Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01095

 

 

“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын  21-ний өдрийн 101/ШШ2024/00986 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн хариуцагч Т.У-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5,226,699 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Е, Ц.А, хариуцагч Т.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч Т.У- манай байгууллагатай 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,299,900 төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авахаар зээлдсэн. Зээлдэгч Т.У- гэрээний дагуу зөөврийн компьютерыг “П-” ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүргийг хүлээсэн. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхөөс зээлдэгчээс шаардана. Мөн гэрээний 7.2.4-д заасны дагуу хугацаанд нь төлөөгүй үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Т.У- нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Иймд зээлдэгч Т.У- нь БЗГ/2023-90261 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,299,900 төгрөг, зээлийн хүү 926,799.26 төгрөг нийт 5,226,699 төгрөгийг гаруулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “П-” цахилгаан барааны дэлгүүрээс буюу “П-” ХХК-ийн салбар борлуулалтын газраас Ж.О- гэдэг үеэл дүү маань Dell загварын зөөврийн нөүтбүүк I7 11 дүгээр үеийн зөөврийн нөүтбүүкийг худалдан авахаар судалгаа хийж, нэхэмжлэлээ бичиж, ойролцоо зээл гаргадаг, зээлийн үйлчилгээ үзүүлдэг газартай очиж нэхэмжлэлээ танилцуулсан юм байна. Тэр үед тухайн иргэнд орлогын эх үүсвэр хангалтгүй шалтгаанаар зээл олгохоос татгалзсан. Ингээд Ж.О-билигийн хүсэлтийн дагуу тухайн барааг нь өөрийн нэр дээр зээлээр худалдан авахыг хүлээн зөвшөөрч нөүтбүүкийг “П-” компанийн борлуулалтын албанаас нэхэмжлэхийг нь өөрийн нэр дээр бичүүлж, тус дэлгүүрийн 3 давхарт байрладаг Х- барьцаалан зээлдүүлэх газрын эдийн засагч н.Д-тэй уулзаж 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн БЗГ/2023-90661 дугаартай барьцаат зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулж баталгаажуулсан байдаг. Тухайн барьцаат зээлийн гэрээний зээлийн нөхцөл нь 4,299,900 төгрөг, сарын хүү 2,98 хувь, зээлийн хугацаа 24 сар буюу 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатайгаар тохиролцож хавсралтаар боловсруулсан байдаг. Зээлийн гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаар зээл авах хэлбэрийг бараа борлуулагчийн данс руу бэлэн бусаар шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд бараа борлуулагчаас надад өгсөн нэхэмжлэх дурдсан арилжааны 5 банкны аль нэг данс руу шилжүүлэхээр тохиролцсон. Зээлийг олгосон өдрөөс эхлэн хугацааг тооцно гэдэг нөхцөлийг гэрээний 4 дээр нэмэлт байдлаар хашилт хэлбэрээр тусгайлан оруулж өгсөн байдаг. Гэрээний санал дээр эдийн засагчийн хувьд манайх хоорондоо харилцагч байгууллага. Манайхаас зээл олгогдохгүй, ийм байдлаар шийдэгддэг гэсэн. Хожим нь “П-” компаниас надад холбогдуулаад худалдах, худалдан авах хэлцлийн хүрээнд төлбөр гаргуулах байдлаар асуудал яригдах вий гэсэн болгоомжлол  төрж байна. Ийм учраас энэ саналыг чинь бол хүлээн зөвшөөрөхгүй байна гэхэд манайхаас зээлийг нь шийдээд данс руу нь шилжүүлээд өгчихнө гэдэг зүйлийг ярьсан байдаг. Тийм учраас гэрээний 2.4 дэх заалт дээр 24 сар гэдэг зээлийг олгосон өдрөөс эхлэн хугацаатай олгоно би саналаараа тусгаж оруулж, тухайн гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу эхний төлөлт нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байсан, төлбөрийн хэмжээ 253,351.29 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр н.Д-ий дугаар луу холбогдоод миний зээлийн гэрээний хугацаа эхлэх өдөр нь өнөөдөр юм байна. Танайхаас хуулиар тохиролцож гэрээн дээрээ тусгасан зээл олгосон, зээлээ хэзээ олгосон юм бэ гэдэг зүйлийг асуусан. Тэгэхэд манайхаар дамжуулж бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг  гэсэн агуулга илэрхийлсэн бөгөөд зээлийн хэмжээний төлбөр шилжээгүй байгаа ойлголтыг надад төрүүлсэн. Тийм учраас би тэр зүйлийг 2,3 удаа шаарддаг байсан. Өөрсдөө ч гэсэн над руу зээлээ төлөөч гэдэг зүйлийг ярихад би шаарддаг байсан. Ийм  процесс явсаар 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаараа миний бие энэ хэрэг маргаанд хариуцагчаар оролцож байр сууриа илэрхийлж байгаа. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 281.4 дэх хэсэгт зээлийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж зохицуулж өгсөн бөгөөд миний хувьд бараа борлуулагчийн данс руу шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч гэрээгээ байгуулсан. Бараа борлуулагчийн данс руу яг тухайн өдөр тухайн үнийн дүнтэй төлбөр шилжигдсэн эсэх, үгүй бол тэр өдрөөс хойших хэзээ шилжсэн баримтыг л надад харуулчхаач гэж шаардсан. Угаасаа зээлийн гэрээний зээлдэгчийн үүрэг дээр тэднийх надад харуулах гэрээний нөхцөлтэй байгаа юм аа. Ийм учраас би зээлийн гэрээг хуулийн дагуу байгуулагдаагүй, төлбөр ороогүй байх магадлалтай тул тухайн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхээс татгалзаж байгаа. Гэрээний миний хүлээсэн үүргийн хувьд бол ийм. Агуулгууд нь миний юмыг тухайн байгууллагаас зээл гаргуулаад цахилгаан барааны дэлгүүрээс зөөврийн нөүтбүүк дээр аваад албан хэрэгцээндээ ч юм уу, хувьдаа ч юм уу, техникийн хэрэгцээндээ ч юм уу, ийм байдлаар бол ашигласан зүйл бол байхгүй. Гэрээний асуудал дээр би үүргийн асуудлын хувьд ийм байр суурьтай байгаа. Нөүтбүүкийг эзэмшиж, ашиглаж байгаа хүн нь шал өөр хүн байдаг. Тэгэхдээ барьцаат зээлийн гэрээний үүргийн асуудал дээр дуудагдаж ирсэн учраас гэрээнийхээ агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Т.У-аас зээлийн гэрээний үүрэгт 5,226,699.26 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,577 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “Анхан шатны шүүх “Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй 5,226,699.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ хэргийн 40, 41, 42 дугаар талд авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичмэл нотлох баримтуудыг зохигчдын маргааны үйл баримтад нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт... ...ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасны дагуу үнэлгээгүй явдал нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Барьцаат зээлийн гэрээний 1.1.-т “... Зээлдүүлэгч нь Зээлдэгчид тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг хугацаатай, хүүтэй,........эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлдүүлэх,...” 2.1-т “Зээлийн хэмжээ: 4,299,9000 төгрөг”, 2.3-д “Зээл авах хэлбэр: Бараа борлуулагчийн дансруу бэлэн бусаар шилжүүлэх”, 2.4-д “... (Зээлийг олгосон өдрөөс эхлэн тооцно).” гэж заасан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэсний дагуу зээлдэгч миний бие зээлдүүлэгч талтай гэрээний агуулгаа дээрх нөхцөлөөр тодорхойлж байгуулсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан.......мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж тус тус заасан. Зээлдүүлэгч нь барьцаат зээлийн гэрээний 2.1-т заасан мөнгөн хөрөнгийг, зээлийн гэрээний 2.3-д заасны дагуу буюу “П-” ХХК-д шилжүүлсэн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдлөшгүй тогтоогдоггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж зохицуулсан. Хариуцагчийн хүсэлтээр шүүх нэхэмжлэгч талаас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн БЗГ/2023-9061 дугаартай зээлийн гэрээний зүйл болох 4,299,900 төгрөгийг хэзээ “П-” ХХК-руу шилжүүлсэн талаарх баримтыг гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгч талаас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 150,000,000 төгрөгийн болон 20,000,000 төгрөгийн “РСМ-Хоорондын тооцоо Х--с” гэх гүйлгээний утгатай цахим гүйлгээний баримтуудыг шүүхэд ирүүлсэн. Уг баримтууд нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох хэсэг, заалтыг зөрчиж үйлдэгдсэн хүчин төгөлдөр бус баримт бөгөөд мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэсэн шаардлагыг бүрэн хангаагүй бичмэл нотлох баримтууд юм. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дараах дурдсан утгаар ойлгоно. 3.1.3-д “анхан шатны баримт” гэж... ... гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг.... ...төлбөр төлсөн баримт....’, Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна.” гэж тус тус зохицуулсан. Гэтэл уг цахим гүйлгээний баримтад “Гүйлгээний хүсэлт илгээсэн:” гэсэн хэсэгт баримт үйлдсэн этгээдийн гарын үсэг зурагдсан боловч “Гүйлгээ баталсан:” гэсэн хэсэгт уг баримтыг зөвшөөрсөн буюу шалгасан этгээд гарын үсэг зураагүй, эсхүл цахим гарын үсгээр баталгаажсан зүйлгүй нь уг баримтуудыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй, нөгөөтэйгүүр уг гүйлгээнүүд нь бодитойгоор хийгдсэн эсэх нь мөн эргэлзээтэй байдаг. Барьцаат зээлийн гэрээний мөнгөн дүн 4,299,900 төгрөг билээ. Иймээс “Х-” ХХК-иас 4,299,900 төгрөгийн үнийн дүнгээр зээлийн гэрээний нөхцөлд зааснаар бараа борлуулагч руу хэзээ шилжүүлсэн эсэх талаар баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан. Хуульд зааснаар нотлох гэж байгаа үйл баримт нь хөдлөшгүй “үнэн зөв” байх ёстой. Хэргийн 41, 42 дугаар талд авагдсан цахим гүйлгээний баримтуудын үнийн дүнд 4,299,900 төгрөгт тооцогдсон эсэх нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бусад баримтаар нотлогддоггүй. Цахим гүйлгээний уг 2 баримт нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангадаггүй. Гэтэл, анхан шатны шүүх эл баримтыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. “Х-” ХХК нь “П-” ХХК руу барьцаат зээлийн гэрээний мөнгө болох 4,299,900 төгрөгийг шилжүүлж Т.У- надад зээл олгосон гэсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй тул “Х-” ХХК нь барьцаат зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлий хүүг төлүүлэхээр шаардах эрхгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарын агуулга: Эрх зүйн харилцаа үүссэнээс хойш хариуцагч мөнгө шилжүүлсэн буюу “П-” компани руу мөнгө шилжүүлсэн баримтыг танилцуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Тухайн үед манай компаниас холбогдохдоо манайх “П-” компанитай хамтын ажиллагааны гэрээгээр сарын сүүлээр нэгдсэн байдлаар тооцоо хийж тухайн сарын тооцоог нэгтгэдэг. Хэрэв хүсвэл баримтыг харж болно гэхэд хариуцагч ирж танилцаагүй. Хариуцагч ийм шалтгааны улмаас графикт заасан хугацаанд зээлээ төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасны дараа хэргийн материалд “П-” компани руу шилжүүлсэн төлөлтийн баримтыг гаргаж өгсөн. Хариуцагч тухайн төлбөрийн баримтад баталгаажсан гарын үсэг байхгүй гэж маргадаг. Төлбөрийн баримтад гүйлгээ хийсэн хүсэлт, баталгаажсан гэх хоёр гарын үсэг байдаг. Байгууллагын гүйлгээг баталгаажуулж эрх бүхий этгээд буюу санхүүгийн албаны дарга гарын үсэг зурсан учраас нэг баримтад хоёр удаа зурах шаардлагагүй гэж үзсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч Т.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 5,226,699 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.а.Зохигчид 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Х-” ХХК нь 4,299,900 төгрөгийг, нэг сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, хариуцагч Т.У- нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн мөнгөн хөрөнгө болох 4,299,900 төгрөг нь хариуцагч Т.У-ын “П-” ХХК-аас худалдан авсан зөөврийн компьютерийн төлбөрт төлөгдсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоогджээ. /хх-ийн 7-17-р тал/.

3.б.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэжээ.

3.в.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан тул талуудын хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх учиртай.

3.г.Хариуцагч татгалзал болон гомдолдоо “нэхэмжлэгч “Х-” ХХК нь миний худалдан авсан зөөврийн компьютерийн үнийг “П-” ХХК-д төлсөн эсэх нь эргэлзээтэй” гэж тайлбарласан.

            3.д.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт болох “П-” ХХК-аас ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн албан бичигт “П-” ХХК болон “Х-” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай буюу хоорондын хамаарал бүхий харилцаатай компаниуд юм. Иймд бид үйл ажиллагаагаа хамтран явуулдаг бөгөөд тухайн өдөр гаргасан бараа борлуулалтын төлбөрийг бөөн хийж тооцоог сар бүр нийлж ажилладаг нь үнэн болно.” гэжээ. 

 3.е.Хариуцагч “Х-” ХХК нь “П-” ХХК-нд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хоёр удаагийн шилжүүлгээр нийт 170,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэргийн 41-42 дугаар талд авагдсан цахим гүйлгээний баримтаар тогтоогдсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар цахим баримт нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт зааснаар шүүх цахим баримт бичгийг үнэлэхдээ Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг баримтлах бөгөөд цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.ё.Түүнчлэн, хариуцагч Т.У- нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “зөөврийн компьютерийг 4,299,900 төгрөгөөр худалдан авч, гэрээ байгуулсан өдрөө барааг хүлээн авсан” гэж тайлбарласан байна.

4.Дээрхээс дүгнэвэл зээлийн мөнгөн хөрөнгө болох 4,299,900 төгрөг нь хариуцагч Т.У-ын “П-” ХХК-аас худалдан авсан зөөврийн компьютерийн төлбөрт төлөгдсөн гэж үзнэ. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

4.а.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг. Хариуцагч нь зөөврийн компьютерийн үнэ болох 4,299,900 төгрөгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн байх тул хариуцагч Т.У-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 5,226,699 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/00986 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                ШҮҮГЧ                                 Э.ЭНЭБИШ

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ