Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 00537

 

              Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн 13-33 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эрэгтэй, ОЭ82120675 регистрийн дугаартай, Тугтан овогтой Очирын Зонховжавын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 5-141 тоотод байрлах, улсын бүртгэлийн 9011102146, регистрийн 2634899 дугаартай, “Мөнгөн хээ” ХХК-д холбогдох,

        Байрны метр квадратын дутсан үнэ болон хэмжилт хийлгэсэн төлбөрт нийт 3.418.860 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.785.000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутамын 0,5 хувийн алданги 1.892.500 төгрөг, тагтны ваакум шилэн хаалтны үнэ 1.000.000 төгрөг, нийт 6.677.500 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Зонховжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч О.Зонховжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Улаангом сумын 3 дугаар багийн Галдан бошигтын 25 дугаар байранд 49.67 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр худалдан авсан бөгөөд бидэнд анх байраа үзүүлэхдээ “49 м.кв” гэж байсан боловч Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ хийх үед “49.67 м.кв” болон хувирсан. Тус гэрээнд сууцны бус зориулалтай туслах талбай болох тагтыг 100% тооцсон ба тухайн үед барилгын хуульд тагтыг 0.3%-иар тооцож хасах байсан байна. Бид хуулийн болон орон сууцны талаарх мэдлэг байгаагүй учир “Мөнгөн хээ” ХХК-ийн 49.67 м.кв гэдэг үгэнд итгэж гэрээ хийсэн. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Оюу сувд дэлгэрэх” ХХК-иар худалдан авсан байрныхаа метр квадратын хэмжилтийг хийлгэхэд 46.86 м.кв буюу 2.81 м.кв дутсан тул “Мөнгөн хээ” ХХК-ийн төлөөлөгч З.Оюундэлгэрт байрны урьдчилгаа болох 12.785.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өгөх гэрээтэй байсан ба тухайн өдөр 9.000.000 төгрөгийг З.Оюундэлгэрийн данс руу шилжүүлсэн. Гүйцэтгэгч байгууллага “Сүрлэг уул” ХХК хөрөнгө оруулагч, захилагч “Мөнгөн хээ” ХХК-ийн тус байрнаас ганцхан миний худалдаж авсан байр бус хөрш айлуудын байрны метр квадратаас дутаж байгаа учир би үлдэгдэл 3.785.000 төгрөгийг шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Иймд миний худалдан авсан байрны метр квадрат дутаж байгаа нь үнэн бөгөөд /2.81х1.200.000/=3.372.000 төгрөгийг болон бусад надад учруулсан хохирлыг гаргуулж өгнө үү. Хэмжилтийн төлбөр 46.860 төгрөг, нийт 3.418.860 төрөг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь тагтны хаалтын үнэ 1.000.000 төгрөг нь тухайн байрны үнэд орсон гэж ойлгож байгаа. Нөгөө талаар, З.Оюундэлгэртэй зээлийн гэрээ байгуулсан боловч алданги төлөх талаар тохиролцоогүй. Мөн манай байрны метр квадрат дутсан тул зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдлийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.  

       Хариуцагч “Мөнгөн хээ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюундэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: “О.Зонховжав нь байрны 49,67 м.кв-ыг 49 м.кв байна хэмээн худал хэлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд манай компанийн зүгээс 2015 оны 7 дугаар сараас хойш орон нутгийн САМА, МБС телевизүүдээр зар сурталчилгаа явуулахдаа байрны бүх метр квадратын хэмжээний талаар үнэн зөв мэдээлсэн. О.Зонховжавын байрны талбай MNS 6058:2009 стандартын дагуу дутаагүй бөгөөд тухайн орон сууцны хэмжилт хийсэн “Оюу сувд дэлгэрэх” ХХК-ийн инженер М.Оюунцэцэг дүгнэлтээ баталгаажуулаагүй байна. Иймээс О.Зонховжав нь В хавсралтын дагуу 0,3 итгэлцүүрээр бууруулан тооцоо хийсэн метр квадратыг дутсан мэтээр нэхэмжилсэн байна. О.Зонховжав нь нэг м.кв-ыг 1.350.000 төгрөгөөр худалдан авсан ба нийт 67.054.500 төгрөг болсон. Банкны зээл 70 хувь болох 46.938.150 төгрөг, урьдчилгаа 30 хувь нь 20.116.350 төгрөг болсноос тагтны 2,68 м.кв х 1.350.000 = 3.618.000 төгрөгийг 0,3 хувиар бууруулан 2.532.600 төгрөгийг хасч, 17.583.750 төгрөгийн урьдчилгаа төлөх байсан. Гэтэл урьдчилгаа төлбөрөөс 13.800.000 төгрөгийг төлсөн ба үлдэх 3.785.000 төгрөгийг төлөхгүй байх арга саам хэрэглэж байна. Иймээс төлөөгүй үлдсэн 3.785.000 төгрөг, зээлийн гэрээний дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх 100 хоногийн 0,5 хувийн алданги 1.892.500 төгрөг, мөн тагтны ваакум хаалтны үнэ 1.000.000 төгрөг, нийт 6.677.500 төгрөгийг хариуцагч О.Зонховжаваас гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ. 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч О.Зонховжав нь хариуцагч “Мөнгөн хээ” ХХК-иас байрны метр квадратын дутсан үнэ 3.372.000 төгрөг болон хэмжилт хийлгэсэн төлбөр 46.860 төгрөг, нийт  3.418.860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Харин хариуцагч “Мөнгөн хээ” ХХК-иас нэхэмжлэгч О.Зонховжавт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.785.000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутамын буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх 100 хоногийн 0,5 хувийн алданги 1.892.500 төгрөг, тагтны ваакум шилэн хаалтны үнэ 1.000.000 төгрөг, нийт 6.677.500 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тус тус гаргасан байна.

  1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

        Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галдан бошигт хорооллын 25 дугаар байрны 09 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг иргэн О.Зонховжав “Мөнгөн хээ” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” байгуулан худалдан авсан байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

           Тухайн гэрээнд дурдсанаар байрны талбайн хэмжээг 49.67 метр квадрат хэмээн тогтоож, нэг метр квадратын үнийг 1.350.000 төгрөгөөр тооцож, 67.054.500 төгрөгөөр нэхэмжлэгч худалдан авчээ.

          Гэтэл шинжээч “Оюу сувд дэлгэрэх” ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 16/12 тоот дүгнэлтэд тухайн байрны метр квадратыг 46.86 буюу 2.81 метр квадратаар зөрсөн байгааг тогтоосон байна.

          Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч, хариуцагч нар “Метр квадрат зөрсөн, зөрөөгүй” хэмээн маргаж байгаа боловч шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийн талаар талууд ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй бөгөөд тухайн дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт гаргаж ирүүлээгүй, мөн шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвгийг хариуцах бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1-т заасан нэмэлт болон дахин шилжилгээ хийлгэх үндэслэл тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

          Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хэргийн 32 дугаар хуудаст авагдсан “2, 3, 4 дүгээр давхрын байгуулалт” гэх схем зургаас харахад О.Зонховжавын байрны талбайн хэмжээ 49.67 м.кв хэмжээтэй болох нь тогтоогдож байгаа” гэсэн тайлбар гаргасан боловч тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

          Нэхэмжлэгч О.Зонховжав нь 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд хандсан /хх-42-43/ байх ба Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацааны дотор мөн зүйлийн 254.1, 254.2-т заасан эд хөрөнгийн доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардсан нь үндэслэлтэй бөгөөд мөн худалдагч дээрх хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т зааснаар тухайн доголдолтой эд хөрөнгийн доголдлыг арилгах үүрэгтэй байна.  

         Талууд гэрээндээ байрны нэг метр квадратын үнийг 1.350.000 төгрөгөөр тооцсон байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “нэг метр квадратын үнийг 1.200.000 төгрөгөөр тооцон худалдан авсан” хэмээн дурдсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

        Харин нэхэмжлэгч “Хэмжилтийн төлбөр 46.860 төгрөг” гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч хэргийн 4 дүгээр хуудаст авагдсан баримтаас үзэхэд тухайн төлбөрийн нэхэмжлэх байгаа болохоос бус О.Зонховжав тухайн төлбөрийг төлсөн гэх баримт биш байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 

          Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2, 254.4-т тус тус зааснаар хариуцагч “Мөнгөн хээ” ХХК-иас 3.372.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Зонховжавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46.860 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

            Нэхэмжлэгч О.Зонховжав нь байрны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх зорилгоор хариуцагч “Мөнгөн хээ” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1114 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, 17.585.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хүүгүй олгохоор тохиролцсон байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

           Ингээд О.Зонховжав зээлийн гэрээний үүрэгт нийт 13.800.000 төгрөгийг төлсөн болох нь талуудын гаргасан тайлбар болон хэргийн 11 дүгээр хуудаст авагдсан “Орлогын мэдүүлэг”-ээр тогтоогдож байх ба одоо зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3.785.000 төгрөг үлдсэн, мөн О.Зонховжав “Шүүхэд хандсан, түүнчлэн хариуцагчийн өөрийн буруугаас үүдэн хугацаа алдсан тул алданги төлөх үндэслэлгүй” хэмээн маргажээ.

         Гэтэл зээлийн гэрээний 2.3-т “Зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө” гэж заасан байх бөгөөд хариуцагч “Мөнгөн хээ” ХХК-иас зээлийн гэрээний хугацаа дууссан үеэс хойш шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх 100 хоногийн алданги 1.892.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцсэн, мөн нэхэмжлэгч О.Зонховжав зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул хугацаа хэтэрсэн хоног тутамд ногдох алданги төлөх үндэслэлтэй байна.

         Харин хариуцагч “Мөнгөн хээ” ХХК-иас “Балконы шилэн хаалтны үнэ 1.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүний үндэслэл болгон хэргийн 63-68 дугаар хуудаст авагдсан 2015 оны 5 дугаар сарын 21, 28-ны өдрийн “Бэлэн мөнгөний орлогын баримт”, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Монком ХХК-ийн 24 ширхэг балконы хаалтны үнэ 19.200.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэх, З.Оюундэлгэр, Х.Батчулуун нараас мөнгө шилжүүлсэн гэх банкны дансны хуулга зэргийг нотлох баримтаар өгсөн байх боловч талуудын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нээс үзэхэд балконы шилэн хаалтыг тусад нь үнэлэх, эсхүл худалдан авагчийн зардлаар тухайн хаалтыг нэмж тавих эсэх асуудлаар тохиролцоогүй байна.

            Өөрөөр хэлбэл, О.Зонховжав нь тухайн 2 өрөө байрыг худалдан авахдаа тагтны хаалтын үнийг тусад нь төлөх эсэх талаар талууд тохиролцсон гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч “Мөнгөн хээ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “тагтны ваакум шилэн хаалтны үнэ 1.000.000 төгрөг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

        Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар нэхэмжлэгч О.Зонховжаваас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 3.785.000 төгрөг, алданги 1.892.500 төгрөг, нийт 5.677.500 төгрөгийг гаргуулж хариуцагч “Мөнгөн хээ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “тагтны ваакум шилэн хаалтны үнэ 1.000.000 төгрөг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.Зонховжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69.651 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мөнгөн хээ” ХХК-иас 68.902 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Зонховжавт, хариуцагч “Мөнгөн хээ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Зонховжаваас 105.790 төгрөгийг гаргуулж “Мөнгөн хээ” ХХК-д тус тус олгох нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.2, 254.4-т тус тус зааснаар хариуцагч “Мөнгөн хээ” ХХК-иас 3.372.000 /гурван сая гурван зуун далан хоёр мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Зонховжавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46.860 /дөчин зургаан мянга найман зуун жар/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар нэхэмжлэгч О.Зонховжаваас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 5.677.500 /таван сая зургаан зуун далан долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хариуцагч “Мөнгөн хээ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “тагтны ваакум шилэн хаалтны үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

           3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.Зонховжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69.651 /жаран есөн мянга зургаан зуун тавин нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мөнгөн хээ” ХХК-иас 68.902 /жаран найман мянга есөн зуун хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Зонховжавт, хариуцагч “Мөнгөн хээ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121.790 /нэг зуун хорин нэгэн мянга долоон зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Зонховжаваас 105.790 /нэг зуун таван мянга долоон зуун ер/ төгрөгийг гаргуулж “Мөнгөн хээ” ХХК-д тус тус олгосугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.ГЭРЭЛТУЯА