Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 00523

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 19-03 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эмэгтэй, ОС87032201 регистрийн дугаартай, Цагаагчин овогтой Сэнгээгийн Одонтуяагийн нэхэмжлэлтэй,  

            Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Ахлах 4-р сургуульд холбогдох,

        Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Одонтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн төлөөлөгч Д.Таня, гэрч Б.Буянтогтох, С.Дээшинбаяр, Б.Дорждэрэм, Ч.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч С.Одонтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь нөхөр хүүгийн хамт амьдардаг. Ахлах 4-р сургуульд 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нягтлан бодогчоор ажилд орсон. Гэтэл намайг ажил тасалсан гэсэн шалтгаанаар Ахлах 4-р сургуулийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тушаалаар ажлаас халсан. Тэгчихээд хагас жилийн тайлангаа гаргаж өгөх хэрэгтэй гэж 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөр ажлаа дуусгавар болгохоор тушаалаа дахин гаргаж 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаар тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Миний бие мэргэшсэн нягтлан бодогчийн сургалтанд 2014 оны 10 дугаар сард Улаангом суманд /Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс зохион байгуулагдсан/ 10 хоног суусан бөгөөд мэргэшсэн нягтлан бодогч болох шалгалтанд орох эрх /18 сарын хугацаатай/-ээ авч шалгалтанд орсон ба 1 хөнгөлөлт авсан. Ингээд 4 шалгалтаа өгөх зорилготой Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед манай суманд шалгалт авах байсан ч надад хувийн ажил гарсан, миний нацаг өвөө Л.Цэвээн Улаанбаатар хотод хөлний хагалгаанд орох, нагац эгчийн хүргэн Баатар 25 настай цусны хорт хавдар найдваргүй гэж оншлогдож хамаатан садан хүмүүсийг нь уулзуул гэсэн учир би хотод шалгалтаа өгөхөөр шийдсэн юмаа. Ингээд би 5 дугаар сарын эхээр захиралдаа хандан чөлөө хүсэхэд сургуулийн захирал Д.Таня зөвшөөрсөн ба “Эндэх ажил төрлөө бүгдийг хийчихээд яваарай” гэсэн. Би өөрийн хийх ёстой үүрэгт ажлаа бүгдийг цэгцлээд 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаабаатар хот руу явсан. Намайг явсны хойгуур ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байсан. Би ажлын 11 хоног явж ирсэн. Энэ хугацаанд надаас шалтгаалах гомдол санал гараагүй байхад ажил тасалсан нэрийдлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс намайг Ахлах 4-р сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ. 

         Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 4 дүгээр сургуулийн захирал Д.Таня шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Одонтуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. С.Одонтуяа нь 2014 оны 10 дугаар сард Улаангом суманд Монголын мэргэшсэн нягтлан бодогчийн институтээс зохион байгулсан 10 хоногийн сургалтанд сууж, шалгалтанд орох эрх авсан гэж бичсэн байна. Энэхүү эрх авснаа юугаар нотлох вэ? /урилга, сертификат гэх мэт/ өгсөн байх ёстой. Үүнийг сургуулийн удирдах ажилтанд албан ёсоор хандаж авч ирж үзүүл гэж удаа дараа шаардсан боловч өгөөгүй. Мөн С.Одонтуяа нь 4 шалгалт өгөхөөр захирлаас чөлөө аваад явсан гэж бичсэн учир няцаалт хийж байна. Захирал Д.Таня миний бие нь С.Одонтуяад Улаанбаатар хот явах чөлөө өгөөгүй. Учир нь Улаанбаатар хотод сургалтанд суух болон шалгалт өгөх урьсан байгууллагын албан тоот сургуульд ирээгүй. Багш ажилчдын амралт эхлэн болсон тул тойрох хуудас дээр гарын үсэг зурах, хотод шалгалт өгнө гэсэн тэр сургалт, шалгалт нь энд 5 дугаар сарын 23-нд болсон боловч өөрөө дур мэдэн тасалсан. Сургалт явагдаж байх үед ямар нэгэн шалтгаан гараагүй ажилдаа байсан. Багш нарын амралт эхэлж байгаа тул цалин бичих, багш нарыг амраах шаардлагатай байгаа гэдгээ хэлээд тухайн үед С.Одонтуяад чөлөө өгөөгүй юм. Гэтэл нэхэмжлэгч чөлөө авсан гэж бичсэн нь үндэслэлгүй болно. С.Одонтуяа нь удаа дараа ажлаас тасалж, ажил мэргэжлийн алдаа удаа дараа гаргаж захирлын тушаалаар 2 удаа арга хэмжээ авагдаж байсан. 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 28 тоот тушаалаар С.Одонтуяад сануулах арга хэмжээ авсан. 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 64 тоот тушаалаар С.Одонтуяагийн цалинг 20 хувиар 2 сар хүртэл бууруулах арга хэмжээ авсан нь ажилдаа хайнга хандаж байсныг гэрчилнэ. С.Одонтуяа нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 19-ний өдөр хүртэл ажлын 11 хоног ажил тасалсан нь цагийн бүртгэлийн №5 дахь маягтаар нотлогдож байна. Мөн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн тушаал нь С.Одонтуяагийн өөрийнх нь гуйлт хүсэлтийг үндэслэн, эрх ашгийг нь тухайн үед хамгаалж дахин 6 өдөр ажил тасалж зөрчил гаргасныг нь эс тооцон багш ажилчдын амралтын мөнгө, урамшуулал бодуулах, хагас жилийн тайлан гаргаад бичиг баримтаа цэгцлээд ажлаа хүлээлгэн өгнө гэсэн хүсэлтийн дагуу 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн юм. Мөн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар С.Одонтуяаг чөлөө авалгүй ажил тасалсан гэсэн асуудал авч хэлэлцсэн бөгөөд уг хуралд сургалтын менежер Буянтогтох, Дээшинбаяр, нийгмийн ажилтан Дорждэрэм, бичиг хэргийн ажилтан Хулан нар оролцсон ба ажил тасалсан талаар асуулт асууж хариулт авсан байгаа. Мөн Ахлах 4 дүгээр сургуулийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн багш нарын зөвлөлийн хурлаар батлагдсан сургуулийн дотоод журмын 11.1.2 заалтыг удаа дараа зөрчсөн буюу ажлын цагийг байнга хийдүүлдэг, ажил тасалдаг гэж үзэж болно. Түүнчлэн миний бие С.Одонтуяад ур чадварын нэмэгдэл олгох эсэх асуудлыг тушаал гаргаж шийдвэрлээгүй байхад өөртөө дур мэдэн ур чадварын нэмэгдэл тооцож орж ирсэн. Иймд хөдөлмөрийн гэрээг нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг үндэслэлээр С.Одонтуяаг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.Одонтуяа нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 4-р сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

            Хариуцагч нь “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

          Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Увс аймгийн Улаангом сумын Ахлах 4-р сургуулийн захирал 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 12 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргаж, нэхэмжлэгч С.Одонтуяаг Ахлах 4-р суруулийн нягтлангийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, сургуулийн дотоод журмын 11.1.2, 11.1.3.1, 11.1.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.

            Уг тушаалд “С.Одонтуяа нь ажиллах хугацаандаа хөдөлмөрийн тухай хууль болон сургуулийн дотоод журмын заалтуудыг удаа дараа зөрчин хуулийн дагуу арга хэмжээ авахуулж байсан ч засрахгүйгээр 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ямар нэг шалтгаангүйгээр ажил тасалсан тул ... өөрийн хүсэлтээр 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд ажиллуулан ажлаас чөлөөлсүгэй” гэсэн байх ба тухайн тушаалын агуулгаас үзэхэд С.Одонтуяаг чөлөө, зөвшөөрөл авахгүйгээр 11 хоногийн ажил тасалсан буюу “сургуулийн хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” хэмээн ажлаас чөлөөлсөн байх боловч хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаагаас гадна тухайн гэрээнд “ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцно” гэсэн үг, үсэг тусгагдаагүй байна.

            Гэтэл хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн” гэж, үүний үндэслэл болгож Улаангом сумын Ахлах 4 дүгээр сургуулийн захирлын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 28 тоот, мөн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 64 тоот “Арга хэмжээ авах тухай” тушаалуудын хуулбрыг хэрэгт ирүүлсэн байгаа боловч уг тушаалуудаар С.Одонтуяад сахилгын зөрчил гаргасан хэмээн 2014 онд арга хэмжээ авч байсан нь одоогийн зөрчилд нь “давтан” сахилгын зөрчил гэж тооцогдохгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

            Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгч “С.Одонтуяа байнга ажил хийдүүлж тасалдаг, хаана байгаад байгаа нь тогтоогддоггүй, өөртөө үндэслэлгүйгээр давуу байдал бий болгохыг оролддог, байнга мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргадаг” хэмээн сахилгын зөрчлийг байнга, давтан гаргадаг гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул С.Одонтуяаг “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Мөн ажилтан сахилгын зөрчлийг удаа дараа гаргаж байгаа тохиолдолд тухайн зөрчил тус бүр нь нотлох баримтаар тогтоогдсон байхад хангалттай бөгөөд зөрчил бүрт сахилгын шийтгэл хүлээлгэсэн байх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.

            Нэхэмжлэгч С.Одонтуяа нь өөрийгөө “чөлөө аваад мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалт өгөх болон ар гэрийн гачигдал гарсны улмаас 2016 оны 6 дугаар сарын 06-наас 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Улаанбаатар хот руу явж ирсэн” хэмээн тайлбарлаж, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын “Батламж”, “Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт” гэх тасалбар, мөн иргэн Х.Мөнхбаатар, Л.Цэвээн нарын амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж ирүүлсэн байх боловч тухайн баримтуудаас С.Одонтуяа мэргэшсэн нягтлан бодогчдийн эрх олгох шалтгалтад бүртгүүлсэн эсэх, орсон эсэх, тухайн шалгалтын үр дүн гэх мэт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдохгүй байгаагаас гадна  “Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт” гэх тасалбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд энэхүү баримтаар С.Одонтуяаг шалгалт өгсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.

            Нөгөө талаар, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 10.3.1а хэсэгт “Багш, ажилчдын чөлөөг сургуулийн захирал олгоно. Чөлөөг жилд 1 удаа олгох ба бичгээр олгоно. ... Улаанбаатар хот болон өөр аймаг хотод гачигдал гарсан тохиолдолд 7 хоногийн цалинтай чөлөө олгоно. Чөлөөг бичгээр аваагүй тохиолдолд ажил тасалсанд тооцно” гэж заасан байх бөгөөд С.Одонтуяа нь уг журмыг зөрчиж, чөлөө зөвшөөрөл авахгүйгээр явсан нь хэрэгт авагдсан цагийн бүртгэлийн баримт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

            Гэвч ажил олгогч нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан чухам ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болохоо тайлбарлаж, уг тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Одонтуяаг Увс аймгийн Улаангом сумын Ахлах 4-р сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.  

       Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар С.Одонтуяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 4-р сургуулиас 70.200 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.  

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Одонтуяаг Увс аймгийн Улаангом сумын Ахлах 4-р сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Одонтуяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 4-р сургуулиас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод буюу Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА