Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 88

 

З.Энхбаярын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

           

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2016/00206 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Мянгад сумын Баян хошуу багт оршин суух Бошго овогт Зууннасангийн Энхбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Мянгад сумын Баян хошуу багт оршин суух Ээдмээ овогт Бат-Эрдэнийн Энхтуяад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагч З.Энхбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгч Б.Энхтуяагийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай.

            Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2002 оноос эхлэн Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургуульд 14 жил тасралтгүй ажиллахдаа 2 жил нийгмийн ажилтан, 6 жил сургалтын менежер, 6 жил захирлын албан тушаалд ажиллаж байсан. 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын Б/07 тоот захирамжаар намайг ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/08 тоот захирамжаар Б.Энхтуяаг тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, ажил хүлээлцэх үед аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Б.Ундрах, Б.Энхтуяа бид 3 намайг сургуулийн нийгмийн ажилтнаар томилон ажиллуулах талаар харилцан ярилцаж тохиролцсон юм. Гэтэл захирал Б.Энхтуяа нь тохиролцсоноороо намайг нийгмийн ажилтны ажилд цалин хөлс хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар томилолгүй байрны багшаар ажиллуулсан боловч 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна. Иймд Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгч Б.Энхтуяагийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.

 

            Хариуцагчийн хариу тайлбар: “Нэхэмжлэгч З.Энхбаярын томилогдсон нийгмийн ажилтны орон тоо батлагдсан орон тооноосоо хэтэрсэн нь шалгалтын явцад илэрсэн. Мөн аймгийн Засаг даргын захирамж болон хамт олны хурлын шийдвэрийн дагуу орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлөгдсөн. Мөн З.Энхбаярыг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дотуур байрны багшийн ажилд томилсон боловч энэ ажлыг хийхгүй гэсэн шалтгаанаар 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2016/00206 дугаар шийдвэрээр: “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар З.Энхбаярыг Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн Дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилсугай.

            2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 1 977 371 төгрөгийг Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулан З.Энхбаярт олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар З.Энхбаярт олгох олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг суутган төлж, тэдгээр дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгасугай.

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Ховд аймгийн Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 46 587 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай” гэжээ.

 

            Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор дүгнээгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтыг зөрчсөн байна. Иймд Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлсэн боловч    Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг буруу хэрэглэсэн, ажилтанд ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг тооцож олгохдоо алдаа гаргасан байх тул уг алдааг  зөвтгөж шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт орууллаа.

Нэхэмжлэгч З.Энхбаяр нь Ховд аймгийн Мянгад сумын ерөнхий боловсролын сургуулийн  дотуур байрны багшийн  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны   нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж,  дэвтэрт бичилт хийлгэхийг  ажил олгогчид даалгах  тухай"   шаардлагыг  Ховд аймаг  Мянгад сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан гаргажээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч нь  орон тоо илүүдээд төсөв мөнгө хүрэхгүй байна гэсэн үндэслэлээр намайг тус сургуулийн дотуур байрны багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн  гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажил олгогч нь  аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо нь хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлүүдээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн  гэрээг цуцалдаг.

Ховд аймгийн  Мянгад сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалтыг баримтлан  тус сургуулийн 2016 оны батлагдсан орон тоо хэтэрсэн гэх үндэслэлээр   2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр З.Энхбаярыг дотуур байрны багшийн ажлаас чөлөөлжээ.

Хариуцагч нь Ховд аймгийн Боловсрол Соёлын газар, Хууль зүйн хэлтсийн дарга, Төрийн сангийн дарга нар шалгалтаар ирээд хурал дээр  манай сургуулийн  дотуур байрны багш, үйлчлэгч, бага ангийн багш 3 орон тоо илүү байгаа учраас цэгцэлж хас гэсэн шаардлага тавьсан. Шалгалтын мөрөөр Аймгийн засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/67 дугаар захирамжаар хяналт шалгалтаар илэрсэн шаардлагуудыг   арилгаж 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор  ирүүлэхийг үүрэг болгосон учраас З.Энхбаярыг ажлаас халсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тооны цомхотгол нь байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтаны тоог цөөрүүлэх гэсэн 3 агуулгаар хэрэгждэг.

 Тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтны орон тоог цөөрүүлөх, орон тоог хасагдах ойлголтууд нь өөр хоорондоо ялгаатай юм.

 Орон тоо цөөрүүлэх нь тодорхой ажлын байр ажил албан тушаал нь үгүй  болдоггүй,  тодорхой нэг  буюу хэд хэдэн төрлийн албан тушаалыг  багасгаж цөөрүүлдэг.

 Мянгад сумын ерөнхий боловсролын сургуулийн  2016 оны батлагдсан орон тоонд хэдэн багш, хэдэн ажилтан байсан үүнээс байрны багшийн орон тоо хэд байсан талаар хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Мөн тус сургуулийн байрны багшийн орон тоо хасагдсан эсхүл цөөрүүлсэн эсэх нь ойлгомжгүй байна.  Гэтэл тус сургуульд шалгалтаар ирсэн дээрх гурван байгууллагын дарга нарын шаардлага болон Аймгийн засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний  өдрийн 1/67 дугаар захирамжийг  үндэслэн ажилтаныг “орон тоо хэтэрсэн” үндэслэлээр ажлаас чөлөөсөн гэж тайлбарлаж байгаа ажил олгогчийн тайлбар хуульд үндэслэгдээгүй байна.

Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслүүдийн аль нэг тохирох зүйл заалтыг заавал баримтлаж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаж шийдвэр гаргаж байх хуулийн шаардлагыг тус сургуулийн захирал зөрчсөн  байна.

             Анхан шатны шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хуулийн нэрийг буруу хэрэглэсэн, ажилгүй байсан хугацааг яаж тооцсон нь ойлгомжгүй, ажилтанд олгох нөхөх олговорыг тооцохдоо   буруу тооцсон, техникийн зарим алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

            З.Энхбаяр нь 2016 оны 02 дугаар сарын 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр  хүртэл 3 сар 4 хоног ажилгүй байжээ.  Ажилтанд  ажилгүй байсан  хугацааны  нөхөх олговорын хэмжээг нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн 2015 оны 11,12 дугаар сар, 2016 оны 1 дүгээр сарын бичилтийг үндэслэн тооцвол   нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ 807583 төгрөг, нэг өдрийн ажлын хөлс 37562 төгрөг байх бөгөөд олговрын нийт хэмжээ  /807583х3+37562х4/=2422749+150248=2.572.998 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж  З.Энхбаяр олгох нь үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох   2.572.997  төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, түүний нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Мянгад сумын ерөнхий боловсролын сургуульд  даалгах нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч З.Энхбаярт буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан Ховд аймгийн  Мянгад сумын ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс 126317 (56117+70200) төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 153/ШШ2016/00206 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ томилсугай”  гэснийг “тогтоосугай” гэж,

2 дахь заалтын “11977371 төгрөгийг”  гэснийг “2.572.998 төгрөгийг” гэж,

3 дахь заалтын “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн” гэснийг   “Хөдөлмөрийн тухай хуулийн” гэж,

 4 дэх заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг   төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч З.Энхбаярт буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан Ховд аймгийн  Мянгад сумын ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс 126317 (56117+70200) төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар

хариуцагч нь давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

 

                                                                                     Н.ТУЯА