Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/106

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Д.Сугар, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

          Иргэдийн төлөөлөгч Б.Амгалан

          Улсын яллагч С.Алтай

          Хохирогчийн төлөөлөгчдийн өмгөөлөгч М.Энхтуяа

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарантуяа, Н.Байгалмаа

          Шүүгдэгч Л.Д

       Гэрч Б.Баярхүү, шинжээч эмч Ж.Жаргалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Д-д холбогдох 1821000000407 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ....... дугаар сарын ......-ний өдөр Дорнод аймгийн ....... суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, эх, ах, охин, дүү нарын хамт Дорнод аймгийн ......... сумын 4 дүгээр баг, ................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Л.Д. /РД: ......../

 

          Шүүгдэгч Л.Д нь 2018 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Билэг” зочид буудалд Б.Ариунболдыг шатнаас буух үед цохисны улмаас Б.Ариунболд нь шатнаас унаж, 2 давхарын цонхоор унаж гавал тархины гэмтэл авч БОЭТөвийн  эрчимд эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байгаад 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хагалгаанд орж нас барсан, өөрөөр хэлбэл Л.Д нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Хэрэг явдал 2019 оны 12 дугаар сарын 09-ний орой болсон. Би талийгаач Ариунболдтой хайр сэтгэлийн холбоотой байсан. Тэр орой Ариунболд намайг хаана байгааг асуухаар нь би “буудалд байна” гэж хэлэхэд удаагүй хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр буудлын өрөөнд нэлээд маргалдсан. Би Ариунболдоос “чи эхнэртэй болчихоод яагаад намайг дарамталж, яагаад надад уурлаад байдаг юм бэ” гэх шалтгаанаар маргалдсан. Тэр үед өрөөний хаалга онгорхой байсан болохоор өөдөөс харсан өрөөнд байсан Баярхүү гэх залуу “юу болсон зүгээр үү” гэж асуухаар нь “юу ч болоогүй, зүгээр бага зэрэг маргасан” гэж хэлсэн. Баярхүү хамт байсан залуугийн хамтаар талийгаачийг “гэртээ харь” гэсэн. Тэгээд цааш эргээд явж байхаар нь би “чи гэртээ харь харь” гээд мөрөн дээр нь цохисон чинь шат руу унаад цонхоор гараад явчихсан. Миний цохисноос болоод унаад цонхоор гарчихна гэж би бодоогүй. Үнэхээр санаандгүй хэрэг болсон...гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Байгалмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Миний хүү 2018 оны 12 дугаар сарын 09-ний орой гэртээ хоолоо идэж байтал утас нь дуугараад хүнтэй ярьсан. Тэгээд хоолоо дуусгалгүй “ээжээ би гараад ирье, удахгүй ирнэ” гэж хэлсэн. Тэгээд тэр шөнө гэртээ ирэхгүй болохоор нь эрүүлжүүлэгдсэн байх гэж бодсон. Маргааш өглөө би зээ охиноо цэцэрлэгт нь хүргээд явж байтал надтай ярина гээд хүн залгасан байсан. Намайг ярихад “эмнэлэг дээр яаралтай ир” гэсэн. Миний хүү 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ныг шилжих шөнийн 02 цаг 40 минутад хүлээн авах дээр гэмтэл аваад ирсэн байсан.  Намайг очиход хүү минь сэхээний тасагт байсан. Эмч надаас хүү чинь мөн эсэхийг асуугаад харуулахад хүү минь хүн харахын аргагүй, аймшигтай болсон байсан. Хүү минь ямар ч ухаангүй, хоолой нь зүсэгдсэн, нүд, ам нь хавдсан байсан. Миний хүү гэрээсээ гарахдаа эрүүл саруул байсан. Намайг тэжээж байсан ганц хүүхэд минь байсан...гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарантуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед ах минь хүнтэй утсаар яриад гэрээсээ гарсан. Надад удахгүй ирнэ гэж хэлээд гараад явсан. Шөнийн 01 цаг болоход гэртээ ирээгүй байсан. Миний ах архи уусан байсан ч гэртээ хүрээд ирдэг байсан. Маргааш өглөө ээжийг эмнэлэг рүү дуудсан. Ах маань шөнө 02 цагийн орчим эмнэлэгт очсон байсан. Ахын нүүр, ам үнэхээр аймар болсон байсан. “Эхо”-д харуулахад дотор эрхтэн нь зүгээр байсан. Ганц ч үг дуугарахгүй, хөл гар нь хүйтэн болсон байсан. Би ахыгаа ядаж ганц үг дуугарч, нүдээ нээгээсээ гэж бодож байсан. Хохирлын хувьд оршуулгын болон эмчилгээний зардалд 3700.000 төгрөг авсан тул өөр нэхэмжлэх зүйлгүй..гэв.

 

Гэрч Б.Баярхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө “Билэг” зочид буудалд байсан. Талийгаач, Д хоёр манай өрөөний өөдөөс харсан өрөөнд орчихоод хаалга нь онгорхой, хоорондоо маргалдаад байхаар нь би орсон. Намайг ороход тэр хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан. Тухайн үед юуны талаар маргаж байсныг нь санахгүй байна. Намайг тэдний өрөөнд байхад тэр хоёр нэг нэгнийгээ цохиж зодоогүй, маргаад байхаар нь салгасан. Өрөөнөөс гараад талийгаач шатны дээд талын тавцан дээр зогсож байхад Д талийгаачийн мөрөн дээр цохиод “яв” гэж хэлсэн. Би талийгаачийг доош унаад цонхоор унахыг хараагүй, шил хагарах чимээгээр л мэдсэн.  Д бид хоёр юм ярьж амжилгүй, шууд доош буугаад талийгаачийг дотор оруулсан. Тэгээд удалгүй цагдаа, түргэн ирсэн...гэв.

 

Шинжээч эмч Ж.Жаргалан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр талийгаач Б.Ариунболдын цогцост задлан шинжилгээ хийсэн. Дээрх шинжилгээгээр гавал болон цээжний хавсарсан гэмтэл тогтоогдсон. Зүүн зулай, зүүн чамархай ясны шугаман хугарал, зүүн зулай, зүүн чамархай ясны заадас, зүүн чамархай ясны үүрч бяцарсан хугарал, баруун зулай хэсэг, зүүн зулай, чамархай хэсгийн тархины хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархай духны суурь хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархины оройн хэсэг, баруун зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн суурь хэсэг, бага тархины оройн хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, хуйхны дотор гадаргүйн цус хуралт, чамархай зулайн хэсгийн цус хуралт, зүүн талын 2, 3, 5, 6, 7, 8 дугаар хавирганы далд хугарал, хугарал орчмын булчин, зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний дээд, доод талын цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн няцарсан шарх, цус хуралт, зулгаралт, зүүн чамархай, зулай хэсгийн цус хуралт, баруун зүүн бугалаг, цээж хэсэг, ташаа, хэвлий, баруун зүүн сарвуу, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт, баруун сарвууны эсгэгдэл, зүсэгдсэн шарх зэрэг гэмтлүүд тогтоогдсон. Талийгаачид учирсан гэмтлүүдээс гавал тархинд учирсан гэмтэл нь үхлийн шалтгаан болсон. Өндрөөс унаад үүссэн гэмтэл нь зарим онцлог шинжтэй учраас бусад гэмтлээс ялгах боломжтой. Үхэл үүсгэж байгаа гол гэмтэл нь өндрөөс унахтай холбоотой байсан. Мөн талийгаач гэмтэл авснаас хойш эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгэсэн. Өөрөөр хэлбэл эмчилгээний явцад нэлээдгүй шингэн авсан байсан. Үүнээс болоод цусанд байсан спиртын агууламж шээсээр гарсан. Шинжилгээ хийлгэх тухай тогтоолд нас барсан цаг тодорхой байсан болохоор тэр цагийн хэлж байгаа гэж ойлгон дүгнэлт гаргасан...гэв.

 

Гэрч Б.Батчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгсэн чинь манай ахын бие муу байна гэж хэлээд хамт явсан ахтайгаа цуг буудлаас гараад явсан. 22 цагийн орчимд дахин буудалд орж ирээд “өрөө цоожлоогүй биз дээ” гэж хэлэхээр нь цоожгүй гэж хэлсэн чинь өрөө рүү орсон юм. 3 давхарт хүмүүс маргаад байсан учраас дээшээ гараад 306 тоот өрөөнд ороход тэр эгч танихгүй ахын хамтаар байсан учраас “юун хүн оруулсан юм бэ, ямар нэгэн асуудал болвол бид нар хариуцахгүй шүү” гэж хэлээд гарсан юм. Удалгүй цонх хагарах чимээ гарахаар нь дээшээ гарсан чинь нөгөө эгч танихгүй хэдэн залуусын хамтаар зогсож байсан. Тэр эгч хамт явсан залуугаа өөрөө шатнаас уначихсан юм гэж хэлсэн юм. Ингээд бид нар эмнэлэг, цагдаа дуудсан юм...” гэжээ. /хх-ийн 42-43 тал/

 

Гэрч Ж.Өлзийбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Биднийг 304 тоот өрөөнд сууж байхад өөдөөс харсан өрөөнд хүн зодолдоод байх шиг байсан, хаалга нь онгорхой байхаар нь дотогш ороход тэд зодолдож байсан. Өөр хүн байгаагүй. Баярхүү эрэгтэйг нь хориод би эмэгтэйг нь хориод салгасан. Салгахад гайгүй намдахаар нь би гарч өрөөндөө орсон. Баярхүү үлдээд төд удалгүй араас орж ирсэн...” гэжээ. /хх-ийн 48-49 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 тал/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 тал/

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11 тал/

- Шүүгдэгч Л.Д-н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-41 тал/

- Гэрч Б.Баярхүүгийн мэдүүлэг /хх-ийн 44-46 тал/

- Гэрч Н.Эрдэнэчулууны мэдүүлэг /хх-ийн 47 тал /

- Гэрч Л.Долгорхандын мэдүүлэг /хх-ийн 52-54 тал/

- Гэрч Ц.Болормаагийн мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 03 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 58-63 тал/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03 тот дүгнэлт /хх-ийн 66, 69 тал/

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 75 тоот дүгнэлт /хх-ийн 73 тал/

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 106 тал/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 107 тал/

- Ял шалгах хуудас /хх-ийн 110 тал/

- Б.Ариунболдын өвчний түүх, яааралтай тусламжийн хуудас, үзлэгийн тэмдэглэл, мэс заслын хяналтын хуудас, мэс заслын тэмдэглэл /хх-ийн 112-140 тал/

- Шүүгдэгч Л.Д-ын ангийн даргын тодорхойлолт /хх-ийн 143 тал/

- Зан байдлын тодорхойлолт /хх-ийн 144 тал/

- Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 145 тал/

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 146 тал/

- Сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 148-149 тал/

- 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр прокурорт гаргасан хүсэлт /хх-ийн 172-173 тал/

- Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах тухай прокурорын тогтоол /хх-ийн 177 тал/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 179-182 тал/

- Хохирогч Н.Байгалмаагийн мэдүүлэг /хх-ийн 185-187 тал/

- Л.Д-н амбулаториар эмчлүүлэгсдийн карт

- Д.Ариунхандын төрсний гэрчилгээний хуулбар

- Шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт

- Хохирол хүлээлгэж өгсөн тухай  баримт

- Багийн засаг даргын тодорхойлол болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

          Эд  мөрийн баримтаар: Улаан тагтай хар өнгийн флаш 1 /нэг/ ширхэгийг шинжлэн судлав.

 

          Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас шүүгдэгч Л.Д-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар шүүх хуралдаанд “...шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулаагүй, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн...” гэсэн санал гаргаж байгаа нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

 

          Гэрч Б.Баярхүүгийн мөрдөн шалгаж ажиллагаанд болон шүүх хуралдаанд тогтвортойгоор мэдүүлсэн “...Талийгаач, Д хоёр манай өрөөний өөдөөс харсан өрөөнд орчихоод хаалга нь онгорхой, хоорондоо маргалдаад байхаар нь би орсон. Намайг ороход тэр хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан. Тухайн үед юуны талаар маргаж байсныг нь санахгүй байна. Намайг тэдний өрөөнд байхад тэр хоёр нэг нэгнийгээ цохиж зодоогүй, маргаад байхаар нь салгасан. Өрөөнөөс гараад талийгаач шатны дээд талын тавцан дээр зогсож байхад Д талийгаачийн мөрөн дээр цохиод “яв” гэж хэлсэн. Би талийгаачийг доош унаад цонхоор унахыг хараагүй, шил хагарах чимээгээр л мэдсэн. Д бид хоёр юм ярьж амжилгүй, шууд доош буугаад талийгаачийг дотор оруулсан. Тэгээд удалгүй цагдаа, түргэн ирсэн...” гэсэн мэдүүлэг,

 

          Гэрч Ж.Өлзийбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Биднийг 304 тоот өрөөнд сууж байхад өөдөөс харсан өрөөнд хүн зодолдоод байх шиг байсан, хаалга нь онгорхой байхаар нь дотогш ороход тэд зодолдож байсан. Өөр хүн байгаагүй. Баярхүү эрэгтэйг нь хориод би эмэгтэйг нь хориод салгасан. Салгахад гайгүй намдахаар нь би гарч өрөөндөө орсон. Баярхүү үлдээд төд удалгүй араас орж ирсэн...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

         Дээрх нотлох баримтуудыг шүүх хуралдаанд талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад “шүүгдэгч нь амь хохирогчтой маргалдан улмаар шатнаас буух үед цохисны улмаас амь хохирогч Б.Ариунболд шатнаас унаж, 2 давхарын цонхоор унаж гавал тархины гэмтэл аван Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байгаад 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хагалгаанд орж нас барсан, өөрөөр хэлбэл Л.Д нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн” болох нь тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

         Иймд шүүгдэгч Л.Д-г 2018 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Билэг” зочид буудалд амь хохирогч Б.Ариунболдыг шатнаас буух үед цохисны улмаас амь хохирогч нь шатнаас унаж, 2 давхарын цонхоор унаж гавал тархины гэмтэл авч Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байгаад 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хагалгаанд орж нас барсан, өөрөөр хэлбэл Л.Д нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарантуяа, Н.Байгалмаа, гэрч Б.Баярхүү, шинжээч эмч Ж.Жаргалан нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Батчимэг, Н.Эрдэнэчулуун, Ж.Өлзийжаргал нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 75 дүгнэлт, өвчний түүх, эрчимт эмчилгээний хяналтын хуудас, яаралтай тусламжийн хуудас, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         

          Шүүгдэгч Л.Д-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Д-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

          Шүүхээс шүүгдэгч Л.Д-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Шүүгдэгч Л.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

         

          Шүүгдэгч Л.Д-н үйлдлийн улмаас амь хохирогч Б.Ариунболдын эрүүл мэндэд хүнд хохирол учирч улмаар амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарантуяа, Н.Байгалмаа нар нь “шүүгдэгч Л.Д-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 3700.000 төгрөгийг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй” талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Л.Д-н цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан тагтай хар өнгийн флаш 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Л.Д-н ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

         Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Л.Д-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Д-г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-ын цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

         

          5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан тагтай хар өнгийн флаш 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Л.Д-ын .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.          

 

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьсугай.

 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.БАТЖАРГАЛ

       ШҮҮГЧИД                         Д.СУГАР

                                                                                                         Э.ОДХҮҮ