Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01537

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 29 өдөр Дуга 210/МА2024/01537

 

 

З ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/02149 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: З ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: О ХХК холбогдох,

 

Гэрээний үүрэгт 61,045,804.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итггэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Норов, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гантөмөр, хариуцагчийн өмгөөлөгч П.Сумъяа, Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Талуудын хооронд 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 23/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр ХХХХХХ аймгийн ХХХХХХХХ сумын нутаг дэвсгэрт хийгдэхК хиймэл дагуулын шалгалт тохируулгын GCP /газрын хяналтын цэг/ цэгүүдийн суулгалтын ажил-ыг З ХХК нь хийж гүйцэтгэн О ХХК-д хүлээлгэн өгөх, О ХХК нь гэрээгээр тохирсон ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг.

1.2. Дээрх ажлыг 2023 оны 04 сарын 12-ны өдрөөс 05 сарын 12-ны өдөр хүртэл нийт 30 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр байсан боловч захиалагч О ХХК нь гэрээний 4.2-т заасан хугацаандаа ажлын хөлсний урьдчилгаа 40 хувийн санхүүжилтээ шилжүүлэлгүй хойшлуулсан. Ингээд 2023 оны 05 сарын 12-ны өдөр гэрээнд заасан ажлын урьдчилгаа төлбөр шилжүүлснээр 2023 оны 05 сарын 19-ний өдөр ажлаа эхлүүлж, 2023 оны 06 сарын 06-ны өдөр дуусгасан.

1.3. Гэрээний 5.3-т Захиалагч нь суулгах цэгийн байршлыг зааж өгнө гэсны дагуу захиалагчийн зааж өгсөн газрын хяналтын 145 цэг, дээврийн 35 цэг, нийт 180 цэгт 9 м.кв хэмжээтэй 10-20 см-ийн зузаантай бетон цутгаж, 5 эгнээгээр, эгнээ хоорондын зай нь 0.8-аас 1 км-ийн зайтай, нийт 145 цэгийг хийж гүйцэтгэсэн.

1.4. Дээвэр болон зогсоолын хяналтын 35 цэгээс дээврийн 6 цэг, зогсоолын 1 цэгийг будах будгийн ажил, газрын хяналтын 145 цэгээс 10 цэгийн будах ажлыг захиалагч талын нэрлэн заасны дагуу зааны соёоны цагаан өнгө /enamel/-өөр тус тус будаж хийж гүйцэтгэсэн байна. Дээрх ажлыг захиалагч талын өгсөн даалгаврын дагуу гүйцэтгэгч тал нь гэрээний 6.1-т Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд, стандартын дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэх гэж заасан нөхцөлөөр хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн.

1.5. Тус гэрээний 4 дүгээр зүйлд ажлын хөлс болон төлбөр төлөх нөхцөлийн талаар, 3 дугаар зүйлд тохиролцсон бөгөөд 3.1-т ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа ажлын 30 хоног байна, 3.2-т ажил эхлэх хугацаа 2023 оны 04 сарын 12-ны өдөр, 3.3-т ажил дуусах хугацаа 2023 оны 05 сарын 12-ны өдөр гэж тохиролцсон байдаг.

1.6. Гэрээний 3.2, 4.2-т зааснаар захиалагч буюу хариуцагчийн төлбөр төлөх үүрэг нь 2023 оны 04 сарын 07-ны өдөр үүсэж байх тул тухайн үеийн Монгол банкнаас зарласан валютын ханшаар 1 ам.доллар 3510.03 төгрөгтэй тэнцэж байсан үеийн ханшаар бодсон бөгөөд 63,460*3510.03=222,746,503.8 төгрөг болно.

1.7. Гэрээний 4.2-т заасан ажлын урьдчилгаа 40% = 89,098,601.52 төгрөг, ажлын явцын 40% = 89,098,601.52 төгрөг, нийт 178,197,203.04 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Гэвч захиалагч буюу хариуцагч талаас 2023 оны 05 сарын 12-ны өдрөөс 06 сарын 16-ны хооронд 11 удаагийн гүйлгээгээр нийт 137,500,000 төгрөгийн төлбөр шилжүүлсэн бөгөөд гэрээний үнийн дүнгийн 61.7 хувийн төлбөр төлөгдсөн байна.

1.8. Гэрээний 7.1-т заасны дагуу гэрээний хариуцлага болох алданги нь сүүлийн төлбөр төлөгдсөнөөс хойш буюу 2023 оны 06 сарын 16-ны өдрөөс хойш 2024 оны 02 сарын 16-ны өдөр хүртэл нийт (245 хоног*0.3%)*40,697,203.04 төгрөг-100%= 29,912,444.2 төгрөгийн алданги-ийн хамт, нийт 70,609,647.24 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй байна.

1.9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг баримтлан алдангид 20.348.601.52 төгрөг, нийт 61,045,804.56 төгрөг байна.

Иймд хариуцагч О ХХК-аас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, Ажил гүйцэтгэх гэрээний 6.6, 7.1-т заасныг тус тус үндэслэн үүргийн гүйцэтгэлд 40,697,203.04 төгрөг, алданги 20,348,601.52 төгрөг, нийт 61,045,804.56 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Тус компани БНСУ-ын ХХХХХХХХХ инженеринг компанийн захиалгаар ХХХХХХ аймгийн ХХХХХХХХ сумандК хиймэл дагуулын шалгалт тохируулгын GCP /газрын хяналтын цэг/ цэгүүдийн суулгалтын ажил хийж гүйцэтгэхээр болсон ба тухайн үед ХХХХХХ аймагт ажиллах хүн хүч хомс байсан тул хамтран ажиллах иргэн, хуулийн этгээдийг хайж байсан.

2.2. Энэ үед өмнө нь О ХХК-д ажилладаг байсан Э.Б болон түүний дүү Б.Т нар нь Г.Э ын ээж Т.Ц гаар дамжуулан тухайн ажлыг хийж гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул түүнтэй Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулахаар харилцан тохиролцож, улмаар гэрээг Б.Т ийн эгчийн компани болох З ХХК-ийн нэр дээр байгуулсан байна.

2.3. Хэрэгт авагдсан хоёр гэрээний аль аль нь О ХХК-ийн тамгатай, төлбөр төлөх үүрэг нь О ХХК-д бий. Гэхдээ 1 өдөр хийгдсэн 2 гэрээний хийгдэх ажил үүрэг гүйцэтгэж байгаа этгээд нь Б.Т байгаа. Үндсэн гэрээ буюу Б.Т гэх иргэнтэй байгуулсан гэрээн дээр З ХХК-ийн тамга байхгүй, нөгөө гэрээн дээр тамга нь бий. Гэхдээ гэрээ хэрэгжих явцад иргэн Б.Т тэй байгуулсан гэрээ хэрэгжээд, төлбөр энэ гэрээний дагуу төлөгдсөн.

2.4. Хавтаст хэрэгт авагдсан 23/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ болон 23/03 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ээр 1 ажил гүйцэтгэхээр байгуулсан. Харин нэгийг нь НӨАТ нэмсэн дүнгээр хийсэн, будгийн ажлыг 400,000 төгрөг, цутгалт будгийн ажпын багцыг 1,450,000 төгрөгөөр тохиролцсон гэдгээ эдгээр гэрээнүүдэд оролцсон Б.Т гэрчээр асуугдахдаа мэдүүлсэн байдаг. Талууд 23/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний үнэ болох 202,500,000 төгрөгт НӨАТ бусад татвар хураамжийг оруулан тооцохоор тохиролцсон байдаг.

Иймд 23/03 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г НӨАТ нэмсэн дүнгээр байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн З ХХК нь НӨАТ төлөгч биш тул 23/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний үнэ буюу 202,500,000 төгрөгт НӨАТ нэмэх ч хууль зүйн үндэслэлгүй юм.

2.5. Гэрээний дагуу гүйцэтгэгч нь ХХХХХХ аймгийн ХХХХХХХХ суманд хийгдэх К хиймэл дагуулын шалгалт тохируулгын GCP /газрын хяналтын цэг/ цэгүүдийг суулгах ажлын хүрээнд газрын хяналтын 145 цэгийг суурилуулах, будах, дээврийн 35 цэгийг будах ажлыг хийж гүйцэтгэх, ажлын нийт хөлсийг 202,500,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.

2.6. Гүйцэтгэгч нь дээрх гүйцэтгэвэл зохих ажлаас 145 цэгийг суурилуулах ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн тул ажлын хөлс болох 130,500,000 төгрөгийг захиалагч нь бүрэн төлсөн, харин 180 ширхэг будгийн ажлаас 16 ширхэгийг будсан тул 6,400,000 төгрөгийг төлж, нийт 136,900,000 төгрөгийг №23/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-нд зааснаар Б.Т ийн данс руу шилжүүлсэн байна. Харин Б.Т нь энэхүү төлбөрт дараах байдлаар орлогын баримт шивж өгсөн байдаг.

2.7. Одоо хийгдээгүй үлдсэн будгийн ажилд ногдох 65,600,000 төгрөгийн үлдэгдэл байгаа бөгөөд уг ажлыг ирэх жил гүйцэтгэснээр төлөх юм. Энэ нь гэрээний 4.5-д Захиалагч нь гэрээт ажлыг бүрэн дууссан гэж хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Талууд хамтран хянаж актаар хүлээлцэнэ. Акт үйлдээгүй бол хүлээн авсанд тооцохгүй ба төлбөрийг хийхгүй гэж заасантай нийцэж байгаа болно.

2.8. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажпыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед төлнө. гэж заасан байх ба талууд гэрээний 4.2-т ажлын хөлсийг 40/40/20 байхаар тусгахдаа ажлын явцад 40 хувийг төлөхөөр тохиролцжээ.Гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн Б.Т нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө нийт 163 цэгийг будаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба уг гүйцэтгээгүй ажлын үнийн дүн нь 65,200,000 төгрөг болох бөгөөд гэрээт ажлын гүйцэтгэл нь 60 орчим хувьтай байгаа юм.

2.9. Өөрөөр хэлбэл талууд ажлын явцын төлбөрийг 2023 оны 06 сарын 16-ны өдрийн дотор төлөх зохицуулалт гэрээнд тусгагдаагүй байхад ийнхүү мөн огноогоор төлөх ёстой байсан мэтээр тайлбарлаж, хийж гүйцэтгээгүй ажлын үнэ хөлс, түүнд ногдох алдангийг нэхэмжилж байгаа нь Иргэний хууль болоод талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл заалтад нийцэхгүй байна. Үлдэх будгийн ажлыг үндсэн захиалагчаас өгсөн зааварчилгааны дагуу ирэх онд будах бөгөөд бид нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнд ажлын хөлсийг төлсөн тул одоо өгөх төлбөр байхгүй, түүнчлэн алданги ч төлөх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан үндэслэлгүй тул О ХХК-аас 61,045,804.56 төгрөг гаргуулах тухай З ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 696,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д гэрч Б.Т ... Нэг ажил дээр хоёр гэрээ байгуулагдсан. Эхлээд 220,000,000 төгрөгийн гэрээ байгуулах гэж байгаад урьдчилгаа 40 хувийг олгоно, их хэмжээний мөнгөний асуудал яригдана... НӨАТ шивнэ гээд хуулийн этгээдээр байгуулагдсан... Эхлээд Т.Ц эгч, Г.Э хоёр гарын үсэг зурж, надад өгөөд би компани дээрээ гарын үсэг зуруулж, тамга даруулж, Т.Ц эгчид өгсөн гэх мэдүүлэг, гэрч Т.Ц гийн ... Манайх З XXК-тай ажил гүйцэтгэх гэрээг бол тэр зөвхөн үзвэрийн гэрээ гэдэг маягаар хийсэн юм. Гэрээг төлөөлж Н.Т байсан. Жинхэнэ ажлаа Н.Т тэй хувь гэрээ л хииж байсан... гэх мэдүүлэгээс дүгнэхэд З ХХК-д 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 23/03 тоот гэрээг байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж үзэх үндэслэлгүй байна

4.2. Шүүх талуудын тайлбар болоод хэрэгт авагдсан Ажил гүйцэтгэх гэрээ болон дансны хуулга, шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлэг зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна.

4.3. Гэрч Б.Т ... захиалагч талаас бидний хийсэн ажлыг өдөр өдөрт нь хянаж, дууссаны дараа дараагиин ажил руу ордог байсан.., захиалагч талаас гурван Солонгос, О ХХК-аас П.Б инженер ажлын гүйцэтгэлд өдөр хяналт тавиад болсон бол дараагийн ажлаа хий гэдэг байсан... гэх мэдүүлэг, гэрч Т.Ц ... захиалагч талаас Солонгос мэргэжилтэн, манай талаас хэлмэрч очиж шалгадаг байсан. П.Б манай компанийн н.Баттүвшин гээд 2 залуу ерөнхий хяналтад шалгасан ч юм уу мэдэхгүй... О ХХК-д ажилладаг. Бид ХХХХХ инженерийн О ХХК тухайн ажлыг хийх гэж гэрээ хийгээд авчихсан учраас манай компанид ажиллаж байгаа. Нэгэнт бид хариуцагчийнхаа хүрээнд гадаадын компанитай гэрээ хийгээд ажил авсан учраас ажлыг хийж гүйцэтгэхийн тулд манайд ажиллаж байгаа О компанид ажиллаж байгаа хүмүүс ХХХХХХ д очиж ажилласан... гэх мэдүүлэг зэргээс үзэхэд захиалагч О ХХК-ийн зүгээс гэрээт ажлын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавьж ажиллаж байсан нь тогтоогдож байна.

4.4. Мөн хариуцагчийн өмгөөлөгч ... Гэрээгээ харуулаад Т.Ц , Б.Т нарын хооронд байгуулсан Т.Ц гийн нэр дээр О ХХК-ийн тамга байдаг. ...гэрч Т.Ц өөрөө хэлсэн. Би энэ компанийн үйл ажиллагааг нь удирдаж явдаг гээд та шаардлагатай байсан бол өөрөө одоо ч татаад үзэхэд болно. Опен датагаас татаад үзэхэд компанийн эрх бүхий албан тушаалтан мөн ... гэх тайлбарыг гаргасан байдаг. Гэвч О ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Г.Э байх бөгөөд Т.Ц нь 2019 оны 03 сарын 12-ны өдөр тус компанийн хувь эзэмшлээс хасагдсан байдаг.

4.5. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62 1-т Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ. гэж хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл Т.Ц нь О ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй буюу тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах эрх хуулиар олгогдоогүй тус компанийн улсын бүртгэлийн мэдээлэлд 2022 оны 03 сарын 09-ний өдөр гүйцэтгэх захирал Г.Э бүртгэгдсэн нь тогтоогдож байдаг. Мөн хуулиар олгогдсон итгэмжлэл байхгүйн дээр ямар нэгэн хэлцэлд төлөөлөх, төлөөлүүлэгч буюу итгэмжлэгчийн нэрийн өмнөөс тодорхой үйлдэл, үйл ажиллагаа хийх эрх бий болоогүй байна.

4.6. Хариуцагчийн өмгөөлөгч О ХХК-ийн хувьд БНСУ-ын компанитай гэрээ хэлцэл байгуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн ХХХХХХ аймгийн нутаг дэвсгэрт нийт 145 цэгт газрын цутгалт хийх, дээврийн 35 цэг дээр будаг хийх, 145 газарт суулгасан цутгалт дээр будаг хийх ажлыг гүйцэтгэхээр гэрээ хэлцэл баигуулсан..., Хэрэгт авагдсан хоёр гэрээний аль аль нь Онгинхайрхан XХК-ийн тамгатай төлбөр төлөх үүрэг нь О ХХК-д бий ... гэх тайлбараас үзэхэд О ХХК болон З ХХК нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1, 347.2 дах хэсэгт заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл О ХХК нь БНСУ-ын ХХХХХХХХХ инженеринг компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр туслан гүйцэтгэгч авч ажиллуулах эрхтэйгээс гадна захиалагчийн өмнө туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг хариуцах үүрэгтэй байна.

4.7. Иргэн Т.Ц болон О ХХК нарын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй нь гэрч Т.Ц ... иргэний хуваарь биш компаниараа баигуулсан..., ХХХХХХХХХ инженеринг манайх компанийн шугамаар гэрээ хийсэн ..., хуулийн этгээдээр тайлагнасан гэх мэдүүлэгээр тогтоогдож байдаг. Иимд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслээд З ХХК, О ХХК нарын 2023 оны 04 сарын 04-ний өдөр байгуулсан 23/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г Н.Т , Т.Ц нарын 2023 оны 04 сарын 04-ний өдөр байгуулсан 23/04 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г халхавчлах зорилгоор баигуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

5.2. Шүүхийн шийдвэрийн 7, 8 дахь талд шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийллийг үнэлж, дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийг гэрээний үүрэг шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч О ХХК-д холбогдуулан 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 23/03 тоот гэрээний үүрэгт 61,045,804.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. З ХХК болон О ХХК нар 2023 оны 04 сарын 04-ний өдөр 23/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч З ХХК нь ХХХХХХ аймгийн ХХХХХХХХ суманд хийгдэх К хиймэл дагуулын шалгалт тохируулгын GCP /газрын хяналтын цэг/ цэгүүдийн суулгалтын ажлыг 2023 оны 04 сарын 12-ны өдрөөс 30 хоногт хийж гүйцэтгэх, захиалагч О ХХК нь ажлын нийт хөлс 63,460 ам.долларыг гэрээт ажил хийгдэх өдрөөс 5 хоногийн өмнө гүйцэтгэгчийн санхүүгийн нэхэмжлэлийн баримтыг үндэслэн ажлын хөлсний урьдчилгаа болох 40 хувь, ажлын явцад 40 хувь, ажил хүлээлгэн өгсний дараа 20 хувийг захиалагчийн Худалдаа хөгжлийн банк дахь 410034177 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон;

 

3.2. З ХХК болон О ХХК нар 2023 оны 04 сарын 04-ний өдөр 23/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр дээрх ажлын хөлсийг 202,500,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон;

 

3.3. З ХХК-ийн баталсан ХХХХХХ аймгийн ХХХХХХХХ суманд хийгдэхК хиймэл дагуулын шалгалт тохируулгын GCP /газрын хяналтын цэг/ 145 тооны цэгүүдийн суулгалтын ажлын 1 цэгт ногдох төсвийг 1,450,000 төгрөгөөр, 35 тооны дээвэр болон зогсоолын цэгүүдийн будгийн ажлыг 1 цэгт ногдох төсвийг 400,000 төгрөгөөр төсөвлөсөн байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.

 

5. Т.Ц , Б.Т нарын хооронд 2023 оны 04 сарын 04-ний өдөр 23/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, харин З ХХК, О ХХК нарын хооронд 2023 оны 04 сарын 04-ний өдөр 23/03 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, хүчин төгөлдөр бус гэсэн дүгнэлт буруу болжээ.

 

5.1. 2023 оны 04 сарын 04-ний өдөр 23/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээнд Т.Ц , Б.Т нар гарын үсэг зурж баталгаажуулсан ба уг гэрээнд З ХХК болон О ХХК-ийн нэрээр байгуулж, тамга дарж баталгаажуулсан тул зохигч талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

5.2. Гэрч Б.Т , Т.Ц нар нь ... 2023 оны 04 сарын 04-ний өдөр байгуулсан 23/03 тоот гэрээ хэлбэрийн төдий байгуулагдсан гэсэн мэдүүлгийг үндэслэн уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-д заасан хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхгүй.

 

5.3. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно. гэж зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан 23/04 тоот гэрээнд дурдсан үндэсний мөнгөн тэмдэгтээр ажлын хөлсийг 202,500,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзнэ.

 

5.4. Хэрэгт цугларсан баримтаар гэрээний ажлын хөлсийг Т.Ц , Г.Э нараас Б.Т ийн Хаан банкин дахь 5063123241 тоот дансанд 137,500,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

6. Нэхэмжлэгч байгууллагаас дээрх гэрээний төлбөрийг хүлээн авснаа зөвшөөрч маргаагүй, харин зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т заасан ажлын урьдчилгаа 40% = 89,098,601.52 төгрөг, ажлын явцын 40% = 89,098,601.52 төгрөг, нийт 178,197,203 төгрөг төлөхөөс 137,500,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 40,697,203 төгрөгийг гэрээний хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, мөн гэрээнд заасан алданги нь маргааны зүйл болжээ.

 

6.1. Нэхэмжлэгч нь газрын хяналтын 145 цэг, дээврийн 35 цэгийг будах үүрэг хүлээснээс 16 ширхэгийг будсан ба нэг цэгийн будгийн ажлын хөлс 400,000 төгрөгөөр тооцоход 65,600,000 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт зааснаар ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө.

 

Нэхэмжлэгч байгууллага нь будгийн ажлыг гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүй атлаа ажлын хөлс шаардаж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

 

6.2. Хариуцагч байгууллага нь ажлын үр дүн шаардлагагүй болсон гэсэн үндэслэлээр маргаж байгаа тохиолдолд гүйцэтгэгдээгүй ажлын хөлсийг төлөх үүрэггүй.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. гэж, 355.6 дахь хэсэгт Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

 

Хэрэгт цугларсан баримтаар З ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлсөн байх тул нэхэмжлэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу ажлын хөлс шаардах эрхгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, эрх зүйн дүгнэлтийг өөрчлөхөөр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/02149 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 463,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР