Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01306

 

Г.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06-ний өдрийн 181/ШШ2024/01888 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Г-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 22,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: М.Г-т 12,500,000 төгрөгийг 2013 оны 10 сарын 23-ны өдрөөс 2013 оны 11 сарын 23-ны өдөр хүртэл хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэй зээлж гэрээ хийсэн. Зээлдэгч нь гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, удаа дараа эрэн сурвалжлагдан өдийг хүрсэн. Гэрээний дагуу М.Г 12,500,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй нэг сарын хугацаатай авсан. Зээлийн хүү 3,750,000 төгрөг, алданги 6,250,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Г.М гэх хүнийг танихгүй, мэдэхгүй, уулзаж байгаагүй, түүнээс нэг ч удаа мөнгө зээлж авч байгаагүй. Нэхэмжлэгч Г.М-ын төлөөлөгч гэх Ц.О гэх хүн 2010 оноос эхлэн хүүтэй мөнгө зээлдүүлэн мөнгө хүүлэгч хийдэг байсан. Миний бие түүнээс 2013 онд бага хэмжээний мөнгө зээлж буцаан төлдөг байсан. 2013 оны 10 сард Ц.О нь надтай уулзаж зээлийн үлдэгдэл төлбөрийг хоногоор тооцож өсгөсөн хүүтэй нэмж нэгтгэн 12,500,000 төгрөг болсон, нэг сарын хугацаатай гэрээг бичгээр шинэчлэн хийнэ гэснээр тухайн үед гэрээ байгуулж байсан. Гэхдээ Ц.О нь зээлийн гэрээг өөрийн нэр дээр байгуулаагүй Г.М гэх хүний нэр дээр байгуулсан. Ингээд миний бие тухайн үед уг мөнгийг Ц.О-т бүрэн төлж дуусгасан. Энэ гэрээ нь одоо нэхэмжлэл гаргахдаа үндэслэл болгож буй 2013 оны 10 сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ мөн байна. Олон жилийн дараа гэнэт надад холбогдуулан Г.М нь зээл олгосон мэтээр дүр үзүүлэн хийсэн гэрээг үндэслэн төлбөр шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Дээр дурдсанчлан Г.М-тай гэрээг байгуулж гарын үсэг зурсан боловч гэрээнд заасан 12,500,000 төгрөгийг бодитой гар дээрээ хүлээн авч байгаагүй, харин Ц.О-ээс зээлсэн мөнгөө буцаан төлсөн. Иймд Г.М-ын гаргасан зээлийн төлбөрт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.Г-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээг тухайн үед шүүхэд эх хувь буюу нотариатаар батлагдсан хуулбарыг гаргаж өгөх боломжгүй байсан. Учир нь гэрээг эх хувиар нь Эрүүгийн хэргийн шүүхэд өгсөн байсан ба шүүхээс өгөхгүй байсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа өмгөөлөгчийн тусламжтай гэрээний хуулбарыг олж авсныг өгч байна. Энэ гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч Г.М, хариуцагч М.Г-ийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, талууд гэрээний үүргээ биелүүлсэн эсэхэд шүүхээс дүгнэлт хийлгэхийг хүсэж байна. Иймд хуулийн шаардлага хангасан нотлох баримт олдсон тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

4.2.  Зээлийн гэрээ байгуулах үед Баянзүрх дүүргийн нотариатч Г.Н-гийн дэргэд М.Г, Г.М, Ц.О нар хамт байсан. Хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болох нь М.Г, Г.М нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг нотариатаар батлуулсан үйл баримтаар няцаагдаж байна. Иймд энэ үйл баримтыг анхан шатны шүүх тогтоохгүйгээр, хариуцагчийн мэдүүлгийг үндэслэл болгосон нь өрөөсгөл болсон гэж үзэхээр байна.

4.3.  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар Ц.О, Г.М нар нь гэрээ байгуулах үед өрөөн дотор нотариатч Г.Н-гийн дэргэд ууттай мөнгийг М.Г-т өгсөн гэж байгаа бөгөөд нотариатч үүнийг мэдэх ёстой, нотлох учиртай. Иймд нотариатчийг гэрчээр асуух зайлшгүй шаардлагатай байна.

4.4. Хариуцагч нь ...олон жилийн дараа нэхэмжилсэн ... зээлдүүлсэн мөнгө нь Г.М гэх хүний мөнгө байсан талаар хэлж байсан... гэх зэргээр тайлбар хийсэн байна. Гэтэл Ц.О нь тухайн үед иргэний үнэмлэхээ олоогүй тул нөхрийн хамт очиж гэрээ хийсэн, эрэн сурвалжилж олон жил хөөцөлдсөн гэж тайлбарлаж байгаа нь эрс зөрүүтэй байна. Мөн Ц.О-ээс өмнө нь зээлсэн мөнгийг М.Г энэ гэрээ байгуулахаас өмнө төлсөн үү, гэрээ байгуулсны дараа төлсөн үү гэдгийг тогтоох шаардлагатай, хэрэгт ач холбогдолтой байна.

4.5. М.Г-ийг шүүх хуралдаанд оролцуулж бодит байдлыг мэтгэлцэх зарчмын дагуу мэтгэлцүүлэх замаар тогтоох ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж байна.

4.6. Хариуцагч М.Г нь барьцаанд тавьсан гэрчилгээг хүчингүй болгож өөр гэрчилгээ авсан нөхцөл байдал нь түүний тайлбар /өөрөө шүүх хуралдаанд оролцохоос зайлсхийсэн/ үндэслэлтэй эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байгаа нөхцөл байдлыг шүүх харгалзан үзнэ үү.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дээрх үндэслэлээр хянан хэлэлцэж хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаагүй. Харин Г.М мөнгийг аваагүй гэж маргасан. Уг гэрээг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөх эсэх нь нэхэмжлэгчийн эрх учир шүүхийг буруутгах боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримт гаргах, гэрч асуулгах хүсэлт гаргах нь хэргийн оролцогчийн эрх боловч нотариатчийг гэрчээр асуулгах хүсэлт гараагүй. Ц.О-ээс өмнө зээлсэн мөнгийг Б.Г төлсөн эсэх асуудал уг маргаанд хамааралгүй, тусдаа нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй. Г.М, М.Г нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах гомдлын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч оролцуулах эрхтэй. Түүнчлэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч М.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,500,000 төгрөг, зээлийн хүү 3,750,000 төгрөг, алданги 6,250,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч М.Г-ээс 2013 оны 10 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар уг зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагч М.Г ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болохоо нотлох үүрэгтэй.

4. Хариуцагч М.Г-ийн гаргасан ...нэхэмжлэгчээс 2013 оны 10 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө хүлээн аваагүй... гэсэн тайлбарыг нэхэмжлэгч Г.М баримтаар няцаагаагүй тохиолдолд хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзнэ.

5. Нэхэмжлэгч нь 2013 оны 10 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 12,500,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй тул анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх нь зохигчдын хүлээх үүрэг тул ...нэхэмжлэгч тал зээлийн гэрээг шүүхэд эхээр нь буюу нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгөх боломжгүй байсан... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа нь хэргийн оролцогчийн хүсэлтээр хийгддэг ажиллагаа бөгөөд нэхэмжлэгч талаас энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй тул ...нотариатчийг гэрчээр асуулгах зайлшгүй шаардлагатай... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хариуцагч нь төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй тул ...М.Г-ийг шүүх хуралдаанд оролцуулж бодит байдлыг тогтоолгоно... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу зөв үнэлж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч маргаанд хамааралтай хуулийн зарим зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь хүү, алданги шаардсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг баримтлаагүй байна.

8. Нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан 2013 оны 08 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргахад энэхүү магадлал саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/01888 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...281.1... гэсний дараа ...282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6... гэж нэмж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 240,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР