| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00536/и |
| Дугаар | 00540 |
| Огноо | 2016-08-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 00540
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дүгээр хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1082 тоотод оршин суух, 1958 онд төрсөн, эрэгтэй, ОК58022010 регистрийн дугаартай, Боржигин овогтой Лүндэвийн Даринчулууны,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Даринчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1958 онд төрсөн, 58 настай. Би 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Өндөрхангай сумын Сум дундын эмнэлэгт няраваар 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажилласан. 1981 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын дунд сургуульд тасралтгүй няраваар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэртээ орох нас болж байгаа. Гэтэл ажиллаж байсан үеийн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч, ажилд томилсон тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Сум дундын эмнэлэгт нярав, 1981 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын дунд сургуульд няраваар тус тус ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү. Намайг ажилд ороход Увс аймгийн Өндөрхангай сумын дунд сургууль 8-н жилийн дунд сургууль гэдэг нэртэй байсан ба 1988 оноос эхлэн 10-н жилийн дунд сургууль болсон юм. ... Миний бие Улаанбаатар хотод амьдардаг, Улаангомд таньж мэдэх хүнгүй байгаа тул буцах шаардлагатай байна. Мөн дахин газрын холоос ирж шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Даринчулуун нь Увс аймгийн Өндөрхангай сумын Сум дундын хүн эмнэлэгт няраваар 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хүртэл, Увс аймгийн Өндөрхангай сумын 8-н жилийн болон 10-н жилийн дунд сургуульд няраваар 1981 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Увс аймгийн Өндөрхангай сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1982 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар “Сургууль шагнах тухай” тушаалд “Зүүн 5 сумын уламжлалт бүсийн уулзалтыг зохион явуулсан Зүүнхангайн 8-н жилийн дунд сургуулийг хөгжмөөр шагнасугай. Шагналын Гармоныг зарлага болгож Зүүнхангайн 8-н жилийн дунд сургуульд паданаар шилжүүлэхийг сургуулийн ня-бо Хандсүрэн, нярав Даринчулуун нарт зөвшөөрсүгэй. Сургуулийн захирал Ц.Батсүх” гэжээ,
- Увс аймгийн Өндөрхангай сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар “Кабинет танхим шинэчлэн байгуулах тухай” тушаалд “... Кабинет, танхим байгуулахад холбогдсон зарцуулах материалын тооцоог дээрх багш нартай хамтран хийж бэлтгэхийг нярав Даринчулуунд даалгасугай. Сургуулийн захирал Ц.Батсүх” гэжээ,
- Увс аймгийн Өндөрхангай сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр “Багш ажилчид шагнах тухай” тушаалд “Монголын багш нарын өдрийг тохиолдуулан сурган хүмүүжүүлэх ажилдаа амжилт гаргасан, социалист уралдаанд түрүүлсэн багш нарыг хавсралт ёсоор шагнасугай. Шагналд орсон эд хөрөнгийг зарлага болгохыг ня-бо Хандсүрэн, нярав Даринчулуун нарт зөвшөөрсүгэй. Сургуулийн захирал М.Бямбажав” гэжээ,
- Увс аймгийн Өндөрхангай сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 12 дугаар сарын 09- ний өдрийн 17 дугаар “Тооллогын комис байгуулах тухай” тушаалд “1985 оны жилийн эцсийн аж ахуйн тооллогыг доорхи бүрэлдэхүүнээр байгуулсугай. Үүнд: Дорлиг, Даринчулуун, Яадаа, Эрдэнэсүрэн, Дандар, Цэрэндулам, Цэрэннадмид, Оюунчимэг, Пүгүү. Сургуулийн захирал М.Бямбажав” гэжээ,
- Увс аймгийн Өндөрхангай сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр “Шинэ жилийн баяр тэмдэглэх комисс байгуулах тухай” тушаалд “Хичээлийн шинэ жил сүлд модны баяр тэмдэглэх, бэлтгэл ажлыг хангуулах, зохион байгуулалттай өнгөрүүлэхийн тулд доорхи бүрэлдэхүүнтэй комисс байгуулсугай. Үүнд: Ядамсүрэн, Батхишиг, Пэлжээ, Баатар, Дорлиг, Дуламсүрэн, Даринчулуун, Нямхүү, Бямбажав. Шинэ жил угтсан ажлын төлөвлөгөө гаргаж одооноос сайн бэлтгэж, зохион байгуулалттай өнгөрүүлэхийг комисст үүрэг болгосугай. Сургуулийн захирал М.Бямбажав” гэжээ,
- Увс аймгийн Өндөрхангай сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 45 дугаар “Багшид амралт олгох тухай” тушаалд “...Ш.Батхишиг, С.Батсайхан нартай холбогдох тооцоо хийж амралтын цалин мөнгийг бодож олгохыг ня-бо Хандсүрэн, нярав Даринчулуун нарт үүрэг болгосугай. Сургуулийн захирал М.Бямбажав” гэжээ,
- Увс аймгийн Өндөрхангай сумын 10-н жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 61 дүгээр “Ажилд авах тухай” тушаалд “... Л.Зинааг батлагдсан орон тооны дагуу цалинжуулахыг ня-бо Өсөхбаяр, байрны эрхлэгч Ч.Ангиа, нярав Л.Даринчулуун нарт даалгасугай. Сургуулийн захирал Д.Түмэнжаргал” гэжээ,
- Увс аймгийн Өндөрхангай сумын 10-н жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаар “Орон сууцны барилга дээр идэвхтэй ажилласан ажилчид шагнах тухай” тушаалд “Багш нарын орон сууц барихад үр бүтээлтэй ажилласан ажилчдыг шагнаж урамшуулах нь зүйтэй гэж үзээд тушаах нь: 1.Хоёр айлын орон сууцны өрлөг, дээвэрлэлт, шаллалт, шавардалт зэргийг ажлын богино хугацаанд чанартай хийсэн Амартөр, Цагаан, Нямбаатар, Төрбат, Цэцэнбаяр, Саранцэцэг, Эрдэнэбилэг нарыг тус бүр 150 төгрөгөөр, Бүтэн, Лүгүү нарыг тус бүр 100 төгрөгөөр, Даринчулуун, Моломжамц нарыг тус бүр 50 төгрөгөөр, Очирхүү, Тэгшжаргал, Нацагдорж нарыг тус бүр 30 төгрөгөөр шагнасугай. Сургуулийн захирал Д.Түмэнжаргал” гэжээ,
- Увс аймгийн Өндөрхангай сумын 10-н жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар “Ажилчин ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Тус сургуулийн ажилчин Л.Зинаа нь өндөр насны тэтгэвэрт орох болсныг үндэслэн тушаах нь: 1.Л.Зинааг 1991 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй. 2.Ажилчин Л.Зинаатай холбоотой тооцоо хийхийг ня-бо Өсөхбаяр, байрны эрхлэгч Ч.Ангиа, нярав Л.Даринчулуун нарт даалгасугай. Сургуулийн захирал Д.Түмэнжаргал” гэжээ,
- Увс аймгийн Өндөрхангай сумын 10-н жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар “Ажилчин авах тухай” тушаалд “Тус сургуулийн нярав Л.Даринчулуун ажлаас гарч нярав авах шаардлагатай болсныг үндэслэн тушаах нь: 1.Сургуулийн няраваар Ц.Амартөрийг 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сургуулийн няраваар авч ажиллуулсугай. ... Сургуулийн захирал Д.Түмэнжаргал” гэжээ,
- Увс аймгийн Өндөрхангай сумын Сургуулийн түүхэн товчоо 1922-2004 он Улаанбаатар хот 2004 он гэх номонд “Увс аймгийн Өндөрхангай сумын сургуульд ажиллаж байсан ажилчид 5. Нярав: Сүх, Шар, Жав, Рааднаа, Жамбал, Э.Цэрэндорж, Хөх, Бадарч, М.Оросоо, Очирбат, Ч.Баатар, Ж.Оросоо, О.Баяртсайхан, Б.Эрдэнэсүрэн, э.Моломжамц, Л.Даринчулуун, Ц.Амартөр” гэжээ,
- Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 229 дүгээр лавлагаанд “Увс аймгийн Өндөрхангай сумын Хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1980, 1981 оны баримт манай архивт шилжиж ирээгүй тул Лүндэв овогтой Даринчулууны ажилд томилсон болон гарсан тухай тушаалыг шүүн үзэх боломжгүй байна. Өндөрхангай сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1981, 1992-1993, 1995 оны тушаалуудыг шүүн үзэхэд Л.Даринчулуунтай холбогдох баримт гараагүй болно” гэжээ,
- Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэрт “1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Хүн эмнэлэгт няраваар ажилласан тухай” тус тус бичилтүүд хийгдсэн байна.
Дээрх баримтуудаас үзэхэд хэдийгээр Увс аймгийн Архивын тасагт Өндөрхангай сумын Сум дундын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1980-1981 оны тушаалууд шилжиж ирээгүй, энэ талаарх баримт байхгүй байгаа боловч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1980 оны 9 сараас 1981 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд тус Сум дундын хүн эмнэлэгт няраваар ажилласан тухай бичилт хийгдсэн байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн өөрийн шүүхэд гаргасан тайлбараар давхар тогтоогдож байна.
Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг тус тус үндэслэн Л.Даринчулууны 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Сум дундын хүн эмнэлэгт няраваар, 1981 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Өндөрхангай сумын 8-н жилийн болон 10-н жилийн дунд сургуульд няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Л.Даринчулууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгч нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигин овгийн Лүндэвийн Даринчулууны Увс аймгийн Өндөрхангай сумын Сум дундын хүн эмнэлэгт 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, Увс аймгийн Өндөрхангай сумын 8-н жилийн болон 10-н жилийн дунд сургуульд 1981 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд тус тус няраваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Даринчулууны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА