Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01305

 

 Б.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/01888 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 24,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Б.С нь Г.Г-тай 2021 оны 03 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлээ төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохирч, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан. Б.С нь зээлийн мөнгөн хөрөнгийг өөрийн Х банкны ************ тоот данснаас Г.Г ын Х банкны *********** тоот данс руу 2021 оны 03 сарын 16-ны өдөр Г-д зээлэв утгатай 4,000,000 төгрөг, 2021 оны 03 сарын 17-ны өдөр Г-д зээлэв утгатай 11,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасны дагуу шилжүүлсэн. Тухайн зээлийн гэрээ байгуулснаас хойш өдий хүртэл хугацаанд Г.Г нь гэрээний төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Иймд үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг Г.Г-аас гаргуулна гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус зааснаар хариуцагч Г.Г-аас 24,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г миний зүгээс эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргаж нэхэмжлэгч талтай тохиролцох талаар ярилцсан байхад шүүх хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх болон нотлох баримт гаргаж өгөх эрхийг хангаагүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлттэй байгаагаа хэлсэн байхад миний хүсэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна.

4.2. Хариуцагч нь нэхэмжлэгч талын 16,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч энэ дүн дээр эвлэрэх тухай хэлсэн байхад шүүх хүсэлтийг хүлээн авалгүй, нотлох баримт гаргаж өгөх боломж, эвлэрэн хэлэлцэх хугацаа олголгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс 2024 оны 04 сарын 23-ны өдөр эвлэрэх хугацаа авч, шүүх хуралдааныг хойшлуулсан ч талууд тохиролцоогүй. Хариуцагч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлт гаргаж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Г.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 1,500,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-2/

Хариуцагч 2023 оны 10 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. /хх 13/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

3. Талууд 2021 оны 03 сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.С нь 15,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлдүүлэх, Г.Г нь зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 4/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, зээлдүүлэгч Б.С нь 2021 оны 03 сарын 16-ны өдөр 15,000,000 төгрөгийг зээлдэгч Г.Г-ын өмчлөлд дансаар шилжүүлэн өгсөн үйл баримтыг зөв тогтоожээ. /хх 6/  

4.Зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлдэгч Г.Г нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Б.С нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, гэрээгээр тохирсон алдангийг хариуцагч Г.Г-аас шаардах эрхтэй.

Ийнхүү тооцоход үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 15,000,000 х 10% х 1 сар = 1,500,000 төгрөг, алданги 15,000,000 х 50% = 7,500,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Г.Г-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 24,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

5.1.  Анхан шатны шүүх зохигчдод эвлэрэн хэлэлцэх боломжийг олгож 2024 оны 04 сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан байна.

Иймд ...эвлэрэн хэлэлцэх боломжийг олгоогүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5.2.  Хариуцагч тал ...хууль зүйн туслалцаа авах... тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй, мөн шүүхийн зүгээс уг эрхийг хариуцагч талд эдлүүлээгүй хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг мөн хангах үндэслэлгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/01888 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Г.Г-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 140,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР