Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 22

 

Т.Энхтөрд холбогдох захиргааны

зөрчлийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч А.Энхбаатар, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Намуунзул, зөрчилд холбогдогч Т.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 20-ны өдрийн 134 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч, зөрчилд холбогдогч Т.Энхтөрийн давж заалдах гомдлоор Т.Энхтөрд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 03 сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Хэрлэн сумын Ардчилсан намын дэд дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэрлэн сумын 9-р баг, 10-40 тоотод оршин суух, бие эрүүл, ЖЯ 79102511 регистрийн дугаартай, Бодонгууд овогт Төмөрбаатарын Энхтөр.

Т.Энхтөр нь 2017 оны 03 сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн  02 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалт хорооллын замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар Тоёота Приус-20 маркийн 64-22 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 20-ны өдрийн 134 дүгээр шийтгэврээр: Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар Бодонгууд овогт Төмөрбаатарын Энхтөрд 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, энэ хэрэгт бичиг баримт, эд зүйл хураагдаж ирээгүй бөгөөд зөрчилд холбогдогч нь албадан саатуулагдсан хоноггүй болохыг ...дурдаж шийдвэрлэжээ.

Зөрчилд холбогдогч Т.Энхтөр давж заалдах гомдолдоо: ...Миний бие 2015 оны 10 сарын 25-нд жолооны эрхээ 6 сараар хасуулж, 2016 оны 04 сарын 30-нд эрх хасуулсан хугацаа албан ёсоор дууссан. 2016 оны 06 сард холбогдох материалуудыг бүрдүүлэн Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт өөрөөс шалтгаалах бүх зүйлийг бүрдүүлэн өгсөн. Замын цагдаагийн газраас жолооны үнэмлэх хэвлэх боломжгүй гэх шалтгаанаар удаа дараа буцаасан. Үүнээс үүдэн 2016 оны 11 сард дахин материалыг бүрдүүлэн өгсөн боловч одоог хүртэл тус байгууллагын хариуцлагагүй байдлаас болж миний гар дээр ирээгүй байна. Ийнхүү Замын цагдаагийн байгууллагын хариуцлагагүй, удаашралтай ажиллагаагаас болж 2 удаа материал бүрдүүлж өгөөд одоог хүртэл жолооны үнэмлэхээ авч чадаагүй байна. ...Миний тээврийн хэрэгсэл жолоодох эрх тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан замын хөдөлгөөний хууль тогтоомжийн дагуу тодорхой хугацаагаар хасуулсан байсан бөгөөд уг хугацаа өнгөрмөгц эрх сэргэдэг зохицуулалттай байсан. Үүний дагуу жолоодох эрхтэй байсан боловч цагдаагийн байгууллагын удаашралтай ажиллагаагаас болж үнэмлэх олгогдоогүй байсан юм. Гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 20-ны өдрийн 134 дүгээр шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Зөрчилд холбогдогч Т.Энхтөр нь 2017 оны 03 сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалт хорооллын замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар Тоёота Приус-20 маркийн 64-22 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан болох нь зөрчилд холбогдогчийн тайлбар, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд зөрчилд холбогдогч Т.Энхтөрийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийтгэврийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул Т.Энхтөрийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 20-ны өдрийн 134 дүгээр шийтгэврийг хэвээр үлдээсүгэй.  

2. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д зааснаар энэхүү магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                 ШҮҮГЧИД                                                                    А.ЭНХБААТАР

                                                                                                      З.ЭНХЦЭЦЭГ