| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 725 |
| Огноо | 2019-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 725
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Хохирогч Д.Туяа,
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Э т холбогдох эрүүгийн 1906 01367 0778 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Угтаал Цайдам суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Э.Э .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бамбино” буудлын 303 тоот өрөөнд иргэн Д.Туяаг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Туяа мэдүүлэхдээ: “...Тэр өдөр 2 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Э.Э нь 22 цагийн үед манай бааранд үйлчлүүлж байгаад 00 цаг болонгуут нөгөө хоёр залуугийн нэг нь бичиг баримтаа надад өгөөд 303 тоотод дөрвүүлээ ороод гаднаас 2 шил архи уусан. 02 цаг болж байхад Э.Э 3 давхраас буугаад “явлаа” гэсэн. Э.Э “явлаа” гэсэн чинь найзууд нь “явуулахгүй” гэхэд Э.Э хашгираад байсан. Эхлээд би гайгүй болчих байх гэж бодсон. Би 303 тоотод зодуулаагүй. Би доор цэвэрлэгээ хийх гээд явж байгаад нэг давхарт зодуулсан. Гэрч гэх Мөнх-Оргил гэдэг хүнийг би мэдэхгүй, танихгүй. Би эхлээд шаардлага тавьсан чинь Э.Э намайг “чиний насан дээр би ийм ажил хийхгүй” гээд маш их доромжилсон. Би ичиг гэж бодоод утсаа гаргаж ирээд “чамайг маргааш фейсбүүк дээр тавина” гэсэн чинь “чи муу бич” гэсэн. Тэгэж байх хооронд энэ шууд ирээд намайг үсдэж унагаасан. Би цагдаа дуудаад цагдаа иртэл байлгаж байлгаж байгаарай гэсэн чинь хамгаалагчийн гарыг зулгааж салгаад гараад явсан байсан. Энэ явдлаас хойш миний толгой маш их өвддөг болсон. Би гомдолтой байна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Туяагийн өгсөн мэдүүлэг /хх-6-7/, гэрч Ц.Мөнх-Оргилын өгсөн мэдүлэг /хх-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2547 дугаартай дүгнэлт /хх-14/, Э.Э ийн өгсөн мэдүүлэг /хх-28-29/, шүүгдэгч Э.Э ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-19/, шинээр хохирол төлсөн баримт 1 хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бамбино” буудлын 303 тоот өрөөнд иргэн Д.Туяаг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Туяагийн өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 19-ний шөнө 02 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байр буюу “Бамбино” буудлын угтагч хийж байхад үл таних 2 эрэгтэй 2 эмэгтэй нар 2 ортой өрөө авахаар болж 303 дугаартай өрөөнд оруулсан. Удалгүй нэг согтуу эмэгтэй “явна” гэж орилж хашгираад байсан. Тэгээд тэр эмэгтэй байн байн чанга дуу гаргаж үйлчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байсан тул би анхааруулж тайван байж амархыг шаардсан. Тэгтэл удаа дараалан давтагдах үед би шаардлагаа дахин тавихад үл таних эмэгтэй зүүн гуяны гадна хэсэгт 2 удаа өшиглөсөн. Дараа нь миний үснээс татаж доош унагаад үснээс чирсэн. Миний биед үс туг тугаараа унасан, толгой өвдөж байна.” /хх-6-7/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батдоржийн өгсөн “ ...2019 оны 2 дугаар срын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Бамбино” пабад найз Мөнх-Оргил, Энхчимэг, Оюун нарын хамтаар ууж байгаад орой болосон болохоор нь дээд давхарт байрлах буудлын 303 тоот 2 ортой өрөөнд орсон. Би согтсон байсан тул ороод шууд унтаад өгсөн. Би юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би тасраад унтаж байтал гэнэт цагдаа нар орж ирээд намайг босгоод аваад явсан. Юу болсон талаар ойлгож амжаагүй. Сүүлд Энхчимэг буудлын угтагч эмэгтэйтэй маргалдан зодолдсон гэж мэдсэн.” /хх-8/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Мөнх-Оргилын өгсөн “ ...2019 оны 2 дугаар срын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Бамбино” пабад найз Батдорж, Энхчимэг, Оюун нарын хамтаар ууж байгаад орой болсон болохоор нь дээд давхарт нь байрлах буудлын 303 тоот 2 ортой өрөөнд орсон. Буудлын өрөөнд ороод Эдэн нэртэй архийг Энхчимэг, Оюун нарын хамт ууж байсан. Цагийн баримжааг мэдэхгүй байна. Ойролцоогоор шөнө 01 цаг болж байхад Э.Э согтсон байдалтай гараад явсан. Оюун нь Э.Э ийг “согтуу байна явуулахгүй” гэхэд Э.Э нь “явна” гээд үүдний хэсэгт сууж байсан. Тэгээд Оюун бид хоёр Э.Э ийг өргөөд өрөөнд оруулах гэхэд Э.Э нь “орохгүй” гээд орилж чарлаад эхэлсэн. Тэгтэл угтагч эмэгтэй Э.Э ийг “эмэгтэй юм байж яасан балиар заваан юм бэ, хүн амьтан амарч байна” гэхэд Э.Э уурлаад “үйлчилгээний байгууллага байж, танайх үйлчилгээний байгууллага мөн биз дээ” гэж байсан. Тэгээд Э.Э нь угтагч эмэгтэйг доош дарахад нь хамгаалагч бид хоёр тэр хоёрыг салгасан. Э.Э ийг гар гар гэхэд угтагч эмэгтэй би цагдаа дуудсан.”/хх-9/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2547 дугаартай дүгнэлтэд:
1. Д.Туяагийн биед дагзны хуйханд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-14/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Э ийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед би тус буудлын үйлчлэгч эмэгтэйтэй маргалдаж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир түүний дараа өдөр болсон явдлын талаар сайн санахгүй байна. Тэгэхээр нь би өөрийн найз болох Батдорж руу утсаар залгаж өчигдөр юу болсон талаар асуухад Батдорж надад хандан “чи өчигдөр буудлын үйлчлэгч эмэгтэйтэй маргалдаж улмаар үсдэж зодолдсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм зүйл болсон юм байна гэж бодоод анхны мэдүүлгийг ингэж өгсөн. Түүний дараагаар би тус буудлын үйлчлэгч эмэгтй миний биед огт гар хүрч цохиж зодоогүй гэдгийг мэдсэн.” /хх-27-28/ гэх мэдүүлэг,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-24-26/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-37/,
Шүүгдэгч шүүгдэгч Э.Э ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-19/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Э.Э нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бамбино” буудлын 303 тоот өрөөнд иргэн Д.Туяаг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Э.Э ийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд тушаасан 245.350 төгрөгийн хохирогч Д.Туяад олгохоор тогтов.
Мөн хохирогч Д.Туяа нь 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Э.Э ийн эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидиг хэрэгт хадгалахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Э ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Э.Э т 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Э.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлий 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Э.Э ийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд тушаасан 245.350 төгрөгийн хохирогч Д.Туяад олгосугай.
5. Хохирогч Д.Туяа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич
нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидиг хэрэгт хадгалсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС