Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 00481

 

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч П.Болор, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

           Нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галдан бошигтын 17-01 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОМ87102018, Шаавай овогтой Доржсүрэнгийн Батзаяагийн нэхэмжлэлтэй,  

           Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 14 дүгээр байрны 257 тоотод оршин суух, 1958 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар УС58122014, Наран овогтой Тулгын Энхтайванд холбогдох,

           Гэм хорын хохиролд 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий, иргэдийн төлөөлөгч Б.Чантуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Д.Батзаяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.Лхагважавын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Миний аав И.Доржсүрэн, ээж Б.Отгончимэг нар 2014 онд Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутагт алт олборлогчдын газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байсан “Дэнхээлжин” ХХК-д ажиллаж байсан ба тус компаниас ажилчдын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас миний аав И.Доржсүрэнгийн амь нас хохирсон юм. 2014 оны 9 дүгээр сард болсон ослын талаар тус компанийн захирал Т.Энхтайванд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд миний бие түүнийг эрүүгийн гэмт хэрэгтэн болгож, ял шийтгэл оногдуулахыг хүсээгүй юм. Т.Энхтайван манай гэр бүлд учирсан гарз хохирлыг сэтгэл санаагаараа болон 40.000.000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхээр болж амлалт өгсөн. Гэтэл уг мөнгийг 2015 оны 6 дугаар сар хүртэл төлж барагдуулахаар болсон боловч энэ үүргээ биелүүлсэнгүй. Т.Энхтайвантай холбогдоход “Удахгүй өгнө” гэдэг. Иймд Т.Энхтайванаас гэм хорын хохиролд 40.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ... Эрүүгийн гэмт хэргийг шалгах явцад Т.Энхтайван нь “Дэнхээлжин” ХХК-ийн захирал болох нь тогтоогдож, түүнд холбогдуулан хэрэг үүссэн. Тухайн компани нутгийн иргэдтэй аман хэлцэл байгуулан ажиллуулж байсан ба талийгаач болон түүний эхнэр Б.Отгончимэг нарт цалин гэж 500.000, 500.000 төгрөг өгч байсан. Т.Энхтайван өөрөө 40.000.000 төгрөг өгнө гэсэн бичиг хийж өгч, мөн Д.Батзаяатай тохиролцсоны үндсэн дээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэжээ. 

           Хариуцагч Т.Энхтайван болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Манай “Дэнхээлжин” ХХК нь байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр ажилладаг. 2014 онд Увс аймгийн Засаг даргын Тамгын газартай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж ажиллахаар болсон. Энэ үед миний бие өөрийн компани бие төлөөлөгчөөр Ням-Аюуш хэмээх хүнийг томилж ажиллуулсан. Би өнөөдрийг хүртэл өөрийн биеэр Увс аймагт очиж үзээгүй болно. Бид Увс аймагт өөрийн компани ажилчдыг асар их зардал гарган тоног төхөөрөмжийн хамт 2014 оны 8 дугаар сард илгээсэн. Тоног төхөөрөмж угсран ажлаа явуулахад орон нутгийн хяналтын байгууллагаас ажиллах боломж олгоогүй тул ажлаа бүрэн зогсоож, манай ажилчид Улаанбаатар хот руу буцаж ирцгээсэн. Дээр дурдсан нэхэмжлэгчтэй манай компани болон миний бие ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ хэлцэл хийгээгүй бидэнд ажлын шаардлага ч байхгүй байсан тул энэ хүнтэй хөдөлмөрийн болон иргэний ямар ч харилцаа тогтоож байгаагүй, танилцаж байгаагүй танихгүй. 2014 оны 12 дугаар сард өгсөн баримтыг би хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хуулийн дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгч бидэнд гүн туслалцаа үзүүлнэ үү. ... Талийгаач нь тус компанитай хөдөлмөрийн болон бусад гэрээний ямар нэгэн харилцаа үүсгээгүй байсан бөгөөд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тухайн талийгаачийн үхэлд Т.Энхтайван болон “Дэнхээлжин” ХХК ямар нэгэн хамааралгүй буюу гэм буруугийн шалтгаант холбоо байхгүй байна. Нөгөө талаар, Д.Батзаяа болон Т.Энхтайван нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд Д.Батзаяа нь талийгаачийн өмнөөс шаардлага гаргах эрхтэй эсэх, өв залгамжлагчаар тогтоогдсон эсэх нь тогтоогдохгүй байна. Т.Энхтайван тухайн үед эрүүгийн хариуцлага хүлээхээс айж, мөн хохирогчийн ар гэрийн зүгээс нэлээд дарамт шахалт үзүүлж байсан тул 40.000.000 өгнө гэсэн бичиг хийж өгсөн. Мөн монгол хүний зан чанар гаргаж, нэг монгол хүн нас барсан тул хөрөнгө оруулж байсан хятад улсын компаниас хүний амь нас эрсэдлээ гээд тодорхой хэмжээний мөнгө гуйж авч өгөхөөр бодож байсан тул дээрх бичгийг хийж өгсөн. Хятад компани манай буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул мөнгө өгөхгүй гэж татгалзсан байдаг. Гэхдээ иргэн хэн боловч өөрийн гаргасан хүсэл зоргийн илэрхийллээсээ хэзээ ч татгалзаж болдог учир Т.Энхтайван тухайн бичиж өгсөн зүйлээсээ татгалзаж байна. Түүнчлэн талийгаач бол ямар нэгэн гадны нөлөөгүйгээр, золгүй байдлаар амь насаа алдсан нь тогтоогдсон байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

             Иргэдийн төлөөлөгч Б.Чантуу шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Т.Энхтайван үнэхээр мөнгө өгнө гээд бичиж өгсөн бол түүнийгээ өгчиж болдоггүй юм уу? Гэхдээ Т.Энхтайван энэ хэрэгт хамааралгүй байгаа тул хариуцах үндэслэлгүй. Хэн хэн нь буруутай байна гэж үзлээ” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

              Нэхэмжлэгч Д.Батзаяа нь хариуцагч Т.Энхтайванд холбогдуулан гэм хорын хохиролд 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Хариуцагч Т.Энхтайван болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий нь “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан Увс аймгийн Прокурорын газрын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 278 тоот “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол, Увс аймгийн Засаг дарга болон “Дэнхээлжин” ХХК-ийн төлөөлөгч Ням-Аюуш нарын хооронд хийгдсэн “Хөндөгдсөн газрын нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ”, гэрч Г.Баянмөнх, Ж.Эрдэнэцогт, Б.Ганбат, Д.Эрдэнэбат нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаас үзэхэд 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Дэнхээлжин” ХХК нь Увс аймгийн Тариалан сумын Бургастай багт байрлах, 22,59 га газарт 7-10 сарын хооронд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхээр Увс аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан байх ба тухайн компани өөрийн ажилчид болон тоног төхөөрөмжүүдийг илгээж, тухайн газартаа суурьлуулсан байна.

           Гэтэл 2014 оны 9 дүгээр сарын 09-ний оройн 18-19 цагийн үед тухайн компанийн тоног төхөөрөмж байрлаж байсан газар буюу хиймэл нууранд иргэн И.Доржсүрэн унаж, улмаар золгүй байдлаар амь насаа алдсан болох нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож, түүнчлэн хохирогч Д.Батзаяа, И.Доржсүрэнгийн эхнэр Б.Отгончимэг, охин Д.Батцэцэг нар “Увс аймгийн Тариалан сумын иргэн Идэш овогтой Доржсүрэн миний аав 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын Бургастай багт байрлах драг гэдэг багажны ус руу унаж, золгүйгээр амь эрсэдсэн. Иймд бид нарт ямар нэгэн гомдол гаргах зүйл алга тул энэ хэргийг хааж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан нь хэргийн 13 дугаар хуудаст авагджээ.

            Мөн Увс аймгийн  Прокурорын газрын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 278 тоот “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолд “... 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 44 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтээр талийгаач И.Доржсүрэнгийн үхлийн шалтгаан нь усанд живж, амьсгал зүрх судасны дутлаар нас барсан ... Иймд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна” гэж дурдагдсан байна.

     Өөрөөр хэлбэл, дээрх нотлох баримтуудад дурдагдсанаар хариуцагч Т.Энхтайван, эсхүл “Дэнхээлжин” ХХК-ийн  гэм буруутай үйл ажиллагааны улмаас иргэн И.Доржсүрэнгийн амь нас хохирсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба гэм буруугийн шалтгаант холбоо байхгүй байна.

          Мөн гэрч Ж.Эрдэнэцогтын шүүхэд өгсөн мэдүүлэгт “Хэрэг болдог өдөр талийгаач Пүрэвээ гэдэг алтны ченжтэй архи уусан. Орой 18-19 цагийн үед түүний эхнэр Отгон нь түүнийг унтуулахаар гэр лүүгээ авч явсан. Ганбатыг уурхайгаас ирж байх үед талийгаачийн эхнэр Отгон “Мнай нөхөр алга болчихлоо” гээд хайгаад явж байсан. Ингээд бид Доржийг хайж эхэлсэн. ... Маргааш нь нуурын усыг соруулж, 2 газар сэтлэхэд талийгаачийн цогцос усны ёроолоос гарч ирсэн” гэж, гэрч Б.Ганбатын шүүхэд өгсөн мэдүүлэгт: “Орой 18-19 цагийн үед драгийн орчныг эргэхээр очиход талийгаачийн эхнэр миний урдаас гүйж ирээд “Манай нөхөр хавхаа эргэхээр яваад алга болчихлоо” гэж ирсэн ба драг дээр очиход хэн ч байгаагүй. Ингээд түүний хүү Д.Батзаяа нь Улаангом сумаас дуудагдаж ирээд хайсан боловч 2-3 хавх олоод буцаж ирсэн. Энэ үед нууранд байсан драг дээрх поошиг усанд хөвж байсан. Уг драг нь эргээсээ 3 метрийн зайд троссоор аргамжигдсан байсан. ... Маргааш өглөө нь нуурын усыг соруулахад талийгаачийн цогцос хагас нугарсан байдалтай гарч ирсэн. Ингээд хүү Д.Батзаяа нь цогцсыг Тариалан сумын төвд байх гэр рүүгээ аваад явсан” гэж, гэрч Д.Эрдэнэбат, Г.Баянмөнх нар “... Драгийг угсарч дуусаад үйл ажиллагаа явуулах гэтэл орон нутгийн хууль хяналтын байгууллагууд нь тухайн үйл ажиллагааг эхлүүлэхгүй, ажиллуулахгүй гэсэн тул бид тоног төхөөрөмжөө битүүмжлээд нутаг буцсан” гэж тус тус мэдүүлжээ.

            Өөрөөр хэлбэл, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Дэнхээлжин” ХХК-ийн ажилчид ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байх бөгөөд энэ үед драгийг тойруулан хамгаалалтын бүс тогтоож өгсөн байхад тухайн бүс рүү нэвтрэн, улмаар амь насаа алдсан байдалд компанийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны холбогдох дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

             Мөн нэхэмжлэгч нь “Миний аав тухайн компанид ажиллаж байсан” гэсэн тайлбар гаргасан байх боловч хэрэгт “Дэнхээлжин” ХХК болон иргэн И.Доржсүрэн нарын хооронд хийгдсэн гэрээ хэлцэл авагдаагүй байгаа бөгөөд гэрчүүдийн мэдүүлэгт И.Доржсүрэн нь Ням-Аюушийн бие төлөөлөгч байсан гэдгийг дурджээ.

           Түүнчлэн хариуцагч Т.Энхтайваны “сэтгэл санааны хохиролд 40.000.000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сард багтаан төлнө. Заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн утга бүхий тодорхойлолт гаргасныг шүүх үнэлж, нэхэмжлэгч Д.Батзаяад гэм хорын хохирол гаргуулах үндэслэлгүй бөгөөд хариуцагч Т.Энхтайваны гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас осол гарсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх тодорхойлолтыг үндэслэн хариуцагчийг буруутгах, сэтгэл санаанд учирсан гэх хохирлыг хариуцуулах үндэслэлгүй гэж үзэв. 

          Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Энхтайванаас гэм хорын хохиролд 40.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Батзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Батзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ням-Аюушийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах тухай урьд гаргасан хүсэлтээсээ шүүх хуралдааны үеэр татгалзсан болохыг дурдав.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Энхтайванаас гэм хорын хохиролд 40.000.000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Батзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Батзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357.950 /гурван зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА

                       

                        ШҮҮГЧИД                                                    П.БОЛОР

 

                                                                                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ