Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
Хэргийн индекс | 183/2023/03077/И |
Дугаар | 210/МА2024/01430 |
Огноо | 2024-07-19 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/01430
2024 оны 07 сарын 19 өдөр Дуга 210/МА2024/01430
Ц.Ө ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/01739 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ц.Ө ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б ТӨХХК-д холбогдох,
2023 оны 04 сарын 03-ны өдрийн Б/104 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, хөдөлмөрлөх эрхийг сэргээж Б ТӨХХК-ийн Ү албаны даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцүү хэмжээний нөхөн олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг шимтгэлийг ажил олгогчоос нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ө , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандахсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Ц.Ө миний бие 1993 онд Б ТӨХХК-ийн оношлогооны биобэлдмэл болон амьд вакцин үйлдвэрлэлийн цехэд технологич мэргэжилтнээр ажиллаж ажлын гараагаа эхэлж байсан. Ийнхүү 30 орчим жил Б ТӨХХК-д технологич, цехийн эрхлэгч, ерөнхий эмч/технологич-Ү албаны дарга, захирал зэрэг ажлын байранд ажилласаар ирсэн.
1.2. 2018 оны 12 сард бүтцийн өөрчлөлт хийсэн гэх халхавчин дор намайг ажлаас хууль бусаар чөлөөлснийг Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00082 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 210/МА2022/00729 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 07 сарын 01-ний өдрийн 001/ХТ2022/00818 дугаар тогтоолоор тус тус тогтоосон болно.
1.3. Эдгээр шүүхийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж гаргаснаар 2022 оны 10 сарын 18-ны өдөр Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.У нь Б/440 тоот тушаал гаргаж намайг Б ТӨХХК-ийн Ү албаны Вирусийн биобэлдмэл үйлдвэрлэлийн 2 дугаар цехийн эрхлэгч гэдэг ажлын байранд ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.
1.4. Хэдийгээр Д.У ын уг Б/440 тоот тушаал нь шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй бөгөөд Ц.Ө намайг өмнө нь эрхэлж байсан ажлын байр албан тушаалаас нь доогуур зэрэглэлтэй бөгөөд үндсэн цалинг 450,000 төгрөгөөр бууруулсан байсан боловч цаашид гарч болзошгүй эрсдэлт байдлаас сэрэмжлэхийн тулд би уг ажлын байранд нь ажиллах болсон. Ингэж ажиллахдаа Х дүүргийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, улмаар хэрэв шаардлагатай бол шүүхэд дахин хандаж өмнө нь эрхэлж байсан ажлын байртай ижил зэрэглэлийн ажлын байранд ажиллах эрхээ бүрэн хангуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх болно гэдгийгээ илэрхийлж байсан.
1.5. Улмаар Х дүүргийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан ба тус хороо 2022 оны 11 сарын 29-ний өдөр шийдвэрээ гаргаж Б ТӨХХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.У нь Монгол улсын анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийг биелүүлээгүй байна гэж үзсэн.
1.6. Х дүүргийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны уг шийдвэрийн дараа Б ТӨХХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч мөн л шүүхийн шийдвэрүүдийг бүрэн биелүүлэхгүй байсаар байсан тул нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажлын байртай ижил түвшний ажлын байранд ажиллуулахыг ажил олгогч Б ТӨХХК буюу хариуцагчид даалгаж өгөхийг хүссэн нэг дэх нэхэмжлэл, мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс намайг цехийн эрхлэгчээр томилсон 2022 оны 10 сарын 18-ны өдөр хүртэлх цалинтай тэнцүү хэмжээний нөхөн олговрыг олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгөхийг хүссэн хоёр дахь нэхэмжлэлийг тус тус Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болно.
1.7. Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00082 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 210/МА2022/00729 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 07 сарын 01-ний өдрийн 001/ХТ2022/00818 дугаар тогтоолоор миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
1.8. Гэтэл Б ТӨХХК-ийн захирлаар 2023 оны 02 сарын 13-ны өдөр томилогдсон М.Э гэгч этгээд нь 2023 оны 04 сарын 03-ны өдөр Ц.Ө той хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай Б/104 дугаар тушаал гаргасныг 2023 оны 04 сарын 04-ний өдөр надад танилцуулж, ажлаа яаралтай хүлээлгэж өгөхийг үүрэг болгосон.
1.9. Намайг 2022 оны 10 сарын 18-ны өдөр цехийн эрхлэгчээр ажиллуулах Б/440 дугаар тушаал гарсны дараа Б ТӨХХК-ийн хүний нөөцийн менежер бөгөөд тус байгууллага дахь Авлигатай тэмцэх байгууллагатай холбоотой асуудлыг хариуцаж ажилладаг мэргэжилтэн Б.Д нь Ц.Ө та бол шинээр томилогдож буй ажилтан биш, өмнө нь эрхэлж байсан ажилдаа шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдож ажиллуулахаар шийдвэрлэгдэж, цалинтай тэнцүү хэмжээний нөхөн олговроо авч, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалаа Б ТӨХХК-аар нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацаандаа өөр ямар нэгэн байгууллагад ажиллаагүй бөгөөд ямар нэгэн бизнес эрхлээгүй тул хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахгүй бөгөөд тус байгууллагад ажиллаж буй бусад мэргэжилтнүүдийн нэгэн адил 2023 оны 02 сарын 15-ны өдрийн дотор хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргаад өгөхөд болно гэсэн.
1.10. Энэхүү нэхэмжлэлийг гаргаж буй ажилтан Ц.Ө болон ажил олгогч Б ТӨХХК-ийн хооронд Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 10 сарын 02-ны өдөр хугацаагүйгээр байгуулсан болно. Уг хөдөлмөрийн гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа.
1.11. Б.Д нь 2022 оны 09 сард надад АТГ-ын вэбсайт дахь холбогдох линкээр нь нэвтрэн, ашиг сонирхлын мэдүүлэг бөглөх код илгээснээр би ашиг сонирхлын мэдүүлгээ бөглөсөн. Иймээс нэхэмжлэгч 2023 оны 01 сарын 26-ны өдөр Авлигатай тэмцэх газарт Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаад өгчихсөн бөгөөд тус байгууллагын холбогдох мэргэжилтнүүд нь хуулийн хугацаандаа хяначихсан, надад ямар нэгэн зөрчил байхгүй гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Иймд 2023 оны 04 сарын 03-ны өдрийн Б/104 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, хөдөлмөрлөх эрхийг сэргээж, Б ТӨХХК-ийн Ү албаны даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцүү хэмжээний нөхөн олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг шимтгэлийг ажил олгогчоос нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Авлигатай тэмцэх Шүүр ажиллагааны хүрээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 03 сарын 31-ний 01/1115 тоот албан бичгээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар нь Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомжоор тогтоосон шаардлагыг зөрчиж томилогдсон албан хаагчийг ажлаас чөлөөлөх чиглэлийн дагуу Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 сарын 18-ны өдрийн Б/440 дугаар тушаалаар томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хуульд заасан хугацаанд хувийн сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг/ХАСХОМ/-ийг нэхэмжлэгч нь мэдүүлээгүй.
2.2. Б ТӨХХК-ийн захирлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн Б/51 дугаар тушаалаар цехийн эрхлэгчээс Ү албаны даргаар томилогдохдоо Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг /ХАСХУМ/ Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон Ү албаны дарга ажилтай Ц.Ө ыг 2023 оны 04 сарын 03-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Иймд хууль ёсны үйл ажиллагаа хийгдсэн гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Галзад овогт Цэдэвийн Ө ыг Б ТӨХХК-ийн Үйлдвэрлэл, технологийн албаны даргаар эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Б ТӨХХК-иас нэхэмжлэгч Ц.Ө ын ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 30,940,692 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ө од олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч Б ТӨХХК-д нэхэмжлэгч Ц.Ө ын ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ө нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б ТӨХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 312,653 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч Ц.Ө нь 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу Б ТӨХХК-ийн Ү албаны В II цехийн эрхлэгчээр томилогдсоны дараа өөрөө татгалзсаны улмаас хуульд заасан 30 хоногийн дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ /ХОМ/ гаргаагүй, улмаар 2023 оны 10 сарын 23-ны өдөр уг цехийн эрхлэгчээс Ү албаны даргаар томилогдохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ /ХАСУМ/ эрх бүхий байгууллагад хүргүүлэн хянуулалгүй томилогдсон болохыг нотлох баримтын түвшинд ялгааг гаргаж, хэрхэн үзсэн талаар шүүхийн шийдвэрт огт тусгаагүй.
4.2. Нэхэмжлэгч Ц.Ө ын хувьд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахгүй байх, янз бүрийн байдлаар уг хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлан бүдүүлгээр татгалзаж байсан. Хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсоны дараа 30 хоногийн дотор гаргах үүргээ сайтар мэддэг, өөрөө өмнө нь 7 удаа явуулж байсан удирдах албан тушаалтан болох нь удаа дараагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, мөн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 19-ний өдрийн 183/ШШ/2024/01739 дугаар шийдвэрт Ц.Ө ын ХАСХОМ гаргахтай холбоотой хэлсэн үг, өгүүлбэрээр хангалттай батлагдаж байгаа.
4.3. Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлж, ажилд эргүүлэн томилох нь ажил олгогчийн үүрэг мөн боловч энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад хууль тогтоомжуудыг мөн адил даган мөрдөх үүрэгтэй. Энэ утгаараа Ц.Ө Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дах хэсэгт Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй гэсэн хуулийн үүргээ биелүүлээгүй байгаад шүүх дүгнэлт хийгээгүй байна.
4.4. Дээр дурьдсан заалтуудыг зөрчсөн үйлдэлд мөн хуулийн 13.8.4-т зааснаар нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах хүртэл хариуцлага хүлээх ёстой" гэж заасан байхад түүнийг энэ хариуцлагаас мултрах шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэнгүй гэж үзэж байна.
4.5. Ц.Ө ын хувьд Цехийн эрхлэгчийн ажлын байрнаас албан тушаал дэвшин Апбаны дарга болох явцад хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ /ХАСУМ/ Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн хянуулах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр тухайн үеийн удирдлагатай хуйвалдах замаар холбогдох хууль, журмыг зөрчиж, хуйвалдааны шинжтэй томилогдсон байхад энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй байх тул цугларсан нотлох баримтыг шүүх үнэлсэн эсэх эргэлзээтэй байна.
4.6. Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагааны Шүүр ажиллагааны хүрээнд энэ мэтээр хууль зөрчин томилогдсон хүмүүсийг чөлөөл гэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх үндэслэл бүрдсэн байсан гэдгийг анхан шатны шүүх анхаарсангүй. Шүүхийн шийдвэр нь хуйвалдааны шинжтэй томилогдсон, хуулийн дагуу томилогдоогүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж холбогдох мэдүүлгээ өгөөгүй хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөл гэж даалгасантай зөрчилдөж байна. Энэ мэтээр явбал Шүүр ажиллагаагаар чөлөөлөгдсөн буюу хууль зөрчин томилогдсон 1000 иргэн буцаад ажилдаа орох боломжтой болохоор харагдаж байна.
4.7. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9.4-д Мөн гэрч Ч.Д гийн ... хуулиараа урьд эрхэлж байсан албан тушаалдаа эргэн тогтооход урьдчилсан мэдүүлэг өгөх шаардлагагүй байдаг. Урьдчилсан мэдүүлгийг н.У дарга заавал явуулна гэхээр нь би АТГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар явуулсан байсан. Тэрний дагуу 10 сарын 03-ны өдөр Авлигатай тэмцэх газраас Вирусын 2-р цехийн эрхлэгчээр томилоход асуудалгүй гэсэн шийдвэр ирчихсэн байсан гэх мэдүүлгээр тогтоогдож байна ... гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.
4.8. Учир нь бид хуулийн дор захирагдаж, хуульд заасан заалтыг нэг бүрчлэн биелүүлэх үүрэгтэй болохоос биш ашиг сонирхол нэгтэй гэрчийн мэдүүлгийг үнэнд тооцон хуулиас дээгүүр тавьж үнэлэх боломжгүй юм. Тэгээд ч гэрч Ч.Д ХАСУМ шаардлагагүй гэсэн атлаа явуулсан чинь хариу ирсэн гэж мэдүүлсэн байгаад дүгнэлт хийгээгүй.
4.9. Нэхэмжлэгч Ц.Ө цехийн эрхлэгчийн албан тушаалаас Албаны даргаар томилогдохдоо хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ /ХАСУМ/ гаргах үүргийг өөрийнх нь тайлбарлаж байгаагаар бус албаны даргын ажлын чиг үүрэг, ажлын цар хүрээ, шууд удирдлага зэрэгтэй ашиг сонирхлын зөрчил уүсэх эсэхээ хянуулах ёстой гэдгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд тодорхой заасныг уг хуулийг сурталчлан таниулах эрх бүхий байгууллагаас гаргасан бүхий л сурталчилгаанууд харуулна.
4.10. Хариуцан хийх ажлын чиг үүрэг өөр, цалин хангамж өөр, бүх талаараа Цехийн эрхлэгчийн албан тушаалаас өөр ажлын байр болох Албаны даргаар томилогдохдоо нэхэмжлэгч өөрөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой байсан гэдэгт шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
Эдгээр нь нэхэмжлэгчийн мэдээгүй, мэдээлэлгүй байсан асуудал биш сайн мэдэж байсан, хуулийн дагуу хоцроод ч гэсэн тайлангаа өгч болох хуулийн зохицуулалтыг үл тоосон, санаатай үйлдэл гэж үзэж байгаа.
4.11. Шүүхийн зүгээс шийдвэртээ нэхэмжлэгчийн гаргасан өргөдөийг хуулан бичсэн атлаа шүүх хуралдаанд оролцож мэтгэлцсэн миний үгийг маш ойлгомжгүй, эрүүл ухаантай хүн яриагүй мэтээр, наана цаана нь оруулж, хэлсэн үгийг дутуу бичиж, өгүүлбэрийн утга алдуулсан байсан төдийгүй зарим өгүүлбэр нь бүрэн төгсөөгүй, компанийн дотоод бүтэц нэгж, ажлын байрны онцпогыг хүртэл мэдэхгүй хүн мэтээр харуулах гэсэн мэтээр" илтэд ойлгомжгүй бичиж, хайнга хандсан шүүх хуралдааны нарийн бичгийн даргын хариуцлагагүй үйлдэлд тун сэтгэл дундуур байна.
4.12. Мөн шүүхийн шийдвэрийн 10-11 хуудсанд хариуцагч талаас гаргасан баримтууд, ажиллагааны тэмдэглэлүүдийг 2-3 удаа давхцуулан бичиж техникийн алдаа гаргасан, үндэслэх хэсгийн 7.4 заалт огт байхгүй байгаа нь орхигдуулсан хэсэг байсан уу, эсхүл техникийн алдаа байсан уу гэдэг нь эргэлзээтэй байгаа нь бидний шүүхэд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
5.1. Намайг Шүүр ажиллагааны хүрээнд ажлаас халсан. Би хууль зөрчиж томилогдоогүй, 3 шатны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ажилдаа томилогдсон.
5.2. 2022 оны 10 сарын 18-ны өдөр захирал тушаал гаргасан. Ажилд ороход 2017 оны 11 сарын 02-ны өдөр Б ТӨХХК-тай хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээ байсан, тэр гэрээгээрээ үргэлжлүүлэн ажиллаж байна.
5.3. Би ажилдаа орж, цалингаа аваад, хөдөлмөрийн харилцаа хэвийн үргэлжлээд явж байсан. Хэрэв намайг шинээр томилогдсон гэж үзсэн бол Б ТӨХХК намайг очсон өдөр гэрээ байгуулах ёстой, ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Энэ нь ажил олгогчийн санал, миний тавьсан санал нийцэж байгаа учраас хөдөлмөрийн харилцаа хэвээр үргэлжилсэн.
5.4. Үндсэн ажилтантай адилхан учраас дараа 2023 оны 02 сарын 15-ны өдрийн дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөх ёстой гэсний дагуу 2023 оны 01 сарын 26-ны өдөр хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөж өгсөн. Энэ тухай баримт хэргийн 112 дугаар хуудаст авагдсан.
5.5. Анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6 удаа шүүх хуралдаан хойшлуулж, Авлигатай тэмцэх газраас баримт шаардсан, олон асуудал яригдсан, хангалттай нотлох баримт цугларсан. Үүнийг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.2, 9.3, 9.4, 9.5-д бичсэн байсан.
Тийм учраас хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөөгүй, нэгэндээ хохирол учруулсан, мэдүүлэгт зөрчил гарсан гэх мэт асуудал байхгүй. Маргаантай асуудал нотлох баримтаар нотлогдсон. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч Ц.Ө нь хариуцагч Б ТӨХХК-д холбогдуулан 2023 оны 04 сарын 03-ны өдрийн Б/104 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Б ТӨХХК-ийн Ү албаны даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... Ц.Ө нь хуульд заасан хугацаанд хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй, зохих газарт хянуулаагүй тул Засгийн газрын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангахаар хууль тогтоомж зөрчиж томилогдсон албан хаагчийг ажлаас чөлөөлөх чиглэлийн дагуу ажлаас нь чөлөөлсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Б ТӨХХК-ийн захирлын 2022 оны 10 сарын 18-ны өдрийн Б/440 дүгээр Ц.Ө ыг Ү албаны В хоёрдугаар цехийн эрхлэгчээр, 2023 оны 02 сарын 10-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Ү албаны даргаар тус тус томилсон;
3.2. Б ТӨХХК-ийн захирлын 2023 оны 04 сарын 03-ны өдрийн Б/104 дугаартай тушаалын 1 дэх заалтаар Авлигатай тэмцэх Шүүр ажиллагааны хүрээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар, Хүнс, Хөдөө аж ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамны сайдын 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 01/1115 тоот албан бичгээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар нь Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомжоор тогтоосон шаардлагыг зөрчиж томилогдсон албан хаагчийг ажлаас чөлөөлөх чиглэлийн дагуу Б ТӨХХК-ийн захирлын 2022 оны 10 сарын 18-ны өдрийн Б/440 дугаар тушаалаар томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хуульд заасан хугацаанд хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХАСХОМ/ мэдүүлээгүй, Б ТӨХХК-ийн захирлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн Б/51 дугаар тушаалаар цехийн эрхлэгчээс Ү албаны даргаар томилогдохдоо Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг /ХАСУМ/ Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон тул Ү албаны дарга ажилтай Цэдэв овогтой Ө ыг 2023 оны 04 сарын 03-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гэж Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлин 83.1, 83.2 дахь, Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.5, 13.8.4 дэх хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5, 29.2.4 дэх хэсэг, Компанийн дүрмийн 9.8.10 дахь хэсэгт заасныг үндэслэн Ц.Ө ыг ажлаас нь чөлөөлсөн байна.
4. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч Б ТӨХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Х дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт нийцжээ.
5. Нэхэмжлэгч нь ... хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтооход хувийн ашиг сонирхлын мэдүүлэгийг мэдүүлсэн, хөрөнгө орлогын мэдүүлгийн хувьд шинээр томилогдоогүй тул дараа ондоо мэдүүлсэн гэсэн тайлбар үндэслэлтэй байх тул анхан шатны шүүх ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5.1. Хариуцагч байгууллага нь Б ТӨХХК-ийн захирлын 2022 оны 10 сарын 18-ны өдрийн Б/440 дугаар тушаалаар томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хуульд заасан хугацаанд хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХАСХОМ/ мэдүүлээгүй, Б ТӨХХК-ийн захирлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар цехийн эрхлэгчээс Ү албаны даргаар томилогдохдоо Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон гэсэн зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.
5.2. Б ТӨХХК-ийн захирлын 2022 оны 10 сарын 18-ны өдрийн Б/440 дугаар тушаалаар томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хуульд заасан хугацаанд хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХАСХОМ/-ийг дараа оны хуульд заасан хугацаанд мэдүүлсэн нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Учир нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилогдсон үйл баримтыг шинээр ажил, албан тушаалд томилогдсонтой адилтган үзэхгүй тул алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 сарын 15-ны дотор шинэчлэн гаргана.
5.3. Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй.
Хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь Б ТӨХХК-ийн захирлын тушаалаар томилогдох албан тушаалтнуудын Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСХУМ/-ийн эрхийг нээж, мэдүүлэх боломжоор хангах, мөн нэгэнт томилогдсон нийтийн албан тушаалтныг хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаанд нь мэдүүлсэн эсэхийг хянана.
Хариуцагч байгууллага нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс гадна, 2023 оны 02 сарын 10-ны өдрийн Б/51 дугаар тушаалаар Ү албаны даргаар томилогдохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг /ХАСУМ/ Авлигатай тэмцэх газраар хянуулсан эсэхийг шалгахгүйгээр албан тушаалтыг ажилд томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан байна.
5.4. Нийтийн албан тушаалтан хуульд заасан хугацаанд хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХАСХОМ/ мэдүүлээгүй, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг /ХАСУМ/ Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг хянах, хариуцлага тооцох эрх бүхий этгээд нь Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, 18 дугаар зүйлийн 18.4.13, 18.4.14, 18.4.15-т тус тус зааснаар Авлигатай тэмцэх газар юм.
5.5. Хариуцагч байгууллагын захирлын 2023 оны 04 сарын 03-ны өдрийн Б/104 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нь бие даасан шаардлага бус, харин урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл байх тул уг тушаалыг хүчингүйд тооцох үндэслэлгүй байна.
5.6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Б ТӨХХК-ийн Ү албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон зөв. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Анхан шатны шүүх 2023 оны 04 сарын 03-ны өдрөөс 2024 оны 04 сарын 19-ний өдрийг хүртлэх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт хариуцагч Б ТӨХХК-аас 30,940,692 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж, баталгаажилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэг, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалд тус тус нийцжээ.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/01739 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,653 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
С.ЭНХБАЯР