 дугаар захирамжийн “Ш-У х” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгож, хавсралтын 12 дахь хэсгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг 5 жил болгон багасгасан нь хууль бус болжээ.
16. Учир нь газар ашиглах хугацаатай холбогдуулан нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаагүй, тухайн газар ашиглалтад нөлөөлөхүйц бодлогын болон бусад нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, гагцхүү ашиглаж буй газрын зориулалтад “оффис, орон сууц” гэж нэмэх хүсэлт гаргасан байхад уг хүсэлтэд тулгуурлан дээрх газар ашиглах эрхийн хугацааг “60 жил” байсныг “5 жил” болгон өөрчилсөн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;” зарчимтай нийцэхгүй юм.
17. Өөрөөр хэлбэл, урт хугацаанд газар ашиглах эрх олгосныг үндэслэн нэхэмжлэгчээс хөрөнгө оруулалт хийж, зочид буудал, үйлчилгээ, оффис, орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгө бий болгосон нь нийтэд илэрхий бөгөөд хариуцагчаас “... нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам”-аар бол 5 жил байна гээд зохицуулсан тул үүнд нийцүүлсэн ...“ гэснээс өөрөөр газар ашиглах хугацааг багасгаж шийдвэрлэснээ үндэслэл бүхий тайлбарлаагүй, дээр дурдсанаар нөлөөлөхүйц өөр бусад хүчин зүйл тогтоогдохгүй байхад анх ашиглуулахаар шийдвэрлэсэн хугацааг үндэслэлгүй багасгаж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн дээрх зарчимд нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
18. Тиймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн “... маргаан бүхий захиргааны акт нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид холбогдох хууль журмыг баримтлалгүйгээр зөвхөн Газрын тухай хуулийг хэрэглэж газар ашиглах эрхийн хугацааг үндэслэлгүйгээр богиносгосон нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн”, “... нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан ...” гэсэн дүгнэлт үндэслэл бүхий ба маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2015 оны А/985 дугаар, 2021 оны А/962 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосон нь зөв; хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын “... Тиймээс нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын 3.1 дэх хэсэгт “Хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, газар дээрх үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийн ашиглалтын зориулалт, хийц, газрын гэрээний үүргийн гүйцэтгэлийг үндэслэл болгон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 40 хүртэл жил, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 хүртэл жилээр сунгах тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасныг баримталсан ...” гэх хэсгийг хүлээн авах боломжгүй.
19. Гурав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:” гээд 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;” гэж, 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:” гээд 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;”, 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж нэхэмжлэлийн шаардлагын төрөл болон түүнийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн төрлийг хууль тогтоогч ялгамжтай зохицуулжээ.
20. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээхээр хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн төрөл (боломж)-өөс аль тохирохыг сонгон авч, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох ба шүүх энэхүү тодорхойлсон шаардлагын хүрээнд хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан шийдвэрийг гаргах үүрэгтэй; өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч этгээд нь зөрчигдсөн эрхээ сэргээх эрх нь нэг л шаардлагын хүрээнд хамгаалагдах боломжтой байхад тэрхүү нэг маргаанд бүхий л, эсхүл хэд хэдэн төрлөөс зэрэг сонгон авч нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах боломжгүй бөгөөд захиргааны процессын эрх зүйн онолд ч мөн “нэг маргааны зүйлд хэд хэдэн бие даасан нэхэмжлэл гаргахгүй” (Г.Банзрагч. Захиргааны процессын эрх зүй., УБ., 2019, 156 дахь тал) гэдэг үзэл баримтлал байдаг.
21. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон “нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 дугаар болон 2021 оны А/962 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох” үндсэн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгосноор өмнөх 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 473 дугаар захирамжийн үйлчлэл сэргэж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах боломжтой байхад нэмж тодорхойлсон “Ш-У х” ХХК-ийн “газар ашиглах эрхийн гэрчилгээг газар ашиглах эрхийг анх олгосон хугацаа буюу 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 60 жилээр тооцсон хугацаагаар олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй; давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасныг хэрэгжүүлж, анхан шатны шүүхийн алдааг залруулаагүй нь буруу болжээ.
22. Тодруулбал, нэхэмжлэгчийн хувьд хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргээгдсэн буюу маргаан дууссан, “даалгах” шаардлага гаргах эрх зүйн маргаан байхгүй гэдэг агуулгаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
23. Иймд, нэхэмжлэгчийн тодорхойлсон “даалгах” шаардлагыг хуульд зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэр, магадлалд оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0712 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2022/0770 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн /1993 оны/ 21 дүгээр зүйлийн 5, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 дугаар захирамжийн “Ш-У х” ХХК-д холбогдох хэсэг болон тус захирамжийн хавсралтын 12 дахь мөрийн 7 дахь баганын 5 жил гэснийг хууль бус болохыг, мөн нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/962 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон тус тус хүчингүй болгосугай.” гэж;
2. Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Ш-У х” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг газар ашиглах эрхийг анх олгосон хугацаа буюу 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 60 жилээр тооцсон хугацаагаар олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн 2 дахь заалт нэмж, “2” гэсэн дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Х.БАТСҮРЭН
М.БАТСУУРЬ