Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01317

 

Т.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/01178 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г, Б.Э нарт холбогдох, ажлын хөлсний үлдэгдэл 10,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Т.С, хариуцагч Г.Г-ын өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие иргэн Г.Г, М ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э нарын хариуцаж байсан барилгын ажилд дотор хар шаврын ажил хийж гүйцэтгэсэн. Барилгын шаврын ажлыг чанартай сайн, хугацаанд нь гүйцэтгэсэн. Тухайн үед М ХХК нь ...иргэн Т.Б манай компанийн зайсан дахь А хотхоны барилга дээр 4,280 м.кв дотор шаврын ажил хийсэн. Үүнээс ажлын төлбөрт 11,500,000 төгрөгийг бэлнээр олгосон ба үлдэгдэл 14,600,000 төгрөгийг 2016 оны 02 сарын 01-ний дотор төлж барагдуулах болно... гэсэн албан бичиг хийж өгсөн. Дараа нь М ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э өөрийн гараар ...14,600,000 төгрөгийг Т.Б-д өгөх нь үнэн болно. Энэ мөнгийг 04.22-05.22-ны дотор барагдуулах болно. Энэ мөнгийг иргэн Г.Г-ын нэр дээр байгаа ашиглалтын лицензийг зарж орж ирэх мөнгөнөөс барагдуулах болно... гэсэн бичиг хийж өгсөн. Ингээд Г.Г 2016 оны 11 сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 01 сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 02 сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 10,100,000 төгрөгийг 2018, 2019 онуудад төлнө гэсээр төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч нараас 10,100,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Э хариу тайлбартаа: Миний бие уг хэрэгтэй холбоотой барилгын ажлыг Г.Г-тай хамтран гүйцэтгэсэн. Иргэн Т.Б-д өгөх мөнгө болон ажлын хөлсний асуудлыг Г.Г хариуцаж, барилгын ажлыг миний бие хариуцаж байсан билээ. Иймд Т.Б-ийн нэхэмжилсэн мөнгийг миний бие төлөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Б-ийн гаргасан хариуцагч Г.Г, Б.Э нарт холбогдох 10,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч М ХХК-иас татгалзсан болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч 2016-2018 он хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд 2017 оны 02 сарын 26-ны өдөр хариуцагч Г.Г гэрээний үлдэгдэл төлбөрөөс 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Б-ийн данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогддог.

4.2. Хариуцагч Б.Э нь өөрийн гараар ...үлдэгдэл төлбөр 14,600,000 төгрөгийг 04.22-05.22-ны дотор барагдуулах болно... гэсэн бичгийг 2020 онд хийж өгсөн бөгөөд талуудын хэн аль нь тус нотлох баримтыг хэзээ, хэдэн онд бичиж өгсөн талаар маргаагүй, зөвхөн хариуцагч нарын хэн нь гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой талаар маргадаг. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацааг 2016 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн тооцсон нь хуульд нийцээгүй.

4.3.  Хариуцагч нар үлдэгдэл төлбөрийг төлнө гэсээр өдийг хүрсэн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг гэрээний үүргийг гүйцэтгэхээр тохирсон хугацаанаас тооцсон нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Г.Г-ын өмгөөлөгч Б.Т давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн тайлбарт Б.Э тухайн мөнгийг Г.Г төлөх ёстой гэсний дагуу Г.Г-ыг хамтран хариуцагчаар татсан гэх агуулгатай гаргаж байна. Анхнаасаа нэхэмжлэгч Г.Г-т ажил хийж өгөөгүй. Нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Г.Г нарын хооронд ямар нэгэн байдлаар гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тул Г.Г энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш. Хэрэгт Г.Г-аас нэхэмжлэгч рүү 1, 2 удаа мөнгө шилжсэн үйл баримт харагддаг. Энэ нь Б.Э ын өмнөөс Т.Б-ийн данс руу хийчих гэсэн нөхцөл байдлын дагуу нэхэмжлэгч рүү шилжүүлсэн. Бусдаар Г.Г гэх хүн Т.Б-г өөр дээрээ ажиллуулаад, ажил гүйцэтгүүлж, ажлын хөлс төлсөн гэх агуулгатай биш. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Г.Г, Б.Э нарт холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 10,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. 2024 оны 03 сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны ирцийн шатанд хариуцагч Г.Г-ын өмгөөлөгч нь ...хариуцагч Б.Э нас барсан гэх мэдээлэл авсан, үнэн худлыг мэдэхгүй байна... гэж хэлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр ...хариуцагч Б.Э-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй... гэж дүгнэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан зохицуулалтад нийцээгүй байна.

4. Дээрх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоосны үндсэн дээр анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар сонирхогч этгээд буюу эрх залгамжлагч хүсэлт гаргах эсэх, 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.10-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох эсэх, 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.1-д зааснаар хэргийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх боломжтой болох юм.

5. Түүнчлэн, дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэгч талын байр суурийг сонсох буюу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эсэх, хэнд холбогдуулж ямар шаардлага гаргах эсэхийг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

6. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Э-т утсаар мэдэгдэхэд түүний эхнэр гэх хүн ...Б.Э 2023 оны 10 сарын 14-ний өдөр бурхан болсон... гэсэн хариуг өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/01178 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Т.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 176,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР