Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/061

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч А.Х,

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914001450067 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, А.Х,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Х нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт 2019 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө 23 цагийн орчим иргэн Х.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч А.Х нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт 2019 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө 23 цагийн орчим иргэн Х.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч Х.Мын ... 2019 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө гэртээ унтах гээд байж байхад 23 цагийн үед Л, Х нар манайд орж ирэхээр нь би Лаг гэртээ харьж унт гэхэд Ла намайг барьж аваад маргахад Х нь босч ирээд миний хамрын орчимд гараараа 2 удаа цохисон. Намайг Л зодсон зүйл байхгүй. Тэгээд тэд нар манай гэрээс гараад явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-15/,

Гэрч Л.Сгийн ... 2019 оны 01 сарын 23-ны шөнө 23 цагийн үед Ла, Х гэх 2 хүн орж ирээд манай хүүхэдтэй Ла нь хэрүүл хийгээд байхаар нь би Хг чи хараад байхаар наад хүмүүсээ салга гэхэд Х нь босч ирээд манай хүүхдийг зодсон. Би Лыг манай хүүхэд Мыг эхэлж барьж авахаар нь зодлоо гэж ойлгосон. Тэрнээс манай хүүхдийг Л цохиж зодоогүй. А.Х нь манай хүүхдийн нүүрэнд нь цохиж зодсон. Тэр үед манай хажуу айлын хүн болох Надмид орж ирж салгаад тэр хүмүүсийг явуулсан ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 19-21, 29-31 /,

Гэрч М.Лын ... Хгийн хамт Мынд ороход М намайг зайл гээд хөөхөөр нь би Мтай барилцаж авахад Х дундуур орж салгасан. Тэгтэл М нь Хг цохиод авсан чинь Х Мын нүүрэнд нь 2-3 удаа цохиж авсан ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 27-28 /,

Шүүгдэгч А.Хгийн ... 2019 оны 01 сарын 23-ны шөнө Лагийн хамт ахындаа ороход М нь Лаг зайл гээд тэр 2 барилцаад авахаар нь би очоод салгахад М нь намайг цохиод авахаар нь би Мыг зөрүүлээд 2-3 удаа цохисон. Би хэргийг хүлээн зөвшөөрч байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-54/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 119 тоот шинжээчийн .... Х.Мын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Х.М шүүгдэгч А.Х нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 70-71 дүгээр талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Хгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч А.Х нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Хгийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Рашаант овогт А.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Хд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Хгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Хд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Хгийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч А.Х нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА