Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 00539

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 4-14 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, ОЭ66062586 регистрийн дугаартай, Цамхаад овогтой Бөзөөгийн Нарангэрэлийн,

        Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Нарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Б.Нарангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1966 онд төрсөн, одоо 50 настай, ам бүл 6. Би Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1986 оны 5 дугаар сард худгийн моторчноор ажилд орсон. 2002 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Чандмань Увс ХХК-д 30 хүний халуун усны газрын үйлчлэгчээр одоог хүртэл ажиллаж байгаа. Миний хөдөлмөрийн дэвтрийн нэр Б.Нарангэрэлээр байгаа боловч миний нэр засвартай гээд хөдөлмөрийн дэвтрийн шинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлагатай болсон. Миний хөдөлмөрийн дэвтэр болон ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байгаа боловч хөдөлмөрийн дэвтэр дээрх нэр засвартай байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд намайг Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас 1986 оны 5 дугаар сарын 06-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Б.Нарангэрэл нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

      Хэрэгт Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга Даваанямаас Бөзөөгийн Нарангэрэлд олгосон 141881 тоот хөдөлмөрийн дэвтэрт түүний 1985 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тус байгууллагад ажиллаж байсан тухай бичилт хийгдсэн байх ба Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1987 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 12 тоот тушаалын бичилттэй тохирч байна.

          Мөн Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний Чандмань Увс ХХК-ийн захирлын 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 96 тоот тушаал, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 41/б тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалаас үзэхэд Б.Нарангэрэл нь тус компанийн халуун усны үйлчлэгчээр ажиллаж байсан нь тогтоогдож байна.

          Түүнчлэн гэрч Ж.Үржинханд: Би 1983 оноос одоог хүртэл Увс аймгийн Ус суваг болон Чандмань Увс ХХК-д ажиллаж байна. Бөзөөгийн Нарангэрэл нь 1985 оны дундуур манай байгууллагад үйлчлэгчээр ажилд орж байсан. Б.Нарангэрэл бид хоёр нэгнээ сайн мэднэ 1985 оноос хойш одоог хүртэл бид хоёр хамт ажилласан. Би кассчин,Б.Нарангэрэл үйлчлэгчээр хамт ээлжинд гардаг байсан. Одоо ч хамт ажиллагдаг учраас мэдэж байна. Б.Нарангэрэл нь 4-н хүүхэдтэй болохоор одоо тэтгэвэрт гарч байгаа. Би 3-н хүүхэдтэй учраас үргэлжлүүлэн ажиллаж байна. Б.Нарангэрэлд өөр гэрийн нэр гэж байдаггүй зөвхөн Нарангэрэлээр л бид нар хоорондоо харьцдаг. Яагаад хөдөлмөрийн дэвтэр дээрх нэр нь засвартай байгааг бид мэдэхгүй байна. Б.Нарангэрэл нь 2015 онд Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан гэх мэтийн шагнал урамшуулал их авдаг манай сайн ажилчдын нэг юмаа. Манай байгууллагын даргаар н.Давааням, н.Батнасан, Д.Төмөр-Өлзий, М.Мөнхөө гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Б.Хажидмаа: Манайхан эцэг эхээсээ наймуулаа. Манай аавыг Бөзөө, ээжийг Рэгзэн, том эгчийг Б.Коля, дараагийн эгчийг Б.Цэсэн, дараагийн ахыг Б.Цэндээ, дараагийн ахыг Б.Буяндэлгэр, дараагийн ахыг Б.Бямбадорж, дараагийн эгчийг Б.Нямаа, дараагийн эгчийг Б.Нарангэрэл, Б.Хажидмаа гэдэг. Одоо бид наймаас Улаангомд байгаа нь Б.Нарангэрэл эгч бид хоёр байдаг. Б.Нарангэрэл эгчид хөдөлмөрийн дэвтэр олгохдоо андуурч л Наранцэцэг гэж бичсэн байх. Манай аав бурхан болсон, ээж маань өндөр настай хүн байдаг. Б.Нарангэрэл эгчийг бид нар Нараа эгч гэж дууддаг гэж тус тус мэдүүлжээ.

          Өөрөөр хэлбэл, Б.Нарангэрэл нь 1985 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар болон Чандмань Увс ХХК-д тус тус худгийн моторчин, үйлчлэгчээр ажиллаж байсан нь тогтоогдож байгаагаас гадна 1986 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга Даваанямаас олгосон 141881 тоот хөдөлмөрийн дэвтэр нь түүнийх мөн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлыг хангаж шийдвэрлэлээ.

       Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга Даваанямын олгосон 141881 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь ОЭ66062586 регистрийн дугаартай Цамхаад овогтой Бөзөөгийн Нарангэрэл мөн болохыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Нарангэрэлийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ГЭРЭЛТУЯА