Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 343

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Ц.Гансүлд,

Шүүгдэгч Д.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цагаангэр овогт ...гийн ...д холбогдох 1908002120261 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “..." ХХК-нд барилгын угсрагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Цагаан гэр овогт ...гийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

           Д.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баянбалбар" зочид буудал дотор иргэн Х....ийг  хувийн   таарамжгүй   харьцааны   улмаас   маргалдан   зодож, улмаар биед нь дух, зүүн гуянд нь цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч Х....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шинэ жилд ороод ..., ..., ...ын найз эмэгтэй бид 4 хамт зочид буудалд орсон. Тэгээд орохдоо архи пиво аваад орсон. Бид 4 архи, пиво уугаад  ... согтоод унтаад  өгсөн.  Тэр үед  ...  ах  намайг  найз хүүхэнтэй нь хамт унт гээд байхаар нь би үгүй, яагаад байгаа юм бэ та гэхэд 3-4 удаа миний нүүрэнд цохиод сүүлд эрүү рүү цохиод би ухаан алдсан. Өглөө сэрэхэд ...хажуу талын орон дээр унтаж байсан. ...би эмчилгээний зардалд 250,000 төгрөг бэлнээр авсан, мөн миний утсыг авчирч өгсөн, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй... ” гэх мэдүүлэг /хх 11-13 х/,

 

            2.Шүүгдэгч Д....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр
“Баянбалбар”   гэх   буудалд   ...,   ... бид нар нэг   хүүхэнтэй   хамт буудалд орж дэлгүүрээс авсан архиа хувааж уусан. Тэгээд авсан архиа ууж байхад ...тасраад  унтсан.   Тэгэхээр   нь   би   ...ийг   нөгөө  хүүхэнтэй   бэлгийн харьцаанд орчихооч гэхэд ... үгүй би бэлгийн харьцаанд орохгүй гээд байсан. Би ...ийг "чи ямар маягтай юм бэ, чи хүүхэнтэй унтаагүй удаж байгаа гэсэн биздээ" гэхэд над руу үгүй гээд орилохоор нь миний уур хүрээд нүүр лүү нь гараараа 2 удаа цохиод, бөгсрүү нь хэд хэдэн удаа өшиглөөд муу арчаагүй амьтан гээд өмдийг нь тайлчихсан юм. Тэгтэл ... үгүй гээд унтаад өгсөн. ...би өөрийн гэм буруутай үйлдэлдээ харамсаж байна, хөнгөн ял оноож өгнө үү ...” гэх мэдүүлэг /хх 38-41 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           3.Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянбалбар зочид буудалд ажлын газрын хүний оронд ажиллаж хоносон. Оройн 23 цагийн үед ... гэх залуу, мөн 2 залуу, 1 эмэгтэй хүнтэй хамт 4-лээ орж ирээд 207 тоот өрөөнд орсон. Шөнийн 02 цагийн үед тус өрөөнөөс хүн гийнаад уйлаад байгаа чимээ гарахаар нь хамгаалагч ... очиж шалгахад хаалгаа эмэгтэй хүн тайлж өгсөн. Өрөөнд ороход өрөөний тооцоо хийсэн залуу, нэг залуу, эмэгтэй 3 сэрүүн байсан. Харин нэг залуу орон дээр хөнжил нөмрөөд унтаж
байсан. Та яагаад байна гэж асуухад эмэгтэй нь бид нар яагаач үгүй, одоо унтаж амарлаа гэж хэлсэн. ...... гэх залуу надаас манай 2 найз хэдэн цагт гарсан бэ гэж асуусан өөр юм асуугаагүй. ...өрөөнд ямар нэгэн зодоон цохион болсон асуудал байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 14-16 х/,

 

           4.Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шинэ жил дуусгаад ..., ... бид 3 таксинд суугаад Саппоро орж арын замаас ...ын нэг танил эмэгтэйг аваад Баянбалбар гэх буудалд орсон. ... Буудалдаа архи уугаад би унтчихсан. Өглөө босоход ... нөгөө эмэгтэйтэйгээ байхгүй ... хажууд нь сэрүүн шөнө ...д нүдрүүгээ цохиулсан гээд нүд нь улайсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх 22 х/,

5.Шинжээчийн 891 тоот дүгнэлт

1.Х....ийн дух, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн  зэрэгт хамаарна. 

4.Цаашид  ерөнхий  хөдөлмөрийн  чадварын тогтонги   алдалтанд   нөлөөлөхгүй.  

5.Шулуун   гэдэс   орчимд   гэмтэлгүй,   шулуун гэдэсний арчдас наалдцанд эр бэлгийн эс илрээгүй байна. гэх дүгнэлт /хх 28 х/,

 

6.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48 х/

7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 49 х/

8.Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 52 х/

9.Ажлын газрын тодорхойлолт /хх 53 х/

10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42 х/

11.Хохирогч, шүүгдэгч нар эвлэрсэн тухай бичгээр гаргасан хүсэлт /хх 57 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Д.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баянбалбар" зочид буудалд иргэн Х....ийг эмэгтэй хүнтэй унтсангүй” гэж зодон дух, зүүн гуянд нь цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Х....ийн “... ...  ах  намайг  найз хүүхэнтэй нь хамт унт гээд байхаар нь би үгүй яагаад байгаа юм бэ та гэхэд 3-4 удаа миний нүүрэнд цохиод сүүлд эрүү рүү цохиод би ухаан алдсан. ...” гэх мэдүүлэг /хх 11-13 х/,

            Шүүгдэгч Д....ын “...миний уур хүрээд нүүрлүү нь гараараа 2 удаа цохиод, бөгсрүү нь хэд хэдэн удаа өшиглөөд муу арчаагүй амьтан гээд өмдийг нь тайлчихсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 38-41 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

             Гэрч Б....ын “...Буудалдаа архи уугаад би унтчихсан. Өглөө
босоход ... нөгөө эмэгтэйтэйгээ байхгүй ... хажууд нь сэрүүн
шөнө ...д нүд рүүгээ цохиулсан гээд нүд нь улайсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх 22 х/,

Шинжээчийн 891 тоот дүгнэлт

1.Х....ийн дух, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн  зэрэгт хамаарна. 

4.Цаашид  ерөнхий  хөдөлмөрийн  чадварын тогтонги   алдалтанд   нөлөөлөхгүй.  

5.Шулуун   гэдэс   орчимд   гэмтэлгүй,   шулуун гэдэсний арчдас наалдцанд эр бэлгийн эс илрээгүй байна. гэх дүгнэлт /хх 28 х/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Д.... нь хохирогч Х....ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 28 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

 

Шүүгдэгч Д.Б.... хүнийг зодсон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д....ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Шүүгдэгч Д.... хохирогч Х....ийн эмчилгээний зардалд 250,000 төгрөг төлсөн болох нь хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирлын мөнгө хүлээн авсан, гомдол саналгүй тухай баримт /хх 57, 32 х/-аар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн..

 

            Улсын яллагч: Шүүгдэгч Д....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, торгох ялаар шийтгэж өгнө үү? гэх саналыг гаргасан болно.

 

            Д....ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, учруулсан хор уршгийн хувьд их биш гэм хор арилсан, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.           

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 250,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Цагаан гэр овогт ...гийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д....ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Д....д үүрэг болгосугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д....д мэдэгдсүгэй.

 

           5.Д....д иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 250,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ