Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2022/0849/З |
Дугаар | 001/ХТ2023/0019 |
Огноо | 2023-03-20 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2023/0019
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө
газрын улсын ахлах байцаагч С.Г-т
холбогдох захиргааны хэргийн
тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: А.Гантогтох
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0849 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2023/0009 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, хариуцагч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нарыг оролцуулж,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 73 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдлын шаардлага: Гомдол гаргагч “М а” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002278 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан.
2. Хэргийн нөхцөл байдал:
2.1. “М а” ХХК нь Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх барилгын материалын 44 захад (2021 оноос) барилгын материалын худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.
2.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дүгээр удирдамж баталсны дагуу цементийн импорт, үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цементийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд тус газрын улсын байцаагч нар 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалт хийсэн.
2.3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002278 дугаартай шийтгэлийн хуудсаар “М а” ХХК-ийг цемент худалдан борлуулахдаа “цементийн нийлүүлэлт багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн нь нотлогдсон” гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч “М а” ХХК-аас “хариуцагч нь зөрчлийг шалгахдаа хуульд заасан журмын дагуу нотлох баримт цуглуулаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулж, бодит нөхцөл байдлыг нотолж тогтоогоогүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар маргажээ.
3. Гомдол гаргагч “М а” ХХК нь дараах үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бус гэж үзэн, хүчингүй болгуулахаар шаардсан. Үүнд:
3.1. “... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөрчлийг шалгахдаа “М а” ХХК-ийн дансыг бус, харин хувь хүний буюу иргэн Ж.М-гийн банкны дансны хуулгыг үндэслэн үндэслэлгүйгээр үнэ нэмсэн” гэж дүгнэсэн атлаа хуулийн этгээдэд оногдуулах хэмжээгээр Ж.М-г торгосон нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг алдагдуулсан...
3.2. Үндэслэлгүйгээр үнэ нэмж, хэрэглэгчийг хохироох арга хэрэглэсэн гэж үзэж байгаа бол хэн, ямар хэмжээгээр хохирсон эсэхийг тогтоох, цементийг хэдэн төгрөгөөр зарах ёстой байсныг хэрхэн нотолсон талаар, Өрсөлдөөний тухай хуульд заасан хэт өндөр үнэ тогтоосон гэдэгт хамааруулж байгаа эсэх, тийм бол хэт өндөр үнэ гэдгийг хэрхэн тогтоосон, эсхүл аж ахуй эрхэлсэн хүн ямар ч ашиг олох ёсгүй байсан уу? гэдгийг тус тус тогтоох байсан. Харин ч Өрсөлдөөний тухай хуулиар төрийн захиргааны байгууллага бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг...
3.3. Монгол Улсад цементийг дээд тал нь хэдэн төгрөгөөр худалдан борлуулж байхыг хуульчилж тогтоосон баримт бичиг байхгүй бөгөөд Ардчилсан нийгэмд шударга, чөлөөт зах зээлийн зарчим үйлчилж, худалдан авагч хэнээс, ямар барааг, хэдэн төгрөгөөр худалдан авахаа өөрөө сонгох эрхтэй, сонголт ихтэй, нээлттэй байгаа. Тухайн үед өөр бусад олон иргэд цементийг бүр ч илүү үнээр зарж байсныг ч шалгаж, тогтоож, харьцуулж байж, дүгнэлт хийж шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна... Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
4. Хариуцагч гомдлыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
4.1. “... Агентлагийн даргын 2022 оны 01/14 дугаартай удирдамжийн дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг удирдлага болгон зах, худалдааны төвүүдэд цементийн хомсдол үүсэж, цементийн нийлүүлэлт эрс багассан 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “М б м” ХХК, “М ц” ХХК-ийн гэрээт борлуулагч нийт 15 аж ахуй эрхлэгчид холбогдуулан цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй зөрчилд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан.
4.2. “М б м” ХХК-ийн гэрээт борлуулагч “М а” ХХК нь 1 тонн цементийг 195,000 төгрөгөөр худалдан авах гэрээтэй болох нь тогтоогдсон. Дотоодын цемент үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдээс цементийн үнэнд өөрчлөлт оруулаагүй, тээврийн зардал (вагон) болон бусад зардал өсөөгүй байхад “М а” ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын материалын 44 захад цементийн нийлүүлэлт эрс багассан, хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглан 2022 оны 06 дугаар сарын 11-ээс 06 дугаар сарын 13-ны өдрүүдэд 1 тонн цементийг 320,000-340,000 төгрөгөөр, 2022 оны 06 дугаар сарын 21-ээс 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд 1 тонныг нь 450,000 төгрөг болгон үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн худалдан борлуулж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болох нь тус компанийн гүйцэтгэх захирал Ж.М-гийн Хаан банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон.
4.3. Тус компани Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчиж, “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” үйл ажиллагаа явуулсан тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан, шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0849 дүгээр шийдвэрээр Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 1.1-д заасныг тус тус баримтлан “М а” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002278 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах гол дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1. Хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 1.1-д заасныг бүрэн хэрэгжүүлээгүй. Зөвхөн дансны хуулгад үндэслэж компанийн гүйцэтгэх захирлын цемент худалдан, дансаараа мөнгө шилжүүлж авсан үйл баримтыг зөрчил гаргасныг тогтоосон нотлох баримт гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар:
- “хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны арга хэрэглэсэн” гэх зөрчил,
- тус үйл ажиллагаанаас олсон хууль бус орлого нь хэд болох, хуульд зааснаар хэдийг нь хурааж авсан, нөхөн төлбөр гэж хэдийг тооцсон,
- хуулийн этгээд тухайн зөрчлийг гаргасан эсхүл гүйцэтгэх захирал гэх этгээд нь хувь иргэний хувьд тухайн зөрчлийг гаргасан болохыг ялгаж зааглан тогтоогоогүй нь дээрх хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлж, шийтгэл ногдуулахтай холбоотой урьдач нөхцөлүүдийг хангасан гэж үзэх боломжгүй, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулаагүй болох нь тогтоогдсон... эдгээр нөхцөл байдлуудыг тогтоогоогүй байхад гомдол гаргагчийг шууд зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.
5.2. Гомдол гаргагч компанийн гүйцэтгэх захирлын депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг үзэхэд 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийтдээ “tsement”, “цемент”, “cement” гэх утгатайгаар хийгдсэн гүйлгээнүүдийг үзэхэд мөнгөн дүнгийн хэмжээ янз бүр, 170,000, 320,000, 330,000, 220,000, 335,000, 4,500,000, 450,000, 430,000 гэх мэтээр 9 удаа гүйлгээ хийгдсэн байх ба хамгийн их мөнгөн дүнгээр буюу 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 4,500,000 төгрөгөөр нэг удаа, 4,400,000 төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн байх боловч 132 тонн цемент хүлээн авснаас хэдийг нь дээрх өдрүүдэд зарсныг тооцсон тооцоолол байхгүй, гүйлгээнүүдийн утгын зарим дээр нь “1 tn” гэж бичсэнийг үндэслээд цементийн үнээ үндэслэлгүйгээр 450,000 төгрөгөөр нэмэгдүүлэн зарж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх зөрчлийг нотлогдсон гэж дүгнэх үндэслэлгүй.
5.3. “М б м” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд нийт 572,55 тонн цемент нийлүүлсэн гэх баримт зэргээс үзэхэд хариуцагчийн тодорхойлсон 132 тонн цемент хүлээн авсан байсан гэх тооны хувьд зөрүүтэй, зарлагын падаантай холбоотой ажиллагааг хийгээгүй нь зөрчлийг шалгаж тогтоох ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүйг мөн нотолж байна.
... Хуульд зааснаар шалгаж тогтоох ёстой ажиллагаануудыг тогтоогоогүй хариуцагчийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэн зөвтгөх үндэслэлгүй...” гэж үзжээ.
6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2023/0009 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... хууль бус болохыг тогтоон ...” гэснийг хасч гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ:
“... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан гомдол гаргагч “М а” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын алдаа гаргасан байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй...” гэсэн байна.
7. Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн байх тул хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
7.1. Хяналт шалгалт болон зөрчил шалгах ажиллагаагаар хариуцагчийн зүгээс шаардлагатай, боломжит бүхий л нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд хууль зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн нэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хуульд заасны дагуу нотлох баримт цуглуулж, бэхжүүлээгүй, нотлох баримтыг дутуу цуглуулсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байх ба зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гомдол гаргагч “М а” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон.
7.2. Хяналт шалгалт хийх хугацаанд Монгол Улсын хэмжээнд “М б м” ХХК, “М ц” ХХК нь цементийн үйлдвэрлэл явуулж байсан 2022 оны 6 дугаар сарын байдлаар нийт үйлдвэрлэсэн цементийн 20 гаруй хувийг жижиглэн худалдааны зах зээлд буюу УБТЗ ХХН-ийн АБТЭМА-44-т үйл ажиллагаа явуулдаг гэрээт аж ахуй эрхлэгчдэд нийлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд хэрэглэгч зөвхөн дээрх хоёр аж ахуй эрхлэгчийн үйлдвэрлэсэн цементийг гэрээт аж ахуй эрхлэгчдээр дамжуулан худалдан авахаас бусдаар цемент худалдан авах боломжгүй нөхцөл байдалтай байсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.
7.3. ... “М а” ХХК нь цементийн хомсдол үүссэн хугацаанд цемент хүлээн авсан бөгөөд өөрийн цементийн нөөцтэй байгаа давуу байдлаа ашиглан жижиглэнгийн зах зээлд үндэслэлгүйгээр өндөр үнэ тогтоож, гэрээт бус бусад аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөнийг хязгаарлаж, бодит зардал өсөөгүй, үнэ нэмэгдүүлэх шалтгаан нөхцөл тогтоогдоогүй байхад хэрэглэгчийн сонголт хийх боломжгүй нөхцөл байдлыг ашиглан, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн, хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй юм.
7.4. Мөн Ж.М нь “М а” ХХК-тай нэгдмэл сонирхолтой, хуулийн этгээдийг төлөөлөн, уг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө зөрчлийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад “хуулийн этгээд, иргэний аль нь тухайн зөрчлийг гаргасан эсэхийг тогтоолгүйгээр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
7.5. Давж заалдах шатны шүүхээс цементийн зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа болон гэрээт бус бусад цемент худалдан борлуулагч аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөн хязгаарлагдаж байгаа үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна.
7.6. Хариуцагчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт заасны дагуу цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан зөрчлийн хувьд тус компанийн зөвхөн цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж олсон орлогыг зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө гэж үзэх талаар, мөн компанийн гүйцэтгэх захирал Ж.М-гийн Хаан банкны 50650... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгад авагдсан цемент худалдан борлуулсан гүйлгээ бүрийн гүйлгээний утга хэсэгт цементийн тоо хэмжээ бичигдээгүйгээс шалтгаалан нийт хэдэн тонн цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж худалдан борлуулсан талаар тооцооллыг хийх боломжгүй тул хууль бусаар олсон хөрөнгө орлогыг тооцох боломжгүйг тайлбарласан боловч давж заалдах шатны шүүхээс уг тайлбарт ямар нэг дүгнэлт хийгээгүйгээс гадна хохирол, нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг тогтоож шийдвэрлээгүй нь уг зөрчлийг үгүйсгэх үндэслэл болох эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Хяналтын шатны шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар өгч оролцов.
ХЯНАВАЛ:
9. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
10. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” үйл ажиллагаа явуулахыг хориглохоор, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно” гэж тус тус заажээ.
11. Дотоодын цемент үйлдвэрлэгч “М ц” ХХК, “М б м” ХХК-ууд үйлдвэрлэсэн цементээ хэрэглэгчдэд өөрсдөө жижиглэн худалдаалдаггүй, гэрээт борлуулагч нараар дамжуулан жижиглэнгийн зах зээл дээр борлуулдаг, “М а” ХХК-ийн хувьд “М б м” ХХК-аас бөөний үнээр цемент худалдан авч барилгын материалын “44” зах дээр жижиглэнгээр борлуулдаг, нийлүүлэгч компанитай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу 1 тонн цементийг 195,000 төгрөгөөр худалдан авч, хэрэглэгчдэд 320,000-340,000 төгрөгөөр худалддаг, 2022 оны 03 дугаар сарын 01-ээс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд үйлдвэрлэгчээс цементийн үнийг нэмээгүй, ачаа тээврийн болон бусад зардал өсөөгүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
12. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ковид-19 цар тахлын улмаас БНХАУ-ын хил хаагдсан үед тус улсаас импортолдог цементийн уут тасалдсан, “М б м” ХХК-ийн цемент ачих төлөвлөгөөт гэрээний гүйцэтгэл хангалтгүй, хагас вагоны хангалт багассанаас шалтгаалан Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын материалын “44” захад цементийн нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эрс багассан байна.
13. Ийнхүү үйлдвэрлэгчээс үнэ нэмээгүй, бусад зардал өсөөгүй байхад нийлүүлэлт эрс багасаж, хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглан “М а” ХХК нь цементийг жижиглэнгийн зах зээлд худалдан борлуулахдаа 1 тонныг нь 450,000 төгрөг болгон нэмэгдүүлэн зарсан, уг үйлдлийг хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас явуулсан хяналт шалгалтын явцад тогтоож, маргаан бүхий актаар “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзэж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.
14. Тодруулбал, зах зээл дээр чөлөөтэй арилжаалагдаж буй бараа бүтээгдэхүүн нь ердийн тохиолдолд харилцан орлох шинж чанартай буюу хэрэглэгч хаанаас ч очоод авах боломжтой бол чөлөөт зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар уг бараа бүтээгдэхүүний үнэ тогтоно, ийнхүү тогтсон зах зээлийн үнийг төрөөс хянахгүй буюу шударга өрсөлдөөнийг хамгаалах агуулгад хамааруулж үзнэ.
15. Энэ тохиолдолд “цемент” нь өөр бүтээгдэхүүнээр орлуулж үл болох шинжтэй бүтээгдэхүүн бөгөөд тухайн цаг хугацаанд БНХАУ-аас импортоор оруулж ирдэг цементийн уутны нийлүүлэлт тасалдсан, нийлүүлэгч компанийн цемент ачих төлөвлөгөөт гэрээний гүйцэтгэл хангалтгүй, хагас вагоны хангалт багассанаас шалтгаалан барилгын материалын “44” зах дахь цементийн нийлүүлэлт тасалдаж, хомсдол үүссэн үед үйлдвэрлэгчээс гэрээний дагуу нийлүүлсэн цементийг жижиглэнгийн зах зээлд худалдан борлуулах давуу байдлаа ашиглан, бараа бүтээгдэхүүн( цемент)-ий үнийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн нь хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэнд тооцогдоно, аж ахуй эрхлэгч дээрх байдлаар өөрөө үнэ тогтоосныг “чөлөөт зах зээл”-ийн зарчмаар үнэ тогтоогдсон гэж үзэхгүй.
16. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт болон Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” хориглосон зохицуулалтын хууль зүйн агуулгыг ижил төрлийн маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлан хэрэглэсэн байна.
17. Анхан болон давж заалдах шатны шүүхийн “ ... зөвхөн дансны хуулгад үндэслэж компанийн гүйцэтгэх захирлын цемент худалдан, дансаараа мөнгө шилжүүлж авсан үйл баримтыг зөрчил гаргасныг тогтоосон нотлох баримт гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ... хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны арга хэрэглэсэн гэх зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй” гэх агуулгатай дүгнэлт үндэслэлгүй, маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь буруу гэж шүүх бүрэлдэхүүний олонх үзлээ.
18. Түүнчлэн, шүүхүүд “ ... хуулийн этгээд тухайн зөрчлийг гаргасан эсхүл гүйцэтгэх захирал гэх этгээд нь хувь иргэний хувьд тухайн зөрчлийг гаргасан болохыг ялгаж зааглан тогтоогоогүй нь дээрх хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлж, шийтгэл ногдуулахтай холбоотой урьдач нөхцөлүүдийг хангасан гэж үзэх боломжгүй, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулаагүй болох нь тогтоогдсон... эдгээр нөхцөл байдлуудыг тогтоогоогүй байхад гомдол гаргагчийг шууд зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй” гэх зэргээр дүгнэсэн нь үндэслэлгүй, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “... шаардлагатай, боломжит бүхий л нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн, ... “М а” ХХК нь цементийн хомсдол үүссэн хугацаанд цементийн нөөцтэй байгаа давуу байдлаа ашиглан жижиглэнгийн зах зээлд үндэслэлгүйгээр өндөр үнэ тогтоож, хэрэглэгчийн сонголт хийх боломжгүй нөхцөл байдлыг ашиглан, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн, ... Ж.М нь “М а” ХХК-тай нэгдмэл сонирхолтой, тухайн хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө уг зөрчлийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад шүүх “хуулийн этгээд, иргэний аль нь тухайн зөрчлийг гаргасан эсэхийг тогтоогоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй”, “... компанийн гүйцэтгэх захирлын дансны дэлгэрэнгүй хуулгад цемент худалдсан гүйлгээний утга хэсэгт тоо, хэмжээ бичигдээгүйгээс шалтгаалан нийт хэдэн тонн цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж худалдан борлуулсан талаар тооцооллыг хийх боломжгүй тухай тайлбарласан боловч шүүхээс уг тайлбарт ямар нэг дүгнэлт хийгээгүйгээс гадна хохирол, нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг тогтоож шийдвэрлээгүй нь зөрчлийг үгүйсгэх үндэслэл болох эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-д заасан гомдол үндэслэлтэй байна.
19. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх үзлээ.
Энэхүү хэргийг шийдвэрлэх явцад илтгэгч шүүгч Г.Банзрагч Өрсөлдөөний тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах асуудлаар тусгай санал гаргасан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0849 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2023/0009 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан гомдол гаргагч “М а” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002278 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
Г.БАНЗРАГЧ