Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01522

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 26 өдөр Дуга 210/МА2024/01522

 

 

Т.М ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/01640 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.М ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.О д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээнй үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие Т.М 2011 онд БХХХХХХХ байрны 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Худалдаа хөгжлийн банкны цалингийн зээлээр худалдан авч, 2013 оны 01 сарын 11-ний өдөр Ү-00 тоот бүртгэлийн дугаарт бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан.

1.2. Миний бие Нийслэлийн Багануурт дүүрэгт ажиллаж, амьдардаг тул уг орон сууцанд дүү С.Б нь гэр бүлийнхээ хамт амьдарч байсан. Уг орон сууцыг худалдахаар болсон.

1.3. Гэтэл дүү С.Б манай найз Ц.Э уг орон сууцны чинь зээлийн үлдэгдэл 19,000,000 төгрөгийг төлж дуусгаад байрыг чинь бусдад зараад өгье, харин зарсан мөнгийг нь аваад өөрийн бизнестээ хөрөнгө оруулж хэрэглэчихээд 1 жилийн дараа буцааж өгье гэж байна, та энэ саналыг зөвшөөрөх үү гэсний дагуу миний бие уг саналыг хүлээн авсан. 2016 оны 11 сарын байдлаар банкны зээлийн үлдэгдэл 19,000,000 төгрөг байсан.

1.4. Ингээд 2016 оны 11 сарын 18-ны өдөр Д.О тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх орон сууцыг 66,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

1.5. Байраа худалдсанаас хойш 11 сарын дараа тохиролцсон ёсоор Ц.Э аас байр зарсан 46,000,000 төгрөгийг буцаан авахаар холбогдоход мөнгийг маань удахгүй өгнө гэсэн боловч өгөөгүй.

1.6. Учир нь миний байрыг худалдан авсан Д.О нь Ц.Э аас авлагатай, уг авлагадаа тооцож орон сууцыг маань авсан болохыг мэдсэн. Худалдагч миний хувьд хуульд заасан үүргээ биелүүлсэн байтал худалдан авагч Д.О нь гэрээний дагуу тохиролцсон үнийг Ц.Э ад өгсөн гэж ойлгуулж уг мөнгийг өгөөгүй. Уг гэрээний гол зүйл болох үл хөдлөх хөрөнгийн үнэ 66,000,000 төгрөгийг худалдан авагч нь гэрээ байгуулсан өдрөө бүрэн төлж дуусгасан мэтээр гэрээндээ тусгасан.

1.7. Д.О байр худалдсан төлбөрийн үлдэгдэл болох 46,000,000 төгрөгийг төлөхгүй байсан тул гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 650 тоот магадлалаар маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээний 2.3 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

1.8. Иймд Т.М , Д.О нарын хооронд 2016 оны 11 сарын 18-ны өдөр байгуулсан Ү-00 тоот бүртгэлийн дугаартай ХХХХХХХ байрны 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 66,000,000 төгрөгөөр худалдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 46,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. 2016 оны 11 сарын 18-ны өдөр байгуулсан эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэлтэй, ХХХХХХХ байрны 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авах гэрээний үүргийг хариуцагч Д.О нь биелүүлсэн бөгөөд харин нэхэмжлэгч нь тухайн орон сууцны үнийг нэхэмжилбэл зохих этгээдээс нэхэмжилж авах нь зүйтэй. Иймд хариуцагчаар татагдвал зохих этгээд Д.О биш гэж үзэж байна.

2.2. Нэхэмжлэгч тухайн орон сууцны үнэнд тооцож Д.О гаас эд зүйл хүлээн авч уг эд зүйлийн үнийг орон сууцны үнэд тооцон нэхэмжлэгч Т.М д төлөх үүргийг С.Б , Т.Э нар зөвшөөрч орон сууцыг шилжүүлэн өгсөн болохыг мэдэж байгаа атлаа шүүхэд илтэд үндэслэлгүй нэхэмжлэлийг гаргасан.

2.3. Тус орон сууц нь зээлийн гэрээний барьцаанд байсан ба 20,000,000 гаруй төгрөгийн зээлийг төлж барьцаанаас чөлөөлж, худалдаж авсан. Үлдсэн 46,000,000 төгрөгт тооцон манай дэлгүүрээс нэг ширхэг шүрэн хөөрөг /иж бүрэн/, хөөрөгний толгойг төлбөрт тооцож өгсөн.

Анхнаасаа Т.М ы зөвшөөрлөөр С.Б хэлцлийг хийсэн, С.Б өөрөө хөөргийг тооцож авсан тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Д.О гаас 46,000,000/дөчин зургаан сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.М д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 387,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй. Талуудын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэгт бодитой дүгнэлт өгөөгүй.

4.2. Түүнчлэн нэхэмжлэгчийг хариуцагчаа зөв тодорхойлоогүй болохыг анхаарч үзээгүй, бодит байдлыг үнэн зөв үнэлэхгүй шийдвэрлэсэн.

4.3. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүйг анхаарч үзээгүйгээс мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4.4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

4.5. Өмнө нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 06 сарын 15-ны өдөр, 2021 оны 02 сарын 03-ны өдөр хянан шийдвэрлэгдэж байсан ба 2021 оны 04 сарын 09-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар гэрээний төлбөр төлөх хугацааг 2016 оны 11 сарын 18-ны өдөр дууссан гэсэн заалтыг хүчингүй болгосноор гэрээний бусад заалт хэвээр хэрэгжиж байгаа.

4.7. Нэхэмжлэгч болон гэрч С.Б нар төлбөрийн 20,000,000 төгрөгийг 2016 оны 11 сарын 18-ны өдрийн байдлаар хариуцагч Д.О гаас төлөгдсөн, үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч Т.М тай тохиролцсоны үндсэн дээр түүний зөвшөөрлөөр С.Б , Ц.Э нар 2017 онд төлж дуусгаад тохиролцсон талаар маргадаггүй.

4.8. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01641 дугаар шийдвэр, 2021 оны 02 сарын 03-ны өдөр 181/ШШ2021/00316 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн хэргийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байдал, мөн 2024 оны 04 сарын 22-ны өдөр шийдвэрлэсэн хэргийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодорхойлохдоо нэхэмжлэгч Т.М нь ижил тайлбарыг хэлдэг.

4.9. Нэхэмжлэгч Т.М буюу түүнийг төлөөлж иттэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат нь 2020 оноос эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч Т.М нь өөрийн дүү С.Б ын гуйсны дагуу түүний найз Ц.Э ад орон сууцыг худалдахыг зөвшөөрч 2017 онд эргүүлэн 20,000,000 төгрөгийн зөрүү мөнгийг авахаар тохирч хариуцагч Д.О д нотариатын байранд очиж гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэж шаардах эрхээ тодорхойлж ирсэн төдийгүй удаа дараагийн шүүх хуралдааны тэмдэглэл болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр уг үйл баримт нотлогдож байгаа болно.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 211 дугаар зүйлий 211.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

4.10. Нөгөө талаар анхан шатны шүүх нь нэгэнт нэхэмжлэгч Т.М нь өөрийн орон сууцыг Ц.Э , С.Б нар үлдэх төлбөрийг нь Д.О гаас авахыг зөвшөөрсөн тухайд шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4.2-т ... маргааны энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч болох Т.М нь тодорхой үйлдлээрээ дүү С.Б , Ц.Э нарт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах зөвшөөрлийг олгосон болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл дэх байрыг чинь зараад өгье, зарсан мөнгийг хэрэглээд жилийн дараа буцааж өгье гэсэн саналыг хүлээн зөвшөөрсөн тухай өөрийнх нь тайлбараар тогтоогдож байна. гэсэн нь илт үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэхээр байна.

4.11. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдох ямар ч баримт байж болохгүй бөгөөд гагцхүү гэрч С.Б нь гэрч Ц.Э тай хамт явж биечлэн хөөрөг үнэт эдлэл хүлээн аваагүй гэж мэтгэж худал мэдүүлснээр бусдаар нэхэмжлэгч Т.М ыг Ц.Э болон С.Б нарт орон сууцны төлбөрөөс тодорхой хэмжээний мөнгийг 2017 оны хэдий хугацаа хүртэл хэрэглэх зөвшөөрөл өгсөн, түүнийг зөвшөөрөл өгсний дараагаар Д.О гаас үнэт зүйлүүдийг Ц.Э , С.Б нарт хүлээлгэн өгч үнэт зүйлсийг хүлээлгэн өгсний дараагаар С.Б нь 2016 оны 08 сарын 27-ны өдөр орон сууцыг чөлөөлсөн тухайд нь огт дүгнэлт хийлгүйгээр ... үүрэг гүйцэтгэгч Д.О гаас цааш С.Б , Ц.Э нарт үүргийг хүлээлгэн өгсөн байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.12. Дээрхи байдлуудаар анхан шатны шүүх Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв хөдөлбөргүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй, мөн Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйл, 40 дүгээр зүйл, 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2-т заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй шийдвэр болсон болохыг нотлож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Анхан шатны шүүх нотлох баримтуудыг хангалттай тайлбарлаж хуулийн зүйл заалттай уялдуулж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Д.О д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... Орон сууцны үнийг төлсөн, бартерт тооцож С.Б , Ц.Э нарт өгсөн гэсэн үндэсллээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Талуудын хооронд 2016 оны 11 сарын 18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Т.М нь ХХХХХХХХХ тоотод байрлах 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Д.О нь орон сууцны үнэ 66,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон;

 

3.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/00316 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 650 дугаар магадлалаар Т.М ы нэхэмжлэлтэй Д.О д холбогдуулан гаргасан 2016 оны 11 сарын 18-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ХХХХХХХХХ тоотод байрлах 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн, уг шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон;

 

3.3. Нэхэмжлэгч Т.М нь орон сууцыг Д.О гийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч Д.О нь орон сууцны үнэд 20,000,000 төгрөг төлсөн зэрэг үйл баримт тогтоогдож байна. Дээрх үйл баримтад зохигч талууд маргаангүй.

4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

5. Хариуцагч нь ... 46,000,000 төгрөгний төлбөрт тооцож 20,000,000 төгрөгийн нэг ширхэг шүрэн хөөрөг /иж бүрэн/, 10,000,000 төгрөгийн нэг ширхэг хөөрөгний толгой, ажлын хөлсөд 6,000,000 төгрөг, бусад 3-4 хөөрөгийг С.Б , Ц.Э нарт өгсөн гэж тайлбарлах боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Ц.Э , Ж.Ганбат, С.Б , Ц.Түвшинбаяр, Т.Энхнаран нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байхын зэрэгцээ хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Д.О нь 46,000,000 төгрөгт тооцож хөөрөг, хөөрөгний толгойг бусдад хүлээлгэн өгсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, үйл баримтыг гэрчлэх боломжтой гэрч С.Б , Ж.Ганбат нарын, мөн С.Б , Ц.Э нарын мэдүүлгийн зөрүүг арилгахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт зааснаар нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан боловч гэрчүүдийн мэдүүлгийн зөрүү арилаагүй.

 

Иймд, гэрч нарын мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй.

 

6. Анхан шатны шүүх үүргийн хүлээн авах эрхгүй этгээдэд үүргийн гүйцэтгэлээ хүлээлгэн өгсөн бол үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлөхгүй, тэрээр үүргээ дахин гүйцэтгэх учиртай гэсэн дүгнэлт Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсэгт нийцжээ. Энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар ... Талуудын хоорондох худалдах худалдан авах гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хэн нэгэнд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байдал тогтоогдоогүй, энэ талаар гэрээнд тусгагдаагүй байна. гэж дүгнэсэн ба Зохигч талуудын хооронд 2016 оны 11 сарын 18-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний 2.3 дахь хэсэгт заасан ... 2016 оны 11 сарын 18-ны өдөр төлж дууссан гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

Иймд хариуцагч Д.О нь худалдах худалдах авах гэрээний үүрэгт 46,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.М ы өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх тул Д.О гаас 46,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.М д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/01640 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР