| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/00336/э |
| Дугаар | 356 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 356
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнням, улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Анчин овогт Баасансамбуугийн Энхбаярт холбогдох эрүүгийн “1911010970459” дугаартай, 186/2019/0336/э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод торсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй. хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо 30 дугаар гудамжны 40 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Анчин овогт Баасансамбуугийн Энхбаяр /РД:УП95051438/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Б.Энь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ану” караокены үүдэнд хохирогч М.Эрдэнэбаяртай маргалдаж,улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “уруулын зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Б.Энь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Эрдэнэбаярын:..Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Ану караоке бааранд ороод архи,пиво уугаад сууж байгаад 01 цагийн орчим байх үүдэнд нь гараад хаалган дээр нь Билэгтийн хамт тамхи татаад зогсож байсан. Гадаа тамхи татаж байсан хоёр залуугийн нэг нь Билэгттэй маргалдаад тэр хоёр барилцаж аваад Билэгтийг Энхбаяр цохиж аваад тэр хоёр хоорондоо харилцан зодолдсон. Тэр үед би Билэгтийг хойш нь болгоод эргэтэл миний уруул орчимд цохичихсон. Миний ам хамарнаас цус гараад би цаашаа болоод байж байгаад дотогшоо орцгоосон. Миний бие Б.Энхбаяраас шүдээ хийлгэх мөнгө болох 750.000 төгрөгийг хүлээн авсан гэх мэдүүлэг. /хх-н 9-11/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ч.Шүрхүүгийн:..найз Энхбаяртай уулзаад хоёулаа Тэнгисийн хажуу талд байх Ану караоке бааранд ороод пиво уугаад сууцгааж байсан 2 залуу хоорондоо юм ярьж байснаа бид нар шоронд байж байхад эд нар ингээд жаргаад байж байдаг гэх мэтээр бид хоёр луу хандаж яриад Энхбаяр луу харахаар нь Энхбаяр чи юу гээд байгаа юм бэ гээд Билэгт гээд залуутай нь маргалдаад тэр хоёр барилцаж аваад нэгнийгээ харилцан цохисон. Тзгээд Билэгттэй хамт явсан Эрдэнэбаяр бид хоёр салгаж хоёр тийш нь болгоод аваад явсан. Хоёр тийш нь салгаж холдуулж байх үед л Энхбаярт цохигдсон байх гэж бодож байна гэх мэдүүлэг. /хх-н 14/,
2.3.Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн №4096 тоот актын:
1.М.Эрдэнэбаярын биед уруулын зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдлөмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Ханхүү гэх дүгнэлт. /хх-н 18/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч хавтас хэргээс:..гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлсэн авсан тэмдэглэл /хх-н 04/, хохирогчийн мэдүүлэг /хх-н 09-10/, гэрч Ч.Шүрхүүгийн мэдүүлэг /хх-н 14/, шүүхийн шинжилгэний үндэсний хүрээлэнгийн 4096 тоот дүгнэлт /хх-н 18/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 25/, хорооны тодорхойлолт /хх-н 26/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 27/, хэргийг хялбаршуулсан журамаар шийдэж өгнө үү гэсэн хохирогч болон шүүгдэгийн хүсэлт /хх-н 30-31/ зэрэг нотлох баримтуулыг шинчлэн судлулав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Энь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ану” караокены үүдэнд хохирогч М.Эрдэнэбаяртай маргалдаж,улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “уруулын зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Ч.Шүрхүүгийн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4096 дугаартай дүгнэлт, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хохирогч М.Эрдэнэбаяр би хохиролоо бүрэн барагдуулж авсан, бид хоёр эвлэрсэн тул гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Энь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч М.Эрдэнэбаяр нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсэн журмаар шийдвэрлэж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Энхбаярыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Анчин овогт Баасансамбуугийн Энхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчБ.Энхбаярыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Энь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ