| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 147/2019/0002/э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 01
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Ч.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Хд холбогдох эрүүгийн 1830003480232 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, 1996 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Асгат сумын 1 дүгээр баг “А” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ч.Х.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Ч.Х нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “Х” гэх газраас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Л.Югийн 7 ямааг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 910.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 сарын 31-ний өдөр аймгаас зүүн тийш 17 километр яваад засмал замын урд айлын хонь бэлчиж байхаар нь 10 хонь ямаа тасдаад замын хойно байсан барилга руу оруулж 7 эр ямаа ачсан. Тэгээд Мөнххаан сум руу аваачиж нэг ямааг 100.000 төгрөгөөр өгсөн. Тухайн мөнгөөрөө тамхи, тариа авсан үлдсэн мөнгөө яаснаа мэдэхгүй үрчихсэн, энэ мөнгийг муу аргаар олсон болохоор дууссан гэв.
Эрүүгийн 1830003480232 дугаартай хэргээс:
- Хохирогч Л.Югийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх аймгийн төвөөс баруун тийш 20 километр газарт Уулбаян сумын нутаг “Х” гэдэг газар байдаг юм. 2018 оны 10 дугаар сарын 30-наас 31-ний хооронд хониноосоо 7 эр ямаа алдаад олохгүй байна. Зүсээр бол улаан эр ямаа 3 ширхэг, ухаа ямаа 1 ширхэг, хүрэн халзан 1 дутуу байгаа юм. Нөгөө 2 ямааг нь яг ямар зүстэй байсан гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Манай ямаанууд бүгд баруун чих цуулга, зүүн чих ухам имтэй ямаанууд байсан. Би өөрийн алдсан ямаагаа бүрэн төлүүлж авсан болохоор надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
- Гэрч Ц.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Мөнххаан сумын төвд мал авч байхад 90-23 СҮА Пронтер машинтай нэг танихгүй залуу ирээд “ямаа авч байна уу” гээд надад 4 улаан, 1 хүрэн халзан, 2 ухаа ямаа, нийт 7 тооны ямаа үзүүлсэн юм. Тэгэхээр нь би тэр ямаануудыг нэгийг нь 100.000 төгрөгөөр бодоод 700.000 төгрөгөөр авсан. Тэр ямаанууд зүүн чих цуулга, баруун чих ухам имтэй байсан. Тэгээд би уг ямаануудыг өөрийн ямаатай нийлүүлээд Хэнтий аймаг оруулж борлуулсан. Тэр хүүхэд өөрөө ярихдаа сумын урд байдаг гэрээсээ авч ирлээ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
- Гэрч Б.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүү Хос-Эрдэнийн хамт 93-20 СҮА пронтер машинтай аймгийн төвөөс илүү гэрээ авахаар ажилтай ирсэн юм. Х 2018 оны 10 дугаар сарын 31-ний өглөө гэрээсээ машинаа унаад гагнуур хийлгэх ажилтай гарсан чинь алга болсон. Би гадуур хайгаад олоогүй маргааш нь гэртээ ирэхдээ найзтайгаа гэрт нь хоночихоод ирлээ гэж ирсэн. Тэгсэн дараа нь хулгай хийсэн гэж мэдсэн. Х 3 хүүхдийн дундах хүүхэд маань байгаа юм. Уг нь гэртээ байхдаа архи, тамхи хэрэглэдэггүй, хүнтэй нийтэч зантай, тусархуу, надад бол миний сайн хүү байгаа юм. Яагаад хулгай хийх болсон гэдгийг нь би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 4/1097 тоот тодорхойлолт /хх-ийн 55/,
- Уулбаян сумын Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26/, - Хохирогч Л.Юд хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 28/,
- Шүүгдэгч Ч.Х гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 34/,
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128 дугаартай хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-38/,
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/59 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-35/,
- Шүүгдэгч Ч.Хийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/зэрэг баримтууд болно. Шүүгдэгч Ч.Х нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багийн нутаг “Х” гэх газраас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Л.Югийн 7 ямааг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 910.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Хийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Л.Ю, гэрч Ц.А, Б.Э нарын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Хд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. Шүүгдэгч Ч.Хийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ч.ХосЭрдэнэ нь хохирогч Л.Югийн эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ч.Х нь мал хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Прокуророос Ч.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ч.Хийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ч.Хд ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ч.Хийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Л.Ю гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Хд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох М.Чийн эзэмшлийн 93-20 СҮА улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.700.000 төгрөгийг Ч.Хэс гаргуулж улсын орлогод оруулж, эд хөрөнгө битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5/15 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Х нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Юд 7 ямааны үнэ 910.000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Хийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Хд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох М.Чийн эзэмшлийн “Бонго пронтер” маркийн 93-20 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1.700.000 төгрөгийг Ч.Хэс гаргуулж улсын орлого болгож, эд хөрөнгө битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5/15 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Хд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Х нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Юд 7 ямааны үнэ 910.000 төгрөгийг төлсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА