Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/081

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ,

Шүүгдэгч Б.Б,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914001970132 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Б ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Баянхонгор аймгийн Баянговь сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 02 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Х.Бын зүүн гарын алганд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Б нь Баянхонгор аймгийн Баянговь сумын 5 дугаар багийн нутагт 2019 оны 02 сарын 04-ний өдөр иргэн Х.Бын зүүн гарын алганд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...

Хохирогч Х.Б... 2019 оны 02 сарын 04-ний оройн 19 цагын үед өөрийнхөө машинаар явж байхад араас мотоцикль гэрлээрээ дохихоор нь зогссон чинь Т мотоцикль жолоодоод араар нь Б суусан байсан. Тэгээд тэр 2 миний дэргэд зогсоод Т надтай мэндэлсэн Б мотоциклоос бууж байгаа харагдсан. Тэгтэл гэнэт цонхоор хутга ороод ирэхээр нь зүүн гараараа хаасан чинь миний миний гарын алга руу Б.Б хутгаар хатгачихсан. Тэгээд би зүүн тийшээгээ хазайж хэвтсэн чинь Б.Б хутгаар дахин бүсэлхий хавь руу 2-3 удаа хатгасан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14/,

Гэрч Ч.Тын ... 2019 оны 02 сарын 04-ний орой 18 цаг 40 минутын үед Б манайд ирээд эхнэр алга байна хайгаад олоодхоё гэхээр нь би мотоциклоо унаад Бтэй хамт 2 айлаар орсон. Тэгээд цагдаагийн байрны гадаа зогссон чинь Б уулзая гэхээр нь гэрлээрээ дохиод зогсоосон чинь Б уулзаад 2-3 далайхаар нь очоод гарнаас нь барьж аваад хутгыг нь авах гээд ноцолдох үед Б машинаа хөдөлгөөд яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17/,

Гэрч М.Өын ... 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн үед гартаа хутгалуулсан хүн ирлээ гэхээр нь эмнэлэг дээр очход Б нь зүүн гартаа хутгалуулсан байхаар нь 5 оёдол тавьж шарханд нь цэгцлэлт хийсэн ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 21-23/,

Гэрч У.Бгийн ... 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би Баянговь сумын төвөөс бензин аваад хөдөө гараад явж байхад сумын төвийн дотор холбооны хажууд хурд сааруулдаг хаалттай замын орчимд 2 цагдаа 1 хүнтэй ноцолдож байсан. Тэгээд намайг гэрэл тусгаадах гэж орилохоор нь би мотоциклийнхоо гэрлийг тусгасан. Тэгэхэд 2 цагдаа дээлтэй том биетэй хүнтэй ноцолдоод гавлах гэж байсан. Нөгөө хүн нь дээр доороо ороод гавлуулахгүй ноцолдоод байсан. Тэгж байгаад цагдаа нь намайг татлагаа аваад ир гээд хэлсэн. Надад татлага байхгүй болохоор нь ороолтоо өгсөн чинь миний ороолтоор нөгөө хүний гарыг нь гавлах гээд байсан. Цагдаад өөрт нь гав байсан харин нөгөө хүн нэг гараа гаргаж ирэхгүй байсан. Цагдаа нар тэр хүнийг зодоогүй гарыг нь гавлах гэж л ноцолдоод байсан ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 27-29/,

Гэрч Ц.Оын ... 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би өглөө босоодох гээд Бөд уурласан юм. Тэгэхэд Б “хүн унтуулж хэвтүүлэхгүй юм зайл” гээд том дуугараад уурлахаар нь манай хүүхэд уйлсан. Б босоод битүүлгэний мах эвдэх гээд хутгаа аваад ирлээд унахаар нь би айсандаа хүүхдээ аваад цагдаа дээр очоод “Б бид нар луу том том хашгираад байна. Хэд хоног унтаж амраагүй юм” гэж хэлсэн. Цагдаа тэгээд “ чи очоод ахынд нь байж бай бид нар очоод Бийг унтуулах нь зүгээр байна уу шалгаадахъя” гэсэн. Тэгээд би Мог гэж дууддаг ахынд нь байж байсан. Тэгээд цагдаа эргэж ирээд “гайгүй байна та харих юм уу” гэхэд нь цагдаатай буцаад очиход Б архи ууж байхаар нь буцаад яваад өгсөн. Би тэгээд сумаас хойш цагдаагаар Хишгээ гэдэг малчныдаа очиж хоносон. Маргааш нь 05-ны өдөр эгч рүү нь залгахад Б хүн зодсон эмнэлэг дээр аваачиж унтууллаа гэж хэлж байсан. Намайг хөдөө явчихаар Б намайг хайж яваад хүн амьтан зодсон юм шиг байна лээ ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 32-33/,

Гэрч Д.Бын ... Тухайн өдөр Ц.О хүүхдээ дагуулаад уйлсан байдалтай хүрээд ирсэн. Тэгээд “Б олон өдөр архи уулаа айлгаад байна аймаг явах унаанд суулгаад өгөөч” гэсэн. Тэгээд Бийн төрсөн ах Мог гэж дууддаг Энх-Амгалангийнд Ц.Оыг хүргэж өгөхөд “өөр газар очье” гээд гэрээсээ хувцасаа авмаар байна гэхээр нь хамт явж гэрт нь очиход Б архи уугаад ганцаараа сууж байсан. Тэгээд О хувцасаа аваад гарахаар нь хөдөө айлд хүргэж өгсөн. Тэгээд орой сумандаа ирэхэд Б хүн хутгалчихлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу хэсгийн төлөөлөгч Оргилболд шалгасан ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 34-35/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 сарын 13-ны өдрийн 140 тоот шинжээчийн ... Х.Бын биед зүүн гарын алганы дотор хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39/

Шүүгдэгч Б.Бийн... 2019 оны 02 сарын 04-ний өдөр эхнэртэй хэрүүл хийж эхнэр явлаа гээд хувцсаа бэлдээд гарсан. Тэгээд өдөр гэртээ хоол хийж идчихээд эхнэрээ хүлээгээд байхад ирээгүй. Тэгээд гэрт байсан архинаас аяганд хийгээд 2 удаа уусан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-60/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Х.Б шүүгдэгч Б.Б нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 98-99 дүгээр талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Бийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгийг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бөд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бөд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Бийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА