| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0337/э |
| Дугаар | 353 |
| Огноо | 2019-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Ц.Хулан, шүүгдэгч Ц.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Орхонууд овогт Цагааны Жаргалсайханд холбогдох эрүүгийн “1911010860433” дугаартай, 186/2019/0337/э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, аавын хамт Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 4-28в тоотод оршин суудаг, урьд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Орхонууд овогт Цагааны Жаргалсайхан /РД:УИ90112411/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Ц.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 26-наас 2019 оны 03 дугаар сарын 27-нд шилжих шөнө 04 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Анхболдтой “машины гэрэл хулгай хийсэн” гэх шалтгаанаар маргалдаж,улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Ц.Жнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч А.Анхболдын:..зүс таних Ц.Жах таарч надаас гэрэл хаана байна вэ гэж асуусан тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд намайг битгий худлаа яриад бай гээд гараараа миний зүүн талын нүдрүү 1 удаа, уруулруу 1 удаа цохисон. Тэгсэн миний зүүн талын соёо шүд уначихсан. Миний хохирлыг барагдуулж төлсөн тул надад гомдол санал байхгүй. Миний унасан шүдний хохирол болох 400.000 төгрөг харилцан ярилцаад авсан байгаа. Шүдээ хийлгэсэн байгаа. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг. /хх-н 7-11/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч У.Дөлгөөны:.. 2019 оны 03 дугаар сарын 27-ны шөнийн 02 цагийн үед байхаа миний танидаг ах Ц.Жнадруу залгаад ирээд аваач гэж гуйсан. Тэгээд би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний 4-р дэлгүүрийн орчмоос очиж Жаргалсайхан ахыг авсан. Ц.Жгэрлүүгээ хүргүүлнэ гэхээр нь би хүргэж өгөхөөр явж байтал Чингэлтэй дүүрэг 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анхболдтой таарч, Ц.Жах миний машинаас буугаад А.Анхболдын машинд суусан. Тэгээд л удалгүй буцаад буугаад ирж миний машинд суугаад гэртээ хүргүүлсэн гэх мэдүүлэг. /хх-н 18-19/,
2.3.Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн №4043 тоот актын:
1.А.Анхболдын биед зүүн нүдний зовхинд хаван, цус хуралт дээд эрүүний зүүн 1 шүд гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт. /хх-н 22/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч хавтас хэргээс:..хохирогч А.Анхболдын мэдүүлэг /хх-н 07-09/, гэрч У.Дөлгөөний мэдүүлэг /хх-н 18-19, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4043 дугаар тоот дүгнэлт /хх-н 22/, ирэний үнэмлэхний лавлагаа /хх-н 32/, хорооны тодорхойлолт /хх-н 33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 43/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхйн шийтгэх тогтоол /хх-н 53-54/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоол /хх-н 56-58/, хохирогч болон шүүгднгч нарын эвлэрсэн тул хялбаршулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлтүүд /хх-н 62-62/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ц.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 26-наас 2019 оны 03 дугаар сарын 27-нд шилжих шөнө 04 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Анхболдтой “машины гэрэл хулгай хийсэн” гэх шалтгаанаар маргалдаж,улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний 4043 дугаар дүгнэлт болон хохирогч А.Анхболд би хохиролоо бүрэн барагдуулж авсан, бид хоёр эвлэрсэн тул гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Жаргалсаййхан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч А.Анхболд нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсэн журмаар шийдвэрлэж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Жаргалсайханыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус бүр 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Орхонууд овогт Цагааны Жаргалсайханг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Жаргалсайханд 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Жаргалсайханд оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Жнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.Жнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Жаргалсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ