Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Басбишийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

           

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2016/00282 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн  Жаргалант сумын Магсаржав багийн 62 айлын орон сууцны 10 тоотод оршин суух Тольтон бургууд овогт Даваажавын Басбишийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах Капитал банкны 993 дугаар салбарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Басбиш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өсөхгэрэл, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай.

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Д.Басбиштэй байгуулсан 153 тоот зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлуулах, үндсэн зээл 247,267, 776.28 төгрөг, зээлийн хүү 37,217,328.82 төгрөг, торгуулийн хүү 1,891,014.95 төгрөг, нийт 286,376,120 төгрөгийг гаргуулах тухай.

            Нэхэмжлэлийн агуулга: “Ховд аймагт байсан Анод банк татан буугдахад тус банканд манай компани 388 сая орчим зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан. Татан буугдсан Анод банкны захирал П.Батбаяр нь одоогийн Капитал банкны захирал бөгөөд П.Батбаяр, Б.Ганбаатар нар нь намайг дуудаж, төвтэйгөө хийж байсан радио хуралд суулгаж, Анод банкны өрийг яаралтай төл, тэгэхгүй бол хөрөнгийг хураана, эсвэл манай банктай зээлийн гэрээ байгуул гэж тулган шаардсаны улмаас гэрээ хийхээр болж дараа нь хэдэн баримтад гарын зуруулж, Капитал банканд 584 сая төгрөг төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Гэхдээ би банканд 584 сая төгрөгийн зээл өгөхийг хүссэн хүсэлт, өргөдөл гаргаагүй юм. Би гэрээ байгуулснаас хойш нэг ч төгрөг банкнаас авч бизнес хийгээгүй боловч сар бүр 15,460,500 төгрөгийг төлсөөр өнөөдрийн байдлаар 680,000,000 сая төгрөгийн зээл, зээлийн хүү төлсөн. Дээрх зээлийн гэрээг байгуулахдаа миний бизнесийг цаашид ч дэмжинэ, нэмж зээл олгоно гэж хэлж байсан боловч надад ямар ч зээл олгоогүй бөгөөд намайг төөрөгдүүлэн хууран мэхлэх замаар гэрээ хийгдсэн гэж үзэж байна. Капитал банк нь миний Анод банканд төлөх ёстой өрийг өөрийн банканд татан авч агуулгыг нь хувиргасан, бодит шинж чанар, хэлбэр, байршлыг нь өөрчилж бизнесийн зээл болгосон нь “мөнгө угаасан” үйл ажиллагаа юм. Иймд 153 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү” гэжээ.

           

            Сөрөг нэхэмжлэлийн агуулга: “Д.Басбиш нь 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус банктай 153 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 584,000,000 /таван зуун наян дөрвөн сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэй, Жижиг дунд бизнесийн зээл авснаас үндсэн зээл 336,732,223.62 төгрөг, зээлийн хүү 328,478,454.54 төгрөг, торгуулийн хүү 2,294,895.81 төгрөг, нийт 667,505,574 төгрөгийг төлжээ.

Гэтэл Д.Басбиш нь зээлийн гэрээний үүргээ зөрчин 340 хоног зээлийн эргэн төлөлтийн графикаа зөрчин, зээлээ төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээл 247,267, 776.28 төгрөг, зээлийн хүү 37,217,328.82 төгрөг, торгуулийн хүү 1,891,014.95 төгрөг, нийт 286,376,120 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж 1,589,830.6 төгрөгийг нэмж тооцон нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар: “Капитал банктай 2011 оны 11 дүгээр сарын 25-нд байгуулсан 153 тоот зээлийн гэрээний утга, агуулга, хэлбэр нь зээлийн гэрээ биш. Зээлдэгч гэх Д.Басбишийн эрх ашигт үл нийцсэн, татан буугдсан Анод банканд төлөх Оюумандал ХХК-ний өрийг өөр банканд татан авч хувь хүний зээл болгон надаар төлүүлсэн үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Мөн дээрх гэрээнд заагдсан 584 сая төгрөгөөс би нэг төгрөгийн зарцуулалт хийгээгүй, банк бүх зарцуулалтыг хийсэн. Тус банканд бизнес хийхэд зориулж зээл олгохыг олон удаа хүссэн боловч зээл олгоогүй учир 153 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна” гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2016/00282 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Басбишийн нэхэмжлэлтэй, хариуцагч Капитал банканд холбогдох 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 153 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэл, Капитал банкны Д.Басбишид холбогдох үндсэн зээл 247,267, 776.28 төгрөг, зээлийн хүү 37,217,328.82 төгрөг, торгуулийн хүү 1,891,014.95 төгрөг, нийт 286,376,120 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Басбишийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, Капитал банкны сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,589,830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Ховд аймаг дахь Капитал банкны захирал П.Батбаяр намайг ноцтой төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн гэрээнд гарын үсэг зуруулахдаа Иргэний хуулийн мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцно гэх заалтыг зөрчсөн байхад анхан шатны шүүх үүнд ач холбогдол өгч, нотлох баримтыг нэг бүрчлэн нарийвчлан үнэлж, дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасан. Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Капитал банкнаас 585,200,000 төгрөгийг бэлнээр авсан бол авсан мөнгөний мөнгөн дэвсгэртийн тоо хэмжээ, тухайн өдрийн кассын орлого, зарлагын тайланг Капитал банкнаас гаргуулж авах, мөн 2011 оны 11 сарын 26-ны өдөр 2033001330 дугаартай дансанд 130,000,000 төгрөг, 2033001329 дугаартай дансанд 349,877,301 төгрөгийг зээлж авсан гарын үсэг, тамга, тэмдэг, зээлийн гэрээ, барьцааны гэрээг Капитал банкнаас гаргуулж авах тухай хүсэлтүүдийг шүүх бүрэн хангаж шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдаан хийж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шинжээч томилуулах, шинжлэн судлах, гэрч асуулгах, хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт гаргуулах шаардлагатай болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны    шүүхийн  шийдвэр хууль ёсны   байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч  Д.Басбиш нь  зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай     тухай нэхэмжлэлийн шаардлагыг  Капитал банкны Ховд салбарт  холбогдуулан    гаргаж, Капитал банк нь зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлаж, зээлдүүлсэн  мөнгөний үлдэгдэл  үндсэн зээл 247.267.776 төгрөг, зээлийн хүү 37.217.328 төгрөг торгуулийн хүү 1.891.014 төгрөг нийт 286,376.120 төгрөг улсын тэмдэгтийн хураамж  1.589.830 төгрөг, нотариатын хураамжийг нэмж тооцож гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг  нэхэмжлэгч  эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч  зээлдэгч нь   Анод банканд зээлтэй байсан ба тус банк нь 2011 онд татан буугдсан тул зээлдэгчийн Анод банкан дахь зээлийг Монгол банкны журмаар Анод банкнаас Капитал банканд шилжүүлсэн бөгөөд зээлдэгч Капитал банкнаас 2011 оны 11 дүгээр сарын 24-нд 584.000.000 төгрөгийн зээл авч Анод банкан дахь зээлээ төлж, манай банкнаас 2011 онд авсан дээрх зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу 2015 оны 2 сар хүртэл төлж байгаад үүнээс хойш төлөхөө болж хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарласан боловч зээлдэгчийн Анод банкан дахь зээлийг Монгол банкны журмаар Анод банкнаас Капитал банканд шилжүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар нотлоогүй байна.

Хариуцагч нь  2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өөрийгөө шүүхэд төлөөлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрх үүргийг эдлэж оролцуулахаар зээлийн мэргэжилтэн Д.Өсөхгэрэлд    итгэмжлэл олгосон байна.

Шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх үүргийг танилцуулсан боловч  түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасныг зөрчсөн байхаас гадна мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчжээ.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн оролцогчид хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх зэрэг хуульд заасан бусад эрх эдэлдэг. Гэтэл шүүх хариуцагчийг хэргийн материалтай танилцуулаагүй дээрх хуульд заасан эрхийг нь  зөрчсөн байна./хх-ийн 180 дугаар тал/

  Анхан шатны шүүх   хэргийг  хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан “ хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн” байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах гомдол болон хэргийн агуулгад дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 153/ШШ2016/00282 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж,нэхэмжлэгч Д.Басбишид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

 

                                  

                                                                                    Н.ТУЯА