| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0085/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/088 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/088
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Хохирогч М.Х,
Шүүгдэгч Ү.Э,
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ү.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж 1814005230099 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол улсын иргэн, *******т овогт Э,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Ү.Э нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 5-5-46 тоотод 2018 оны 02 сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр М.Хтэй харгис хэрцгий харьцаж догшин авирласан,
Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 5-5-46 тоотод 2018 оны 05 сарын 27-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр М.Хтэй харгис хэрцгий харьцаж догшин авирлаж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 5-5-46 тоотод 2018 оны 06 сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр М.Хтэй харгис хэрцгий харьцаж догшин авирлаж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 5-5-46 тоотод 2019 оны 01 сарын 12-ны орой 23 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хүн болох М.Хтэй харгис хэрцгий харьцаж догшин авирлаж тарчлаасан,
Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 5-5-46 тоотод 2019 оны 02 сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр М.Хтэй харгис хэрцгий харьцаж догшин авирлаж, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.Хгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Ү.Э бид 2 гэр бүлийн батлахгүй боловч 2000 оноос хойш хамт амьдарч байгаа. Бид 2 ерөөсөө гэр бүлээ батлуулаагүй. Дундаасаа 2 хүүхэдтэй тэр 2 хүүхэд маань нэг нь 9 дүгээр ангид сурдаг. Нөгөө нь 8 сартай хүүхэд байгаа юм. Ү.Э нь ер нь л архи уудаг. Архи уучихаараа заримдаа гэртээ ирэхгүй гадуур хоночихдог. Гэхдээ архи уусан үедээ гэртээ ирэхдээ заримдаа унтдаггүй надаас хэрүүл гуйгаад, дуулаад, орилоод унтдаггүй юм. Тэр бүрт нь би цагдаад дуудлага өгчихдөг. Тэгээд манай дүү хөдөө байдаг бөгөөд жижиг гэр нь манай хашаанд бариастай байдаг байхад би тэр гэрт ороод унтчихдаг байсан. Одоо бол гэрээ хураачихсан байгаа ганц гэрээрээ байгаа. Хавар 2 сард бас л Ү.Э архи уугаад бас л орилж чарлаад унтуулахгүй байсан байх би одоо мартсан байна. Мөн 5 сар, 6 сард бас л архи уучихаад унтуулахгүй л байсан байх би санахгүй байна. Сая 9 сард Э хүнээс мөнгө авах ёстой байсан чинь нөгөө хүн нь намайг гэрт байхад ирээд “Э ахад мөнгө өгөх ёстой байсан юм гэтэл архи уучихсан явж байна өгсөн мөнгөөр архи уучих байх танд өгчихөе” гээд надад 50.000 төгрөг өгсөн. Тэгээд орой нилээн аажуу Э согтуу орж ирээд “Эркатай утсаар ярьсан чинь чамд мөнгө өгсөн байна мөнгөө авъя” гэхээр би “50.000 төгрөгөөр чинь юу авдаг юм хүүхдэд ном авч өгөх гээд охиноод өгчихсөн” гэтэл Э “тэр ном чинь ямар хамаатай юм пизданууд чинь өөрсдөө номоо олж авахгүй юу мөнгөө авъя” гээд согтуугаараа хэл амаараа дайрсан. Тэгэхэд манай охин чихэндээ чихэвч зүүгээд унтаад өгсөн байсан. Тэгэхээр нь би “яадаргаатай юм би бас амармаар байна цагдаа дуудаад өгчихье” гэсэн чинь Ү.Э куртикээ өмсчихөөд “за тэгвэл цагдаагаа дууд би тэнд очиж унтлаа өглөө чи мөнгийг нь төлөөд аваарай пизда минь” гээд би цагдаа дуудаад цагдаа гадаа ирээд дохиогоороо дуудаж сигналдихаар нь би гарах гэсэн чинь Э “би өөрөө гараад явчихья” гээд гараад яваад цагдаа дээр очиж хоносон. Ү.Э 2018 онд архи ууж ирж байхдаа надад болон хүүхдүүдэд нэг ч удаа гар хүрч байгаагүй. Ам нь болдоггүй хүн байгаа юм. Архи уучихаараа элдэв нэгээр хэлээд унтдаггүй юм. Эрүүл болохоор нь хэлэхээр “мэдээгүй, мэдэхгүй байна" гэдэг юм. Ү.Э 2019 он гараад цагаан сараас хойш 2 дугаар сарын 10, 11-нээс хойш архи уусан. Тэгээд архи уусан үедээ мөн орж ирээд унтахгүй элдэв үг хэлээд цагдаагаа дууд дуудахгүй бол би өөрөө алхаж очоод унтая гээд үглээд гэрээс гарч ороод гал түлсэн бол гал дээр уначих гээд гал түлээгүй бол хаалга үүд нээгээд орж гараад байдаг юм. Тэгээд би 2 удаа дуудлага өгч эрүүлжүүлсэн. Одоо тэгээд цагдаад баривчлагдсан байгаа. Сүүлийнх дээрээ өмд цамцтай гараад явчихаар нь араас нь куртикыг нь аваад өмсүүлэх гэж очиход урдаас цас самардаад цацаад байсан. Тэгээд дуудлага өгсөн. Хөлдөж үхэх байх гээд цагдаад дуудлага өгсөн. Тэгэхэд бас гэрт байхдаа арчаагүй пиздагууд намайг үхвэл та нар дуусна даа гээд орилж байгаад гарсан. Би 2018 оны 02 дугаар сард би жирэмсэн байсан. Тэгэхэд Ү.Э архи уучихаад миний гэдсэнд байгаа хүүхдийг “миний хүүхэд мөн ч юм уу биш ч юм уу” гээд амандаа яриад унтуулахгүй байсан юм. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгч баривчлуулсан. Надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 15-20, 44-46, 102- 103 дугаар тал /
Гэрч В.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Ү.Эгийн хувьд ажил хийгээд хэдэн төгрөг олоод тэрүүгээрээ уучихаад гэртээ хариад гаргаж байгаа үглэх, шүлсээ хаях, орилох, хашгирах, гэрийнхэнийгээ хэл амаар доромлох авир нь гэрийнхэнд нь дарамттай байдаг юм шиг байна лээ. Тэрнээс биш хэн нэгэн хүнийг зодсон, эрх чөлөөнд нь халдсан үйлдэл гаргаж байгаагүй, би тийм дуудлага хүлээн авч шалгаж байгаагүй. Дандаа л хэл амаар доромжилсон байдаг. Эхнэр М.Х нь сүүлийн үед нялх хүүхэдтэй учраас ажил хийдэггүй. Ү.Эгийн хэл амаар доромжилсон үйлдэл болгонд М.Х нь цагдаад дуудлага өгдөг бөгөөд “наадхаа аваад яв тайван баймаар байна” гэж хэлдэг юм. М.Х нь өөрөө хурц дошгин авиртай юм байсан. Mухайн үед дуудлаганд очиход “наадхаа аваад яв би гомдолтой байна” гэдэг юм. Тэгээд Ү.Эг зөрчилд холбогдоод шүүхээр шийтгэгдэхээр М.Х нь “одоо яаанаа ажил төрөлтэй байсан юм ямар арга чарга баина ганц ажил хийж мөнгө олдог хүн наадах чинь би гэртээ хүүхдээ хардаг юм одоо яанаа” гэж гуйж байдаг юм. Ү.Э нь 2018 онд архидан согтуурч гэр бүлийнхэндээ хэл амаар доромжилж шүүхээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дэх хэсгийн 4.2-р 3 удаа баривчлагдаж 4 дэх дээрээ хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж Хэрэг бүртгэх тасагт шилжсэн ... гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 86-87 дугаар тал /,
Шүүгдэгч Ү.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би согтохоороо болсон үйлдлийг сайн мэддэггүй юм. Ганцаараа яриад орж гараад яваад байдаг юм. Өнгөрсөн 2018 оны 02 дугаар сарын 13-нд би цагаан сараар 1 шил архи уучихсан байсан. Тухайн үед эхнэр жирэмсэн байсан. Тэгээд юу болсоноо мэдэхгүй байгаа юм. Тэгээд эхнэр цагдаад дуудлага өгөөд би баригдаад цагдаад эрүүлжүүлэгдэж Шүүхээр орж баривчлуулсан. Дараа нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би худаг руу усанд яваад усаа авч ирж гэртээ тавьчихаад гарч архи уусан. Тэгээд тасраад нэг мэдхэд эрүүлжүүлэх байранд байсан юу болсоныг би санахгүй байна. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би архи уухаас өмнө Эрдэнэцогтод байдаг манай бие муутай ах өнгөрсөн гэхээр нь гарч яваад архи уучихсан юм. Тэгээд нэг мэдхэд эрүүлжүүлэхэд байсан. Эхнэр дуудлага өгсөн байсан. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би цалингаасаа 50.000 төгрөгийг өөрийн охин *******д өгсөн байсныгаа архи уучихаад эргэж авах гээд эхнэртэйгээ маргасан байна лээ. Тэгээд эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд би эрүүлжүүлэгдсэн. Би архи уугаад гэртээ очиж бас л нөгөө ярьдагаа ярьсан юм шиг байна лээ. Тэгээд эрүүлжүүлэгдээд одоо 30 хоногоор баривчлагдсан байгаа. Би ер нь архи уусан үедээ юу болсоноо мэддэггүй юм. Маргааш нь эхнэр надад юу болсоныг хэлдэг. Би 2019 он гарсанаас хойш яг ийм зөрчилөөр 2 удаа эрүүлжигдсэн. Эхнийх нь би элэгний ВС-тэй учир ингээд үхье гээд 1 шил архи уугаад гэртээ янз бүрийн юм ярьсан юм шиг байна лээ. Тэгээд эрүүлжүүлэгдсэн. Дараагийнх нь хэсгийн байцаагч намайг эрүүлжигдсэн асуудалд иргэний үнэмлэх аваад ир гэхээр нь гэртээ очиж иргэний үнэмлэхээ авч гараад замд 2 хүнтэй таараад архи уугаад иргэний үнэмлэхээ хаячихаад гэртээ очоод бас олон юм яриад эрүүлжигдсэн байсан. Тэгээд би баривчлагдсан ... гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 99-101 дугаар тал/,
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 02-ны өдрийн 73 тоот /хх-ийн 28-30/, 2018 оны 06 сарын 25-ны өдрийн 256 тоот /хх-ийн 34-36/, 2018 оны 07 сарын 24-ний өдрийн 306 тоот /хх-ийн 41-42/, 2019 оны 02 сарын 19-ний өдрийн 69 тоот /хх-ийн 90-92/ шийтгэвэрүүдийн хуулбар,
Гэр бүлийн хүчихийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтууд /хх-ийн 49-75/,
Шүүгдэгч Ү.Эгийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 78, 110-111/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дүгнэхэд шүүгдэгч Ү.Э нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 5-5-46 тоотод 2018 оны 02 сарын 13, 2018 оны 05 сарын 27, 2018 оны 06 сарын 11, 2019 оны 01 сарын 12, 2019 оны 02 сарын 13-ны өдрүүдэд хамтран амьдрагч М.Хтэй харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдсэн болох нь Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 02-ны өдрийн 73 тоот /хх-ийн 28-30/, 2018 оны 06 сарын 25-ны өдрийн 256 тоот /хх-ийн 34-36/, 2018 оны 07 сарын 24-ний өдрийн 306 тоот /хх-ийн 41-42/, 2019 оны 02 сарын 19-ний өдрийн 69 тоот /хх-ийн 90-92/ шийтгэвэрүүдийн хуулбар, гэр бүлийн хүчихийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягтууд /хх-ийн 49-75/, хохирогч М.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-20, 44-46, 102-103/, гэрч В.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 86-87/, шүүгдэгч Ү.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 99-101/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д зааснаар “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ү.Э хохирогч М.Х нар нь 2000 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байжээ.
Шүүгдэгч Ү.Эгийн нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Хтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж байсан түүний дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт бүрэн хамрагдаж байх тул шүүгдэгч Ү.Эг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулав.
Хохирогч М.Х нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч Ү.Эг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Ү.Эгийн үйлдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт ангилагдаж байгаа бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч *******т овогт Эг гэр бүлийн хүчихрийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ү.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ү.Эд зан үйлээ засах сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Ү.Эгийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ү.Эд мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Ү.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ү.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА