Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01535

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 29 өдөр Дуга 210/МА2024/01535

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/02633 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Ч од холбогдох,

 

Гэрээний үүрэгт 61,338,585 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Иргэн Д.Ч ын хүсэлтийн дагуу 2023 оны 01 сарын 07-ны өдөр 23-048 тоот Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ-г 12 сарын хугацаатай байгуулж хамтран ажиллахаар тохиролцсон.

1.2. Гэтэл Д.Ч /РД: 00 / нь ХХХ аймгийн ХХХХХ сум, 2-р баг, цагаан хөтөлд байрлах тус компанийн ХХХХХ -1 ШТС-аас 2023 оны 03 сарын 25-ны өдрөөс 2023 оны 04 сарын 24-ний өдрийн хооронд зээлээр худалдан авсан 40,892,390 төгрөгийг би төлөхгүй хариуцахгүй. Миний зөвшөөрлөөр өгөөгүй байна. Надад энэ тооцоо хамаагүй хэмээн төлөхгүй гэж маргаж, сүүлдээ өөрийн туслах жолооч н.Б г/РД: 00 / энэ түлшийг авсан тул тэр хүн төлөх ёстой гэж өнөөдрийг хүртэл төлөөгүй.

1.3. Манай түлшийг авахдаа Д. Ч нь өөрийн машинаар болон өөр өөр олон төрлийн машинаар авч байсан ба авсан түлшээ тухай бүр дандаа 3000 л багтаамж бүхий зөөврийн жижиг запровкийн жолооч Б.О д худалдан борлуулсан нь иргэн Б.О гийн бидэнд өгсөн түүний Хаан банкны хуулгаар харагдаж байна. Дээрх мөнгөнүүдийг Д.Ч нь Төрийн банкин дахь 00 тоот дансаараа тус тус авчээ.

1.4. Иймд манай компани иргэн Д.Ч оос тус компанийн ХХХ аймгийн ХХХХХ сум, 2-р баг, цагаан хөтөлд байрлах ХХХХХ -1/ ШТС-аас 2023 оны 03 сарын 25-ны өдрөөс 2023 оны 04 сарын 24-ний өдрийн хооронд зээлээр худалдан авсан 40,892,390 төгрөг, энэхүү гэрээний 2.3-д заасны дагуу алданги 20,446,195 төгрөг, нийт 61,338,585 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч Д.Ч нь 2023 оны 01 сарын 7-ны өдөр Г ХХК-тай 23048 дугаартай зээлээр шатахуун худалдах худалдана авах гэрээ бичгээр байгуулсан.

2.2. Талууд гэрээгээрээ Д.Ч ын эзэмшлийн 00 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслээр шатахуун зөөхөөр, гэрээний 2.3.9-д худалдан авагч нь нэгээс дээш тээврийн хэрэгсэл зээл авах бол тухайн тээврийн хэрэгсэл тус бүрд зээлийн гэрээ байгуулна гэж тусгажээ.

2.3. Гэтэл Д.Ч ын эзэмшлийн 00 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2023 оны 03 сарын 25-ны өдрөөс 2023 оны 04 сарын 24-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүрэгт байрнаасаа огт хөдлөөгүй мөн Т.Ч уг хугацаанд шатахууныг огт авч хэрэглээгүй бөгөөд шатахуун хүлээн авах падаанд зурагдсан гарын үсэг нь Д.Ч ын гарын үсэг биш болно.

2.4. Тухайн нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчийн шаардаад байгаа уг хугацаанд зээлээр худалдан авсан 40,892,390 төгрөгийг хариуцах авч ашиглаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ч оос гэрээний үүрэгт 61 338 585 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ч оос улсын тэмдэгтийн хураамжид 464 650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга

4.1. Анхан шатны шүүх хуралдааныг 2024 оны 06 сарын 17-ны өдрийн даваа гарагт товлон зарласан. Өмгөөлөгч би 2024 оны 06 сарын 12-ны өдрөөс 2024 оны 06 сарын 28-ны өдрийг дуустал өөрийн өндөр настай нагац эгч Ж.О ийг асрамжилж, түүний сахиур хийсэн бөгөөд эмнэлгээс гарч явах боломжгүй, асран хамгаалах өөр хүн байхгүй хүнд нөхцөл байдалд байсан. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т гээр 2024 оны 06 сарын 14-ний өдөр анхан шатны шүүхэд мэдэгдэж, төлөөлөгч Х.Т нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэд, эмнэлгийн магадлагааг хавсарган гаргасан.

4.2. Гэтэл анхан шатны шүүх өмгөөлөгч миний хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байсан нөхцөл байдлыг огт харгалзалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэргийг шийдвэрлэсэн нь өмгөөлөгч миний шүүх хуралдаанд биечлэн оролцох, үйлчлүүлэгчдээ хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхийг ноцтой зөрчсөн.

4.3. Хариуцагчаас Зээлээр шатахуун худалдах-худалдан авах гэрээ-нд дурдагдсан 00 ДГС улсын дугаартай шатахуун тээврийн автомашиныг 2023 оны 03 сарын 23-ны өдрөөс 04 сарыг дуустал Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт байрлах төлбөртэй автозогсоолоос хөдөлгөөгүй бөгөөд энэ хугацаанд Д.Ч нь тухайн тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийж байсан гэж маргадаг. Уг маргаантай нөхцөл байдлыг тодруулахаар тухайн автозогсоолын харуулаар ажиллаж байсан н.Ц гэх хүнийг гэрчээр оролцуулахаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

4.4. Нэхэмжлэгч нь тухайн шатахууныг 00 ДГС улсын дугаартай автомашинд авсан гэдгийг өөрсдийн бичсэн зарлагийн падаанд бичигдсэн тэмдэглэгээнд үндэслэн шаарддаг. Хавтаст хэрэгт 00 ДГС улсын дугаартай автомашин шатахуун авсан гэх өөр баримт огт авагдаагүй бөгөөд уг үйл баримт бүрэн нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй юм.

4.5. Тухайлбал Г ХХК болон Д.Ч нарын хооронд байгуулагдсан 2023 оны 01 сарын 07-ны өдрийн Зээлээр шатахуун худалдах-худалдан авах гэрээ-ний 3.1.3-т "Худалдагч нь худалдан авсан шатахууны төлбөр тооцоог гэрээний хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд дараагийн шатахууныг тухайн төлбөрийг барагдуултал олгохгүй байх эрхтэй, 3.1.6-д Худалдагч нь хавсралт тус бүрийг өдөр тутам бүрэн гүйцэд, алдаагүй, үнэн зөв бөглөх үүрэгтэй. гэж тус тус зааснаас үзвэл худалдагч тал нь өмнөх шатахууны төлбөр төлөгдөөгүй байхад дараа дараагийн шатахууныг олгож байсан, мөн гэрээний хавсралтад заасан хүснэгтийг огт бөглөөгүй зэрэг нь тухайн шатахуун бодит байдлаар олгогдсон эсэх, олгогдсон бол Д.Ч той байгуулсан гэрээний дагуу олгогдсон эсэх зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдлууд байсаар байтал анхан шатны шүүх уг нөхцөл байдлуудыг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

4.6. Хавтаст хэргийн 14 дэх талд авагдсан 2024 оны 04 сарын 24-ний өдрийн зарлагийн падаанд хүлээн авсан Б.О гэж бичигдсэн байна. Гэтэл Зээлээр шатахуун худалдах-худалдан авах гэрээ-нд Б.О гэх хүн шатахуун авах эрхтэй талаар огт тохиролцоогүй. Гэтэл гэрээгээр тохиролцоогүй, гэрээний тал хүлээн зөвшөөрөөгүй этгээдэд шатахуун олгосон байгааг анхан шатны шүүх огт анхаарч үзэлгүй, Б.О гэх хүний авсан шатахууны төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байх бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

4.7. Анхан шатны шүүх Б.О гийн мэдүүлэгт үндэслэн уг шатахууныг Д.Ч авсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь Б.О нь Д.Ч ийн төрийн банкны 00 тоот данс руу шатахууны төлбөрийг шилжүүлсэн гэж мэдүүлдэг. Уг төрийн банкны данс Д.Ч ын нэр дээрх данс хэдий ч бодитоор эзэмшиж ашигласан этгээд нь н.Б байдаг. Тодруулбал хавтаст хэрэгт авагдсан 00 тоот дансны хуулга болон Д.Ч ын хаан бакны дансны хуулгаас үзвэл Д.Ч нь Б д ZAKD гэх гүйлгээний утгатайгаар мөнгө шилжүүлсэн байгаа нь харагдаж байна. Д.Ч нь өөрөө өөртөө ZAKD гэх гүйлгээний утгатайгаар мөнгө шилжүүлэхгүй гэдэг нь илэрхий ойлгомжтой юм.

4.8. Анхан шатны шүүх хэргийн харьяаллыг зөрчиж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. гэж заасан. Д.Ч нь ХХХХХХ тоотод оршин суудаг бөгөөд энэ нь Баягол дүүргийн 1-р хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.М ийн 2023 оны 12 сарын 14-ний өдрийн 1256 дугаартай тодорхойлолт/XX-55-р тал/-оор нотлогддог. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 01 сарын 04-ний өдөр шүүхийн харьяаллыг өөрчлүүлэх хүсэлт/ХХ-56-p тал/-ийг гаргасан боловч анхан шатны шүүх нь Д.Ч ыг Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй хэвээр байгаа гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Гэтэл хуульд хариуцагчийн бүртгэлтэй хаягийн шүүхэд бус оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж тодорхой заасан байхад шүүхийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн.

4.9. Хариуцагчийн төлөөлөгчөөс 2024 оны 04 сарын 17-ны өдөр Шинжээч томилуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх нь гарын үсэгт шинжээч томилуулах нь хэрэгт ямар ач холбогдол бүхий байдлыг тодруулах нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэж буй нотлох баримт нь хавтаст хэргийн 10-14 дэх талуудад байх зарлагын падаан байх бөгөөд уг шатахууныг хэн хүлээн авсан нь тодорхойгүй байдаг. Тухайн падаануудад зурагдсан гарын үсэг Д.Ч ын гарын үсэг биш бөгөөд туслах жолооч Б гийн гарын үсэг мөн эсэх нь ч эргэлзээтэй, бүгд өөр өөр гарын үсэг байдаг. Гэтэл ямар этгээд шатахуун авсан нь тодорхойгүй байхад Д.Ч оос шатахууны төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд өөр хэн нэгэн этгээдийн авсан шатахууны төлбөрийг Д.Ч төлөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Анхан шатны шүүх нь тухайн нотлох баримтыг бүрдүүлээгүй нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Хариуцагч удаа дараа итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөө сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан. Хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгчөөс ирүүлсэн эмнэлгийн магадлагаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй учир шүүх хуралдаанд хойшлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь үндэслэлтэй.

5.2. 2023 оны 03 сараас 4 сар хүртэлх хугацаанд 00 улсын дугаартай автомашин төлбөртэй авто зогсоолоос хөдөлгөөгүй гэж тайлбарладаг. Гэтэл Автотээврийн газраас ирсэн торгуулийн мэдээлэлд 2023 оны 03 сарын 28-ны өдөр хөдөлгөөнд оролцож, торгуулснаас харахад огт хөдлөөгүй гэх үндэслэлгүй тул н.Ц ийг гэрчээр оролцуулах шаардлагагүй. Д.Ч , н.Б нар манай компани руу яриад Б.О д шатахуун өгөөд явуулаач, өөрсдийнх нь машин хөдлөх боломжгүй, өөр газар ачаа ачиж байна гэж гуйсан учраас Б.О д шатахуун өгсөн.

5.3. Төрийн банк ХК-ийн данс нь Д.Ч ын данс бөгөөд н.Б уг дансыг ашиглаж байсан гэх баримт байхгүй. Д.Ч ын хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор Д.Ч ыг Хан-Уул дүүрэгт оршин суудаг болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан. Шатахууныг Д.Ч , н.Б нарт олгосон учир гарын үсэгт шинжээч томилуулах шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Д.Ч од холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 61,338,585 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эзэмшлийн 00 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 04 сарын 24-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүрэгт байрнаасаа огт хөдлөөгүй мөн уг хугацаанд шатахууныг огт авч хэрэглээгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Г ХХК нь Д.Ч , О.Б нартай 2023 оны 01сарын 07-ны өдөр 23-048 дугаар Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч буюу Г ХХК нь шатахууныг худалдан авагчийн хүсэлтээр түүний эзэмшлийн 00 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд олгож, шатахууны үнийг хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногт багтаан бүрэн төлөхөөр тохиролцсон.

 

4. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар дүгнэлт үндэслэлтэй байна.

 

5. Хариуцагч Д.Ч болон түүний туслах жолооч О.Б нар нь 2023 оны 03 сарын 25-ны өдрөөс 2023 оны 04 сарын 24-ний өдрийн хооронд нийт 9 удаагийн авалтаар 11,683.54 литр буюу нийт 40,892,390 төгрөгийн үнэ бүхий шатахууныг худалдан авсан, уг шахатуунаас гэрч Б.О нь шатахууны үнэ гэж 29,596,000 төгрөгийг хариуцагч Д.Ч ын дансанд шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Д.Ч оос худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 40,892,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

6. Зохигч талуудын байгуулсан гэрээний 2.3-т заасныг үндэслэн алдангийг гүйцэтгээгүй үүрэг 40,892,390 төгрөгийн 50 хувиар тооцож, 20,446,195 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

7. Хариуцагч талын давж заалдах гомдлын хангах үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсонгүй.

7.1. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г нь нагац эгч Ж.О ийг 2024 оны 06 сарын 12-ны өдрөөс 14 хоногийн эмнэлгийн магадлагаа авсан боловч уг магадлагаанд эмчлэгч эмч болон ерөнхий эмчийн гарын үсэг зурагдаагүй тул Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 дугаар тушаалаар батлагдсан журамд нийцэхгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

7.2. Хариуцагч Д.Ч нь Г ХХК-аас түлшийг аваагүй, хариуцах ёсгүй, тухайн тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөнд оролцоогүй гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Д.Ч ын Төрийн банкны 00 тоот дансанд шатахууны үнэ орсон, 00 ДГС улсын дугаартай ХХХХХ маркийн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байсан болох нь 2023 оны торгуулийн мэдээлэл зэргээр тогтоогдсон.

 

7.3. Д.Ч ын дансыг туслах жолооч О.Б ашиглаж байсан гэх боловч уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

7.4. 2023 оны 01 сарын 07-ны өдрийн 23-048 дугаар Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ-ний нэг тал нь О.Б байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь гэрээний үүргийг О.Б болон гэрээний нэг талын нэрлэн заасан этгээд болох Б.О д олгосон нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч Д.Ч оос 61,338,585 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

7.5. Дорноговь аймгийн Замын-үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 09 сарын 22-ны өдрийн 137/ШЗ2023/00956 дугаар иргэний хэргийг шилжүүлэх тухай захирамжаар Д.Ч ыг ХХХХХХХХХ тоот хаягт оршин суудаг тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлжээ.

 

Хариуцагч Д.Ч нь өөрөө Хан-Уул дүүрэгт оршин суудаг үндэслэлээр хэргийг шилжүүлэх хүсэлт гаргасан атлаа хожим Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 21А байр 105 тоотод оршин суудаг гэж хэргийг шилжүүлэх хүсэлт гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т нийцэхгүй.

 

Шүүх нэхэмжлэлийн хүлээн авснаас хойш хариуцагчийн оршин суугаа газар буюу хаяг өөрчлөгдөх нь шүүхийн харьяаллыг өөрчлөх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

7.6. Анхан шатны шүүх шатахуун авсан баримтад Д.Ч нь өөрөө гарын үсэг зураагүй талаар талууд маргаагүй. Уг баримтад Б.О , О.Б нар гарын үсэг зураад шатахуун хүлээн авсан байх тул Д.Ч ын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 183/ШШ2024/02633 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР