Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00538

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар баг, 10-25 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эмэгтэй, ОЛ70072661 регистрийн дугаартай, Дэл алаг морьт овогтой Буянжаргалын Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймгийн Улаангом суманд байрлах, “Солонго талст” ХХК-д холбогдох

        Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Эрдэнэчимэг нь 2012 оны 12 дугаар сараас эхлэн “Солонго талст” ХХК-д сахиулахаар ажиллах болсон. Тухайн үед “Солонго талст” ХХК-ийн захирал Ш.Хорлоо нь надтай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй боловч бодит байдал дээр Хөдөлмөрийн тухай хуульд заасанд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Миний бие тус газар анх ажилд орсон өдрөөс хойш 3 жил 7 сар тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа өөрийн ажил үүргээ сайн биелүүлж 2013, 2014 онуудад тус тус компанийн аварга ажилтан болж байсан. Мөн ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж, сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр захирал Ш.Хорлоо ирээд “Чамайг ажлаас халсан, одоо чи ажиллах шаардлага байхгүй” гээд ажлыг маань хийлгээгүй. Тэгэхээр нь би “Та намайг ажлаас чөлөөлж байгаа юм бол ажлаас чөлөөлсөн тушаалаа гаргаад өг” гэхэд “Байж бай” гэж явсаар 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа авч ирж өгсөн. “Солонго талст” ХХК-ийн захирлын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн яг аль хэсгийг нь үндэслэн ямар зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлж байгаагаа тодорхой бичих ёстой. Түүнчлэн миний бие нь анх ажилд орохдоо 162.000 төгрөгийн цалин авдаг байсан. Намайг тус газар ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн хөлсний хэмжээг 2 удаа шинэчилсэн бөгөөд уг цалин нь одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байгаа юм. Иймд “Солонго талст” ХХК-ийн захирал Ш.Хорлоогийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгож, “Солонго талст” ХХК-ийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.      

         Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…Миний бие нь “Солонго талст” ХХК-д ажилд эргүүлэн тогтоолгохоор хүсэлт гаргасан байсан одоо “Солонго талст” ХХК-аас цалин болон хохирлоо авсан, цаашид гомдол тэмцэл байхгүй тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Мөн “Солонго талст” ХХК-д дахин гомдол тэмцэл гаргахгүй болно” гэжээ.

          Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь хариуцагч “Солонго талст” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь Б.Эрдэнэчимэгийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Б.Эрэдэнчимэг нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь “Солонго талст” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА