| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/0476/и |
| Дугаар | 00528 |
| Огноо | 2016-08-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 00528
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг баг, 10-8 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, ОС66090806 регистрийн дугаартай, Бух овогтой Далхсүрэнгийн Цэрэндолгорын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэрэндолгор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1985 оноос эхлэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын 8-н жилийн дунд сургуульд галч, цэвэрлэгчээр ажиллаж байсан. Ажилласан жилийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт хийгдсэн боловч ажилд орсон тушаалаа авч чадаагүй сургуулийн баримт бүгд шатсан байна. Одоо миний бие тэтгэвэрт орох болсон тул Цагаанхайрхан сумын сургуульд 1985 оноос 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Миний бие нөхрийн хамт хоёулахнаа Цагаанхайрхан суманд мал маллаж амьдардаг, Улаангом сумаас 240 км-ын зайтай байдаг бөгөөд унаа машин ховор явдаг тул шүүх хуралдаанд дахин ирэх боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэрэндолгор нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын 8-н жилийн дунд сургуульд галч, цэвэрлэгчээр 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Д.Цэрэндолгорт 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын 8-н жилийн дунд сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэрт: “1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 78 тоот тушаалаар галч, цэвэрлэгчээр авч ажиллуулав, 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 59 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр гал, цэвэрлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөв” гэсэн бичилт хийгдсэн байна,
- Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 93 тоот лавлагаанд: “Увс аймгийн Цагаанхайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оноос өмнөх тушаалын баримт манай архивт шилжиж ирээгүй тул Д.Цэрэндолгортой холбогдох баримт шүүн үзэх боломжгүй байна. Харин Цагаанхайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын тушаалыг шүүн үзэхэд Д.Цэрэндолгортой холбогдох баримт гараагүй болно” гэжээ.
- Увс аймгийн Цагаанхайрхан сумын 8-н жилийн дунд сургуулийн хамт олны гэрэл зураг,
- Гэрч Г.Цээлэйгийн: “Д.Цэрэндолгор нь 1985 оноос 1993 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын 8-н жилийн сургуульд галч, цэвэрлэгчээр ажилласан. Би 1986 оны 12 дугаар сард тухайн сургуулийн дотуур байранд ахлах тогтоочоор 1990 оныг хүртэл ажилласан. Бид нар нэг газар хамт ажиллаж байсан, найз нөхөд хүмүүс учир нэгнээ сайн мэднэ. Д.Цэрэндолгор нь манай байгууллагын тэргүүний ажилчдын нэг байсан. Тухайн үедээ баярын бичиг болон сайшаалын үнэмлэхээр шагнагдаж байсан. Увс аймгийн Цагаанхайрхан сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлаар Ж.Билэгсайхан, Ц.Балжинням гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
- Гэрч Н.Цэрэнчимэдийн: “Би Увс аймгийн Цагаанхайрхан суманы 8-н жилийн дунд сургуульд 1987 оноос эхлэн 1991 оныг хүртэл хугацаанд үйлчлэгч, жижүүрээр ажилласан. Д.Цэрэндолгор нь надыг ажилд ороход тухайн сургуульд галчаар ажиллаж байсан. Би 1994 оны 4 дүгээр сард ажлаас гарахад тухайн байгууллагадаа Д.Цэрэндолгор ажиллааад үлдсэн. Д.Цэрэндолгор нь цагийн ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэдэг сайн ажилчин байсан. Д.Цэрэндолгор бид хоёр сургуульд хамт ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэдэж байна. Увс аймгийн Цагаанхайрхан сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлаар Ж.Билэгсайхан, Ц.Балжинням гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
- Гэрч Г.Цээлэй, Д.Цэрэнчимэд нарын иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг баримтууд болно.
Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 93 тоот лавлагаанд дурдагдсанаар нэхэмжлэгч Д.Цэрэндолгортой холбогдох ямар нэгэн баримт материал гараагүй байх боловч хэрэгт авагдсан Д.Цэрэндолгорын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, түүний хамт олонтойгоо авахуулсан гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Н.Цэрэнчимэд, Г.Цээлэй нарын шүүхэд өгсөн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгчийн 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын 8-н жилийн дунд сургуулийн галч, цэвэрлэгчээр ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Д.Цэрэндолгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй болсноо илэрхийлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бух овогтой Далхсүрэнгийн Цэрэндолгорын Увс аймгийн Цагаанхайрхан сумын 8-н жилийн дунд сургуульд 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд галч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Цэрэндолгорын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА