| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0084/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/087 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Хохирогч О.Га,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал,
Шүүгдэгч Ц.О, Ц.Б,
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О, Ц.Б нарт холбогдох 1814005600042 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт :
1. Монгол Улсын иргэн, Ц.О,
2. Монгол Улсын иргэн, Ц.Б,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Ц.О Ц.Б нар нь 2018 оны 09 сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Эрэднэцогт сумын 1 дүгээр багийн Үхэгийн хөх сайр гэх газарт О.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч О.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 09 сарын 24-ний өдөр Ц.О нь намайг заамдаж барьсан тэгтэл Ц.Б нь миний сүүжний дээд хэсэгт өшиглөсөн тэгтэл О нь миний зүүн чихний дээд хэсэгт цохисон тэр үед миний ухаан балартаж унасан тэгтэл тэр хоёр миний хоёр талд гарч зогсоод намайг өшиглөсөн хоёулаа өшиглөөд байсан тэгж байгаад Ц.О нь дайраад алчих уу гэж хэлээд машиндаа суух гэж харайсан. Тэр үед манай эхнэр та нар хүн дайрч алах нуу гээд чулуу шидэж машины урд салхины шилийг нь хагалсан. Би гишгүүр дээр нь гарсан тэгээд өвөлжөө хаваржааны бичгийг үзүүлсэн машины цонхоор харуулсан юм хойшоо унасан зүйл байхгүй би өөрөө буусан тэгтэл О гарч ирээд намайг заамдаж барьсан дүү нь гарч ирээд өшиглөсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Гэрч М.Рын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2019 оны 09 дүгээр сарын 24-ний орой 21 цагийн орчим Эрдэнэцогт сумын 2-р багийн нутаг дэвсгэр Үхэгийн хөх сайрын Салхит гэх газар би нөхөр Гын хамт өвөлжөө нь дээрээ жижиг гэрээ барьж дуусаад гэр лүүгээ буцаж явсан. Тэгсэн яг манай өвөлжөөний аман дээр дэнжийн ёроолд Цэрэнсономын 2 банди болох Ц.Б Ц.О нар нь гэрээ бариад дуусаад буцаж явж байсан том тэрэгтэй тэгээд бид 2-ыг зогсоогоод өвөлжөөний амнаас гэрээ буулгаад нүү гэсэн манайх энэ жил энэ өвөлжөөндөө өвөлжинө гэсэн тэгсэн Б О нар машинаас бууж ирээд манай нөхөр О.Гыг шууд цохиж аваад боож унагааж өшиглөж авсан дараад цохиод байсан... О нь ******* нь гуйлгачингуудыг машинаараа чамайг дайрч ална гээд машин руугаа гүйгээд явсан. Тэгсэн ээж Х нь боль гээд хүүхдээ барьж аваад болиулсан, тэгэхээр нь би хүн зодчихоод бас дайрах гэлээ гээд уурлаад тэд нарын машин руу чулуу шидсэн тэгсэн салхины шил нь хагарсан ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 27/,
Гэрч Б.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр манайх отрын гэрээ буулгах гээд хоёр хүү болох О Б нарын хамт Эрдэнэцогт сумын 2 дугаар баг хөх сайрын Нуурмагын ам гэх газар бууж гэрээ барьсан. Тэр үед цаг нилээд орой болсон байхад мотоцикльтой эрэгтэй эмэгтэй 2 хүн гараа өргөөд яваад байхаар нь машинаа зогсоосон... би Бийн хамт машинаас буугаад тэгээд машин тооромз муутай наад хүнээ холдуул гэж хэлэхэд манай 2 хүү О.Гыг машин доороос угз татан гаргасан. Тэгээд та чинь өвчтэй юм уу амьнаасаа уйдаа юу гэж хэлээд цааш нь түлхэж унагаасан. Тэр үед Га манай бага хүү Бийг заамдаж авсан тэр үед Гын хотноос 2 хүүхэд гарч ирээд аваад явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41/,
Гэрч Н.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нөхрийн хамт гэртээ байж байхад утсаар Га ах *******ын банди нар ирээд намайг зодчихлоо гэж хэлсэн, тэр үед манай нөхөр хоёулаа юу болсон талаар очиж мэдчихээд ирье гэж хэлсэн. Тэгээд гэрт нь шөнийн 22 цаг орчимд явж очисон. Тэр үед *******, эхнэр, 2 банди мөн *******ын дүү гэх 5 хүн ирчихээд хэрүүл хийгээд байсан намайг ороход *******ын эхнэр чи яагаад хов зөөгөөд байгаа юм гэж хэлж байснаа Га ахын урьд байсан өвөлжөө хаваржааны бичиг баримт аваад бид нар энийг авлаа тэгээд устгуулна гэж хэлсэн. Та нар хахуул өгч өвөлжөө хаваржаатай болсон гэж хэлээд хэрүүл хийгээд байсан. Тэр О.Га ах та нар зодоон хийхгүй шүү гэж хэлээд байгаад байсан О.Га ахын нүд тухайн үед хавдаад хөхөрчихсөн зүүн нүдээрээ харж чадахгүй байдалтай байсан тэр хүмүүс нь бичлэг энэ тэр хий гэж хэлээд байгаад байсан тэгж байгаад яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/,
Гэрч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 09 дүгээр сарын 24-ний цэрэгт явсан найзтайгаа Баянхонгор сумын Эрдэнэцогт сумын 2 дугаар баг Үхэг нэртэй газар толгойн ард замын хажууд таарсан тэгтэл хүн аллаа гэж орилоод чимээ дуу гараад байсан тэгээд би тэр дуу чимээ гарч байгаа зүг рүү явсан тэгтэл Ханд эгч таарсан Г ахыг чинь зодоод байна гэж хэлсэн тэгээд тэнд явж очиход Г ахын хамраас цус гарчихсан байсан би асаагуурын гэрэл тусгаад нүдийг нь харахад хавдчихсан байдалтай байсан ... Толгой, сүүж хэсгээр өвдөөд байна гэж хэлээд намайг харахад зодуулсан байдалтай байх шиг байсан нүд хэсэг улайчихсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/
Шүүгдэгч Ц.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 09 дүгээр сарын 24-нд Баянхонгор аймгийн Эрдэнцогт сумын 2 дугаар баг Нуурмагийн ам гэх газар гэрээ бариад буцаж явсан 21 цаг орчим болж байсан, О.Га эхнэрийн хамт миний машины урдуур орж ирээд машин зогсоосон тэгээд машины цонхон дээр гарч ирээд хаана буусан талаар асуусан би хаваржаан дээрээ буулаа гэж хэлсэн тэгтэл буц гэрээ ав авахгүй бол шатаалаа гэж хэлсэн. Би тэр үед нь гэртээ очоод байж бай гэж хэлэхэд гартаа барьсан газрыг бичгээрээ намайг ороолгосон мөн хаалга татаад хаалга онгойж О.Га хойшоо унасан би тэгээд машинаас буухад намайг заамдаж авсан мөн намайг цохиж миний зүүлтийг тасалсан тэгээд салсан тэгээд та наад газрын асуудлаа аавтай очиж ярь гэж хэлэхэд миний унаж явсан машины доогуур орж хэвтээд гарахгүй байсан явах гэхэд дайраад гар эсвэл буцаж гэрээ ав гэж хэлээд машин доогуур хэвтээд байхад нь миний дүү Б машинаас гарч ирээд О.Гыг татаж машин доороос гаргасан. Тухайн үед машин асаалттай газрын уруу зогссон байсан юм тэгтэл О.Га манай дүү Б рүү дайрч заамдаж авсан би машинаа унтраагаад эргээд машинаас гарч ирэхэд Га цаанаас 2 залуу гарч ирсэн тэр үед би наад хүнээ ав гэж хэлчихээд яваад өгсөн. Эхнэр нь чулуу бариад дайрч байснаа машины цонх чулуугаар цохиж хагалсан байсан бид нар тэндээс айлд очоод мотоцикль аваад гэртээ харьсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 139-140/
Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 09 дүгээр сарын 24-нд Баянхонгор аймгийн Эрдэнцогт сумын 2 дугаар баг Нуурмагийн ам гэх газар гэрээ бариад буцаж явсан 21 цаг орчим болж байсан, О.Га эхнэрийн хамт миний машины урдуур орж ирээд машин зогсоосон тэгээд машины жолооч талын гишгүүр дээр гарч ирээд хаана буусан талаар асуусан манай ах хаваржаан дээрээ гэрээ бариад буцаж явна гэж хариулсан тэгтэл манай өвөлжөөтэй ойр буулгахгүй эргэж очоод гэрээ танайх ав гэж хэлсэн тэгтэл манай ах авахгүй гэсэн. О.Га эхнэр Хандаа руугаа хандаж хоёулаа тэр бор овоохойг нь шатаачихъя гэж хэлсэн тэгтэл манай ах шатаа шатаачих бид нар хариад байж байя гэж хэлсэн. Тэгтэл О.Га газрын гэрчилгээ байсан байх тэрүүгээр манай ахыг ороолгож хаалга татсан хаалга онгойж О.Га хойшоо унасан тэгтэл манай ах машинаас буусан, энэ үед О.Га манай ах Ог цохиж аваад заамдаж барьж авсан, тухайн үед манай ах та миний гинжийг тасаллаа наад газрын асуудлаа аавтай очиж ярь гэж хэлээд явах гэтэл О.Га та нарыг явуулахгүй дайраад яв гээд дугуйн доор орж хэвтсэн. Тэгж байхад машины цонх хагарсан ээж бид 2 машинаас буухад О.Га дугуйн доор ороод хэвтэж байсан тухайн үед машин асаалттай уруу газар зогсож байсан юм би дугуйн доороос О.Гыг татаж босгоод ирэхэд намайг заамдсан тэгээд ална шүү гэж хэлээд намайг чирээд байж байхад араас нь 2 банди гүйж ирээд О.Гыг салгаж авсан тэр 2 банди ирээгүй бол би зодуулах байсан байхаа ах наад хүнээ аваад яв гэж хэлсэн. Тэгээд ээж айлд очих гээд явсан. Айлд очоод иргэж машин дээрээ ирэхэд О.Га машины хажууд сууж байсан согтуу байсан .... гэсэн мэдүүлэг /хх-ийн 142-143/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 сарын 26-ны өдрийн 566 дугаартай шинжээчийн ... “О.Гын биед тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, бауун өгзөгт цус хуралт, зүүн доод зовхи, дух, дээд, уруулд зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 48-49/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Ц.О Ц.Б нар нь 2018 оны 09 сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Эрэднэцогт сумын 1 дүгээр багийн Үхэгийн хөх сайр гэх газарт О.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас шүүгдэгч Ц.О Ц.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Ц.О Ц.Б болон хохирогч О.Га нар нь хэргийн талаар харилцан адилгүй буюу О.Гийн бие махбодид учирсан хөнгөн гэмтлийг шүүгдэгч нар нь учруулаагүй талаар харилцан зөрүүтэй мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан тэдгээрийн өгсөн мэдүүлэг болон гэрч нарын өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд зэргийг харьцуулан шинжлэн судлаад үзэхэд шүүгдэгч Ц.О Ц.Б нарыг Баянхонгор аймгийн Эрэднэцогт сумын 1 дүгээр багийн Үхэгийн хөх сайр гэх газар 2018 оны 09 сарын 24-ний өдөр хохирогч О.Гийн биед хөнгөн хохирол учруулсан болохыг нотлох хангалттай баримт хэрэгт авагдсан байх төдийгүй, шүүгдэгч нар нь өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх шаардлага байхгүй тул тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.
Иймд шүүгдэгч Ц.О Ц.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч О.Га нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Ц.О Ц.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.О Ц.Б нарын эзэмшлийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ц.О, Ц.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.О, Ц.Б нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.О, Ц.Б нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.О, Ц.Б нарт мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.О, Ц.Б нартын эзэмшлийн гар утсуудыг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Ц.О, Ц.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.О, Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА