Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01303

 

Г.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/02196 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00853 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 1073 дугаар магадлалаар 161,331,039 төгрөгийг Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Н миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн **-р хороо, *-р хэсэг гудамж, 227/2 хаягт байрлах 20 м.кв талбайтай зуслангийн сууц, Чингэлтэй дүүргийн **-р хороо,*-р хэсэг гудамж, 227/1 тоот хаягт байрлах 184.82 м.кв талбайтай зуслангийн сууц, *** тоот хаягт байрлах 93 м.кв талбайтай хувийн сууц, нэгж талбарын ******* дугаартай 700 м.кв талбайтай эзэмшлийн газар, нэгж талбарын ************дугаартай 700 м.кв талбайтай эзэмшлийн газрыг тус тус дуудлага худалдаанд оруулахаар битүүмжлэн хураасан. Улмаар битүүмжлэгдэж, хураагдсан үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааны үнийг тодорхойлуулахаар А ХХК-ийг шинжээчээр томилсон. А ХХК нь хөрөнгийн үнэлгээг тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлэхдээ холбогдох хууль, дүрэмд нийцүүлэн үнэлээгүй. Учир нь, төлбөр авагч болон төлбөр төлбөр төлөгчийн гомдлоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/03224 дугаар шийдвэрээр А ХХК-ийн үнэлгээг хүчингүй болж, энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч М.Б 2024 оны 02 сарын 02-ны өдрийн 2/49 дугаартай тогтоолоор Г ХХК-ийг шинжээчээр томилжээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 сарын 14-ний өдрийн 4-229/3729 дугаар мэдэгдлээр Г ХХК-ийн үнэлгээний тайланг танилцуулсан. Тус үнэлгээгээр миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 343,290,750 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Г ХХК-ийн үнэлгээгээр миний эзэмшлийн 1,400 м.кв газрыг 37,164,000 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан бодитой байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. 2024 оны 02 сарын 01-ний байдлаар Чингэлтэй дүүргийн **-р хороонд байрлалтай 700 м.кв газрыг unegui.mn сайтад 35,000,000 төгрөгөөр худалдахаар зар байршуулсан байна. Гэтэл миний 1,400 м.кв газрыг 37,164,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэхээр байна. Мөн Г ХХК нь үнэлгээний тайландаа миний газрыг дангаараа хэдэн төгрөгөөр хэрхэн үнэлэгдэх талаар дурдаагүй нь үнэлгээний тайланг бодитой гарсан гэж үзэх үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээгээр миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн **-р хороо, 2-р хэсэг гудамж, 227/2 хаягт байрлах 20 м.кв талбайтай зуслангийн сууц, Чингэлтэй дүүргийн **-р хороо, *-р хэсэг гудамж, 227/1 тоот хаягт байрлах 184.82 м.кв талбайтай зуслангийн сууц, *** тоот хаягт байрлах 93 м.кв талбайтай хувийн сууц зэргийг чанар байдлын хувьд дунд зэрэг гэж үнэлсэн нь бодит байдалтай нийцээгүй. Иймд Г ХХК-ийн 2024 оны 02 сарын 12-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00853 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 1073 дугаар магадлалын дагуу Г.Г, Г.Н нараас 160,301,382 төгрөг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Г.Г, Г.Н нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгө болох Г.Г-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, Чингэлтэй дүүргийн **-р хороо, Ж /15102/, 2-р хэсэг гудамж, *** тоотод байрлах 93 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, нэгж талбарын ******* дугаартай Чингэлтэй дүүргийн **-р хороо, Ж зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 2022 оны 11 сарын 29-ний өдрийн 22381361/05 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 сарын 15-ны өдрийн 22381361/19 дугаар тогтоолоор хураасан. Эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, Чингэлтэй дүүргийн **-р хороо, Ж /15102/, *-р хэсэг гудамж, 227/1 тоотод байрлах 184.82 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-**************дугаартай, Чингэлтэй дүүргийн **-р хороо, Ж /15102/, 2-р хэсэг гудамж, 227/2 тоотод байрлах 20 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, Эрхийн улсын бүртгэлийн Г-******** дугаартай Чингэлтэй дүүргийн **-р хороо, Ж 2-р хэсэг гудамж, 227/1 тоотод байрлах, 700 м.кв талбайтай газрын хамт 2022 оны 11 сарын 29-ний өдрийн 22381361/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 сарын 15-ны өдрийн 22381361/20 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээ дээр харилцан тохиролцоогүй тул 2024 оны 02 сарын 02-ны өдрийн 2/49 дугаар тогтоолоор Г ХХК-ийг шинжээчээр томилж тус хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 343,29,750 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээг талуудад 4-229/3727, 4-229/3729, 4-229/3728 дугаар мэдэгдлээр 2024 оны 02 сарын 14-ний өдөр танилцуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж шинжээч Г ХХК нь хөрөнгийн үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус зааснаар хариуцагч Н-т холбогдох Г ХХК-ийн 2024 оны 02 сарын 12-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.1. Миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн **-р хороо, 2-р хэсэг гудамж, 227/2 хаягт байрлах 20 м.кв талбайтай зуслангийн сууц, Чингэлтэй дүүргийн **-р хороо, 2-р хэсэг гудамж, 227/1 тоот хаягт байрлах 184.82 м.кв зуслангийн сууц, **** тоот хаягт байрлах 93 м.кв талбайтай хувийн сууц, нэгж талбарын ******* дугаартай, 700 м.кв талбайтай эзэмшлийн газар, мөн хаягт байрлах нэгж талбарын ************дугаартай, 700 м.кв талбайтай эзэмшлийн газрыг шинжээчээр томилогдсон Г ХХК дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө болон эзэмшил газрын зах зээлийн үнийг нийт 343,290,750 төгрөг болохыг тогтоосон нь өмнө тогтоосон А ХХК-ийн тогтоосон үнээс даруй 80,000,000 төгрөгөөр илт бага байдаг.

4.2.  Нэхэмжлэгч талаас 2024 оны 04 сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газрын Эдийн засгийн шинжилгээний газрыг шинжээчээр томилж Г ХХК-ийн 2024 оны 02 сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь холбогдох стандарт, дүрэм, журам, норм, норматив, хууль тогтоомжид нийцсэн үндэслэлтэй эсэхийг тогтоох Хөрөнгийн үнэлгээний шинжилгээг хийлгүүлэх тухай хүсэлт гаргасны ач холбогдол нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлд заасан Г ХХК-ийн дүгнэлт үндэслэлгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчиж гаргасан гэх тайлбараа нотлоход чухал ач холбогдолтой байсан. Гэвч шүүх энэ хүсэлтийг ач холбогдолгүй гэж үзэж хангахаас татгалзсан атлаа биднийг нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэж нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн хувьд Г ХХК-ийн үнэлгээг хууль зөрчиж гаргасан учраас тогтоосон зах зээлийн үнэлгээ нь үндэслэлгүй гэж маргадаг. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь өөрөө Хөрөнгийн үнэлгээ хийх хуулийн этгээдэд хандах нь ач холбогдолгүй. Тухайн хуулийн этгээд нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс томилогдоогүй байх бөгөөд бусад ижил төрлийн хуулийн этгээдийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй, хууль зөрчөөгүй эсэхийг шалгах эрх хэмжээгүй юм. Нөгөө талаас нэгэнт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага буюу төрийн албадлага хэрэглэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоосон шинжээчийн дүгнэлтийг өөрийн хүсэлтээр гаргуулсан шинжээчийн дүгнэлтээр няцаах эсэх нь харьцангуй бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй юм.

4.3.  Дээрхээс үзвэл бусад хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй этгээдээс гарах дүгнэлт нь тухайн эд хөрөнгийн үнэ цэнийг тогтоох ажиллагаа болохоос биш Г ХХК-ийн үнэлгээ хуульд нийцсэн эсэхийг тогтооход ач холбогдолтой биш юм. Нэхэмжлэгч нь Г ХХК-ийн гаргасан 2024 оны 02 сарын 12-ны өдрийн үнэлгээ нь дотроо агуулгын хувьд зөрүүтэй, эргэлзээтэй, ямар үндэслэл, стандарт, аргачлалын дагуу хөрөнгийн үнэ цэнийг бууруулсан болох нь тодорхойгүй, хөрөнгийн үнэлгээний зорилгод нийцээгүй, үнэлгээний зүйлийн онцлог шинжийг харгалзаагүй, үндэслэлгүй зуслангийн сууцуудын зах зээлийн үнийг бууруулсан бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Энэ алдаа нь хөрөнгийн үнэ цэнийг бодитой бусаар тодорхойлоход хүргэсэн гэж маргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5.  Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан болохыг тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өмнөх шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд хөрөнгийн үнэлгээ өмнөх үнэлгээтэй адилхан гарах ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Н-т холбогдуулан 20 м.кв талбайтай зуслангийн сууц, 184.2 м.кв талбайтай зуслангийн сууц, 93 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, мөн 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэргийг нийт 343,290,750 төгрөгөөр үнэлсэн Г ХХК-ийн 2024 оны 02 сарын 12-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан... үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Г.Г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргасан байна.

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00853 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 1073 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 сарын 29-ний өдрийн 001/ХТ2022/00380 дугаар тогтоолоор хариуцагч Г.Г, Г.Н нараас 160,301,382 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, хариуцагч нар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Г.Г-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, **-р хороо, Ж /15102/, *-р хэсэг гудамж, 227/1 тоот хаягт байршилтай 184.82 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, Чингэлтэй дүүрэг, **-р хороо, Ж /15102/, 2-р хэсэг гудамж, 227/2 тоот хаягт байршилтай 20 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, Чингэлтэй дүүрэг, **-р хороо, Ж /15102/, 2-р хэсэг гудамж, *** тоот хаягт байршилтай 93 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, Г.Г-ийн эзэмшлийн нэгж талбарын 18641325718277 дугаартай, Чингэлтэй дүүрэг, **-р хороо, Ж зусланд байршилтай 700 м.кв талбайтай газар, нэгж талбарын ******* дугаартай, Чингэлтэй дүүрэг, **-р хороо, Ж зусланд байршилтай 700 м.кв талбайтай газар зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Н-т даалгаж шийдвэрлэжээ.

5. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2022 оны 10 сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2022 оны 11 сарын 04-ний өдөр хөрөнгийн эрх түдгэлзүүлж, 2022 оны 11 сарын 29-ний өдөр эд хөрөнгө битүүмжилж, 2024 оны 01 сарын 15-ны өдөр эд хөрөнгө хурааж, улмаар 2024 оны 02 сарын 02-ны өдөр барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгохоор Г ХХК, Д.Б-г шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 44.2.9, 44.2.14, 49 дүгээр зүйл 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

6.  Г ХХК-ийн үнэлгээчин Д.Б нь Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч Д.Б-д 2024 оны 02 сарын 02-ны өдөр хууль сануулж, эрх, үүрэг тайлбарласан байна.

 7. Г ХХК-ийн үнэлгээчин Д.Б нь үнэлгээний тайландаа үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн байршил, хэмжээ, зориулалт, бүтээц, шинж байдал, чанар байдал зэргийг тодорхой тусгаж, өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн хандлагын арга, аргачлалыг ашиглаж, 2024 оны 02 сарын 12-ны өдрийн байдлаарх зах зээлийн үнэлгээг нийт 343,290,750 төгрөг гэж үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасантай нийцсэн байх ба ...зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн... гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд ...миний өмчлөлийн зуслангийн хувийн сууц, эзэмших эрхтэй газрыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн... гэсэн нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулж, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй тул ...анхан шатны шүүх шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй... гэсэн нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг мөн хангах үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь ...өмнө нь барьцаа хөрөнгүүдийг А ХХК 420,000,000 орчим төгрөгөөр үнэлсэн... гэж тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/02196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Г.Г-оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР