| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00475/и |
| Дугаар | 00529 |
| Огноо | 2016-08-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 00529
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багт оршин суух, 1956 онд төрсөн, эрэгтэй, ОН56060179 регистрийн дугаартай, Иш овогтой Сампилын Магсаржавын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Магсаржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Магсаржав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1956 онд төрсөн, 60 настай. Би 1985 онд Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангийн даргаар ажиллаж байсан жилүүдийн ажлаас халагдсан тушаал байхгүй гэх шалтгаанаар ажилласан жил хасагдаж байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангийн даргаар 1985 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Магсаржав нь Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангийн даргаар 1985 оноос 1991 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Сампил овогтой Магсаржавын 1985 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид даргаар ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн,
- Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангийн хамт олны 1986 онд авахуулсан гэрэл зургийн үзүүлэлт,
- Увс аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын баярын бичигт “Нөхөр Магсаржав та худалдаа, бэлтгэл, нийтийн хоолны байгууллагад олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан явдалд талархаж, Худалдаа бэлтгэлийг удирдах газрын баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнасугай. .. 1985 оны 2 дугаар сарын 29-ний өдөр, Улаангом хот” гэжээ,
- Увс аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдөр олгосон гэрчилгээнд “С.Магсаржав ахлагчтай хамт олонд Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн XIX их хурал, аймгийн намын XXII бага хурал угтсан “Чанар үр ашгийн төлөө” уралдааны 5 дахь 10 хоногт ажлын өндөр амжилт гаргасанд талархаж нэрэмжит гэрчилгээ олгов” гэжээ,
- Монголын ардын хувьсгалт нам, Түргэн сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон баярын бичигт “Хүндэт н.Магсаржав та 1987 оны социолист уралдаанд авсан амлалт үүргээ тоо, чанарын өндөр үзүүлэлтээр ханган биелүүлж, сумын аж ахуй соёлын төлөвлөгөөт зориулалтыг жигд ханган биелүүлэхэд та өөрийн хүч өөрийн хүч авъяас билгээ дайчлан ажилласныг өндөрөөр үнэлж баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав” гэжээ,
- Увс аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга Д.Намсрайгаас 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон баярын бичигт “Хүдэт нөхөр С.Магсаржав танаа худалдааны байгууллагад олон жил идэвхи зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгааг сайшаан тэмдэглэж аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны баярын бичгээр шагнав” гэжээ,
- Гэрч Р.Отгонбаярын: “С.Магсаржав нь Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангийн даргаар 1985 оноос 1991 оныг дуустал хугацаанд ажилласан. Би 1979 оноос 1991 оныг дуустал хугацаанд Худалдаа бэлтгэл ангид Газ-53 маркийн автомашины жолоочоор ажиллаж байсан. С.Магсаржав нь ажилчдаа удирдан зохион байгуулах чадвар сайтай, чадварлаг дарга байсан. Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангийн даргаар нь А.Сайндүүрэн, С.Магсаржав гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
- Гэрч А.Ичинноровын: “Би Увс айгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангид эдийн засагч, нягтлангаар 1982 оноос 1992 оныг хүртэл хугацаанд ажилласан. С.Магсаржав нь Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангийн даргаар 1985 оноос 1991 оныг дуустал хугацаанд ажилласан. Бид хоёр тухайн байгууллагад дарга, нягтлангаар ажиллаж байсан учир нэгнээ сайн мэдэж байна. Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангийн даргаар нь А.Сайндүүрэн, С.Магсаржав гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
- Гэрч Р.Отгонбаярын иргэний үнэмлэхний болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 566 тоот шийдвэрийн хуулбар, гэрч А.Ичинноровын иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэгчийн тайлбар, Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус үндэслэн С.Магсаржавын 1985 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэлтгэл ангийн даргаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар С.Магсаржавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Иш овгийн Сампилын Магсаржавын 1985 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Түргэн сумын Худалдаа бэтгэл ангийн даргаар нийт 7 /долоо/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Магсаржавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА