| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 102/2021/03875/И |
| Дугаар | 210/МА2024/01304 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2024/01304
О.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 102/ШШ2024/01813 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ш-д холбогдох, хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.А, түүний өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: О.А миний бие 2020 оны 06 сарын 03-ны өдөр иргэн н.Ц-ээс Баянгол дүүргийн **-р хороо, Т-ын **-р гудамжны *** тоот хаягт байрлах, нэгж талбарын ************ дугаартай, улсын бүртгэлийн Г-******дугаартай, 255 м.кв талбай бүхий газрыг худалдан авч, өмчлөгч болсон. Ингээд өөрийн өмчлөлийн газартаа барилга барихаар төлөвлөн Г-д ХХК-аар хэмжилт хийлгэхэд газрын гэрчилгээ болон кадастрын зураглалд заасан хэмжээ 255 м.кв байхаас 242 м.кв байсан буюу анх 13 м.кв дутуу байсан бөгөөд хажуу айл Г.Ш уг хэмжээгээр манай газрыг дайруулан хашаа хатгасныг мэдсэн. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дүгнэлтэд 2 газар нь Газрын кадастрын мэдээллийн санд хоорондоо давхцалгүйгээр баталгаажин бүртгэгдсэн, Г.Ш-ийн хашаалсан газар нь нэгж талбарын*********** дугаар бүхий газартай 20 м.кв талбайгаар давхцаж байна гэсэн. Иймд давхардаж орсон 20 м.кв талбайн хэмжээгээр газрыг чөлөөлүүлнэ. Манай болон хариуцагчийн газрууд хоорондоо ямар нэгэн байдлаар давхцаагүй бөгөөд үүнийг Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албан хүлээн зөвшөөрч, хариуцагч Г.Ш-ийг миний өмчлөлийн газар руу оруулан хашаагаа барьсан гэдгийг тогтоон тус хашааг буулган газар чөлөөлөхийг мэдэгдсэн. Хариуцагч нь хашаа барих замаар бусдын өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшин, ашиглаж байгаа нь өмчлөгч миний газар ашиглах, өөрийн мэдэлдээ байлгах эрхийг ноцтой зөрчиж байх тул миний өмчлөлийн газар руу оруулан барьсан хашааг буулган, хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Г.Ш нь Баянгол дүүрэг, **-р хороо, Т-ын **-р гудамж, 388 тоот хаягтай газрыг 1975 оноос эзэмшиж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 03 сарын 30-ны өдөр 131 дугаар захирамжаар өнөөдрийг хүртэл өмчилж байна. Гэтэл хажуу талын *** тоот ын н.М нь 2020 онд өөрийн газрыг нэхэмжлэгч О.А-д худалдсан байдаг. Хариуцагч газраа өмчлөн авсан үеэс хойш ямар нэгэн байдлаар бусдын газар руу оруулан хашаагаа зөөгөөгүй, анхны байрлал одоог хүртэл хэвээр байгаа. Газар зохион байгуулалт геодез, зураг зүйн газрын архиваас 2008 оны 01 сараас 2020 оны 01 сар хүртэлх ************** тоот нэгж талбарын дугаартай улсын бүртгэлийн Г-******** дугаарт 270 м.кв газрын кадастрын тоон зураглалыг 10, 10 жилийн давтамжтай нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасны дагуу 2013-2014, 2017, 2021 оны сансрын зургийг тус газраас ирүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээчээр Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрыг томилж, дүгнэлт гаргуулсан. Нэхэмжлэгч О.А газартаа хэмжилт хийлгэхэд 255 м.кв байхаас 242 м.кв байсан, 13 м.кв талбайн хэмжээгээр дутуу гэж нэхэмжлэлдээ бичиж 255 м.кв талбайг албадан чөлөөлүүлэхээр шаардсан. Гэтэл шинжээчийн дүгнэлт болон зохигчдын хашаалсан газарт хэмжилт хийсэн дээрх баримтуудаас үзэхэд зохигчдын газар өмчлөх эхийн гэрчилгээнд бичсэн хэмжээнээс аль аль нь м.кв-аар дутуу байна. Нэхэмжлэгч О.А уг газрыг худалдаж авахдаа талбайн хэмжилт хийлгүй авч, гэрчилгээ гарсны дараа газартаа байшин барих зорилгоор хэмжиж үзэхэд 13 м.кв талбайгаар зөрөхөд нь Г.Ш өөрийнх нь эзэмшлийн газар руу нь орсон гэж үзсэн байна. Гэтэл шинжээчийн дүгнэлт болон хяналтын хэмжилт хийсэн баримтуудаар О.А-ийн газрын гэрчилгээнд газрын хэмжээг 255 м.кв гэх боловч 254 м.кв байгаа, хэмжилт хийхэд хэмжээний хувьд хашаалсан газар 234 м.кв байгаа. Г.Шийн хувьд газрын өмчлөх эрхийн гэрчилгээнд 270 м.кв газар өмчилсөн гэх боловч хашаалсан газрын хэмжээ 266 м.кв буюу 14 м.кв-аар дутуу, нэгж талбарын*********** дугаар бүхий газартай 20 м.кв талбайгаар давхацсан гэжээ. Энэ нь сансрын зурагтай давхцуулсан байдлын зурагтай адил байна. Дээрх баримтуудаас үзэхэд Г.Ш-ийн хашаалсан газрын хэмжээ 266 м.кв талбайтай өмчилсөн талбайн хэмжээнд хүрээгүй, хариуцагч О.А 234 м.кв талбайг хашаалсан мөн зүүн талын бусдын эзэмшил газар руу 3 м.кв талбайгаар давхацсан нь нэхэмжлэгч газрыг худалдаж авахдаа хэмжээгүй, Г.Ш гэр бүлийн хэрэгцээний газрыг авсан хэмжээг өөрчлөөгүй, хашаагаа ч зөөгөөгүй хэвээр байгаа нь Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын архиваас ирүүлсэн зургууд зэргээр тогтоогдсон байна. Үүнээс үзвэл хариуцагчийг бусдын өмчлөлийн газар руу орсон хашаа сунгагдсан нь нотлогдохгүй. Харин нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь төдийгүй бусад газар өмчлөх эрх нь зөрчигдөж хашаалсан газрын хэмжээ нь өмчийн газрын хэмжээнээс дутуу байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд анх газар зохион байгуулалтыг хийж газрыг иргэний өмчлөлд хүлээлгэн өгөх, заагийг газар дээр нь тогтоох, хянах үүргээ дүүргийн газрын алба тухайн үед нь биелүүлээгүйгээс иргэд газраа хуучин хашаалсан байдлаар газар өмчилсөн нь газрын зааг тогтоох, өөрчлөх, тэмдэглэх, өмчлүүлэх газарт кадастр хийх, бүртгэх ажиллагааг хуульд заасны дагуу газрын алба хийгээгүйгээс нэхэмжлэгч О.А төдийгүй хариуцагч Г.Ш болон О.А-ийн хашаалсан газрын зүүн талын бусдын эзэмшлийн газартай 3 м.кв талбайгаар давхацсан зэргээр тогтоогдсон. Нэхэмжлэгч О.А-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар иргэд газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага албан тушаалтан хууль бусаар саад учруулсан буюу Г.Ш-д Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргын гарын үсэг бүхий газар чөлөөлөх мэдэгдэл өгсөн зэргээс үзвэл тухайн байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах боломжтой байсан, мөн хуулийн 39.3-т иргэн энэ хуулийн 39.2-т заасан хугацаанд хариу аваагүй бол гомдлоо шүүхэд гаргана гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч О.А албан тушаалтны дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдол гаргаагүй шууд шүүхэд хандсан. Анх өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноос хойш газар дээрх хашаагаа сунгаагүй, газрын хэмжээг улсын бүртгэлд буруу, ташаа хийсэн явдалд хариуцагч буруугүй, адилхан өмчлөгч байхад нэхэмжлэгчийн өмчлөлийг илүү гэж үзэх боломжгүй нөхцөл байдлууд тогтоогдсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан журмыг зөрчсөн гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг эсхүл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Г.Ш-д холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч О.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.
4.1. Нэхэмжлэгч О.А нь Баянгол дүүрэг, **-р хороо, Туул **-р гудамж, *** тоот хаягт байршилтай, 255 m.кв талбайтай газрын өмчлөлийг 2020 оны 06 сарын 03-ны өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулах замаар шилжүүлэн авсан ба 2020 оны 06 сарын 12-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож газрын хууль ёсны өмчлөгч болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 07 сарын 08-ны өдрийн 2022/41 тоот дүгнэлтэд ...Ш-ийн хашаалсан газар нь нэгж талбарын*********** дугаар бүхий газартай 20 м.кв талбайгаар ... давхцаж байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4-т заасан урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байхад шүүгч өөрийн үзэмжээр нэмэлт шаардлага тавьж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
4.2. Нэхэмжлэгч О.А өөрийн өмчлөлийн газраа хууль ёсны кадастрын зурагт заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр хуульд заасны дагуу шүүхэд хандсан. О.А-ийн газар өмчлөх эрх, газрын кадастрын зурагт маргаан байхгүй байхад шүүгч О.А өөрийн газрыг бусдаас худалдаж авахдаа хэмжээг шалгаагүй гэж хуулиас давсан дүгнэлт хийсэн.
4.3. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах үед, хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэх үед, өнөөдөр давж заалдах гомдол бичих үеийн байдлаар ч хариуцагч Г.Ш нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт хууль бусаар 20 m.кв талбайг эзэмшсээр байна. Гэтэл шүүгч ... хариуцагч өөрийн өмчлөлийн газрын хэмжээг өөрчилсөн, хашааг нэхэмжлэгчийн газар руу оруулж сунгах байдлаар хөдөлгөөн хийсэн нь тогтоогдохгүй байна гэж мөн хуульд байхгүй шаардлагыг өөрийн санаагаар зохиож, түүнийгээ шийдвэрийн үндэслэл болгосон.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл, шүүх шийдвэрт 2002 оны 06 сарын 27-ны өдрийн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас газар өмчлүүлэх шийдвэр гарч, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноос хойш газрын хэмжээг хариуцагч Г.Ш өөрчлөөгүй ба нэхэмжлэгч О.А өөрийн газрыг бусдаас худалдан авахдаа хэмжээг шалгаагүй, тодруулж үзээгүй явдалд хариуцагчийг буруутгах боломжгүй. Иймд бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай О.А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн гаргасан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг Г.Ш-д холбогдуулан гаргасан нь үндэслэлгүйг нотолж байна. Г.Ш нь Баянгол дүүрэг **-р хороо, Т-ын **-р гудамж **** тоот хаяг дахь газрыг 1975 оноос эхэлж эзэмшсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 03 сарын 30-ны өдрийн 131 дугаар захирамжаар өнөөдрийг хүртэл өмчилж байгаа. Гэтэл хажуу талын н.М нь 2020 онд өөрийн газрыг О.А-д худалдсан ба О.А нь тухайн үед хэмжилт хийгээгүй, 2021 онд уг газартаа байшин барихаар хэмжилт хийлгэхэд 255 м.кв байхаас 242 м.кв буюу 13 м.кв талбайд Г.Ш-ийг газар руу нь хашааг оруулан барьсан гэх шалтгаанаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн өмчлөлийн хашаа руу амбаарыг оруулж барьсан гэх үйл баримт тогтоогддоггүй. Нэхэмжлэгчийн өмчлөлийн м.кв дутуу байгаа нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй ба шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор хөндлөнгийн байр сууринаас шийдвэр гаргасан. Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангав.
2. Нэхэмжлэгч О.А нь хариуцагч Г.Ш-д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...тус газрыг 1975 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа, өмлөх эрхийн гэрчилгээ гарснаас хойш газрын хэмжээг өөрчлөөгүй, нэхэмжлэгч нь бусдаас газар худалдан авахдаа хэмжилт хийлгээгүй, шалгаагүй... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч О.А нь Баянгол дүүргийн **-р хороо, Т 19 гудамж, *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ************ дугаартай, 255 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр 2020 оны 06 сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн;
3.2. Хариуцагч Г.Ш нь Баянгол дүүргийн **-р хороо, Т ** гудамж, *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын **************** дугаартай, 270 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр 2008 оны 12 сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн;
3.3. Шүүхээс томилогдсон шинжээч болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 07 сарын 08-ны өдрийн 2022/41 дугаартай дүгнэлтээр дээрх 2 газар нь Газрын кадастрын мэдээллийн санд хоорондоо давхцалгүйгээр баталгаажин бүртгэгдсэн болох, мөн хариуцагч Г.Ш-ийн хашаалсан газар нь нэхэмжлэгч О.А-ийн өмчлөлийн газартай 20 м.кв талбайгаар давхацсан буюу нэвтэрч орсон болохыг тус тус тогтоосон.
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэрэгт цугларсан баримтад үндэслэн зөв тогтоосон атлаа ...өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноос хойш газрын хэмжээг хариуцагч Г.Ш өөрчлөөгүй ба нэхэмжлэгч О.А өөрийн газрыг бусдаас худалдан авахдаа хэмжээг шалгаагүй, тодруулж үзээгүй явдалд хариуцагчийг буруутгах боломжгүй... гэж дүгнэн нэхэмжлэгч О.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
5. Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж заасан тул анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн дээрх нөхцөл байдал нь өмчлөгч О.А-ийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
6. Нэхэмжлэгч О.А нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн болох нь Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 сарын 04-ний өдрийн газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсаар тогтоогдож байх тул хариуцагч талын гаргасан ...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй.
7. Иймд нэхэмжлэгч О.А нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 106.2-т Өмчлөгч ... өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу өөрийн өмчлөлийн газрыг албадан чөлөөлөхийг хариуцагч Г.Шээс шаардах эрхтэй, энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч О.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 102/ШШ2024/01813 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч О.А-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, **-р хороо, Т ** гудамж, *** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ************ дугаартай, 255 м.кв газрыг чөлөөлөхийг /нэвтэрч орсон 20 м.кв талбайн хэмжээгээр/ хариуцагч Г.Ш-д даалгасугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Ш-ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.А-д, 488,964 төгрөгийг гаргуулан шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт тус тус олгосугай гэж тус тус өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч О.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.НЯМБАЗАР