Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 407

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах 2033011 тоот регистрийн дугаартай, 1611002072 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй Оюу мандал ХХК-д холбогдох татварын өр 94,802,291 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Батболд, хариуцагч Д.Басбиш, нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ховд аймгийн Татварын хэлтэс нь Татварын ерөнхий хууль болон бусад хуулийн дагуу албан татварыг төсөвт төвлөрүүлэх, татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт тавих ажил үүргийн дагуу 2010-2014 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг тус хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Баттөр, Д.Баярзаяа нар хийж, 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 160010956 дугаартай татварын улсын байцаагчийн актаар Оюу мандал ХХК-д 7,394,699 төгрөгний нөхөн татвар, 6,283,655 төгрөгийн алданги, 11,168,818 төгрөгийн торгууль, нийт 24,847,183 төгрөгийн нөхөн татвар, алданги, торгууль нөхөн ногдуулсан боловч татварын өрийг төлөөгүй байна.

Мөн Оюу мандал ХХК нь 2014 оны 4-р улирлын тайлангаар цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутган төлөх албан татварт 3,315,180 төгрөг төлөхөөр тайлагнаж, 2014 онд 274,000 төгрөг, 2015 онд 997,000 төгрөг төлж үлдэгдэл 2,044,180 төгрөгийн татварын өр, нэмэгдсэн өртгийн албан татварын 2014 оны тайлангаар 88,714,999 төгрөг төлөхөөр тайлагнаж, 19,700 төгрөг төлж, үлдэгдэл 88,695,299 төгрөгийн татварын өр, үл хөдлөх хөрөнгийн татварын 2014 оны тайлангаар 6,686,711 төгрөг төлөхөөр тайлагнаж, 1,878,900 төгрөг төлж үлдэгдэл 4,062,811 төгрөгийн татварын өр төлөгдөөгүй байна.

Иймд Оюу мандал ХХК нь татварын хяналт шалгалтын актын төлбөр болон татварын тайлангаар гаргасан татварын өр нийт 119,649,474 төгрөгийг Оюу мандал ХХК-аас гаргуулж, улсын төсөвт оруулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Басбиш шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын албаны хуулийн дагуу онлайн системээс албан ёсоор баримтуудыг авсан. Нэмэгдсэн өртгийн албан татвар бол сар болгон нэмэгдээд, хасагдаад явдаг.Энэ талаар баримтыг Татварын ерөнхий газрын цахим сангаас албан ёсоор авсан. Манай байгууллага бол үндсэн өрөө төлөөд дууссан. 2014 онд манай компанид Татварын албанаас нийт 24 сая төгрөгийн акт тавигдсан байдаг. Үүнээс НӨАТ-ын төлбөр 88,715,001 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа. 2014 оны буцаан авалтаар төлчихсөн мөнгийг Татварын алба нэхээд байна. Миний зүгээс Татварын албанаас нэхэмжилсэн НӨАТ-т 20,189,256 төгрөгийг зөвшөөрч байна. Мөн татварын өрөнд 9,081,000 төгрөгийг төлсөн бөгөөд баримтыг шүүхэд гаргаж өгсөн. 17,452,473 төгрөгийн татвар нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдаад өршөөгдөж байгаа. Үлдэгдэл 24,609,958 төгрөгийн татварыг хүлээн зөвшөөрч байна. Иймд Татварын албанаас нэхэмжилсэн 119,649,474 төгрөгөөс нийт 51,143,431 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 68,506,043 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах 2033011 тоот регистрийн дугаартай, 1611002072 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй Оюу мандал ХХК-д холбогдуулан татварын өр 94,802,291 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Татварын хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Оюу мандал ХХК-д 7,394,699 төгрөгийн нөхөн татвар, 6,283,655 төгрөгийн алданги, 11,168,818 төгрөгийн торгууль, 2014 оны 4-р улирлын тайлангаар цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутган төлөх албан татварт 2,044,180 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 2014 оны тайлангаар 88,695,299 төгрөгийн татварын өр, үл хөдлөх хөрөнгийн татварын 2014 оны тайлангаар 4,062,811 төгрөгийн татварын өр буюу татварын хяналт шалгалтын актын төлбөр болон татварын тайлангаар гаргасан татварын өр нийт 119,649,474 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 119,649,474 төгрөгөөс нийт 51,143,431 төгрөгийг хүлээн зөвшөөрч, НӨАТ-ын төлбөр 68,506,043 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ нь буцаан авалтаар хаагдсан гэж, нэхэмжлэгч нь 2014 оны тайлангаар НӨАТ-т 88,715,001 төгрөгийн өр гарсан тул үлдэгдэл 68,506,043 төгрөгийг төлөх ёстой гэж мэтгэлцэв.

Оюу мандал ХХК нь хуулийн этгээдийн бүртгэлтэй хуулийн этгээд байхын зэрэгцээ Татварын ерөнхий хуулийн дагуу татвар төлөх үүрэг бүхий байгууллага болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Татварын хэлтэс нь Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар татварын хяналт шалгалтын актын төлбөр болон татварын тайлангаар гаргасан татварын өрийг хариуцагч Оюу мандал ХХК-аас шаардах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Татварын хэлтсийн нэхэмжилсэн 119,649,474 төгрөгөөс хариуцагч Оюу мандал ХХК нь 9,081,000 төгрөгийн татварыг төлсөн болох нь хавтаст хэргийн 103, 105-109, 115-116, 118 дугаар хуудаст авагдсан банкны гүйлгээний баримтуудаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь Оюу мандал ХХК-ний татварын өр 9,081,000 төгрөг төлөгдсөн үнийн дүн дээр маргаагүй.

Хариуцагч Оюу мандал ХХК нь газрын төлбөрт 527,620 төгрөг /хх-117, 104/, агаарын бохирдлын төлбөрт 19,000 төгрөг /хх-110/-ийг төлсөн баримтуудыг хэрэгт хавсаргасан бөгөөд эдгээр татварыг нэхэмжлэгч Татварын хэлтсээс нэхэмжлээгүй тул дээрх баримтуудыг хэрэгт үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын 119,649,474 төгрөгөөс НӨАТ-ын 68,506,043 төгрөгийн төлбөрийн хүрээнд маргаж байх ба нэхэмжлэгч нь НӨАТ-ын 68,506,043 төгрөгийн төлбөрийн үндэслэлээ хуульд нийцэж байгаа байдлын талаар шүүхэд өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл энэхүү татварын төлбөрийн талаар талууд ямар нэгэн тооцоо нийлээгүй, нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 9-р хуудаст авагдсан 2014 оны Оюу мандал ХХК-ний нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан тооцоог үндэслэлээ болгосон боловч Ховд аймгийн татварын хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт /хх-102/-оор НӨАТ-ын өр 20,189,256 төгрөг гэж гарчээ. Энэхүү НӨАТ-ын өр 20,189,256 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд талуудын хоорондох маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд тогтоох боломжгүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэлээ.

Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар хариуцагч Оюу мандал ХХК-аас татварын хяналт шалгалтын актын төлбөр болон татварын тайлангаар гаргасан татварын өр 51,143,431 төгрөгийг гаргуулж Ховд аймгийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас НӨАТ-ын төлбөр 68,506,043 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Оюу мандал ХХК-аас татварын өр 51,143,431 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 413,667 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан хариуцагч Оюу мандал ХХК-аас татварын өр 51,143,431 төгрөг гаргуулж Ховд аймгийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас НӨАТ-ын төлбөр 68,506,043 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Оюу мандал ХХК-аас татварын өр 51,143,431 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 413,667 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаарзохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА